Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00938          

 

                                     “М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02346 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1932 дугаар магадлалтай,

“М-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Б.Б, Д.Ц нарт холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Хандмаа, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М-А” ХХК нь хариуцагч Б.Б, Д.Ц нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02346 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Б.Б, Д.Ц нараас 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М-А” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б, Д.Ц нараас 158,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1932 дугаар магадлалаар  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/02346 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, Д.Ц нараас 9,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М-А” ХХК-д олгосугай” гэж, 2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1...” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаа  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.23-ны өдрийн 2346 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1932 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Гэрээ цуцлагдсан үндэслэлийг шүүх худал дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн тухайд: Гэрээ 2019.10.12-ны өдөр буюу хариуцагч нар ажлаа орхисон өдрөөр цуцлагдсан талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй болох нь гэрч Д.А-ийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-ийн өөрийнх нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогддог. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч “М-А” ХХК нь хариуцагч Д.Ц, Б.Б нарыг батлагдсан зургийн дагуу ажиллаагүй, хавтанг бэлтгэхдээ хэмжээ алдсан, боолтуудыг дутуу бэхэлж, уг чийг тусгаарлагч хийхгүй орхисон, гүйцэт бэхлэгдээгүй, даацын бэхэлгээ төмөрт босоо багана төмрийг дутуу тогтоосон зэрэг шалтгаанаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна” гэж худал дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нар ажлаа чанаргүй хийсний улмаас гэрээг нэхэмжлэгчийн зүгээс цуцлаагүй бөгөөд харин ч эсрэгээрээ ...кронштейн төмрийг хананд бэхлээгүй байхад нэхэмжлэгч тал хөөсийг хананд цацсаны улмаас гэрээгээр тохирсон ажлыг хариуцагчид цааш үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээг хариуцагч нарын зүгээс цуцалсан байхад бодит байдлыг гуйвуулан ...гэрээгээр тохирсон ажлыг чанаргүй хийсэн тул гэрээ цуцлагдсан гэж худал дүгнэлт гаргаж, үүнийг үндэслэж шийдвэр, магадлал гаргасанд гомдолтой.

4.2. Гэрээ цуцлагдах хүртэл гэрээгээр тохирсон ажлын тодорхой хувийг хариуцагч нар хийж гүйцэтгэсэн байдлыг  шүүх харгалзан үзээгүй тухайд: Шүүх хариуцагч нарыг гэрээгээр тохирсон ажлыг огт хийгээгүй байдлаар дүгнэж шийдвэр, магадлал гаргасан. Гэрээ цуцлагдах хүртэл хариуцагч нарын хийсэн  ажлын талаар 2 шатны шүүх огт дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой. Гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэх явцдаа цааш хэвийн үргэлжлүүлж чадахгүй болсон шалтгаан нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа биш байсан, гэтэл шүүх үүнд огт дүгнэлт хийгээгүй.

4.3. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасныг хэрэглээгүй хэмээн зөв дүгнэсэн атлаа хэрэглэхдээ буруу хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалын 6 дугаар хуудаст ... гэрээ цуцлагдах хүртэл захиалагч ажлын үр дүнг ашигласан талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй хэмээн буруутгасан. Гэтэл гэрээ цуцлагдах хүртэл хариуцагч нар ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч дахин зардал гаргаж материал шинээр авч ирээгүй юм. Мөн захиалагч ажлын үр дүнг ашигласан болох нь нэхэмжлэлээс тодорхой харагддаг. Хариуцагч нарын барилгын гадаргуу дээр хэмжээс тавьсан, шат угсарсан, хавтанг бэлтгэсэн, призер татсан, кронштейнд боолтуудыг бэхэлсэн, профиль төмөр тогтоосон, хавтанг өлгөх зэрэг ажлуудыг гэрээ цуцлагдах хүртэл хариуцагч нар хийж гүйцэтгэсэн байхад энэ хугацаанд огт ажил хийгээгүй байдлаар ажлын хөлсийг нэхэмжлэгч буцаан шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Эдгээр ажлуудыг хариуцагч нар хийсэн болох нь нэхэмжлэлээс тодорхой харагддаг. Үүнээс дурдвал:

-Барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу хийгдээгүй гэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгасан боловч нөгөө талаасаа хариуцагч нарыг барилгын гадаргуу дээр хэмжээс тавих ажлыг гүйцэтгэсэн болохыг,  

-Хавтанг бэхлэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татсан, материалын хаягдал гаргасан гэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгадаг боловч нөгөө талаасаа хариуцагч нар хавтанг хананд бэхлэх ажлыг хийсэн болохыг,

- Кронштейн татахдаа боолтуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийгээгүй орхиж, боолтыг гүйцэт бэхлээгүй, хөөс шахаж үргүй зардал гаргасан гэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгадаг боловч нөгөө талаасаа хариуцагч нар кронштейныг татах ажлыг хийсэн болохыг тус тус баталдаг.

-Гүйцэт бэхлэгдээгүй кронштейн дээр профиль төмрийг дутуу тогтоосноор манай байгууллага уг ажлыг өөрсдийн зардлаар дахин хийсэн гэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгадаг боловч нөгөө талаасаа хариуцагч нар профиль төмрийг тогтоох ажлыг хийсэн болохыг нотолдог. Мөн хариуцагч нар барилгын гадаргуу дээр хэмжээгээ батлагдсан зургийн дагуу тавиагүйн улмаас учирсан хохирлоо болон хариуцагч нар хавтанг бэхлэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татсаны улмаас хэдий хэмжээний материалын хаягдал гарсныг нэхэмжлэгч өөрөө нотлоогүй. Хариуцагч нарыг кронштейн татахдаа боолтуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийгээгүй орхиж, боолтыг гүйцэт бэхлээгүй, хөөс шахаж үргүй зардал гаргасан гэж нэхэмжлэгч нь хариуцагч нарыг буруутгадаг боловч хөөсийг хариуцагч нар цацаагүй, боолтуудыг дутуу бэхэлснээс материалын зардал гаргаагүй болохыг давхар нотолдог. Дээрхээс харахад гэрээ цуцлагдах хүртэл хариуцагч нар гэрээний дагуу барилгын гадаргуу дээр хэмжээ тавьсан, хавтан бэхэлсэн, призер татсан, кронштейн татаж, боолтуудыг бэхлэх зэрэг ажлуудыг хийсэн байхад гэрээ цуцлах хүртэл хийгдсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч нар хариуцагч нараас буцаан шаардах эрхгүй юм. Учир нь эдгээр ажлуудыг хариуцагч нар доголдолтой хийсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд огт гаргаж өгөөгүй төдийгүй, шүүх энэ тал дээр огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.

