Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00960

 

Н.Наталъяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1984 дүгээр магадлалтай,

Н.Наталъяагийн нэхэмжлэлтэй

Г.Хужаад холбогдох

Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Наталъяагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Наталъяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Н.Наталъяагаас Г.Хужаад холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дүгээр шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн хариуцагч Г.Хужаагийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 143 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1984 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нотариатын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.3 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Хужаад холбогдуулан гаргасан 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Н.Наталъяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Н.Наталъяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх маргаан бүхий магадлалын хянавал хэсэгт Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011.11.16-ны өдрийн 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох нөхцөлүүдийг тодорхойлсон ба хариуцагч Г.Хужаа нь гуравдагч этгээд К.Андрейгийн гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг дээрх хууль болон журамд нийцүүлэн шалгаж, холбогдох баримт бичигт үндэслэн, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул уг нотариатын үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. ... Хариуцагч Г.Хужаа нь дээрх хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд К.Андрейд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь К.Андрейгийн паспорт, М.Нарангийн нас барсны бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, гуравдагч этгээд К.Андрейгийн хүсэлт, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогджээ гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.1. Гуравдагч этгээд К.Андрей нь өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргахдаа нэхэмжлэгчийг шууд үгүйсгэж, өөр өвлөгч байхгүй хэмээн худал мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2018.06.13-ны өдөр гаргасан Өвлөх хүлээн авах тухай монгол хэлээр гаргасан хүсэлтдээ ...1964 онд хүү Н.Андрей, 1967 онд хүү Н.Сергей төрсөн. Өөр төрсөн болон үрчилж авсан хүүхэд байхгүй. гэж бодит үнэнд нийцэхгүй мэдээлэл бүхий хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэхүү үйлдэл нь дор дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн.

Үүнд: Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 Нотариатын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 3.1.1. хууль дээдлэх, 3.1.4. шударга ёсыг сахих, Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5 нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн.

Учир нь гуравдагч этгээд К.Андрей өөрийн төрсөн дүү, өвлүүлэгчийн хууль ёсны төрсөн охин болох нэхэмжлэгч Нарангийн Наталъяа намайг байхгүй хэмээн мэдүүлсэн байдаг. Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасны дагуу хариуцагч нотариатч Г.Хужаа нь гуравдагч этгээд К.Андрейгийн гаргасан хүсэлт нь үнэн, зөв эсэхийг нягтлан шалгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байтал давж заалдах шатны шүүх нотариатчид шалгах үүрэг байхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

4.2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан байдаг.

Хуулийн энэхүү зохицуулалт нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байснаас бусад өвлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан зохицуулалт юм. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Н.Наталъяа миний бие 2017.02.21-ний өдөр нотариатчид өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ гаргасан. Хүсэлтэд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 30 дугаар байрны 23 тоот нэг өрөө орон сууцны ногдох хэсгийг өвлөж авах тухай дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу Монголын Нотариатчдын Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Монгол Улсын бүх нотариатч энэхүү хүсэлтийг харах боломжтой. Өвийн нэгдсэн бүртгэлийг 2007 оноос эхлэн цахимаар хөтөлж байгаа юм байна. Хариуцагч Г.Хужаа гуравдагч этгээдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Өвийн нэгдсэн бүртгэлээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу гаргасан хүсэлт байгаа эсэхийг шалгах ёстой байтал шалгаагүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг огт анхаарч үзээгүй бөгөөд энэ хуулийг хэрэглэх ёстой байсан.

4.3. Нотариатын тухай Монгол Улсын хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д өвлөгч болохыг нотлох баримт бичиг, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1-д төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа өөрөөсөө гадна өөр өвлөгч байхгүй болон өөрийгөө хууль ёсны өвлөгч мөн гэдгээ холбогдох баримт бичгүүдээр нотолсон байхыг хуульчилжээ. Ингэж нотлохын тулд төрсний гэрчилгээ, эсхүл төрөлт бүртгэсэн тухай архивын лавлагааг заавал байх ёстой бөгөөд эдгээр баримтын үнэн зөвийг нотариатч шалгасны үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор зохицуулагдсан байна. Бидний тохиолдолд эдгээр баримт бичгүүд байхгүй байхад нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үүрэгт ажилдаа хайнга хандсан, хууль ёсны үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйн үр дагавар юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг хянаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Нэхэмжлэгч Н.Наталъяа хариуцагч Г.Хужаад холбогдуулан 2018.06.13-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 143 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

8. Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийн 4-т тусгагдсан/

9. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо: ...хариуцагч Г.Хужаа Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, тэрээр К.Андрейгийн гаргасан хүсэлтийг хууль болон журамд нийцүүлэн шалгаж, холбогдох баримт бичгийг үндэслэн Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан нэг жилийн хугацаа өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, ...Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн тул нотариатч өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой нотариатын үйлдэл хийх асуудлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна... гэжээ.

