Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/01847

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.У-, Л.Д- нарт холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 20 910 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нямаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Батцэрэн, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.У- бид хоёр 2018 оны 12 сараас эхлэн хамтарч ажиллахаар болж би өөрөөсөө 20 000 000 төгрөг, Б.У- 30 000 000 төгрөг гаргаж 67-45 УНА улсын дугаартай “Хово” маркийн автомашин авсан. Бид машинаа хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлэлгүйгээр хуучин эзэмшигчийнх нь нэр дээр байлгаж би өөрөө барьж ажил хийдэг, уг машин миний эзэмшилд байж байтал Б.У- надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 6 сард өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан байсан. Ингэж өөрийн нэр дээрээ дундын өмч болох машиныг болгохдоо хууль бус арга хэрэглэн, уг машины арлын дугаар, улсын дугаар нь сольж улмаар цааш нь зарсан байсан. Б.У- машиныг зарсан атлаа машин авахад оруулсан миний 20 000 000 төгрөгийг надад өгөөгүй намайг хохироолоо. Хамтран ажилласан үе буюу 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарыг дуустал 7 сар ажиллах хугацаандаа Б.У- бид хоёрын хамтран авсан 67-45 УНА улсын дугаартай автомашинаараа олсон орлогын талаар тэмдэглэл хөтлөн, Б.У-ын Хаан банк дахь 5095060881 дугаартай данс, Л.Д-гийн Хаан банк дахь 5127027514, 5120137396 дугаартай данс руу тус тус мөнгө байнга шилжүүлж байсан. Хариуцагч Б.У- надаас 2019 оны 5 сарын 17-ны өдөр автомашиныг аваад 5 сараас эхлээд Таван толгой утаагүй түлшний нүүрсний компанитай гэрээ байгуулан, Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэж, ашиг орлого олж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд одоо мөнгөө нэхэхээр бүх мөнгөө чи гаргаад авчихсан гэдэг бөгөөд утсаа ч авахаа больсон. Би машин авахад өөрөөсөө 20 000 000 төгрөг гаргаж авсан учир энэ мөнгөө гаргуулан авна. Б.У- миний хувийн багажуудыг маань өгөхгүй намайг хохироосон дээрээ хохироож байгаа учир би дараа багажууд буюу багажны үнэ болох 910 000 төгрөгийг мөн гаргуулан авахаар шаардаж байгаа юм. Үүнд: 50 тонны авто машины данхрад 1ш=200 000 төгрөг, 20т-1ш=90.000 төгрөг, 5т-15 000 төгрөг, лоом-1ш=28 000 төгрөг, буржгар шланк 2ш=30 000 төгрөг, шланкны буу-1ш=5 000 төгрөг, машины хөгжим-1ш=50 000 төгрөг, бардок 2ш=24 000 төгрөг, халбаган лафатик-2ш=24 000 төгрөг, хавтгай лафатик-1ш=8 000 төгрөг, ком түлхүүр=15 000 төгрөг, ком дорцов=26 000 төгрөг, базагч-1 ш=15 000 төгрөг, бахь 2ш=10 000 төгрөг, автирка-2ш=10 000 төгрөг, пронцус-том-1 ш=25 000 төгрөг, жижиг пронцус жижиг-1ш=15 000 төгрөг, том түлхүүр №27, 30, 32 дугаартай нийт 15 000 төгрөг, дугуйн дорцов-2ш=30 000 төгрөг, бүдүүн тахир иш-1ш=25 000 төгрөг, нарийн тахир иш-1=15 000 төгрөг, бүдүүн тахир торцов №27, 30, 32, 33, 36 дугаартай=25 000 төгрөг, төмөр багажны хайрцаг-1ш=50 000 төгрөг, түлхүүрийн ширэн цүнх-1 ш=30 000 төгрөг, тусгай түлхүүрийн ком-1 ш=25 000 төгрөг, боолт тайлагч машин-1ш-95 000 төгрөг нийт 910 000 төгрөгийн үнэ бүхий багажууд байгаа юм. Иймд Б.У-аас автомашины үнэ 20 000 000 төгрөг, багажны үнэ 910 000 төгрөг, нийт 20 910 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2018 оны 12 сараас хамтран ажиллахаар тохиролцож нэхэмжлэгч Л.