Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/01932

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02346 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “М-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-, Д.Ц- нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Манай компани Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үй цай” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна гоёлын ханын өнгөлгөөний ажлыг хийж гүйцэтгэх гэрээт ажлыг хүлээн аваад өөрийн ажлын ачааллаас хамаарч угсралтын ажлыг иргэн Б.Б-, Д.Ц- нараар гүйцэтгүүлэхээр уулзаж, ярилцаад, барилгаа үзүүлээд, хоног хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх 60 хоногийн хугацаанд хийхээр ажлын хөлс, урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, багаж, хөдөлмөр хамгааллын тусгай хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын ажилтанд хариуцуулан хариуцах инженер гарган, уг ажлыг хэрхэн гүйцэтгэх заавар зааварчилгааг өгч ажиллуулсан боловч иргэн Б.Б-, Д.Ц- нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу ажиллаагүй, хавтанг бэлтгэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татаж, материалын хаягдал гаргасан, даацын бэхэлгээ төмөр бэхлэхдээ боолтнуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийхгүй орхих, боолтыг гүйцэд бэхлэлгүй хөөс шахаж үргүй зардал гаргасан, гүйцэд бэхлэгдээгүй даацын бэхэлгээ төмөр /коранштейн/-т босоо багана төмөр /профиль/-ийг дутуу тогтоосноор манай байгууллага уг ажлыг өөрсдийн зардлаар дахин хийсэн, хавтанг өлгөхдөө хавтан хоорондын хэмжээ алдаатай хийсний улмаас уг ажлыг дахин хийж гүйцэтгэж манай байгууллагыг хохироосон. Материалын хувьд урд хөршөөс татсан зүйлгүй, захиалагч ажил эхлэхэд бэлэн авч ирсэн байсан, эдгээр буруу хийсэн ажлуудыг Нямдэлгэр би өөрийн ажилтны хамт дахин шинээр засаж хийж дуусгаад захиалагчид хүлээлгэн өгөхөд бэлэн, одоо л ажил дуусч байна. Иймд Б.Б-, Д.Ц- нараас 2019/005 тоот ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр болох 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш-Ариун” ХХК-ийн захирал О.Нямдэлгэртэй иргэн Б.Б-, Д.Ц- бид 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамжид байрлах “Үй цай” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна металл фасадны угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, ажлын хөлсний урьдчилгаанд 12 500 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор авахаар, гэрээний нийт хөлс 125 000 000 төгрөг байхаар тохирч 2019/005 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 4.1-т зааснаар гэрээт ажлын явцад захиалагч тал нь фасадны хэрэглэгдэхүүн болох жижиг хэрэглэлүүд материал, зарим багаж хэрэгсэл, угсардаг шат, люлька буюу өргүүр зэргээр хангаж, гүйцэтгэгчийг ажлыг саадгүй явуулах нөхцөлүүдийг бүрдүүлэх үүргийг захиалагч тал хүлээсэн. Гэтэл захиалагч тал өөрийн зардлаар материалаа худалдан авч ирэхдээ стандартын шаардлагад нийцэхгүй, хэт богино бэхэлгээ /каранштинан/ төмөр авч ирсний улмаас ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэл учирсан. Мөн гэрээ байгуулах үед барилгын гадна талын фасадны хөөсийг хийгээгүй байсан бөгөөд захиалагч өөрийн зардлаар материалаа авч ирэх, гүйцэтгэгч тал гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах үеэр захиалагч буюу “Маш-Ариун” ХХК-ийн захирал О.Нямдэлгэр нь бид одоо дотор заслаа хийнэ дулаанаа татах гээд байна яаралтай хөөсөө цацах хэрэгтэй байна гадна, дотор засал, дулаан татах ажил зэрэг явагдахгүй бол хугацаа хэтэрч байна гэхэд нь бид хөөс цацвал фасадыг хийж болохгүй талаар хэлж ярьсаар байтал биднийг үл ойшоож, гадна талд нь хаас цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болсон. Ингээд гадна металл фасадны технологийн заавар, горим, дарааллыг зөрчиж хөөс цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй, хийх боломжгүй болсон тул арга буюу бид гэрээг цуцлаж, ажлаа хийхгүй талаар түүнд хэлж мэдэгдээд орхиод явсан болно. Иймд захиалагчийн шилжүүлсэн материал стандартын шаардлагад нийцэхгүй, ажлын хэрэглэгдэхүүн багажаар хангаагүй, инженер нь буруу хэмжээс өгсөн, гадна метал фасадны технологийн горимыг зөрчиж, рам каранштинан төмрийг хананд бэхэлхээс өмнө хөөс цацах захиалагчийн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөх талаар захиалагчид хэлж мэдэгдсээр байтал энэ байдлыг үл ойшоож хөөсийг бэхэлгээ төмрийг суулгахаас өмнө цацсаны улмаас ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон нь хариуцагчийн буруу биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-, Д.Ц- нараас 9 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б-, Д.Ц- нараас 158 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу ажиллаагуй, хавтанг бэлдэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татаж, материалын хаягдал гаргасан гэж маргасан байхад шүүх нэхэмжлэлд дурьдсан маргаанаас хальж дүгнэлт хийсэн. Батлагдсан зураг гэх зүйлийг нэхэмжлэгч байгууллагаас гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт зааварчилгаа өгч, ажил гүйцэтгүүлж байсан. Хариуцагч нар зөвхөн нэхэмжлэгч байгууллагын томилсон инженерээс өгсөн зааварчилгааны дагуу хэмжээс тавьсан бөгөөд энэхүү хэмжээсийг хариуцагч нар өөрсдөө дур мэдэн тавиагүй. Хариуцагч нь батлагдсан зургийн дагуу ажил гүйцэтгээгүй гэх үндэслэлд няцаалт өгч гэрч Алтангэрэлийг гэрчээр асуулгасан. Нэхэмжлэгч хариуцагчийг хэтэрхий гүн призер татаж, материалын хаягдал гаргасан гэж буруутгасан бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд огт гаргаж өгөөгүй төдийгүй, шүүх энэ тал дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Даацын бэхэлгээний төмрийг хананд бэхлээгүй байхад хөөс цацсан гэдгийг гэрч Алтангэрэл мэдүүлдэг, мөн нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаарх баримт хэрэгт зургаар авагдсан, нэхэмжлэгч хөөсийг төмрийг хананд бэхлэхээс өмнө цацсан талаар маргадаггүй, хөөсийг цацсан компанийн гэрээ хэрэгт авагдсан байхад шүүх хариуцагчийг хөөс цацсан гэсэн татгалзлаа өөрөө нотлоогүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, гэрээ цуцлагдсан. Хөөс цацвал фасадыг хийж болохгүй талаар хэлж ярьсаар байтал биднийг үл ойшоож, гадна талд нь хөөс цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болсон. Гэрээнд тохирсон ажлыг хийж гүйцэтгэх гэрээний хугацаанаас өмнө хариуцагч нар гэрээгээ цуцалсан, нөгөө талаас гэрээний хугацаа 2020 оны 11 сарын 08-ны өдрөөс хойш 1 сарын хугацаа хэтрүүлсэн гэж шүүх үндэслэлгүйгээр байхгүй нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. Барилгын гадна металл фасадны технологийн зааварчилгаагаар уг ажлыг хийхэд эхлээд рам төмрөө буюу каранштинан төмрийг бэхэлсний дараа хөесийг цацаж, фасадаа суулгах байтал захиалагч өөрөө дур мэдэн гадна металл фасадны технологийн горимыг зөрчиж, каранаштинан төмрийг суулгаагүй байхад хөөс цацсаны улмаас ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болсон талаар шүүх дүгнэлт хийхээс санаатай зайлсхийсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгчийн өгсөн заавар, хэмжээсээр ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн өгсөн зааврын дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэхэмжлэх үндэслэлгүй юм. Нөгөө талаас хөөсийг цацсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хийгдсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дугээр зуйлд заасан ажил гуйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн. Гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон. Нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн. Гэрээ цуцлагдахаас өмнө ажлыг нэхэмжлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн тул гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасан байдаг. Зааварчилгааг нэхэмжлэгч байгууллагын О.