Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1985

 

МАГАДЛАЛ

 2020.09.18                                          Дугаар 1985

 

 

 

 

 

 

“ТБМ” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ТБМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 958 612 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь “Т БМ” ХХК-тай 2019 оны 8 сарын 01-ний өдөр гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж “дабл эйе” брэндийн бичгийн цаас, мэдлэгтэй дэвтрийг борлуулах болсон. Уг гэрээнд заасны дагуу “Ж” ХХК нь манай компаниас барааг хүлээж авсан сарын сүүлийн өдөр барааны төлбөрийг төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 6 973 600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 900 000 төгрөгийн үнэ бүхий “мэдлэгтэй дэвтэр” брэндийн дэвтрийг хүлээлгэн өгсөн. Гэвч тус компани нь гэрээнд заасны дагуу барааны төлбөрийг төлөөгүй тул харилцан тохиролцож 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр борлуулагдаагүй үлдсэн зарим барааг буюу 3 234 525 төгрөгийн үнэ бүхий барааг буцааж өгсөн, үлдэх 4 639 075 төгрөгийн төлбөрт тооцоо нийлж актаар баталгаажуулсан. Үүнээс хойш тус компани нь барааны төлбөрийг төлөөгүй. Түүнчлэн “Ж” ХХК-тай байгуулсан гэрээт борлуулагчийн гэрээнд заасны дагуу барааны төлбөрийг төлөх ёстой байсан 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс хойш буцаалт хийсэн өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 96 хоног, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдөр болох өнөөдрийг хүртэл 167 хоног байна. Гэрээнд заасны дагуу алдангийг гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар тооцоход 4 591 773.38 төгрөг болж байгаа боловч гүйцэтгэгдээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 2 319 537.50 төгрөг нэхэмжилж байна. Талуудын хооронд тусгай гэрээ байгуулагдсан ба нийлүүлэгч талыг төлөөлж Г.Гантүшиг, санхүүгийн шинжээч Б.Болд, ахлах менежер С.Гантулга, борлуулалтын менежер Ц.Алгирмаа, худалдан авагчийн төлөөлөгч Ж.Нямзаяа, нягтлан бодогч Л.Баярмаа, менежер О.Халиун нар гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь гэрээт борлуулагчийн гэрээний нэг салшгүй хэсэг мөн. Иймд “Ж” ХХК-д нийлүүлсэн барааны төлбөрт 4 639 075 төгрөг, алдангид 2 319 537.50 төгрөг нийт 6 958 612.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Т БМ” ХХК-тай гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 6 973 600 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 900 000 төгрөгийн үнэ бүхий мэдлэгтэй дэвтэр худалдаж авсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр борлуулагдаагүй үлдсэн дэвтэр буюу 3 234 525 төгрөгийн дэвтрийг буцаан олгож, үлдэгдэл 4 639 075 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги 2 319 537.50 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн гэрээт борлуулагчийн гэрээний 1.2 дахь хэсэгт дараах баримт бичгүүд нь гэрээний салшгүй нэгэн хэсэг болно. Үүнд 1.2.1 тусгай гэрээ, 1.2.2 хавсралт №1 барааны нэр төрөл үнэ, хавсралт №2 нийлүүлэгч тал болон худалдан авагч талын ААНГэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар шаардлагатай бол худалдаа үйлчилгээ эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хавсралт №3 бусад хавсралтууд гэсэн байна. Тусгай гэрээнд тухайн гэрээний алданги тооцох гэсэн заалтаар төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.3 хувиар алдангийг тооцно гэж байгаа боловч алдангийг ямар хугацаанаас эхэлж тооцож байгаа  нь тодорхой биш байна. Гэрээ байгуулаад тухайн үнийн дүнг хэзээнээс эхэлж төлөх талаар тусгаагүй байна. Бараа авсан сарын сүүлийн өдөр гэж бичсэн байна. Гэхдээ тусгай гэрээг нэмэлтээр байгуулсан байж гэрээнд 2 тал гарын үсэг зурсан байх ёстой. Гэрээнд талууд гарын үсэг зурсан гэж үзэхгүй байна. Талуудын мөнгөө хэзээ эргүүлж төлөх хугацаа тодорхой бус учир алдангийг төлөх боломжгүй. Харин үндсэн төлбөр 4 639 075 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК-аас 6 958 612.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т БМ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100200900941 тоот данснаас илүү төлөгдсөн 1 000 төгрөг, хариуцагч “ЖДҮ Корпараци” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 126 290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т БМ” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Алданги 2 319 537 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зохигчийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 25/02-82 тоот гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу “Таван богд менежмент” ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6 973 600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 900 000 төгрөгийн үнэ бүхий мэдлэгтэй дэвтрийг “Ж” ХХК хүлээн авсан. Уг дэвтрээс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өлөр борлогдоогүй үлдсэн дэвтэр буюу 3 234 525 төгрөгийн үнэ бүхий барааг “Ж” ХХК-аас “Т БМ” ХХК-д буцааж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “ТБМ” ХХК-ийн нягтлан бодогч А.Отгонтуяа, “Ж” ХХК-ийн нягтлан бодогч н.Баярмаа нар 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд харилцан нийлүүлсэн барааны тооцоог нийлж дэвтэр 4 639 075 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй талаар нийлсэн. Хариуцагч “Ж” ХХК нь 4 639 075 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Талуудын байгуулсан гэрээт борлуулагчийн гэрээг “Т БМ” ХХК дэд захирал Г.Гантүшиг, “Ж” ХХК-ийн захирал Ж.Нямзаяа нар баталж, бусад холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан. Тусгай гэрээг талууд байгуулж, гэрээний 3-т төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрийн дотор төлөхөөр заасан гэх боловч талууд уг гэрээнд гарын үсэг зураагүй тул гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс гэж тооцсон нь үндэслэлгүй, талууд гэрээний үүрэг биелүүлэх сүүлийн өдрөө тодорхойлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 2 319 537 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т БМ” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барааны үнэ 4 639 075 төгрөг, алданги 2 319 537 төгрөг, нийт 6 958 612 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “алданги 2 319 537 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