10. Давж заалдах шатны шүүх хуулийг агуулгаас нь зөрүүтэй тайлбарлаж, хэрэглэсэн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал, Өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгохоор Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зохицуулсан бөгөөд хуулийн 531.3-т Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж заасан нь нэгэнт хүсэлт гаргагчаас өөр өвлөгч байхгүй тохиолдолд өв нээгдсэнээс хойш нэг жилийн хугацааг хүлээхгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах боломжийг олгосон зохицуулалт.

Гэтэл давж заалдах шатны шүүх ...зөвхөн хуульд заасан хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох тохиолдолд өөр өвлөгч байгаа эсэх лавтай баримтыг шалгах үүргийг нотариатчид хүлээлгэсэн гэж дүгнэн, гуравдагч этгээд К.Андрейгийн гаргасан баримтыг үндэслэн Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдэл хууль зөрчөөгүй... гэж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Өөрөөс нь өөр өвлөгч байхгүй болохыг нотолсон баримтыг гаргаж өгөх үүрэг нь өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргаж буй бүхий л өвлөгчид хамаарах ба энэ баримтыг хянаж, шалгах үүргийг Нотариатын тухай хууль, Нотариатчийн үйлдэл хийх заавраар нотариатчид хүлээлгэсэн байх тул хуулийн дээрх зохицуулалт зөвхөн хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтэд хамаарахгүй.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...төрсөн эцэг М.Наран 2016.08.23-нд нас барсан бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатад хандаж өөрийн эцгийн өвийг хүлээн авах тухай хүсэлтийг 2017.02.21-ний өдөр гаргаж, Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл 2018.06.13-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатч Г.Хужаа миний ах К.Андрейн хүсэлтийг шийдвэрлэхдээ К.Андрей хууль ёсны өвлөгч мөн эсэх, түүнээс өөр хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг тодруулан нягтлах үүргээ биелүүлээгүй, Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд байгаа хууль ёсны өвлөгчийн хүсэлтийг шалгалгүйгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 30 дугаар байрны 23 тоот орон сууцны өмчлөх эрхийн оногдох хэсгийг өвлөн авах 134 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул нотариатчийн дээрх үйлдэл болон Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.. гэж тайлбарласан бол,

Хариуцагч: ...Корчанов Андрей Наранович өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтдээ 1967 онд төрсөн Сергей гэх дүү бий, өөр төрсөн болон үрчилж авсан хүүхэд байхгүй, өөр өвлөгч гарч ирсэн тохиолдолд түүнд оногдох хэсгийг үл маргах журмаар өвлүүлэх болно, түүнээс үүдэн бий болсон аливаа хохирол, хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ гэж бичсэн тул миний хууль ёсны өв залгамжлагчид өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй... гэжээ.

12. Хэрэгт цугларсан баримтаар маргаж буй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 30 дугаар байрны 23 тоот 19 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр М.Наран, хамтран өмчлөгчөөр Корчанова Елизавета, Корчанов Андрей Наранович тус тус бүртгэгдсэн байх бөгөөд М.Наран 2016.08.23-ны өдөр нас барсан, Корчанова Еликавета өв хүлээн авахаас татгалзсан, Корчанов Андрей Наранович тус орон сууцны эцэг М.Наранд оногдох хэсгийг өвлөж авахаар 2018.06.13-ны өдөр Баянзүрх дүүргийн Нотариатын газарт хүсэлт гаргасан, нотариатч мөн өдрийн №134 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгчийн өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 30 дугаар байрны 23 тоот хаягт байрлах 19 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн оногдох хэсгийг өвлөх эрхийг Корчанов Андрейд олгосон,

Өвлүүлэгч М.Наран 3 хүүхэдтэй, нэхэмжлэгч Нарангийн Наталъя нь түүний төрсөн охин мөн эсэх талаар зохигч маргаагүй, тэрээр М.Нарантай хамт амьдардаггүй тул М.Наранг нас барснаас хойш 6 сарын дараа буюу 2017.02.21-ний өдөр нас барагчийн өмчлөлд байсан хөрөнгүүдийг өвлөж авахаар Өвлөх эрхийг гэрчилгээ авах тухай хүсэлтийг нотариатад гаргасан, дээрх хүсэлтийг нотариатч Р.Онончимэг бүртгэж гэрчилсэн, Монголын нотариатчдын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн болох нь нотлогдсон үйл баримт тус тус тогтоогджээ.

13. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс ...өв нээгдэнэ, 528 дугаар зүйлийн 528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасан журмын дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 531.2-т хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно, 531.3-т гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэж,

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатч нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж, нягтлах үүрэгтэй, 43 дугаар зүйлийн 43.1-д өв нээгдсэн газрын нотариатч Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно, 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана, 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж тус тус зохицуулжээ.

14. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үйл баримтыг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр нотариатч Г.Хужаа Өвлөх эрхийн гэрчилгээ олгох нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэн, нотариатч Г.Хужаагийн 2018.06.13-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл, №143 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэхдээ маргаантай харилцааг зохицуулсан Иргэний болон Нотариатын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

15. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1984 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/02761 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Н.Наталъяагийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нэхэмжлэгч Н.Наталъяагаас 2020.10.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.МӨНХТУЯА

                                       ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД