Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1986

 

МАГАДЛАЛ

 2020.09.18                                       Дугаар 1986

 

 

 

 

 

 

“ООО банк” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02013 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ООО банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “МГШ” ХХК-ийн, Б.Э, Ж.Бнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 1 074 870 822 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Хариуцагчийн өмгөөлөгч З.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э, Ж.Бнар нь тус банктай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ/87-н тоот Орон сууцны зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар арын 15-ны өдөр №ЗБ/87/02 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 360,000.00 ам долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.Эрэнэбат, Ж.Бнар нь №ЗГ/87 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206048880 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байр, 604 тоот хаягт байрлах 188.63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2206048881 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байр зоорийн давхрын 19 тоотод байрлах 18-н м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206048882 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байр зоорийн давхрын 20 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, барьцаалуулагч Монгол газар шим ХХК-ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус баталгаажуулсан болно. Зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул мэдэгдэл өгч боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний 9.2-т заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч Б.Эын хүсэлтийн дагуу ЗГ/87 тоот орон сууцны зээлийн гэрээний ам.долларын зээлийн үлдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ам.долларын арилжааны ханшаар тооцож төгрөгт хөрвүүлсэн. Зээлдэгч нар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдаад буй зээлийн үндсэн хүү 41 177 679.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 016.18 төгрөг нийт 41 202 695.38 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нийт 1 074 870 822.15 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “МГШ” ХХК-ийн-ийн төлөөлөгч, хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Худалдаа хөгжлийн банк” ХХК-аас нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Тус гэрээгээр 360 000 ам.долларыг жилийн 14.4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлдэж авсан. Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байрны 604 тоотын 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байрны зоорийн давхрын 19 тоотод байрлах 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан жардейн, Зайсангийн тойруу гудамж, 101 дүгээр байрны зоорийн давхрын 20 тоотод байрлах 18 м.кв зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Мөн барьцаалуулагч “МГШ” ХХК-ийн-ийн дансны орлого болон борлуулалтын орлого, бараа материалыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон. Бид зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн бөгөөд орон сууц захиалгаар барих гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох “Эс Девелоптент” ХХК-тай тус гэрээний талаар байнгын маргаантай байгаагаас шалтгаалан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь гүйцэтгэх боломжгүйд хүрээд байгаа болно. Бид гүйцэтгэгчтэй холбоотой чанарын доголдлын асуудлаар шүүхийн маргаантай байгаа бөгөөд энэхүү маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг сунгуулах талаар асуудал болон дээрх гэрээнүүдийн хууль зүйн агуулга, түүний хэрэглээний талаар өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байна. Бид дээр дурдсан асуудлаар шүүхийн шатанд холбоотой нотлох баримт болон бусад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгч болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Э, Ж.Бнараас 1 033 668 126,77 төгрөгийг гаргуулж, “Худалдаа, хөгжлийн банк ББСБ” ХХК-д олгож, үлдэх 41 202 695,38 төгрөгийн хамт “МГШ” ХХК-ийн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2206048880 дугаартай Хан Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны 604 тоотод байрлах 188.63 метр квадрат орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206048881 дугаартай Хан-Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны зоорийн давхарт байрлах 19 авто зогсоол, Улсын бүртгэлийн Ү 2206048882 дугаартай Хан Уул дүүрэг 11 хороо Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 байрны ззорийн давхарт байрлах 20 тоот авто зогсоол, “МГШ” ХХК-ийн-ийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдлийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 1 033 668 126,77 төгрөг гаргуулж, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 760 464 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 5 396 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. “000 банк” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 -р хороо, Зайсангийн гудамж, Белла Виста хотхон 400-1701 тоотод оршин суух Б.Э, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Усны гудамж, 1а байрны 49 тоот хаягт оршин суух Ж.Бямбажав, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байрны 40 тоотод оршин байх “МГШ” ХХК-ийн-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. “МГШ” ХХК-ийн-аас тайлбар аваагүй, түүгээр үл барам хамтран хариуцагчийг хэргийн материалтай танилцуулуулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Мөн шүүхийн шийдвэрт нэхэмжилж байгаа үнийн дүн болон нэхэмжлэгчийг өөр өөрөөр нэрлэн заасан. Тухайлбал: шүүхийн шийдвэрийн 1 дүгээр талд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг 1 033 668 төгрөг гэж тодорхойлсон атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 1 074 870 822 төгрөг, мөн тогтоох хэсэгт 1 033 668 126,77 төгрөг гэх зэргээр өөр өөрөөр зааснаас гадна нэхэмжлэгч байгууллагыг “000 банк” ХХК гэж шүүхийн шийдвэрийн 1 дүгээр талд тодорхойлсон атлаа үндэслэх болон тогтоох хэсэгт “Худалдаа Хөгжлийн банк ББСБ” ХХК гэж тодорхойлсон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “000 банк” ХХК нь хариуцагч Б.Э, Ж.Бямбажав, “МГШ” ХХК-ийн-д холбогдуулан зээл 877 092 256 төгрөг, зээлийн хүү 156 551 325 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 544 төгрөг, хохирол 21 000 төгрөг нийт 1 033 668 126 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэмэгдүүлсэн хүүд 41 202 695 төгрөг, нийт 1 074 870 822 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“000 банк” ХХК нь Б.Э, Ж.Бнартай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж 360 000 ам.долларыг 180 сарын хугацаатай, жилийн хүү 14.4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 2.88 хувь байх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /хх-11-17/