М- 19 635 000 төгрөгийг, миний бие нь цалингийн зээл авч 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дүүгийн Хаан банк дахь 55402377111 тоот дансанд 2019 оны 01 сарын 07-ны өдөр мөн нэхэмжлэгчийн өөрийн дансанд 4 365 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж, нийт 34 365 000 төгрөгийг миний бие дангаар нийлүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн 19 365 000 төгрөгөөс 11 600 000 төгрөгийг зээлээ буцаан төлөх зорилгоор 2019 оны 01 сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Түмэнбаярын Хаан банкин дахь 5111115455 тоот данс руу шилжүүлж авсан. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь бидний хамтын хөрөнгө болох 67-45 УНА улсын дугаар бүхий ачааны автомашиныг ажилд явуулж олсон ашиг орлогоосоо надад ногдох хувийг огт өгч байгаагүй атлаа эвдэрмэгц нь хаяж алга болсон. Түүнийг миний бие цалингийн зээл болон хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж 10 000 000 төгрөгөөр засч янзалж өөрөө хохирсон. Нэхэмжилж буй машины түлхүүр багажнууд нь бүгд байгаа өгөхгүй гэж татгалзсан. Устаж үгүй болсон зүйлгүй ирээд авбал хүлээлгэн өгөхөд бэлэн байгаа бөгөөд түүнийг мөнгөөр төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Л.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Л.М- 2018 оны 11 сард ажилгүй байсан юм. 2018 оны 12 сард найзынхаа автомашинаар 10 орчим хоног тээвэрт явсан байх. Бид машин авахаар ярилцаж би тэтгэврийн зээлээ 2018 оны 12 сарын сүүлээр авч өөрийн дансандаа хадгалж байсан. 2019 оны 1 сарын 07-ны өдөр бид мөнгөө нийлүүлсэн. Би Л.М-тай хамт “Хаан банк” ХХК дээр очиж өөрийн тэтгэврийн тоот данснаас 20 000 000 төгрөг, өөрийн тоот данснаас 10 000 000 төгрөг, Л.М- 19 635 000 төгрөг, нийт 49 635 000 төгрөгийг Л.М-гийн эхнэр н.Алтанцэцэгийн дүү н.Эрдэнэчимэгийн тоот дансанд юань болгохоор шилжүүлсэн. Л.М-, Б.У- болон 1 найзынхаа хамт Хятад улсаас автомашин авахаар явсан боловч автомашин авч чадалгүй буцаж ирсэн. Тухайн үед Л.М-гийн эхнэр н.Алтанцэцэг Замын-Үүдэд наймаа хийж байсан учир Л.М- Замын-Үүдэд үлдсэн. Б.У- найзын хамт Улаанбаатар хотод ирж, автомашин үзэж байгаад 2019 оны 1 сарын 18-ны өдөр 28 000 000 төгрөгөөр авахаар тохирч, урьдчилгаа 20 000 000 төгрөг өгсөн. 2019 оны 1 сарын 21-ний өдөр Л.М- хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлсэн мөнгөнөөс 11 600 000 төгрөгийг н.Түмэнжаргал гэх хүний данс руу шилжүүлсэн. Л.М-д 8 535 000 төгрөг үлдсэн. Хамтын ажиллагааны хүрээнд олсон ашгаа оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувааж авахаар тохирсон. Бидний нийлүүлсэн дундын хөрөнгийг Л.М- барьж байсан. Бид хэдэн төгрөгийг юу, юунд зарцуулсан талаар огт тооцоо нийлээгүй. Харин засвар, үйлчилгээ, шатахуун зэрэгт шаардлагатай мөнгийг Л.М-гийн дансанд шилжүүлж байсан. Л.М-гийн өгсөн дансны хуулга болон хөтөлдөг байсан хар дэвтрээс нь тооцож гаргасан. Л.М-д сэлбэг, хэрэгслийн зардалд 4 365 000 төгрөгийг би өөрийн болон бусад хүмүүсийн дансаар шилжүүлж байсан. Б.У- бид хоёрын зүгээс 34 365 000 төгрөг, Л.М-гийн анх нийлүүлсэн 19 635 000 төгрөгөөс бусдад шилжүүлсэн 11 600 000 төгрөгийг хасч, үлдэх 8 035 000 төгрөг, нийт оруулсан мөнгө 42 400 000 төгрөг болсон. Уг мөнгөөр Хятад улс руу машин авахаар явахдаа зарцуулсан 2 700 000 төгрөгийг хасч тооцоход 39 700 000 төгрөг үлдэж байна. Үүнээс автомашин 28 000 000 төгрөгөөр худалдан авсан. Автомашины засварын зардлыг Л.