Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00251

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 28,268,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, з

Зээлийн гэрээний үүрэгт 16,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ******* нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,268,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, зээлийн гэрээний үүрэгт 16,982,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******оос зээлийн гэрээний үүрэг 28,268,000 төгрөг гаргуулж *******д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,982,000 төгрөг гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,290 төгрөг, *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,860 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, *******оос 299,290 төгрөгийг гаргуулж *******д олгож, мөн *******ын илүү төлсөн хураамж 3,504 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч *******д олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 542,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх *******оос 28,268,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгуулахаар, хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.2-т ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэж тодорхой заасан. Мөн зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигддаггүй. Хариуцагч ******* 2014.02.24-ний өдөр өөрийн Хаан банкан дахь 5028381964 тоот данснаасаа *******гийн 5011213502 тоот данс руу *******оос гэсэн утгатайгаар 40,000,000 төгрөг шилжүүлсэн нь тодорхой харагддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа ...хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгө зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Хэдийгээр *******, ******* нар нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч тухайн үедээ амаар харилцан тохиролцож гэрээний зүйл болох 40,000,000 төгрөгийг *******д бодитоор шилжүүлэн өгсөн нь тодорхой харагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх *******гийн Хас банк дахь 5001000167 тоот хадгаламжийн данснаас 2014.02.17-ны өдөр 39,500,000 төгрөг болон 400,000 төгрөг, нийт 39,900,000 төгрөг бэлнээр гарсан, тухайн өдөртөө *******ын Хаан банкны 5028381964 тоот дансанд 40,000,000 төгрөгийн орлого орсон, тэгэхээр нэхэмжлэгчийн Би 40,000,000 төгрөг өгсөн, үүнийгээ 7 хоногийн дараа буцаагаад авсан гэх тайлбар нотлогдож байгаа бөгөөд дээрх 40,000,000 төгрөгийг *******д зээлдүүлэн өгсөн гэх хариуцагчийн тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Ц.Цэрэнсодном өөрийн Хаан банкан дах 5028381964 тоот дансандаа 2014.02.17-ны өдрийн 15 цаг 50 минутад 40,000,000 төгрөгийн орлого хийсэн. Харин ******* болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд удаа дараа өгсөн тайлбартаа 2014.02.17-ны өдрийн 14 цаг 39 минутад 39,500,000 төгрөг, 16 цаг 24 минутад 400,000 төгрөг гаргасан талаар тайлбарладаг, уг тайлбарынхаа нотлох баримтаар хх-71 хуудсанд авагдсан Хас банкны хуулга гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Гэтэл шүүгч хэрхэн 16 цаг 24 минутад нэхэмжлэгч *******гийн гаргасан гүйлгээг ******* нь 15 цаг 50 минутад орлого хийхдээ *******гаас авсан мөнгө гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна.

4.1. Мөн ******* 2019.03.28-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...энэ над руу шилжүүлж өгсөн 40,000,000 төгрөгийг ямар учиртай шилжиж орж ирснийг санахгүй байна... гэж мэдүүлсэн байдаг. /Хэрэг бүртгэлтийн хэргийн 33-р тал/ Харин ******* 2014.02.24-ний өдөр 40,000,000 төгрөг зээлдүүлсэн гэдгээ удаа дараа мэдүүлдэг бөгөөд ******* нь *******д 2014.03.20-ны өдрөөс л мөнгө шилжүүлж эхэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь уг 40,000,000 төгрөгийн асуудлыг *******ын мэдүүлэг, дансны хуулгатай тааруулах үүднээс материалтай танилцсаны дараа зориуд тааруулсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* нь бусдад байнга мөнгө зээлдүүлдэг нь түүний дансны хуулгаас харагдаж байна. Түүнчлэн тухайн цаг хугацаанд буюу 2014.02 дугаар сард *******гийн дансанд өөр бусад хүнээс 40,000,000 төгрөг орж ирсэн нь тодорхой харагдаж байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс үнийн дүн зөрүүтэй, цаг хугацаа зөрүүтэй байхад түүнчлэн нэхэмжлэгч нь өөр бусад хүмүүст байнга мөнгө зээлдэг, байнгын их хэмжээний мөнгөн гүйлгээ хийдэг нь түүний дансны хуулгаас тодорхой харагдсаар байхад Ц.Цэрэнсодномыг шууд 40,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. Үүнээс гадна ******* нь тухайн үед Япон улсаас машин оруулж ирж худалдан борлуулдаг, байнгын бэлэн мөнгөтэй байдаг байсан юм. ******* нь *******д мөнгө өгөхдөө байнга данс ашигладаг хирнээ зөвхөн уг 40,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Ц.Цэрэнсодном нь *******гаас нэг ч удаа бэлэн мөнгө авч байсан удаа байхгүй. Харин 2014.02.24-ний өдөр ******* нь *******д 40,000,000 төгрөг зээлдүүлж тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь талуудын дансны хуулгаас тодорхой харагдаж байгаа юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар *******оос зээлийн гэрээний үүрэг 28,268,000 төгрөг гаргуулж *******д олгож, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 16,982,000 төгрөг гаргуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.  

Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ. 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуулсан байхыг ойлгоно. 

8. ******* нь *******д 2014.03.20-ны өдрөөс 2016.01.15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 91,436,000 төгрөгийг зээлдүүлсэн нь зохигчийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. 

Хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар ******* *******д 63,168,000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үлдэх 28,268,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

9. Хариуцагч ******* нэхэмжлэгчид зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэгчтэй мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Энэ нь хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

10. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 16,982,000 төгрөгийг зээл зээлдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Тодруулбал, Зохигчийн хооронд үүссэн 2014.03.20-ны өдрөөс 2016.01.15-ны өдрийг хүртэлх хугацааны зээлд хамааралгүй, өмнөх буюу 2014.02.17-ны өдрийн 40,000,000 төгрөгийн гүйлгээний талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01880 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1830 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 542,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.БАНЗРАГЧ  

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                                ШҮҮГЧИД                           П.ЗОЛЗАЯА 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Д.ЦОЛМОН