   4.4. Барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу ажиллаагүй гэх тухайд: Батлагдсан зураг гэх зүйлийг нэхэмжлэгч байгууллагаас гэрээнд хавсаргаагүй, хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, гэрээнд батлагдсан зургийн дагуу ажил гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй, хариуцагч нарт ийм зураг үзүүлээгүй, мөн нэхэмжлэгч батлагдсан зураг гэх зүйлээ өөрөө шүүхэд гаргаж өгөөгүй болно. Харин нэхэмжлэгч байгууллага өөрсдөө хариуцагч нарт зааварчилгаа өгч, ажил гүйцэтгүүлж байсан. Хариуцагч нар зөвхөн нэхэмжлэгч байгууллагын томилсон инженерээс өгсөн зааварчилгааны дагуу хэмжээс тавьсан бөгөөд хэмжээсийг  дур мэдэн тавиагүй, нэхэмжлэгч талын өөрсдийнх нь инженерийн өгсөн зааварчилгаа хэмжээсний дагуу ажил гүйцэтгэсэн. Хариуцагч нэхэмжлэлд дурдсан асуудал болох батлагдсан зургийн дагуу ажил гүйцэтгээгүй гэх үндэслэлд няцаалт өгч Д.А-ийг гэрчээр асуулгасан бөгөөд тэрээр “...захирал О.Н-ийн өгсөн зааварчилгаа, хэмжээсний дагуу ажлыг гүйцэтгэсэн” талаар мэдүүлсэн. Мөн нэхэмжлэгч өөрөө хариуцагч нарт хэмжээс өгч ажлыг хийлгэж байсан талаар маргадаггүй, шүүх дээр үүнийгээ хүлээн зөвшөөрч тайлбарлан ярьдаг, гэрч мөн үүнийг нотолдог. Гэтэл шүүх нэхэмжлэлд дурдсан асуудал болох батлагдсан зургийн дагуу ажлыг хариуцагч гүйцэтгэсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх байтал шаардлагын хүрээнээс хэтрүүлэн анхан шатны шүүх хариуцагч нарыг ажлаа хугацаанд нь гүйцэтгээгүй хэмээн дүгнэлт өгсөнд гомдолтой. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасныг хэрэглэх байтал энэ талаар буюу нэхэмжлэлд дурдсан асуудалд дүгнэлт өгөлгүй “...даацын бэхэлгээ төмрийг хананд бэхлээгүй байхад нэхэмжлэгч хөөс цацуулсны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон гэсэн татгалзлаа өөрөө баримтаар нотлоогүй” хэмээн үндэслэлгүйгээр буруутгасан. Дээрх хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан байдаг. Гэтэл даацын бэхэлгээний төмрийг хананд бэхлээгүй байхад хөөс цацсан гэдгийг гэрч Д.А мэдүүлдэг, мөн нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг, энэ талаарх баримт хэрэгт зурган хэлбэрээр авагдсан, нэхэмжлэгч нь төмрийг хананд бэхлэхээс өмнө хөөсийг цацсан талаар маргадаггүй, хөөсийг цацсан компанийн гэрээ хэрэгт авагдсан байхад шүүх хариуцагчийг ... хөөс цацсан гэсэн татгалзлаа өөрөө нотлоогүй гэж буруутган... гэрч Д.А-ийн мэдүүлгийг болон хэрэгт байгаа хөөс цацсан компанийн гэрээг үнэлээгүй, мөн нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн зурагт хөөсийг цацсан байдлыг харуулсныг үнэлээгүй орхигдуулж, дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Гэрээ байгуулах үед барилгын гадна талын фасадын хөөсийг хийгээгүй байсан бөгөөд захиалагч өөрийн зардлаар материалаа авчрах, гүйцэтгэгч тал гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангаж, зарим ажлыг хийх үеэр захиалагч буюу “М-А” ХХК-ийн захирал О.Н нь “бид одоо дотор заслаа хийнэ, дулаанаа татах гээд байна, яаралтай хөөсөө цацах хэрэгтэй, гадна дотор засал, дулаан татах ажил зэрэг явагдахгүй бол хугацаа хэтэрч байна” гэхэд нь бид хөөс цацвал фасадыг хийж болохгүй талаар хэлж ярьсаар байтал биднийг үл ойшоож, гадна талд нь хөөс цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд маш хүндрэлтэй болсон. Хөөс цацсаны дараа ажил гүйцэтгэхээр байсан бол гэрээг огт байгуулахгүй байсан, гэрээ байгуулагдах үед хөөс цацагдаагүй байсныг шүүх анхааралдаа авахыг хүсье. Нөгөө талаас хөөсийг цацсан нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд хийгдсэн ажлын хөлсийг нэхэмжлэгчид буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

4.5. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн тухайд: Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно”, 349.2-т “Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасан. Гэрээ 2019.09.09-ний өдөр байгуулагдаж, 2020.10.12-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гомдлын шаардлага гаргах” байтал гэрээ цуцлагдсанаас хойш 6 сар, 14 хоногийн дараа гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх уг хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.6. Гэрээ цуцлагдахаас өмнө ажлыг нэхэмжлэгчийн зааврын дагуу хийж гүйцэтгэсэн тул гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй тухайд: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасан.