М-гийн тоот дансны хуулга, өөрийнх хөтөлж байсан хар дэвтрээс түүж тооцоо гаргахад 11 691 700 төгрөгийг зарцуулсан. 3 008 300 төгрөг Л.М-д үлдсэн гэж тооцсон. 2019 оны 3 сарын 21-ний өдрөөс тээвэрт явж эхэлсэн дансны хуулганаас тооцоход 10 124 472 төгрөг, хар дэвтэрт тэмдэглэгдсэн бэлэн мөнгөний орлого 14 239 517 төгрөг, нийт 24 363 989 төгрөгийн орлого орсон байна. Тээвэрт явж байх хугацааны зардалд 9 999 273 төгрөгийг зарцуулсан байна. Нийт орсон орлого 24 363 989 төгрөгөөс зардал 9 999 273 төгрөгийг хасч, 14 364 716 төгрөгийн цэвэр ашиг олсон байна гэж үзэж байна. Автомашиныг бид 38 000 000 төгрөгөөр зарсан. Анх хамтран ажиллахад оруулсан мөнгө 34 365 000 төгрөгийг хасч, 3 635 000 төгрөг Б.У-т үлдсэн байна. Үлдсэн 3 635 000 төгрөгийг дундын хөрөнгө гэж үзэж Л.Д- миний бие өөрийн оролцоог хасч, Б.У-, Л.М- нарыг 50, 50 хувиар хувааж үзэхэд; хамтын ажиллагааны хүрээнд олсон 14 364 716 төгрөгийн ашиг дээр, автомашин зарсан орлогоос үлдсэн 3 635 000 төгрөг, Л.М-гийн засварын үлдэгдэл 3 008 300 төгрөг, нийт 21 008 016 төгрөгийг 2 хувааж, 10 504 008 төгрөг 1 хүнд оногдох юм байна гэж үзсэн. Б.У-ын 10 504 008 төгрөгөөс 3 488 160 төгрөгийг Л.М- дансаар шилжүүлсэн, надад 1 500 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сард Л.М- эхнэрийн хамт надаас 350 000 төгрөг зээлсэн. Тус мөнгийг өгч байна гэж бодсон боловч ашгаасаа өгсөн гэж тайлбарлаж байгаа. Би 350 000 төгрөг зээлсэн баримтаа олохгүй байгаа тул оролцуулж тооцоолсон. 2019 оны 5 сарын 10-ны өдөр 1 500 000 төгрөг миний дансанд Л.М- шилжүүлсэн. 2019 оны 5 сарын 20-ны өдөр 440 000 төгрөг, 2019 оны 7 сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, Б.У-т 718 160 төгрөг, нийт 3 488 160 төгрөгийг шилжүүлсэн. 1 хүнд оногдох 10 405 008 төгрөгөөс 3 488 160 төгрөгийг хасч, үлдэх 7 015 848 төгрөгөөс автомашины үлдэгдэл 3 635 000 төгрөгийг хасч, 3 308 338 төгрөгийн ашгаа хувааж, 1 500 000 төгрөгийг хасч, үлдэх 1 808 388 төгрөгийн ашиг авна. Л.М-д 10 504 008 төгрөгөөс 3 008 300 төгрөгийг засварын зардлаас үлдсэн гэж тооцож 7 495 708 төгрөгөөс, автомашин худалдан авахдаа өгөөгүй үлдэгдэл 1 500 000 төгрөгийг хасч, 5 995 708 төгрөгийг Л.М- авах ёстой гэх тооцоог гаргасан. Хамтын ажиллагааны хүрээнд олсон цэвэр ашиг 21 008 016 төгрөгөөс автомашины үлдэгдэл 3 635 000 төгрөгийг хасч, 17 373 016 төгрөг үлдэх байсан. Б.У-ын авах ёстой 1 880 848 төгрөгийг нэмж 19 253 864 төгрөгийн ашиг Л.М-д байна гэж үзэж, бидэнд өгсөн 3 488 160 төгрөгийг хасч, 15 765 704 төгрөгийг хасч, Л.М-гийн 5 997 708 төгрөгийг үлдэгдлээс хасч, 9 769 996 төгрөг үлдсэн. Автомашинд оруулсан 8 035 000 төгрөгийг хасч 1 734 996 төгрөгийн илүү ашиг авна гэж үзэж байна. Бэлэн дансыг тулгахад 8 434 000 төгрөгийг бэлнээр авсан. “Гавшгай тээвэр” ХХК-ийн 5120195916 тоот данснаас 2019 оны 5 сарын 27-ны өдөр 500 000 төгрөг дансаар, 2019 оны 6 сарын 17-ны өдөр 1 796 000 төгрөг бэлнээр, “Гантун” ХХК-иас 2019 оны 6 сарын 28-ны өдөр 1 120 000 төгрөг дансаар, 2019 оны 7 сарын 01-ний өдөр 2 750 000 төгрөг нийт 6 166 000 төгрөг 2019 оны 5 сарын 17-ны өдөр машин тавьснаас хойш орлогоор орж ирсэн. Уг орлогоос 2019 оны 7 сарын 05-ны өдөр 500 000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн, үлдэх 5 666 000 төгрөг Л.М-д орлогоор ирсэн байна. Л.