Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2020/02495

 

        2020 оны өдөр

 08 сар      11  р                                               184/ШШ2020/02495

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х овогт А.У /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр, тоот

Хариуцагч: П овогт Б.П /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг  дүгээр хороо, Мал тууврын зам  дугаар гудамж, тоот

Хариуцагч: У овогт С.Г /РД: /. Хаяг: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, Горький  дүгээр гудамж, тоот

Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б.П, С.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                   

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.У нь “Шинэ мянганы барилга” ХХК-д 2004 оноос 2014 оны 7 дугаар cap хүртэл нягтлан бодогчоор ажилласан. Дээрх хугацаанд ажиллаж байхдаа Л.Х захирлын удирдлагад ажиллаж байсан. Л.Х захирал анх ажилд ороход Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол тоот орон сууцанд амьдруулан улмаар энэ тоот хаягтай орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж амаар хэлж байсан. Одоог хүртэл би уг байранд 15 жил амьдарч байгаа. Энэ амьдрах хугацаанд байрны холбогдох бүх зардал болон урсгал засваруудыг төлж байсан. Дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй удсан бөгөөд би өөрөө гэрчилгээг гаргуулах боломжгүй байсан учраас Л.Х захирал гаргаж өгнө гэж тохиролцсон. Энэ тухайд ямар нэг маргаангүй гэж бодож байтал Л.Х нь дээрх байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг надад мэдэгдэлгүйгээр 2018 онд гаргуулж улмаар зээлийн барьцаанд тавьж зээл гаргуулсан байна. “П” ББСБ ХХК-ийн хувьд зээлийн гэрээг Л.Х-тэй байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан гэж ойлгосон. Гэтэл гэнэт С.Г нь миний өмч гэж маргаан үүсгэх болсон. Үүнийг “П” ББСБ ХХК-аас тодруулахад Л.Х уг орон сууцыг худалдан борлуулах талаар итгэмжлэлийг манай байгууллагын ажилтанд өгсөн бөгөөд үүний дагуу С.Г-д худалдсан гэж хэлсэн. “П” ББСБ ХХК-ийн ажилтан болох Б.П болон С.Г нар нь уг байрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр зөвхөн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэж байна. Учир нь “П” ББСБ ХХК уг байрыг албадан чөлөөлүүлэх талаар надад мэдэгдсэн бөгөөд би Л.Х-тэй холбогдож байж асуудлыг шийднэ гэсэн хариу өгсөн. “П” ББСБ ХХК-ийн зээлийн барьцаанд уг байрыг авахдаа орон сууцыг нэг ч удаа очиж үзээгүй хэрэв үзсэн бол би мэдэх боломжтой байсан. Мөн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнээс хэт өндөр зээл гаргасан байдаг. Миний зүгээс Л.Х-тэй холбогдож байж асуудлыг шийднэ гэхэд “П” ББСБ ХХК өөр арга зам сүвэгчилж бусдад худалдсан мэт дүр үзүүлж хэлцэл хийсэн байна. Мөн Л.Х болон “П” ББСБ ХХК-аас худалдан борлуулах гэж байгаа талаар ямар нэг мэдэгдлийг надад өгөөгүй. Иймд намайг Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Б.П, С.Г нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Л.Х нь “П” ББСБ ХХК-аас зээл аваад, тухайн зээлийнхээ төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байсан учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн. Мөн нэхэмжлэгчтэй ямар нэг төлбөрийн маргаан байхгүй гэж манайд өөрийн биеэр мэдэгдсэн байдаг. Түүний дагуу барьцаа хөрөнгө Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол тоот орон сууцыг хууль ёсны дагуу шилжүүлж, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. 2018 оны 10 дугаар сард 55,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол тоот м.кв талбайтай орон сууцыг барьцаанд тавьсан. Л.Х нь зээл авснаас хойш удаа дараа зээлийнхээ хүүг төлж байсан боловч хүүхдийнх нь биеийн байдал муудсан, Франц улс руу эмчилгээнд явах шаардлагатай гэж үзээд манай байгууллагын зээлийг төлөх боломжгүй гээд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хүсэлт гаргасны үндсэн дээр бид тухайн байрыг зарж борлуулсан  бөгөөд 73,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Тухайн байрыг 65,000,000 төгрөгөөр зараад үлдэгдэл 7,000,000 төгрөгийг боломжтой үед төлнө гэж харилцан тохиролцсон. Байрны өмчлөл нь Л.Х-ын өмчлөлд байсан. С.Г-д 2020 оны 2 дугаар сард худалдсан. Хүүхэд нь өвчтэй Франц улсад байхдаа манай байгууллагын зээлийг төлөх боломжгүй байна гээд барьцаа хөрөнгийг зарж борлуулах итгэмжлэлийг миний нэр дээр шилжүүлсэн. Миний бие итгэмжлэлийн дагуу тухайн байрыг С.Г-д 65,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Бид С.Г-д уг байрыг худалдан борлуулсны дараа уг орон сууцыг чөлөөлөх мэдэгдлийг оршин сууж байсан этгээд буюу нэхэмжлэгчид өгч байсан. Байрны өмчлөгч болох Л.Х нь байрыг барьцаалах болон худалдах итгэмжлэлийг хийж өгөхдөө байранд сууж буй А.У болон аж ахуйн нэгж байгууллагад өргүй эрхийн доголдолгүй талаар бичгээр тайлбар өгсөн, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байсан болно. Нэхэмжлэгч болон бидний хооронд ямар нэг эрх зүйн харилцаа  үүсээгүй, харин Л.Хтай  байгуулсан хэлцэл байдаг бол түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Хариуцагч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хаана ямар ажил хийдэг, миний худалдаж авсан байранд хэдэн жил ямар гэрээний үндсэн дээр амьдарч байгаа, С.Х-тэй ямар тооцоотой, тэд нар яагаад энэ олон жил өглөг авлагаа хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлээгүй болохыг би мэдэхгүй байна.