4.7. Хөөсийг ерөнхий захиалагч “Үй цай” дунд сургуулийнхан хариуцагч нарын ажлыг зогсоож байгаад цацсан. Ажлаа зогсоох талаар О.Н зааварчилгаа өгсөн, өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийн үр дүн нь хөөсийг кронштейн төмрийг хананд бэхэлж суулгахаас өмнө цацсантай шууд холбоотой, энэ зааварчилгааг О.Н өгсөн, хариуцагч нар хөөсийг цацаагүй тул ажлын үр дүнг хариуцагч нараас шаардах эрхгүй. Энэ нь хариуцагч нарын буруутай үйл ажиллагаа биш, харин технологийн зааварчилгааны дагуу ажлыг гүйцэтгүүлээгүй нэхэмжлэгч байгууллагын өөрсдийнх нь буруутай үйл ажиллагааны үр дагавар тул учирсан хохирлыг хариуцагч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2019.09.09-ний өдрийн 20199/005 дугаартай гэрээний 4.3-т “Гүйцэтгэгчийн хийж буй ажлын явцад түүний чанар, үр дүнд хяналт тавьж, ажлын явцад өөрийн санал болон зааварчилгааг тухай бүр амаар өгнө” гэж заасны дагуу захиалагч тал зааварчилгаа өгсөн. Захиалагчийн технологийн горимыг зөрчиж өгсөн зааварчилгааны дагуу хөөсийг цацсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тул захиалагчийн өгсөн зааврын дагуу хийсэн ажлын хөлсийг батлагдсан зургийн дагуу хийгээгүй хэмээн хариуцагч нараас буцаан шаардах эрхгүй. Иймээс барилгын гадаргуу дээр хэмжээсийг нэхэмжлэгч өөрөө заавар, зааварчилгаа өгч хийлгүүлсэн, батлагдсан зургийг гэрээнд хавсаргаж өгөөгүй, хавтанг бэлдэхдээ дур мэдэн хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татаж, материалын хаягдал гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй.

4.8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа өөрөө гаргаж өгөөгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай, харин бэхэлгээ төмрийг хананд бэхлэхээс өмнө хөөс цацсаны улмаас ажлаа хийж гүйцэтгэх боломжгүй болсонд хариуцагч нар гэм буруугүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “М-А” ХХК-аас хариуцагч Б.Б, Д.Ц нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн. 