М-гийн хөтөлж байсан хар дэвтэр дээрх 8 434 000 төгрөгийг нэмж тооцоход 14 600 000 төгрөг болсон. Тээврийн хөлс 10 172 472 төгрөгийн орлого орж ирсэн. Иймд нэхэмжлэгч Л.М- нь Б.У-т 1 880 738 төгрөг өгөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 479 дүгээр зүйлийн 479.3-т заасны дагуу хариуцагч Б.У-, Л.Д- нараас 6 328 763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 581 237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Л.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-, Л.Д- нараас 116 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх талуудын төлсөн хураамжийн хэмжээ болон тэдгээрт оногдох хувь хэмжээг тодорхойлохдоо хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, үлдэх хөрөнгөнөөс талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн тооцож, шийдвэрлэснийг зөв гэж үзэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Харин шүүх нэхэмжлэгч Л.М-д 19 635 000 төгрөг буюу 39.6 хувь, хариуцагч нарт 30 000 000 төгрөг буюу 60.4 хувиар алдагдал, зардал, ашиг, хөрөнгө хувиарлагдана гэж нэхэмжлэгчийн төлсөн хураамжийн хэмжээг буруу тодорхойлсон нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгч Л.М- хамтран ажиллах гэрээний хураамж нэрийдлэээр 2019 оны 1 сарын 07-ны өдөр 19 635 000 төгрөгийг нийлүүлсэн боловч 14 хоногийн дараа буюу дундын өмчлөлд авсан автомашины үнийг бүрэн төлж дуусаагүй, хамтын үйл үйл ажиллагаа эхлээгүй үгүй байхад 2019 оны 1 сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, 1 сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөг төлсөн, 2019 оны 1 сарын 21-ний өдөр өөрт олгогдсон давуу эрхээ ашиглан, гэрээний талуудаас зөвшөөрөл авалгүйгээр 11 600 000 төгрөгийг буцааж авсан болох нь хэрэг хянан хэлэлцэх явцад нотлогдсон. Талуудын хамтын үйл ажиллагаанд дээрх мөнгө огт зарцуулагдаагүй нэхэмжлэгч нь 11 600 000 төгрөгийг өөрийн дураар буцаан авч бусдад өр төлбөрөө төлсөн байдаг бөгөөд 19 635 000 төгрөгийн хураамж төлсөн гэж үзэх үндэслэлгүй байхад түүний оруулсан хураамжийн хувь хэмжээг нэмэгдүүлж буруу дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 19 635 000 -11 600 000 төгрөг буюу нэхэмжлэгч тал хамтын ажиллагааны хураамжинд зөвхөн 8 035 700 төгрөг төлсөн бөгөөд түүнд оногдох хувь, хэмжээ 21.1, харин хариуцагчид оногдох хувь хэмжээ 78.9 хувь байх атал шүүх нэхэмжлэгчид оногдох хувийг 39.6 гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Талууд хамтын ажиллгааны явцдаа нийт 16 290 472 төгрөгийн ашиг, орлого олсон болох нь нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5096175767 тоот дансны хуулгаар тогтоогдож байхад шүүх энэхүү орлогыг тооцохдоо 10 424 456 төгрөг, 12 480 700 төгрөг гэж зөрүүгэй, ойлгомжгүй байдлаар тодорхойлсон нь алдаатай болжээ. Мөн түүнчлэн, автомашины засварын зардалд 12 480 700 төгрөг зарцуулсан гэж шүүх буруу тооцсон байх ба автомашины засварын зардалд нийт 11 691 700 + 464 000 = 12 155 700 төгрөг зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогддог. Нэхэмжлэгч нь өдөр тутмын үйл ажиллагааны явцад олсон орлого, гарсан зардлын талаар тэмдэглэл хөтөлж байсан дэвтэр хэрэгт авагдсан бөгөөд тус дэвтэрт 2019 оны 4 сарын 21-ний өдрөөс хойшхи бэлэн мөнгөнд явсан тооцоо орлого. 8 434 000 төгрөг гэж нэхэмжлэгч өөрөө тэмдэглэсэн баримт хэргийн 168 дахь талд авагдсан. Нэхэмжлэгчийн бичиж, тэмдэглэснээр нийт орлогыг тооцож үзэхэд 14 239 517 төгрөгийн ашиг, орлого олсон болох нь тодорхой харагддаг. Гэтэл шүүх талуудын олсон ашиг, орлогыг тооцохдоо дэвтэрт бичигдсэн 14 239 517 төгрөгийн орлогыг баримтаар нотлогдоогүй үндэслэлээр үнэлээгүй. Өөрөөр хэлбэл 14 239 517 төгрөгийн орлогыг нотлогдоогүй үндэслэлээр талуудын нийт орлогын дүнгээс хасч тооцсон атлаа мөн адил дэвтэрт бичигдсэн 4 567 373 төгрөгийн түлшний зардал баримтаар нотлогдоогүй байхад үйл ажиллагааны зардалд оруулж тооцсон нь хариуцагч талд илт хохиролтой, нэхэмжлэгч талд ашигтай бөгөөд алдаатай шийдвэр болсныг шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсье. Харин дэвтэрт бичигдсэн 14 239 517 төгрөгийн орлогыг баримтаар нотлогдоогүй гэж үнэлээгүйн адилаар баримтаар нотлогдоогүй 4 567 373 төгрөгийн түлшний зардлыг хасч тооцох нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд орлогын хэмжээ багассан буюу тээвэрлэлт багассан байхад түлшний зардал мөн адил багасах учиртай юм. Учир нь хариуцагч талын зүгээс дээрх тооцооллыг гаргахдаа нэхэмжлэгч талын хөтөлж байсан хар дансыг үндэслэж олсон орлого, гарсан зардлыг нэг бүрчлэн тооцоолж гаргасан бөгөөд тээвэрлэлт их хийх тусам орлогын хэмжээ нэмэгдэх ба хэмжээгээр түлшний зардал ихэснэ гэсэн зарчмыг баримталж хэдийгээр баримт байхгүй байсан ч дэвтэрт бичигдсэн түлшний зардлыг нэг бүрчлэн оруулж тооцсон байсан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтаар зөвхөн 1 790 000 төгрөгийг түлшинд зарцуулсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд Л.Д-гээс 4 365 000 төгрөгийн зээл авч 3 488 160 төгрөгийг буцаан төлж, Л.Д-д 867 840 төгрөгийн өр төлбөртэй   байна   гэж   дүгнэхдээ   тооцооллын   алдаа   гаргасан. Мөн түүнчлэн үүссэн өр төлбөрийг талуудад хувиарлаагүй, хэн хэрхэн яаж төлөх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулжээ. Талууд хамтын ажиллагаанд зориулж 67-45 УНА улсын дугаартай автомашиныг Э.Гантулгаас 28 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хуралдааны явцад энэ талаар маргадаггүй байсан бөгөөд хариуцагч нар маргаангүй гэж ойлгож гэрч асуулгах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэтэл гэнэт шүүх хуралдааны явцад 2 өөр зөрүүтэй тайлбар өгч, үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх үүргээ зөрчиж автомашин, 25 000 000 төгрөгөөр авсан гэж маргаж эхэлсэн. Талууд одоо автомашины төлбөрт 3 000 000 төгрөг төлөх өр төлбөртэй байгаа ба Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12, 480 дугаар зүйлийн 480.4 дэх хэсэгт тус тус зааснаар 3 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчид оногдох 21.1 хувь буюу 633 000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулах эрхээ хэрэгжүүлж чадаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчээс 819 480.75 төгрөгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.М- нь хариуцагч Б.У-, Л.Д- нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг, багажны үнэ 910 000 төгрөг, нийт 20 910 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2019 оны 1 сарын 07-ны өдөр хамтран ажиллах гэрээг амаар байгуулж, уг гэрээгээр талууд ачааны автомашин худалдан авч, тээвэрлэлт хийж ашиг олох зорилгоор нэхэмжлэгч Л.М- нь 19 635 000 төгрөг, хариуцагч Б.У-, Л.Д- нар 30 000 000 төгрөгийн хураамжийг тус тус гаргаж, нийт 49 635 000 төгрөгийг “Хаан банк”-ны 5540237711 тоот дансанд байршуулсан байна. /хх-ийн 7, 129-130-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж тус тус заажээ.

