Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/01750

 


 

 

 

 

  2020           06            23                                                183/ШШ2020/01750

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Г нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н ш ш г г  холбогдох,

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхоны 106 дугаар байрны 20 тоот орон сууцыг 276.727.590 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Мөн шинжээчээр томилогдсон “С Э” ХХК-иас шинжээчид олгосон итгэмжлэл хууль зөрчсөн байна. Иймд уг орон сууцыг 276.727.590 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011/ХТ2017/00130 дугаар тогтоолоор Л.Ганхуяг, Х.Цолмон нараас 227.360.800 төгрөгийг гаргуулж “Газар капитал партнерс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17291107 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байрны 20 тоот орон сууцыг 2019 оны 15 дугаар сарын 20-ны өдрийн 17291107/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч “Газар капитал партнерс Е5СБ” ХХК нь 270.000.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч  Л.Ганхуяг нь 400.000.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн, төлбөр төлөгч Х.Цолмон үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Г нэхэмжлэлтэй, Н ш ш г г  холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04253 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00130 дугаар тогтоолоор “...хариуцагч Х.Ц, Л.Г нараас 227.360.800 төгрөг гаргуулан Газаркапитал партнерсс ББСБ ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг  хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж шийдвэрлэжээ.

 

            Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч Х.Ц, Л.Г нар сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 473 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дээр сарын 20-ны өдрийн 17291107/05 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20/17291107 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаар бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон, 106 дугаар байр, 20 тоот, 135 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “уг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг ирүүлэх”-ийг төлбөр төлөгч мэдэгдсэн болох нь нотлогджээ.

 

Уг орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг төлбөр төлөгч Х.Ц “...үнийн санал байхгүй” гэсэн, төлбөр төлөгч Л.Г “...400.000.000 төгрөгийн үнийн саналтай байна” гэсэн, төлбөр авагч “газаркапитал партнерс ББСБ” ХХК-иас “...270.000.000 төгрөг” гэсэн хүсэлтийг ирүүлсэнийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/206 дугаар тогтоолоор “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар “уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 276.727.590 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

 

Дээр дурдсан баримтаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байна.

 

Иймд Л.Г нэхэмжлэлтэй, Н ш ш г г  холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, шүүхээс хариуцагч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Л.Г нэхэмжлэлтэй, Н ш ш г г  холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Ж.СЭМЖИД