Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/01984

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох

Гуравдагч этгээд: К.А-,

 

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.О,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав М.Наран нь насаараа Монголбанкны хөрөнгө оруулалтын хэлтэст ажилласан, түүнийг ажиллаж байх хугацаанд улсаас 2 удаа орон сууцаар шагнасан байдаг. Эхлээд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 30 дугаар байр, 23 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг бэлэглэсэн бөгөөд би тус байранд аав, ээж, ах нарын хамт өсөж торнисон. Үүний дараа аавыг тэтгэвэрт гарсан хойно 1996 онд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 69б байр, 35 тоот хаягт орших орон сууцыг бэлэглэсэн. Миний бие 2013 онд нөхрөөсөө салахад аав минь намайг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 69б байр, 35 тоотод хүүхдийнхээ хамт амьдар гэсний дагуу одоог хүртэл амьдарч байна. Миний аав 2016 оны 8 сарын 23-ны өдөр нас барсныг ээж, ах хоёр надад хэлээгүй, би энэ талаар 7 хоногийн дараа мэдсэн юм. Ингээд аавынхаа нас барсны бичиг баримтыг бүрдүүлж, 2017 оны 02 сард Баянзүрх дүүргийн нотариатад өв нээлгэх хүсэлт гаргасны дараа 2018 онд манай охины нэр дээр шүүхийн нэхэмжлэл ирсэн. Учир нь, бидний хамт амьдарч байсан орон сууцыг манай аав, ээж, ах, миний охин гэсэн 4 хүн өмчилдөг байсан. Гэтэл аавыг нас бармагц ээж, ах хоёрын зүгээс миний охиноос байрны өөрт ногдох хувьд 40 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхийн ажиллагааны явцад байрыг 35 000 000 төгрөгөөр үнэлж, 2019 оны 11 сард шүүхийн шийдвэрээр охиноос минь 35 000 000 төгрөг гаргуулахаар болсон. Би 2019 оны сүүлээр хагалгаанд ороод 2020 оны 02 сард өв нээлгэх хүсэлтийг дахин гаргахад 2018 оны 6 сард миний ах К.А-гийн нэр дээр аавын маань байрны нэр шилжсэн гэсэн лавлагаа гарсан. Аав минь 1990 онд миний ээжээс салж, өөр хүнтэй амьдарч байгаад 1996 онд тэр хүнтэйгээ гэр бүл болсон. Гэтэл аавын маань өмчлөлийн байрыг надад мэдэгдэлгүйгээр ах К.А-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус гэж үзэж байна. Ах К.А-, ээж К.Елизавета хоёр өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа аавыг хоёр хүүхэдтэй гэж худал хэлсэн байна. Ийм учраас Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байр, 23 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хариуцагч нь хууль зөрчсөн тул уг гэрчилгээ болон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Талийгаач М.Наран, эхнэр К.Елизавета нар хамтран амьдрах хугацаандаа 3 хүүхэдтэй, тэдгээрийн нэрийг К.Сергей, К.А-, Н.Наталъя гэдэг бөгөөд тэд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар тэргүүн ээлжинд өв залгамжлах эрхтэй. Үүнээс К.Сергей уг асуудалд оролцоогүй, харин К.А- болон Н.Наталъя нарын хооронд маргаан үүссэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Наталъя өөрийн эцгээс өвлөгдөх эд хөрөнгийг өв залгамжлан авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн тойргийн нотариатчид гаргасан. Гэтэл түүний гаргасан хүсэлт нь Монголын Нотариатчдын танхимын өвлөх эрхийн цахим бүртгэлд бүртгэгдэн баталгаажсан байхад 2018 онд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А- нь нотариатч буюу хариуцагч Г.Х-д талийгаачийг хоёр хүүхэдтэй, нэг хүүхэд болох К.Сергей өвлөх эрхээсээ татгалзсан гэж худал хэлсэн байхад хариуцагч нь үүнийг үндэслэн, өөр хүүхэд байгаа эсэх, талийгаач хэнтэй хамт амьдарч байсан, гэрлэлтээ бүртгүүлсэн болон өмнө нь бусад этгээдээс өвлөх хүсэлт гаргасан эсэх зэрэг бичиг баримтыг нягтлан шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Эндээс үзвэл нотариатчийн үйлдэл нь Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 2018 оны 5 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас уг дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байр, 23 тоот хаягт К.А- болон түүний ээж К.Елизавета нар амьдардаг гэсэн тодорхойлолт өгсөн. Мөн К.А-, К.Елизавета нар хүсэлт гаргахдаа 1964 онд төрсөн хүү К.А-, 1967 онд төрсөн хүү К.Сергей нар байгаа өөр хүүхэд байхгүй гэсэн юм. 2018 онд Нотариатын танхимаас лавлагаа авдаггүй, өөрсдөө цахим системээс шалгадаг байсан. Тухайн үед нэхэмжлэгч Н.Н-гаас өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан гэж гарч ирээгүй, миний бие яагаад лавлагаа гарч ирээгүй шалтгааныг сайн мэдэхгүй. Магадгүй энэ үед нотариатч нар тэр бүр бүртгэлийг цахим бүртгэлд оруулдаггүй байсан учраас нэхэмжлэгч Н.Наталъягийн гаргасан хүсэлт гарч ирээгүй байх гэж ойлгож байна. Ингээд би 2018 оны 6 дугаар 15-ны өдрийн 143 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас өгсөн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байр, 23 тоот хаягт байрлах 19 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны талийгаачид оногдох хэсгийг түүний хүүхэд К.А-д олгосон ба 100 хувь олгоогүй тул талийгаачийн охин Н.Наталъягийн хүсэлтийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өв залгамжлагчид олгосон учраас гэрчилгээг хүчингүй болгох шаардлагагүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К.А- нь өөр хүн гарч ирсэн тохиолдолд өөрөө хариуцна гэсэн. Нэхэмжлэгч Н.Наталъя нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргахгүй тодорхой хугацаа өнгөрсөн ч энэ эрх нь нээлттэй байгаа тул улсын бүртгэлийн байгууллагад хандах боломжтой гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан шаардлагад миний эрх ашиг хөндөгдөж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэн К.А- би, миний ээж Корчанова Елизавета нар нь шударгаар өөрийн төрсөн эцэг болон ханиасаа үл хөдлөх хөрөнгийг өвлөн авсан. Гэтэл миний төрсөн дүү Н.Наталъя нь миний аавыг амьд сэрүүн өвчтэй байхад нь нэг ч удаа эргэж ирж байгаагүй, түүний эмчилгээ болон асаргаа, мөн нас барахад нь санхүүгийн болон бие сэтгэлийн ямар ч туслалцаа үзүүлж байгаагүй. Н.Наталъя нь харин аавыг амьд байхад нь амьдарч байсан байрнаас нь хөөж гаргаж байсан ба миний аав уг үйлдлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган өгч байсан, уг байрыг шүүхийн шийдвэрийн дагуу оногдох хэсгийг хувиарлан өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй өнөөдрийн хүртэл бусдад түрээслэн, өөрөө ашиг олж байгаа. Иймд Н.Наталъяд миний төрсөн эцгийн хууль ёсоор өмчилж байсан байрнаас оногдох хувь гэж байхгүй ба миний эцэг өөрийн эхнэрт хууль ёсоор өвлүүлэн өгсөн хөрөнгө юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн хариуцагч Г.Х-гийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 143 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Н.Натальяагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Ариунболд би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Мандалбаяр нь шүүх хуралдааны үеэр итгэмжлэгдсэн төлөөлөгч надтай зүй бусаар харьцаж, энэхүү хэргийг хуулийн дагуу үндэслэл бүхий шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Гэтэл шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд шүүгчийн туслахтай уулзахад таны гомдлыг шийдвэрлээгүй байна, шийдвэрлэсний дараа мэдэгдэнэ хэмээн хэлж байсан ба түүний дараа хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй, шүүх хуралдааны шийдвэр гарсан өдрөөс хойш 4 хоногийн дараа туслах нь шүүх таны гомдлыг хангаагүй, шүүх хуралдаан болсон, шийдвэр гарсан талаар шүүгчийн туслах хэлсэн болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг ноцтой зөрчиж хэрэгт гаравдагч этгээдээр оролцогчийн эрх зүйн байдпыг дордуулсан, хэт нэг талыг барьсан, шүүх хуралдаанд мэтгэлзэх, нотлох баримт гарган өгөх, татгалзлаа тайлбарлах боломжоор хангаагүй, бие даасан шаардлага гаргах боломж олоогүй шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч Г.Х-д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 3 сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 30 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг М.Наранд хувьчлан өгч, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдээр Корчанова Елизавета, Корчанова Андрей Наранович нар бүртгэгджээ. /хх-ийн 19-р тал/