 

“000 банк” ХХК болон Б.Э, Ж.Бнар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г байгуулж, зээлдэгч нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Жардейн Зайсангийн тойруу гудамж 101 дүгээр байр, 604 тоот 188.63 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхар 19, 20 тоотод байрлах тус тус 18 м.кв автозогсоолыг, мөн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр  “МГШ” ХХК-ийн-тай барьцааны гэрээ байгуулж тус компанийн дансны орлого, борлуулалтын орлого, бараа материалын үлдэгдэлийг барьцаалжээ./хх-18-24/

 

“000 банк” ХХК болон Б.Э, Ж.Бнар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцны зээлийн нэмэлт гэрээг байгуулж 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээг өөрчилж, 330 978.21 ам.долларыг 877 092 256 төгрөгт хөрвүүлж, жилийн хүүг 16.8 хувь, нэмэгдүүлсэн хүүг сарын 0.28 хувь гэж өөрчилсөн байна. /хх-39-44/

 

“000 банк” ХХК нь Б.Э, Ж.Бнарт 360 000 ам.долларыг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх “000 банк” ХХК болон Б.Э, Ж.Бнарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Б.Э, Ж.Бнар 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна.

 

Зээлийн гэрээний 6.2.4-т зааснаар “зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө” гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай нийцсэн тул хариуцагч нар нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

“ООО банк” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/6072 дугаар албан бичгээр Б.Э, Ж.Бямбажат нарт зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөрийг энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас өдрөөс хойш 14 хоногийн дотор зээлийн төлбөрийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдсэн боловч зээлдэгч нар төлбөрөө төлж барагдуулаагүй байна. /хх-45/ Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны зээлийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Тиймээс нэхэмжлэгч “000 банк” ХХК нь зээлийн гэрээг цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, Ж.Бнараас үндсэн зээл 877 092 256.50 төгрөг, зээлийн хүү 156 551 236 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 544.53 төгрөг нийт 1 033 647 037 төгрөгийг шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гаргасан нотариатын зардал 21 000 төгрөгийг хохиролд тооцож Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч “МГШ” ХХК-ийн-ийн төлөөлөгч Б.Эад 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулан өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгчээ.

 

            Хариуцагч “МГШ” ХХК-ийн-ийн төлөөлөгч Б.Э нь өмгөөлөгч З.Уянгатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан. Анхан шатны шүүх өмгөөлөгч З.Уянгад 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан мөн өдөр хэргийн материалыг танилцуулсан байна. /хх-108,110/

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.

 

“000 банк” ХХК болон Б.Э, Ж.Бнарын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагад хамаарах хариуцагч болох “МГШ” ХХК-ийн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн гэрээний үүрэгт 1 033 668 төгрөг гэж, үндэслэх болон тогтоох хэсэгт “Худалдаа хөгжлийн банк ББСБ” ХХК гэж буруу бичсэнийг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02013 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “зээлийн гэрээний үүрэгт 1 033 668 төгрөг” гэснийг “зээлийн гэрээний үүрэгт 1 074 870 822 төгрөг” гэж,

Үндэслэх болон тогтоох хэсэгт “Худалдаа хөгжлийн банк ББСБ” ХХК” гэснийг “000 банк” ХХК гэж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Э, Ж.Бнараас 1 033 668 126,77 төгрөгийг гаргуулж, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаасаа үлдэх 41 202 695,38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 5 326 288 төгрөгийг шүүгчийн захиамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.БАЙГАЛМАА