Нямдэлгэр өгсөн, хариуцагч нар хөөсийг цацаагүй тул ажлын үр дүнг хариуцагч нараас шаардах эрхгүй гэж үзэж байна. Энэ нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа биш, харин технологийн зааварчилгааны дагуу ажлыг гүйцэтгүүлээгүй нэхэмжлэгч байгууллагын өөрсдийнх буруутай үйл ажиллагааны үр дагавар тул өөрсдийн буруутай үйл ажилагааны улмаас учирсан хохирлыг хариуцагч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний 4.3-т “Гүйцэтгэгчийн хийж буй ажлын явцад түүний чанар, үр дүнд хяналт тавьж, ажлын явцад өөрийн санал болон зааварчилгааг тухай бүр амаар өгнө” гэж заасан. Үүний дагуу захиалагч тал зааварчилгаа өгсөн. Захиалагчийн технологийн горимыг зөрчиж өгсөн зааварчилгааны дагуу хөөсийг цацсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тул захиалагч гэрээнээс татгалзах эрхгүй” юм. Нэгэнт гэрээнээс татгалзах эрхгүй тул өгсөн хөлсөө шаардах эрхгүй Иймээс барилгын гадаргуу дээр хэмжээсийг нэхэмжлэгч өөрөө заавар, зааварчилгаа өгсөн, батлагдсан зургийг гэрээнд хавсаргаж өгөөгүй, хавтанг бэлдэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхйй гүн призер татаж, материалын хаягдал гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагад ажлыг зохих ёсоор хийгээгүй 1 сарын хугацаа алдсан талаар огт дурьдаагүй байхад шүүх санаачлагаараа нэхэмжлэлд дурьдаагүй 1 сарын хугацаа алдсан гэх асуудалд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийсэн, гэрээний 3.3 дах заалт, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болсонд хариуцагч нар гэм буруугүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь хариуцагч Б.Б-, Д.Ц- нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2019 оны 9 сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.Б-, Д.Ц- нар нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, “Үй цай” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна металл фасадны үйлдвэрлэл, угсралтын ажлыг 2019 оны 9 сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь ажлын хөлс 125 000 000 төгрөгийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцож, урьдчилгаа төлбөрт 9 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ болон бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 9-13-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь хариуцагч Б.Батбаяр, Д.Ц- нарыг батлагдсан зургийн дагуу ажиллаагүй, хавтанг бэлтгэхдээ хэмжээ алдсан, боолтнуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийхгүй орхисон, гүйцэд бэхлэгдээгүй даацын бэхэлгээ төмөрт босоо багана төмрийг дутуу тогтоосон зэрэг шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Батбаяр, Д.Ц- нараас 9 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан нөхцөл байдлын талаар хариуцагчийн тайлбарт хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дах хэсэгт “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасантай нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч нь ашигласан, ашиглах боломжтой бол ажил гүйцэтгэгч нь зохих хөлс шаардах эрхтэй болно. Гэвч хариуцагч нар нь энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт холбогдох баримт авагдаагүй тул шүүх санаачлагаараа хэргийг шийдвэрлэх боломжгүй. Уг асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, харилцан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.

 

Нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-ийг гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Талууд ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг бий болгоогүй, гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа хамааралгүй юм.

 

Түүнчлэн, ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар хэлэлцэн тохиролцсон ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлыг хүлээн авч хөлсийг төлөх, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь гэрээний зүйл байх талаар тохиролцсон тохиролцоо нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй байгааг залруулах боломжтой.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Батбаяр, Д.Ц- нараас 9 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Маш-Ариун” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 ...” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                            

                                        ШҮҮГЧИД                         Б.НАРМАНДАХ

                                                                                                 

                                                                                                 Г.ДАВААДОРЖ