 

Талууд тодорхой хугацаанд хамтран ажиллаж, орлого олж байсан үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Л.М- нь хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

 

Нэхэмжлэгч Л.М-, хариуцагч Б.У- нар нь автомашин худалдан авах зорилгоор БНХАУ-д явж, 2 784 500 төгрөгийн зардал гаргасан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талуудын нийлүүлсэн хөрөнгөөс 46 850 500 төгрөг /49 635 000₮ – 2 784 500₮ = 46 850 500₮/ үлджээ. /хх-ийн 7-8-р тал/

 

Зохигчид “Хово” маркийн автомашиныг худалдан авсан үнийн талаар маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар 25 000 000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон. /хх-ийн 8, 10-р тал/ Хариуцагч нар нь 67-45 УНА улсын дугаартай “Хово” маркийн автомашиныг 28 000 000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй ... бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан бөгөөд хариуцагч нар нь автомашины засварт 12 480 700 төгрөг, шатахууны зардалд 6 357 373 төгрөг, жолоочийн ажлын хөлс 1 050 000 төгрөг, хоолны зардалд 578 900 төгрөг, нийт 20 466 973 төгрөг зарцуулагдсан, мөн хариуцагч Л.Д-д 876 840 төгрөгийн өр төлбөртэй гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.М- нь хэдийгээр 2019 оны 1 сарын 21-ний өдөр 11 600 000 төгрөгийг хамтын данснаас буцаан авсан боловч тэрээр хамтран ажиллах гэрээний хураамжид анх 2019 оны 1 сарын 7-ны өдөр 19 635 000 төгрөгийг гаргаж, улмаар талууд хамтран ажиллах гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулснаар автомашин худалдан авсан зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч Л.М-н хураамжийн хувь хэмжээг 39.6 хувь гэж тогтоосон шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

 

Анхан шатны шүүх талуудыг хамтран ажиллах гэрээний дагуу 10 424 456 төгрөгийн ашиг олсон гэж дүгнэсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо талуудыг хамтран ажиллах гэрээний дагуу 16 290 472 төгрөгийн ашиг олсон гэжээ. Хавтаст хэргийн 22-25, 150-151 дүгээр талд авагдсан “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл талууд хамтран ажиллах гэрээний дагуу 16 290 472 төгрөгийн ашиг олсон байх боломжтой байна.    

 

Гэвч талуудын нийлүүлсэн нийт хөрөнгө 49 635 000 төгрөгөөс БНХАУ-д явсан зардал 2 784 500 төгрөг, автомашины үнэ 25 000 000 төгрөг, засвар, шатахуун, жолоочийн ажлын хөлс, хоолны зардал 20 466 973 төгрөгийг хасвал 1 383 527 төгрөг үлдсэн байна. /49 635 000₮ – 2 784 500₮ – 25 000 000₮ – 20 466 973₮ = 1 383 527₮/.

Үлдэгдэл 1 383 527 төгрөг дээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсанаар тээвэрлэлтийн орлого 16 290 472 төгрөг, автомашин худалдсан үнэ 38 000 000 төгрөгийг нэмээд 55 673 999 төгрөг болно. /1 383 527₮ + 16 290 472₮ + 38 000 000₮ = 55 673 999₮/. Үүнээс хариуцагч Л.Д-д төлөх 876 840 төгрөгийг хасвал талуудын нийт хөрөнгө 54 797 159 төгрөг. 54 797 159 төгрөгийн 39.6 хувь буюу нэхэмжлэгчид ногдох хувь нь 21 699 674 төгрөг.

Үүнээс нэхэмжлэгч Л.М-гийн авсан 11 600 000 төгрөгийг хасвал 10 099 674 төгрөг байх бөгөөд уг дүн нь нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 6 328 763 төгрөгийн үнийн дүнгээс их байна. Үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь багажны үнэ 910 000 төгрөг нэхэмжилсэнд хариуцагч тайлбар гаргахдаа багаж хүлээн авсанаа зөвшөөрсөн боловч мөнгөөр төлөхийг зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх уг шаардлагыг тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй боловч энэ талаар мөн нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 116 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.            

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

     

             ШҮҮГЧ                                Д.НЯМБАЗАР

                                 

                                                                             Г.ДАВААДОРЖ