“Т БМ” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд гэрээт борлуулагчийн гэрээ 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаж, энэхүү гэрээгээр нийлүүлэгч “Т БМ” ХХК нь “дабл эйе” брэндийн бичгийн цаас, “мэдлэгтэй дэвтэр” брендийн дэвтрийг нийлүүлэх, борлуулагч “Ж” ХХК нь тус барааны үнийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний 1.2.1-т “тусгай гэрээ нь гэрээний салшгүй нэгэн хэсэг болно” гэж заасан бөгөөд талууд тусгай гэрээг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулжээ. Уг гэрээний 3-т “Худалдагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрийн дотор нийлүүлэгчид төлнө, төлбөр тооцоог барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр заажээ. /хх-11-20/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

“Т БМ” ХХК нь гэрээний дагуу бичгийн цаас болон дэвтрийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, “Ж” ХХК нь нийлүүлсэн барааны төлбөрөөс 4 639 075 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй. Талууд гэрээний төлбөрийн талаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд харилцан нийлүүлсэн барааны тооцоог нэг бүрчлэн тооцож “Ж” ХХК нь “Т БМ” ХХК-д дэвтрийн үнэ 4 639 075 төгрөгийг үлдэгдэлтэй талаар тусгажээ./хх-10х/

 

Иймд нэхэмжлэгч “Т БМ” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нийлүүлсэн барааны үнэ 4 639 075 төгрөгийг хариуцагч “Ж” ХХК-аас шаардах эрхтэй.

 

Мөн талууд гэрээнд алдангийн талаар тохиролцож гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын шаардлагыг хангасан тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Тусгай гэрээний 3-т “худалдагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрийн дотор нийлүүлэгчид төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сард барааг нийлүүлсэн тул хариуцагч мөн сарын 31-ний өдөр төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Нэхэмжлэгч “Т БМ” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээ байгуулагдсанаас хойш буцаалт хийсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 96 хоног, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 167 хоног нийт 263 хоног хэтрүүлсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтад алданги тооцоогүй байна. Иймд алдангийн хугацааг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 167 хоногоор тооцох үндэстэй. Уг хугацаанд алдангийн 0.5 хувь буюу хоногт 23 195 төгрөгөөр тооцоход 3 873 627 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул анхан шатны шүүх алданги 2 319 537 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 53 397 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                   Г.ДАВААДОРЖ

 

                                                                                     Д.БАЙГАЛМАА