 

Дээрх орон сууцны өмчлөгч М.Наран нь 2016 оны 8 сарын 23-ны өдөр өвчний учир нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд түүний хүү Корчанова Андрей Наранович нь 2018 оны 6 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатын газарт өв хүлээн авах хүсэлтийг гаргаснаар нотариатч буюу хариуцагч Г.Х- нь 2018 оны 6 сарын 13-ны өдөр талийгаач М.Нарангийн төрсөн хүү Корчанова Андрейд Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 30 дугаар байр, 23 тоот хаягт байршилтай, 19 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн оногдох хэсэгт 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 13, 15-р тал/

 

Нэхэмжлэгч Н.Н- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч Г.Х- нь гуравдагч этгээд К.А-д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгч мөн эсэх, түүнээс өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулаагүй гэх боловч хариуцагч Г.Х- нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 11 сарын 16-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөлүүдийг тодорхойлсон ба хариуцагч Г.Х- нь гуравдагч этгээд К.А-гийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг дээрх хууль болон журамд нийцүүлэн шалгаж, холбогдох баримт бичигт үндэслэн, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дах хэсэгт заасан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул уг нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Тодруулбал, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байх бөгөөд 43 дугаар зүйлийн 43.2.1 – 43.2.5-д зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч болохыг нотлох баримт бичиг, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг үндэслэнэ.

 

Хариуцагч Г.Х- нь дээрх хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд К.А-д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь К.А-гийн паспорт, М.Нарангийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, гуравдагч этгээд К.А-гийн хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 9, 15, 19-20, 25-26-р тал/

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дах хэсэгт “Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно” гэж заасан. Уг зохицуулалт нь хугацаанаас нь өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн хувьд өөрт нь өвлөгдвөл зохих хөрөнгөтэй холбоотойгоор зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй бөгөөд 2018 оны 6 сарын 13-ны өдөр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой  нотариатын үйлдэл хийх асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх гуравдагч этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж, тайлбар татгалзал гаргах боломжоор хангаагүй, мөн хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг эдлүүлээгүй гэх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 5 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, гуравдагч этгээдэд 2020 оны 7 сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байна. Улмаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг болон хэргийн материал танилцуулсан байх бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 76-78, 113-114, 122-р тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Х-д холбогдуулан гаргасан 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                         Г.ДАВААДОРЖ