Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01056

 

 

                                                     Л.Г-ийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01750 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1844 дүгээр магадлалтай,

Л.Г-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байр 20 тоот орон сууцыг 276,727,590 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна. Иймд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандан, үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 011/ХТ2017/00130 дугаар тогтоолоор Л.Г, Х.Цолмон нараас 227,360,800 төгрөгийг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017.11.21-ний өдрийн 17291107 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байр 20 тоот орон сууцыг 17291107/05 дугаар тогтоолоор битүүмжлэн, хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч Газар капитал партнерс ББСБ ХХК нь 270,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч Л.Г нь 400,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр төлөгч Х.Цолмон үнийн санал ирүүлээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01750 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 заасныг баримтлан Л.Г-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Л.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1844 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01750 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Магадлалд “...зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан...” гэжээ. Гэтэл хэрхэн ямар зах зээлийн үнэлгээний жишиг аргыг хэрэглэсэн талаарх баримтгүй байхад нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хуульд үндэслэн дүгнэлт хийгээгүй. Мөн “... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасанд нийцсэн...” гэжээ. Шинжээч томилох тухай тогтоолыг танилцуулахдаа Эрүүгийн хууль болон бусад хуулийг сануулах ёстой байтал ямар хуулийг хэрхэн сануулж байгаа нь тодорхойгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэмээн дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Г Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 4253 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1897 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 130 дугаар тогтоолоор Х.Цолмон, Л.Г нараас 227,360,800 төгрөг гаргуулж Газар капитал партнерс ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. 

Төлбөрийг ямар нэгэн эд хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тухайлан заагаагүй тохиолдолд төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллын дагуу явагдана.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрт тухайлан заасан эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахад төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дээрх дарааллыг заавал баримтлахыг шаардахгүй.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Олимп гудамж, Маршал хотхон 106 дугаар байр, 20 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020863 дугаарт бүртгэлтэй, 135 м.кв орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.2.2-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж үнэлгээг тогтоолгоно.

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчид 2020.04.16-ны өдөр шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдол үндэслэлгүй.

3. Хариуцагч хураагдсан үл хөдлөх хөрөнгөнд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон бөгөөд Л.Г 400,000,000 төгрөг, төлбөр авагч Газар капитал партнерс ББСБ ХХК 270,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, үнийн саналын талаар талууд харилцан тохиролцоогүй тул 2020.04.15-ны өдрийн 3/03 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, орон сууцны мэдээлэлтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур тогтоосон болохыг баримтаар нотолж чадаагүй байна.

Сэлэнгэ эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмыг зөрчөөгүй, тайланд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог дурджээ.

Дээрх нөхцөл байдлын талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх гомдолдоо “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хангаагүй...” гэсэн хэдий ч энэ талаарх шаардлагаа дурдаагүй тул хяналтын гомдлыг хангах нь  Иргэний хэрэг хянан шийдвэр шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-6.3 дах хэсгийг зөрчихөөр байна.

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд үнэлгээчин, гүйцэтгэх захирал нар гарын үсэг зурж, тамга, тэмдэг даран баталгаажуулсан, хэрэгт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000153613 дугаартай, Хөрөнгийн үнэлгээ хийх 111200205 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ тус тус авагдсан байх тул хяналтын гомдол хангагдах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл үнэлгээний тайланд гарын үсэг зурвал зохих албан тушаалтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг даран баталгаажуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан шаардлагыг хангажээ.

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан, давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн нь хуульд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1844 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.СОНИНБАЯР    

                              ШҮҮГЧИД                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                                       Б.УНДРАХ 

                                                                                       Д.ЦОЛМОН

     Х.ЭРДЭНЭСУВД