Миний ажилладаг “П” ББСБ ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалж иргэд, аж ахуйн нэгжид зээл олгодог бөгөөд зээлдэгч нар нь зөвшөөрсөн тохиолдолд үнэ тохирч зах зээлийн үнэ ханшаар бусдад худалддаг. Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцгүй, мөн байршил нь таалагдсан байсан учир зээлдэгч Л.Х-ийн худалдах гэж байсан орон сууцыг худалдаж авсан.  Дотор нь амьдарч байгаа А.У гэх хүн байрнаасаа гарахгүй, захиралтайгаа тооцоотой гэж байсан тул би Л.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-ыг энэ хүнээ байрнаас нь гаргаж өгөөрэй гэдгийг хэлсэн. Би 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 65,000,000 төгрөгийг байгууллагын кассанд бэлнээр тушаасан, харин татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг 30,000,000 төгрөгөөр бичиж, нотариатаар гэрчлүүлсэн. Орон сууцыг худалдан авах нь миний хэрэгцээ, хүсэл зориг байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцтай болох зорилгоор Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот, м.кв талбай бүхий  орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр  бүртгүүлсэн. Л.Х нь албан ёсоор Б.П-т итгэмжлэл олгосны үндсэн дээр 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад миний бие 65,000,000 төгрөгийг бэлнээр өгч тухайн байрыг худалдаж авсан.

Би нэгэнт энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон учраас нэхэмжлэгч А.У-г орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.У нь өөрийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Хэдий Л.Х-ын нэр дээр энэ байр байгаа ч гэсэн А.У нь 15 жилийн хугацаанд энэ байранд амьдарсан. Анх Л.Хтай энэ байрыг нэр дээрээ шилжүүлж авна гэж ярилцсан учраас одоогоор чөлөөлж өгөх боломжгүй. Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсны үндсэн дээр энэ байрыг чөлөөлж өгөх боломжгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.У нь хариуцагч Б.П, С.Г нарт холбогдуулан тэдний хооронд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан  үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл, хариуцагч С.Г нь орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.П, С.Г нар эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053495 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот, м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах тухай гэрээг тодорхой зорилгод хүрэх хүсэл эрмэлзэлгүйгээр буюу дүр үзүүлэн хийсэн гэж тайлбарлаж байна.

