Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/01845

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2018/03321 дугаар шийдвэрээр “Жи эс би капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт Д.Б-, Н.Бямбаа  нараас 23 172 342 төгрөг гаргуулах шийдвэр гарсны дагуу гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот 36.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг “Мөнх-оргил” трейд ХХК хөрөнгийг 62 500 000 төгрөгөөр үнэлсэн байх ба миний худалдан авсан үнэ, зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны 129 тоот, 36.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 62 500 000 төгрөгөөг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/03321 дүгээр шийдвэрээр Дармаагийн Батжаргал, Нарангийн Бямбаа нараас 25 470 897 төгрөгийг гаргуулж, “Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.Б-, Н.Бямбаа нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот 36.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилоход 62 500 000 төгрөгөөр үнэлэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот 36.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дүгэээр шийдвэрт гомдол гаргаж байна. Нийслэлийн шүүхийн   шийдвэр гүйцэтгэх газраас Д.Б-, Н.Бямбаа нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот 36,2 м.кв орон сууцны үнэлгээ хийлгэхээр хуулийн этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон байх ба үнэлгээг үнэлгээчин тусгай зөвшөөрөл бүхий иргэн Б.Эрдэнэбаатар хийсэн байна. “Мөнх-Оргил трейд” ХХК нь үнэлгээний тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Б.Эрдэнэбаатар гэгч тус компанид ажилладаг эсэх, эрх зүйн ямар харилцаатай эсэх нь тодорхойгүй байхад “үнэлгээг шаардлага хангасан” гэж шүүх дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд “Мөнх-Оргил трейд” ХХК нь Н-тай ямар эрх зүйн баримтын үндсэн дээр үнэлгээ хийдэг болох нь тодорхойгүй байна. Дээрх байдлуудыг тодруулахын тулд нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно. Битүүмжлэн хураагдсан Д.Б-, Н.Бямбаа нарын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн худалдан борлуулж байгаа үнэ 80 000 000 - 85 000 000 төгрөг байгаа бөгөөд тэд 69 800 000 төгрөгөер худалдан авсан байдаг. Эдгээр үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 сарын 16-ны өдрийн 2194 дүгээр шийдвэрт өорчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                      

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 3321 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 27 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 сарын 21-ний өдрийн 739 дугаар тогтоолоор Д.Б-, Н.Бямбаа нараас 25 187 012 төгрөг гаргуулж “Жи эс би капитал ББСБ” ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Б-, Н.Бямбаа нарын өмчлөлийн, Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэгдсэн, 36.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 21-29-р тал/

 

Нэхэмжлэгч Д.Б- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Жи эс би капитал ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2019 оны 9 сарын 07-ны өдөр 1132 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 19-20-р тал/

 

Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Д.Б-д шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, 14 хороолол, 88а байрны, 129 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204075931 дугаарт бүртгэгдсэн, 36.2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 сарын 24-ний өдөр битүүмжилж, 2020 оны 3 сарын 03-ны өдөр хураасан байна. /хх-ийн 32, 34, 39-40, 47-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор нэхэмжлэгч Д.Б-д үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч саналаа ирүүлээгүй, төлбөр авагч “Жи эс би капитал ББСБ” ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-ийн 42, 46-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 62 500 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Б-д 2020 оны 4 сарын 02-ны өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 50-68, 81-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

           

                        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад үнэлгээг Б.Эрдэнэбаатар гаргасан, хариуцагч нь ямар эрх зүйн баримтын үндсэн дээр “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь тодорхойгүй гэжээ. Гэвч “Мөнх-Оргил трейд” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

            Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэнийг ойлгоно” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно” гэж тус тус заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй Б.Эрдэнэбаатар нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 75-77-р тал/

 

            Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “... шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно” гэж заасан байх тул ямар эрх зүйн баримтын үндсэн дээр “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/02194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