Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02040

 

 

 

А.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.П, С.Гнарт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч Б.П, С.Г, өмгөөлөгч Т.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Шинэ мянганы барилга” ХХК-д нягтлан бодогчоор 2004 оноос 2014 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. Миний бие тус компанийн Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 131/5-48 тоот орон сууцанд амьдарч, улмаар уг орон сууцыг надад шилжүүлж өгнө гэж захирал Л.Хамласан. Миний бие уг орон сууцад 15 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд байрны ашиглалтын зардлыг төлж байсан. Гэтэл Л.Хнь дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад мэдэгдэлгүйгээр 2018 онд гаргуулж улмаар зээлийн барьцаанд барьцаалсан байна. “Прогресс капитал ББСБ” ХХК-аас тодруулахад Л.Хуг орон сууцыг худалдан борлуулах итгэмжлэлийг өгсөн бөгөөд үүний дагуу С.Г-д худалдсан гэж тайлбарласан. “Прогресс капитал ББСБ” ХХК-ийн ажилтан болох Б.Пболон С.Гнар нь уг байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зорилгогүйгээр байгуулсан. Мөн барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт өндрөөр тооцож зээл гаргасан. Мөн Л.Хболон “Прогресс капипал ББСБ” ХХК-аас  орон сууц худалдан борлуулах гэж байгаа талаар ямар нэг мэдэгдлийг надад өгөөгүй. Иймд А.У-ийг Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Б.ПС.Гнарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Пшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Хнь “Прогресс капитал ББСБ” ХХК-аас зээл авч уг зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасан. Мөн А.У-тэй ямар нэг төлбөрийн маргаангүй талаар манайд мэдэгдсэн. Түүний дагуу барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол 131/5-48 тоот орон сууцыг хууль ёсны дагуу шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Л.Хнь зээл авснаас хойш зээлийн хүүг төлж байсан боловч хүүхдийнх нь биеийн байдал муудсан, Франц улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэж манай байгууллагын зээлийг төлөх боломжгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Манай байгууллага орон сууцыг худалдан борлуулахад 73 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Тухайн байрыг 65 000 000 төгрөгөөр худалдаж үлдэгдэл 7 000 000 төгрөгийг боломжтой үед төлнө гэж харилцан тохиролцсон. Орон сууцны өмчлөх эрх Л.Х-ын өмчлөлд байсан тул 2020 оны 02 дугаар сард С.Г-д худалдсан. А.Уболон манай байгууллагын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Гшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Прогресс капитал ББСБ” ХХК-аас зээлийн барьцаанд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Уг орон сууцад амьдарч байгаа А.Убайрнаасаа гарахгүй, Л.Хишигжаргалтай тооцоотой гэсэн тул Б.Пүрэв-Очирыг энэ хүнээ байрнаас нь гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Миний бие 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 65 000 000 төгрөгийг байгууллагын кассанд бэлнээр тушаасан. Харин татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг 30 000 000 төгрөг гэж бичсэн. Орон сууцыг худалдан авах нь миний хэрэгцээ, хүсэл зориг байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Гшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40.21 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. А.У-ийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Унь өөрийгөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Хэдий Л.Х-ын нэр дээр орон сууц бүртгэлтэй хэдий ч гэсэн А.Унь 15 жилийн хугацаанд энэ байранд амьдарсан. Анх Л.Хишигжаргалтай орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авахаар тохиролцсон тул чөлөөлөх боломжгүй. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053495 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40.21 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б.П, С.Гнарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч А.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаныг баримтлан хариуцагч С.Гэрэлмаагийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053495 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40.21 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг нэхэмжлэгч А.Улам-Өсөхөд даалгаж,

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218 150 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгч А.Улам-Өсөхөөс 70 200 төгрөг гаргуулан хариуцагч С.Г-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Пболон С.Гнарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. С.Гнь тайлбартаа үл хөдлөх эд хөрөнийг 65 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч гэрээг байгуулахдаа үнийг 30 000 000 төгрөг гэж бичсэн. Энэ байдлаас харахад тухайн үл хөдлөх эд хөрөнгөд оршин суух ямар нэгэн хүсэлгүй зөвхөн одоо амьдарч байгаа намайг орон сууцнаас гаргах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Миний бие уг байранд 15 жил амьдарсан тул уг орон сууцыг тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй. Иймд худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч А.Унь хариуцагч Б.П, С.Гнар холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч С.Гэс зөвшөөрч уг орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Л.Хнь “Прогресс капитал ББСБ” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 55 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулж маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 131/Б дугаар байр, 48 тоотод байрлах 40.21 м.кв талбайтай орон сууцыг барьцаалжээ. /хх-23-25/ Зээлдэгч Л.Хзээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцааны зүйл болох орон сууцыг бусдад худалдах итгэмжлэлийг Б.Пүрэв-Очирт олгосны дагуу Б.Пболон С.Гнарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, С.Гнь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 131/Б дугаар байр, 48 тоотод байрлах 40.21 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч, улмаар улсын бүртгэлд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авчээ. /хх-37,44/ Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар Л.Х-ын орон сууц өмчлөх эрх дуусгавар болж уг өмчлөх эрх нь шинэ өмчлөгч болох С.Г-д шилжсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч А.Унь “Шинэ мянганы барилга” ХХК-ийн захирал Л.Хишигжаргалтай Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 131/Б дугаар байр, 48 тоотод байрлах 40.21 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн шилжүүлэн авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул түнийг орон сууцыг эзэмшиж байгаа байдлыг өмчлөх эрх олж авсан гэж дүгнэхгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл Б.Пболон С.Гнарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргаж буй этгээд тухайн эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн авсан байх учиртай. Иймээс С.Горон сууцыг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул А.У-ийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

С.Гнь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар А.Улам-Өсөхөөс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй тул шүүх Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40.21 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг нэхэмжлэгч А.Улам-Өсөхөд даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Өөрөөр хэлбэл, А.У-ийн эзэмшилд түр хугацаагаар шилжүүлсэн Л.Х-ын зөвшөөрөл нь уг орон сууцыг бусдад худалдснаар дуусгавар болжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                            ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                Д.БАЙГАЛМАА