Тухайн орон сууцыг “Шинэ мянганы барилга” ХХК  компанийн захирал Л.Х  өөрт нь өгөхөөр амласан, энэхүү компанид 2004 оноос нягтлан бодогчоор ажилласан, 15 жил тухайн байранд амьдарсан тул давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж маргасан. 

Хэрэгт авагдсан 357 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000 тоот гэрчилгээ зэргээс үзэхэд Л.Х нь орон сууцыг  2007 онд “ Монгол дахь Зарубежстрой” ХХК-иас шилжүүлэн авч, 2018 оны 3 дугаар сарын 27-нд улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна. /хх-ийн 26, 33/  

Нэхэмжлэгч нь “Шинэ мянганы барилга” ХХК-д ажиллаж байсан эсэх, хэдэн жилийн хугацаатай, ямар албан тушаал эрхэлж байсан, тухайн орон сууцанд хэдэн жил амьдарсан болон захирал гэх Л.Х-тай хэрхэн тохиролцсон тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй тул энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй юм.

            Маргаж буй орон сууцны өмчлөгч Л.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “П” ББСБ-тай 11-18112580 дугаартай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулан 55,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлэн авч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 24, 25/

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Л.Х нь биелүүлээгүйгээс талууд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар тохиролцож, орон сууцыг бусдад худалдах эрхийг зээлдүүлэгч байгууллагын ажилтан хариуцагч Б.П-т 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр итгэмжлэлээр олгожээ. /хх-ийн 27/

Энэхүү итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу хариуцагч Б.П нь орон сууцыг С.Гэрэлмаад 65,000,000 төгрөгөөр худалдаж, мөнгийг зээлдэгч Л.Хын өр төлбөрт тооцон “П” ББСБ авч, харин орон сууцыг С.Г-гийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга, кассын орлогын баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000772067 тоот гэрчилгээ, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 28, 79/

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.2.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.П өөрт нь итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлснээр буюу төлөөлүүлэгч Л.Х-ын хүсэл зоригийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдсанаар төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж буй орон сууцыг 15 жил эзэмшсэн тул давуу эрхээр өмчлөх эрхтэй гэж тайлбарлах боловч тухайн орон сууцны өмчлөгч байгаагүй, маргаж буй орон сууц Л.Хын өмчлөлд бүртгэгдсэн байдаг.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болохоор заасан бөгөөд орон сууцыг хариуцагч С.Г хэлцлийн үндсэн дээр олж авсан, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцлийг хүчин төгрөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч С.Г нь эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот, м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Улам-Өсөхийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх бөгөөд хэрэгт авагдсан  баримтаар маргаж буй орон сууцыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан, хууль ёсны өмчлөгч нь С.Г болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот орон сууцыг  нэхэмжлэгч А.У хууль бусаар эзэмшиж байна гэж дүгнэхээр байна.

С.Г нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг А.У-аас шаардсан боловч хүлээж аваагүй байх тул тухайн орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг А.У-д даалгах зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 115,2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны тус тус баримтлан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дугаар байр, тоот,  м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б.П, С.Г нарын хооронд 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч А.У-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасаныг баримтлан хариуцагч С.Г-гийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Москва хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, дугаар байр, тоот, м.кв талбай бүхий орон сууцыг хууль бус эзэмшлээсээ чөлөөлөхийг нэхэмжлэгч А.У-д даалгасугай.

3. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,150 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгч А.У-аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч С.Г-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