| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2020/00858/И |
| Дугаар | 210/МА2020/01931 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2020/01931
“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ц-ад холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 123 084 543.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ц- нь “Домог инвест ББСБ” ХХК-тай 2019 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 100 000 000 төгрөгийг сарын 2,8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү гэрээний дагуу зээлийн төлбөрийг Б.Ц-ын дансанд шилжүүлсэн. Мөн зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 сарын 27-ны өдөр барьцааны гэрээ байгуулан, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, 20 дугаар байр, 20 тоот хаягт байршилтай 101,88 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч 2019 оны 6 сарын 20-ны өдрийн төлөлтийг хожимдуулж, 2019 оны 7 сарын 01-ний өдөр хэсэгчлэн төлсөн, 2020 оны 7 сарын 20-ны өдрийн төлбөрийг 2 хоногийн хугацаа хэтрүүлэн, хэсэгчлэн төлсөн бөгөөд нийт хүүгийн төлбөрт 2 209 315 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч нь үүнээс хойш зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулаагүй. Бидний зүгээс Б.Ц-ад зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар удаа дараа утсаар мэдэгдсэн боловч зээлээ төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрлээ. Зээлийн гэрээний 7.1.1-д “зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 1 удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Зээлдэгч Б.Ц- нь зээл олголт, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлийг төлж барагдуулах ямар нэг арга хэмжээ аваагүй, төлбөр төлж барагдуулах талаарх удаа дараагийн мэдэгдлийг үл хайхран өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй байгаа тул цаашид зээлийн гэрээний хугацааг дуусгавар болгохыг хүлээх шаардлагагүй юм. Мөн Б.Ц- нь 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр манай банк байгууллагад зээлээ төлөх боломжгүй болсон тул дараагийн шатны арга хэмжээг авч өгнө үү гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Манайх зээлийн хүүгээ шүүхэд нэхэмжлэл өгсөн өдөр хүртэлх хугацаагаар бодсон болно. Иймд зээлдэгч Б.Ц-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 100 000 000 төгрөг, зээлийн хүү 22 564 730.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519 813.02 төгрөг, нийт 123 084 543.83 төгрөгийг гаргуулж, хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Ц- нь 2019 оны 5 сарын 27-ны өдөр “Домог инвест ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, 20 дугаар байрны 20 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-22030416538 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан юм. Уг барьцаа хөрөнгийг би иргэн Т.Рэнцэнмядгаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан боловч худалдагч тал Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гарган орон сууц худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар Р.Рэнцэнмядаг, Алтанцэцэг, Төмөрсүх нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдэж дуустал хугацаагаар хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-аас 122 425 337 төгрөгийг гаргуулж, “Т-” ХХК-д олгож, үлдэх 659 206 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийн Ү-2203016538 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, оюутны гудамж, 20 дугаар байр, 20 тоот хаягт байршилтай, 101,88 м.кв талбай бүхий, орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 122 425 337 төгрөг гаргуулж, “Т-” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843 575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 770 076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаартай шийдвэрийн дараах хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч тал зээлийн хүүгийн төлбөрт 22 564 730 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн атал анхан шатны шүүх зээлийн хүүг 24 302 465 төгрөг гэж тооцоолсон нь буруу байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Зээлийн гэрээ цуцлагдсан өдрийг 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөр тооцсон нь зөв боловч энэхүү хугацааны зээлийн хүүг банк бус санхүүгийн байгууллага нэхэмжлээгүй, шаардлагаа нэмэгдүүлээгүй, өөрчлөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас гаргуулахаар тогтоосон зээлийн нийт төлбөр 122 425 337 төгрөгөөс хүүгийн төлбөрт 22 093 150 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан 22 564 730 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 209 315 төгрөгийг хасч 20 355 415 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 122 425 337 төгрөгийн зээлийн төлбөрөөс 1 737 735 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч Б.Ц-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 22 564 730.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519 813.02 төгрөг, нийт 123 084 543.83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчид 2019 оны 5 сарын 27-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Т-” ХХК нь 100 000 000 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Ц- нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах үүргийг хүлээж, зээлийн үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Оюутны гудамж, 20 дугаар байр, 20 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016538 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 9-17-р тал/
Талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн байгуулсан байх тул нэхэмжлэгч “Т-” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “… зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байгаа нь хуулиар хориглоогүй хэлцэл тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй юм.
Хариуцагч Б.Ц- нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж, биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “Т-” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2 209 315 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн авлагын дэлгэрэнгүй лавлагаа зэргээр тогтоогдсон тул анхан шатны шүүх уг мөнгийг зээлийн нийт хүүгээс хасч, хариуцагч Б.Ц-аас үндсэн зээл 100 000 000 төгрөг, хүү 22 093 150 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 332 187 төгрөг, нийт 122 425 337 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 659 206 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 23-р тал/
Хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн төлбөрт төлсөн 2 209 315 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 22 564 730 төгрөгөөс хасч, шийдвэрт өөрчлөлт оруулах талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх гэрээ байгуулагдсан 2019 оны 5 сарын 27-ны өдрөөс гэрээ цуцлагдсан өдөр буюу 2020 оны 02 сарын 20-ны өдөр хүртэлх нийт хүү 24 302 465 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 2 209 315 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.4.3-т заасантай нийцсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байгаа нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөр ноцтой зөрчил биш байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Г.ДАВААДОРЖ