Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/01006

 

 

 

 

 

 

2022           10            27                                         001/ХТ2022/01006

А.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2040 дүгээр магадлалтай,

А.Уийн нэхэмжлэлтэй

Б.П, С.Гнарт холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. А.У нь Б.П, С.Гнарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40,21 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б.П, С.Гнарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч А.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаныг баримтлан хариуцагч С.Ггийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 131/5 дугаар байр, 48 тоот, 40.21 м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг нэхэмжлэгч А.Уөд даалгаж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгч А.Уөөс 70,200 төгрөг гаргуулан хариуцагч С.Гд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2040 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр хяналтын гомдолдоо:  шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: магадлалын удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, ... нэр оролцов гэсэн байгаа юм. Үнэн хэрэгтээ тус давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр би шүүх хэрэг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй юм. Давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчийг оролцсон болгож хэрэг хянан шийдвэрлэж мөн магадлалын удиртгал хэсэгт оролцсон гэж тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн юм. -Магадлалын тогтоох хэсгийн 2 дугаар зүйлд нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй гэж заасан нь нэхэмжлэгчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр 307,950 төгрөгөөр тооцон төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 70,200 төгрөг гэж магадлалын тогтоох хэсэгт тусгаж тэмдэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар зүйлд улсын тэмдэгтийн хураамжид 218,150 төгрөгийг улсын төсөвт үлдээж тэмдэглэсэн нь нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлснөөр тогтоох хэсэгт тэмдэглээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн үйлдэл юм. Энэ нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчигдсөн. -Б.П болон С.Гнарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний тухайд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Хариуцагч С.Гэрэл нь хариу тайлбартаа маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийг 65 сая төгрөгөөр худалдаж авсан гэх боловч тухайн гэрээг байгуулахдаа 30 сая төгрөгөөр бичиж нотариатаар баталгаажуулсан байдаг. Энэ байдлаас харахад тухайн үл хөдлөх хөрөнгөд өөрөө оршин суух ямар нэгэн хүсэл эрмэлзэлгүй байгаа бөгөөд зөвхөн одоо амьдарч байгаа нэхэмжлэгч А.Уийг орон сууцнаас гаргах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа тул энэ гэрээ ямар нэгэн хүсэл зориг, хүсэл эрмэлзэлгүйгээр байгуулж дүр үзүүлэн хийсэн гэрээ гэдэг нь тодорхой харагдаж байна. - А.У нь маргаан бүхий орон сууцанд тасралтгүй 15 жил амьдарсан нь өөрөө тухайн орон сууцыг тэргүүн ээлжинд өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй юм. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-д “Худалдагч нь тухайн эд хөрөнгийг нь гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.” Мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар “Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй буюу уг эрхийг хэрэгжүүлэх нөхцөлд давуу эрх бүхий этгээдтэй хийсэн гэрээнээс татгалзахаар худалдагчийн гуравдагч этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” Дээрх эдгээр заалтууд нь Б.П болон С.Гнарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тогтоол гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч А.Уийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.П, С.Гнар холбогдох хариуцагч нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 131/Б дугаар байр, 48 тоот, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож, харин орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хариуцагч С.Ггийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

8. Шүүхийн дүгнэснээр, нэхэмжлэгч А.У нь маргаж буй орон сууцанд 2004 оноос хойш амьдарч байгаа боловч “Шинэ мянганы барилга” ХХК-ийн захирал Л.Хишигжаргалтай харилцан тохирч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллахдаа орон сууцыг өмчлөлдөө авахаар тохирсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Харин хариуцагч С.Гнь маргаж буй орон сууцны өмчлөгч байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцжээ.

9. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д эд хөрөнгийг удаан хугацаагаар хууль ёсоор эзэмшиж байсан этгээдийн бусад этгээдээс тэргүүн ээлжинд өмчлөх эрхийг зохицуулсан болохоос бус өмчлөгчөөр тогтоох эрх зүйн үндэслэлийг заагаагүй бөгөөд “...орон сууцыг 15 жил эзэмшсэн, худалдаж авах давуу эрхтэй байсан...” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.

10. Маргааны зүйл болсон орон сууцны өмчлөгчөөр Л.Хишигжаргал бүртгэгдсэн, тэрээр “Прогресс капитал ББСБ” ХХК-тай 2018.11.02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор уг орон сууцыг барьцаалсан /хх-23-25/, Л.Хишигжаргал зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар орон сууцыг бусдад худалдах итгэмжлэлийг Б.Пт олгосон /хх27/, Б.П болон С.Гнар 2020.02.12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, С.Горон сууцны өмчлөгч болсон баримт хэрэгт авагджээ.

11. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна. Улсын бүртгэлээр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр Л.Хишигжаргал бүртгэлтэй тул түүнийг өмчлөгч гэж тооцож, орон сууцыг худалдан авсан үндэслэл хууль зөрчөөгүй, хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

12. Хоёр шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоож, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2020/02495 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2040 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.11.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

                                ШҮҮГЧИД                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД