Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/01844

 

Л.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох

 

Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхоны, 106 дугаар байрны, 20 тоот орон сууцыг 276 727 590 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан, үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 2 сарын 07-ны өдрийн 011/ХТ2017/00130 дугаар тогтоолоор Л.Г-, Х.Цолмон нараас 227 360 800 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17291107 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байрны 20 тоот орон сууцыг 17291107/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч “Газар капитал партнерс ББСБ” ХХК нь 270 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч Л.Г- нь 400 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч Х.Цолмон үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Н-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1750 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөод үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэрт “... гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 сарын 15-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг томилсон гэтэл Г.Отгонбаяр гэх хүнд эрх, үүрэг танилцуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Анхнаасаа хууль зөрчин үнэлгээ тогтоож байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.                   

 

Нэхэмжлэгч Л.Г- нь хариуцагч Н-т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 4253 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 2 сарын 07-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Х.Цолмон, Л.Г- нараас 227 360 800 төгрөг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 19-28-р тал/

 

Нэхэмжлэгч Л.Г- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч “Газар капитал партнерс ББСБ” ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 5 сарын 02-ны өдөр 473 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 18-р тал/

 

Хариуцагч Н- нь барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байр, 20 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаарт бүртгэлтэй, 135 м.кв орон сууцыг 2019 оны 8 сарын 20-ны өдөр битүүмжилж, 2020 оны 4 сарын 02-ны өдөр хураасан байна. /хх-ийн 36-38-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч Л.Г- 400 000 000 төгрөг, төлбөр авагч “Газар капитал партнерс ББСБ” ХХК 270 000 000 төгрөгийн үнийн санал өгчээ. /хх-ийн 42, 45-р тал/

 

Талууд дээрх байдлаар үнийн саналд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцаа хөрөнгийг 276 727 590 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч Н- нь үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Л.Г-т 2020 оны 4 сарын 29-ний өдөр мэдэгдсэн байна. /хх-ийн 46-76-р тал/

 

                        Хариуцагч Н- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

                        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар болон давж заалдах гомдолдоо шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй, хариуцагч Н- нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Г.Отгонбаяр гэх хүнд эрх, үүрэг танилцуулсан нь хууль зөрчсөн гэжээ. Гэвч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн, орлогын болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан, уг үнэлгээг хуульд нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцаа хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

            Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэнийг ойлгоно” гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно” гэж тус тус заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй Г.Отгонбаяр нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-иас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үнэлгээг гаргасан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /хх-ийн 74-75-р тал/

 

                        Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасанд нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                                       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