7. Нэхэмжлэгчээс “... Манай компани “Үй цай” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн барилгын гадна гоёлын ханын өнгөлгөөний ажлыг хийлгүүлэхээр иргэн Б.Б, Д.Ц нартай уулзаж, ажлыг 2019.09.08-аас 2019.11.08-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хийж дуусгахаар, ажлын хөлсийг тохирч, урьдчилгаанд 9,000,000 төгрөг өгсөн. Ажил гүйцэтгэхэд шаардагдах материал, багаж, хөдөлмөр хамгааллын тусгай хэрэгслийг хөдөлмөр хамгааллын ажилтанд хариуцуулж, хариуцах инженер гарган уг ажлыг хэрхэн гүйцэтгэх заавар зааварчилгааг өгч ажиллуулсан боловч хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, барилгын гадаргуу дээр хэмжээ тавихдаа батлагдсан зургийн дагуу ажиллаагүй, хавтанг бэлтгэхдээ хэмжээ алдсан, хэтэрхий гүн призер татаж, материалын хаягдал гаргасан, даацын бэхэлгээ төмрийг бэхлэхдээ боолтуудыг дутуу бэхэлж, ус чийг тусгаарлагч хийхгүй орхих, боолтыг гүйцэд бэхлэлгүй хөөс шахаж үргүй зардал гаргасан, гүйцэд бэхлэгдээгүй даацын бэхэлгээ төмөрт босоо багана төмрийг дутуу тогтоосноор манай байгууллага уг ажлыг өөрсдийн зардлаар дахин хийж хохирсон. Иймд хариуцагч нараас гэрээний урьдчилгаа төлбөр болох 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч “...  Захиалагч тал гэрээний 4.1-д заасан үүргээ биелүүлээгүй, стандартын шаардлагад нийцэхгүй, хэт богино бэхэлгээ төмөр авчирснаас ажил гүйцэтгэхэд хүндрэл учирсан. Мөн гүйцэтгэгч тал гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэх бэлтгэл ажлыг хангах үеэр захиалагч “М-А” ХХК-ийн захирал О.Н нь “бид одоо дотор заслаа хийнэ, дулаанаа татах гээд байна, яаралтай хөөсөө цацах хэрэгтэй, хугацаа хэтэрч байна” гэхэд нь бид “хөөс цацвал фасадыг хийж болохгүй” гэж хэлсээр байтал үл ойшоосон. Ингээд гадна металл фасадын технологийн заавар, горим, дарааллыг зөрчиж хөөс цацсаны улмаас уг ажлыг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй, хийх боломжгүй болсон тул арга буюу бид гэрээг цуцалж, ажлыг хийхгүй гэдгээ мэдэгдээд орхиод явсан. Иймд ажлыг дуусгаагүй нь хариуцагчийн буруу биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан,  хариуцагч нар нь сургуулийн өргөтгөлийн барилгын гадна ханын 3200 м.кв талбай бүхий гоёлын өнгөлгөөний ажлыг захиалагчийн материалаар хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 125,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, захиалагч буюу нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөг шилжүүлсэн, гэвч хариуцагч нар ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2-т зааснаар гэрээг цуцалж, хохирлоо шаардах эрхтэй бөгөөд гомдлын шаардлага гаргах хугацаандаа нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нарын хийсэн ажлын үр дүнгийн өртөг, зарцуулсан ажлын цаг, зардлыг тооцох баримтгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох боломжгүй, хариуцагч тал “... даацын бэхэлгээ төмрийг хананд бэхлээгүй байхад нэхэмжлэгч хөөс цацуулснаас болж ажил хийх боломжгүй болсон...” гэсэн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй…” гэсэн дүгнэлтийг хийсэн.  

9. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээсэн ч хууль хэрэглээний хувьд “... хэргийн үйл баримтаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүн бий болоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 355 дугаар зүйлийн 355.1-д тус тус нийцнэ. Анхан шатны шүүхийн талуудын байгуулсан гэрээ цуцлагдсан нөхцөл байдлын талаар хариуцагчийн тайлбарт хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт нийцээгүй, талууд ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг бий болгоогүй, гэрээ цуцлагдсан байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа хамааралгүй...” гэж өөрчилсөн нь үндэслэлтэй, хэргийн үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Иймд, “давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.3, 4.5-д заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

11. Мөн хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нар өөрсдийн хийсэн ажлын үр дүн, өртөг, зарцуулсан цаг, зардал болон гэм буруугүй гэдгээ баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарын хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй болсон тул гэрээнээс татгалзаж, ажлыг дахин хийснээ нотолсон баримтыг шүүхэд гаргасан, түүнчлэн хариуцагч нар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул “гэрээ цуцлагдсан үндэслэлийг шүүх буруу дүгнэсэн, нэхэмжлэгч өөрөө буруутай, хариуцагч нарын хийсэн ажлыг дүгнээгүй, хөлсөө шаардах эрхтэй” гэсэн утгатай (Тодорхойлох хэсгийн 4.1-.4.4, 4.6-4.8-д заасан) гомдлыг хангах боломжгүй.

12. Харин давж заалдах шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д нийцээгүй” гэж дүгнэсэн атлаа хуулийн энэ үндэслэлээр буюу “... гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч нь ашигласан, ашиглах боломжтой бол ажил гүйцэтгэгч нь зохих хөлс шаардах эрхтэй... хариуцагч нар уг асуудлаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргах, харилцан шаардлага гаргах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй...” гэж дүгнэсэн нь буруу байна. Гэвч уг дүгнэлт нь шийдвэр, магадлалын шийдлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1932 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 159,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

                                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ                                 

                                                           ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                                                               Н.БАЯРМАА

                                                                                                                                П.ЗОЛЗАЯА