Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00939

 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дүгээр шийдвэр,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1985 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох, 

Гэрээний үүрэгт 6,958,612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгалийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барааны үнэ 4,639,075 төгрөг, алданги 2,319,537 төгрөг, нийт 6,958,612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлээс 4,639,075 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 2,319,537 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргасан байна. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЖДҮ Кропораци” ХХК-иас 6,958,612.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Таван Богд Менежмент” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100200900941 тоот данснаас илүү төлөгдсөн 1,000 төгрөг, хариуцагч “ЖДҮ Кропораци” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 126,290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Таван Богд Менежмент” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1985 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 53,397 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Таван богд ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ ****” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 1985 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана. 172 дугаар зүйлийн 172.2.1. шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцаа зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын шатанд гомдол гаргаж байна.

Талуудын хооронд болсон үйл баримтын талаар: Хариуцагч “ ****” ХХК, “Таван богд ****” ХХК-тай 2019.08.01-ний өдөр гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж 2019.08.08-ны өдөр 6,973,600 төгрөг, 8 дугаар сарын 15-ны өдөр 900,000 төгрөгийн үнэ бүхий мэдлэгтэй дэвтэр худалдаж авсан. 2019.12.15-ны өдөр борлуулаагүй үлдсэн дэвтрийн үнэ 3,234,525 төгрөгийг буцаан олгож, үлдэгдэл 4,639,075 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Харин алданги 2,319,537 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэрээт борлуулагчийн гэрээний 1.2 дахь хэсэгт дараах баримт бичгүүд нь гэрээний салшгүй хэсэг болно. Үүнд 1.2.1.. тусгай гэрээ, 1.2.2 хавсралт №1 барааны нэр төрөл үнэ, хавсралт №2 нийлүүлэгч тал болон худалдан авагч талын ААНГэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар шаардлагатай бол худалдаа үйлчилгээ эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, хавсралт №3 бусад хавсралтууд гэсэн байна. Тусгай гэрээнд тухайн гэрээний алданги тооцох гэсэн заалтаар төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувиар алдангийг тооцно гэж байгаа боловч алдангийг ямар хугацаагаас эхэлж төлөх талаар тусгаагүй байна. Мөн тусгай гэрээнд талууд гарын үсэг зураагүй учраас тухайн гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо 2019.08.31-ний өдрөөс гэж тооцсон нь үндэслэлгүй, талууд гэрээний үүрэг биелүүлэх сүүлийн өдрөө тодорхойлоогүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Талуудын байгуулсан буюу бичгээр байгуулсан гэрээнд анзын талаар зааснаар нэхэмжлэгч талын анз гаргуулах эрх үүснэ. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 2,319,537 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх Иргэний хуулийн 232.6-д заасан хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.18-ны өдрийн 1985 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,319,537 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь хариуцагч “ЖДҮ корпораци” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт барааны үнэ 4,639,075 төгрөг, алданги 2,319,537 төгрөг, нийт 6,958,612 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлээс 4,639,075 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 2,319,537 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ. 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

9. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК /нийлүүлэгч/ нь хариуцагч “ ****” ХХК /худалдан авагч/-тай 2019.08.01-ний өдөр 25/02-82 дугаартай “Гэрээт борлуулагчийн гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч нь Double A брэндийн бичгийн цаас, Мэдлэгтэй дэвтэр брендийн дэвтрийг нийлүүлэх, худалдан авагч нь тус барааны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн дээрх гэрээний 1.2, 1.2.1-д тусгай гэрээ нь гэрээний салшгүй нэгэн хэсэг болно гэж заасан байх бөгөөд талууд тусгай гэрээг мөн 2019.08.01-ний өдөр байгуулж, уг гэрээний 3-т Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрийн дотор нийлүүлэгчид төлөх..., ...Алданги тооцох: ...бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол төлбөр барагдуулаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно гэж тус тус заажээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. 

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, зохигчийн тайлбар, талуудын тооцоо нийлсэн акт болон бусад баримтаар “Таван богд ****” ХХК нь гэрээний дагуу бичгийн цаас болон дэвтэр нийлүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч “ЖДҮ корпораци” ХХК нь нийлүүлсэн барааны төлбөрөөс 4,639,075 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон, зохигч энэ талаар мөн маргаангүй, харин хариуцагч нь алданги төлөх үндэслэлгүй гэж маргажээ. 

11. Дээрх байдлаар талууд гэрээнд бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол алданги тооцохоор тохиролцсон, иймээс хоёр шатны шүүх хариуцагчаас нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрт 4,639,075 төгрөг, алдангид нэхэмжилсэн хэмжээгээр буюу 2,319,537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна. 

12. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...тусгай гэрээнд тухайн гэрээний алданги тооцох гэсэн заалтаар төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувиар алдангийг тооцно гэж байгаа боловч алдангийг ямар хугацаанаас эхэлж төлөх талаар тусгаагүй байна. Мөн тусгай гэрээнд талууд гарын үсэг зураагүй учраас тухайн гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь алданги тооцохдоо 2019.08.31-ний өдрөөс гэж тооцсон нь үндэслэлгүй, талууд гэрээний үүрэг биелүүлэх сүүлийн өдрөө тодорхойлоогүй... гэх хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй. 

13. Учир нь, талууд ...төлбөрийн үлдэгдэл дүн зээлийн дээд эрхээс хэтрэхгүй, худалдан авагч зээлийн дээд эрхийг хэтрүүлсэн, бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол төлбөр барагдуулаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно гэж гэрээгээр тохирсон, уг тусгай гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх алдангийг 2019.12.05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020.06.04-ний өдрийг хүртэл 167 хоногоор тооцож, 2,319,537 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг зөрчөөгүй байна.

14. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2020/02354 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1985 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.02-ны өдөр төлсөн 52,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД