Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2020/02354

 

 

                  2020          07             24  

                                        184/ШШ2020/02354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, Таван богд ХХК-ийн төв байранд байрлах, “ТБ” ХХК /РД5887712/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, хангайн 83 дугаар гудамж, 29 тоот хаягт байрлах, “ЖК” ХХК /РД:6395953/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 6,958,612.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...“ЖК” ХХК нь “ТБ” ХХК-тай 2019 оны 8 сарын 01-ний өдөр “Гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулж манай компанийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн болох Double А Брэндийн бичгийн цаас, Мэдлэгтэй дэвтэр брэндийн дэвтрийг борлуулах болсон.

Уг гэрээнд заасны дагуу “ЖДҮ корпараци” ХХК нь манай компаниас барааг хүлээж авсан сарын сүүлийн өдөр барааны төлбөрийг төлөхөөр тохиролцож хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.

Үүний дагуу манай компани нь тус компанид 2019 оны 08 сарын 08-ны өдөр 6,973,600 төгрөг, 2019 оны 08 сарын 15-ны өдөр 900,000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн үйлдвэрлэдэг мэдлэгтэй дэвтэр брэндийн дэвтрийг хүлээлгэн өгсөн. Гэвч тус компани нь гэрээнд заасны дагуу барааны төлбөрийг төлөөгүй тул харилцан тохиролцож 2019 оны 12 сарын 05-ны өдөр борлуулагдаагүй үлдсэн зарим барааг буюу 3,234,525 төгрөгийн үнэ бүхий барааг буцааж үлдэх 4,639,075 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан билээ.

Үүнээс хойш тус компани нь барааны төлбөрийг огтхон ч төлөөгүй бөгөөд гүйцэтгэх захирал Н.Баярт-Од нь утсаа авахгүй, түүнчлэн уг компанийг эрэн сурвалжлуулж олсон. Түүнчлэн “ЖК” ХХК-тай байгуулсан “Гэрээт борлуулагчийн гэрээ”-нд заасны дагуу барааны төлбөрийг төлөх ёстой байсан 2019 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш буцаалт хийсэн өдөр болох 2019 оны 12 сарын 5-ны өдөр хүртэл 96 хоног, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдөр болох өнөөдрийг хүртэл 167 хоног өнгөрөөд байна. Гэрээнд заасны дагуу алдангийг гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3 хувиар тооцоход 4,591,773.38 төгрөг болж байх боловч Иргэний хуульд заасны дагуу гүйцэтгэгдээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцоход алдангид 2,319,537.50 төгрөгийг нэхэмжлэх эрх үүснэ. Талуудын хооронд тусгай гэрээ байгуулагдсан ба нийлүүлэгч талыг төлөөлж Г.Гантүшиг, санхүүгийн шинжээч Б.Болд,  ахлах менежер С.Гантулга, борлуулалтын менежер Ц.Алгирмаа, худалдан авагчийн төлөөлөгч Ж.Нямзаяа, нягтлан бодогч Л.Баярмаа, менежер О.Халиун  гэх хүмүүс гарын үсэг зурсан байгаа. Тусгай гэрээ нь Гэрээт борлуулагчийн гэрээний нэг салшгүй хэсэг ба энэ гэрээнд алдангийн талаар маш тодорхой заасан тул үүнийг үндэслэж алдангийг нэхэмжилж байна.

Иймд “ЖК” ХХК-д нийлүүлсэн барааны төлбөрт 4,639,075 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 2,319,537.50 төгрөг нийт 6,958,612.50 төгрөгийг хариуцагч “ЖК” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...ТБ ХХК-тай,  ЖК ХХК нь 2019 оны 08 сарын 01-ний өдөр Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулж гэрээний дагуу 2019 оны 8 сарын 8-ны өдөр 6,973,600 төгрөг, 8 сарын 15-ны өдөр 900,000 төгрөгийн үнэ бүхий мэдлэгтэй дэвтэр худалдаж авсан гэдэг дээр хариуцагч тал маргахгүй.

2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр борлуулагдаагүй үлдсэн дэвтэр буюу 3,234,525 төгрөгийн дэвтрийг буцаан олгож, үлдэгдэл 4,639,075 төгрөгийг төлөхийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас хугацаа хэтрүүлсэн бол хоногийн 0.3 хувиар бодож 2,319,537.50 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн Гэрээт борлуулагчийн гэрээний 1.2 дахь хэсэгт дараах баримт бичгүүд нь гэрээний салшгүй нэгэн хэсэг болно. Үүнд 1.2.1 Тусгай гэрээ, 1.2.2 Хавсралт №1 Барааны нэр төрөл үнэ, 1.2.3 Хавсралт №2 Нийлүүлэгч тал болон Худалдан авагч талын ААНГэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар шаардлагатай бол худалдаа үйлчилгээ эрхэлдэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 1.2.4 Хавсралт №3 бусад хавсралтууд гэсэн байна. Тусгай гэрээнд тухайн гэрээний алданги тооцох гэсэн заалтаар төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.3 хувиар алдангийг тооцно гэж байгаа боловч алдангийг ямар хугацаанаас эхэлж тооцож байгаа гэдэг нь тодорхой биш байна.  Гэрээ байгуулаад тухайн үнийн дүнг хэзээнээс эхэлж төлөх талаар тусгаагүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тусгай гэрээ байгуулсан ба уг гэрээ нь Гэрээт борлуулагчийн гэрээний  салшгүй нэг хэсэг гэж хэлж байна. Бараа авсан сарын сүүлийн өдөр гэж бичсэн байна. Гэхдээ тусгай гэрээг нэмэлтээр байгуулсан байж гэрээнд  2 тал гарын үсэг зурсан байх ёстой. Гэрээнд талууд гарын үсэг зурсан гэж үзэхгүй байна. Талуудын мөнгөө хэзээ эргүүлж төлөх  хугацаа тодорхой бус учир алдангийг төлөх боломжгүй.

Харин үндсэн төлбөр  4,639,075  төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч “ЖК” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6,958,612.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагынхаа үндэслэлийг ...“ЖК” ХХК нь “ТБ” ХХК-тай 2019 оны 8 сарын 01-ний өдөр “Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан. Уг гэрээний тусгай гэрээнд заасны дагуу барааг хүлээж авсан сарын сүүлийн өдөр барааны төлбөрийг төлөхөөр тохиролцож хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөөгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул нийлүүлсэн барааны төлбөрт 4,639,075 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 2,319,537.50 төгрөг, нийт 6,958,612.50 төгрөгийг нэхэмжилж байна, алдангийг төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй, талууд үндсэн болон тусгай гэрээг байгуулж гарын үсэг зурцгаасан гэж, хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ …Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулагдсан нь үнэн, үндсэн төлбөр 4,639,075 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин тусгай гэрээг нэмэлтээр байгуулсан, гэрээнд  2 тал гарын үсэг зураагүй, талуудын мөнгөө хэзээ эргүүлж төлөх хугацаа тодорхой бус тул  алдангийг хариуцах үндэслэл байхгүй, зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд зохигчийн хооронд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 25/02-82 дугаартай Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулагдсан байх ба гэрээний зүйлийн талаар тусгай гэрээ болон хавсралтуудаар зохицуулсан, тэдний хооронд Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн  243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр гэрээг байгуулж гарын үсэг зурсан нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Дээрх хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагч тал нь худалдах худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бол нэхэмжлэгч тал тухайн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь тус компанийн борлуулж буй бараа бүтээгдэхүүн болох “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн дэвтрийг нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 4,639,075 төгрөгийг, алдангийн хамт хариуцагч талаас нэхэмжилдэг бөгөөд “Гэрээт борлуулагчийн гэрээ, тусгай гэрээ” болон санхүү бүртгэлийн дүрэм журмын дагуу тооцоо нийлсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн акт, зарлагын баримт зэргээр зохигчийн хооронд худалдах худалдах авах харилцаа үүсч 2019 оны 08 сарын 08-ны өдөр 6,973,600 төгрөг, 2019 оны 08 сарын 15-ны өдөр 900,000 төгрөгийн үнэ бүхий “Мэдлэгтэй дэвтэр” брэндийн дэвтрийг хүлээлгэн өгч борлуулагдаагүй үлдсэн 3,234,525 төгрөгийн үнэ бүхий барааг буцаан татаж 4,639,075 төгрөгийн өртэй үлдсэн болох нь нотлогддог, хариуцагч тал энэ үйл баримтын талаар маргадаггүй, үлдэгдэл төлбөр болох 4,639,075 төгрөгийг хүлээн зөвшөөрдөг.

 

Хариуцагч талын “Гэрээнд алдангийн талаар заасан хэдий ч талууд гарын үсэг зураагүй тул хариуцахгүй, хугацаа тодорхойгүй...” гэх тайлбар, алданги төлөхөөс татгалзаж байгаа татгалзал нь “...энэхүү тусгай гэрээ нь 25/02-82 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд хууль эрх зүйн хувьд хүчинтэй, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсанаар ерөнхий гэрээ, тусгай гэрээ болон бусад хавсралтуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнд тооцно, гэрээ болон хавсралтуудын хооронд зөрүүтэй байдал үүсвэл гэрээний тусгай нөхцлийг баримтална, худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн сүүлийн өдрийн дотор нийлүүлэгчид төлөх бөгөөд төлбөрийн үлдэгдэл дүн зээлийн дээд эрхээс хэтрэхгүй, худалдан авагч зээлийн дээд эрхийг хэтрүүлсэн, бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог хугацаандаа барагдуулаагүй бол төлбөр барагдуулаагүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно” гэх хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурцгаасан 2019 оны 8 сарын 01-ний өдрийн тусгай гэрээ, хуудас бүр дээр хүлээн зөвшөөрснийг илтгэн худалдан авагч талыг төлөөлөн ЖК ХХК-ийн захирал Ж.Нямзаяа гарын үсэг зурсан 25/02-82 дугаартай гэрээт борлуулагчийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

 

Дээрх гэрээний дагуу талууд алдангийн талаар харилцан тохиролцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу гэрээг бичгээр байгуулжээ. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу хариуцагч талаас гүйцэтгээгүй үүргийн алдангид 2,319,537.50 төгрөг нэхэмжилсэн нь хуулийн хүрээнд гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх байх тул хариуцагч тал төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйн хариуцлагыг хүлээх, алдангийг төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний үүргээ биелүүлэх хугацааг гэрээ байгуулагдсанаас хойш буцаалт хийсэн өдөр болох 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүртэл 96 хоног, мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргаж буй өдөр болох 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 167 хоног хэтрүүлсэн ба уг хугацааны алдангийг тооцоход гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуульд заасан шаардлагын дагуу алдангийг 2,319,537.50 төгрөг гэж тооцсон гэх тайлбар үндэслэлтэй тул алданги гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй. 

 

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “ЖК” ХХК-иас 6,958,612.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Баярт-Одод шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч талаас түүний эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болохыг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЖК” ХХК-иас 6,958,612.50 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Төрийн сангийн 100200900941 тоот данснаас илүү төлөгдсөн 1,000 төгрөг, хариуцагч “ЖК” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 126,290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ТБ” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.АМИН-ЭРДЭНЭ