Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 01944

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Л-гийн хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Анаргүль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.А- нь нэхэмжлэгчийн эцэг С.Эрдэнэбаттай 2018 оны 02 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 31 825 000 төгрөг зээлсэн. Тэрээр зээлийн мөнгөн хөрөнгөөс төлөгдөөгүй үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2019 оны 06 сарын дотор төлөх талаар харилцан тохиролцож 2019 оны 01 сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулсан боловч төлбөрөө огт барагдуулаагүй. Мөн “Төлбөр барагдуулах хэлцэл”-д заасны дагуу зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон.

Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг, торгууль 3 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Б.А- нь С.Эрдэнэбаттай 2018 оны 02 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн боловч “Хаан банк” ХХК-ийн 5753371063 тоот данс руу 19 970 000 төгрөг, “Төрийн банк” ХХК-ийн 104400496814 тоот данс руу 8 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг төлсөн.

Дахин төлөх төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Э.Л-гийн нэхэмжлэлийн үндэслэл болсон “Төлбөр барагдуулах хэлцэл”-д дурдсан мөнгийг төлөх ямар ч үндэслэлгүй бөгөөд уг хэлцлийг С.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн гишүүдийн дарамт шахалтаар хийсэн. Мөн нэхэмжлэлд дурдсан шиг С.Эрдэнэбатаас 31 825 000 төгрөг зээлж аваагүй, зээлсэн 15 000 000 төгрөгийг тухайн үед С.Эрдэнэбатын гаргасан “Олон улсын хөрөнгө оруулалттай компани болох “Стэмфорд”-д элсэх гэсэн юм мөнгө зээлэх хүн олоод өг” гэсэн хүсэлтийнх нь дагуу зээл гаргаж өгөх хүн олж өгсөн. Түүнийг бусдаас зээл авбал Б.А-д 15 000 000 төгрөг зээлдүүлээрэй гэсэн. Тэгээд “Төрийн банк” ХХК-аас зээл авахаар болж С.Эрдэнэбат өөрийн байраа барьцаанд тавьж зээл аваад хариуцагчид 15 000 000 төгрөг зээлдүүлсэн. Харин 15 000 000 төгрөгөөс илүү гарсан мөнгө нь өөрийнх нь “Стэмфорд”-д элсэх мөнгө байсан. 15 000 000 төгрөгийг төлөөд дууссан байхад хүү Э.Л-гийн хамт над дээр ирж энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол чамайг цагдаад өгнө, хориулна гэж дарамталж байгаад гарын үсэг зурсан.

Иймд дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг хэн нэгний дарамт шахалтаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Б.А- зээлж авсан 31 825 000 төгрөгөөс 16 825 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөхгүй байсан тул үлдэгдэл төлбөрөө авахаар удаа дараа шаардсан. Ийнхүү хариуцагчтай ярилцаж 6 сарын хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлж дуусгана гэж хэлсний дагуу бид тохиролцож хэлцэл байгуулсан. Хариуцагч нь тухайн хэлцэлтэй маш сайтар танилцаж гарын үсэг зурсан байдаг.

Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гээс 5 984 701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, үлдэх 12 015 299 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.А-гийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 110 705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. 2019 оны 01 сарын 28-ны өдөр С.Эрдэнэбат, Э.Л- нар Б.А-тэй “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу энэхүү гэрээг Б.А-гийн санаачилгаар, түүнтэй тохиролцсоны дагуу хүлээн зөвшөөрсөн хэмжээнд нь байгуулсан байдаг.

Хариуцагч Б.А- нь С.Эрдэнэбатад худал хэлж төөрөгдүүлснээр өөрийн таньдаг гэх “Төрийн банк” ХХК-ийн салбарт очиж С.Эрдэнэбат, Э.Л- нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалан 50 000 000 төгрөгийн зээл авхуулснаас 31 825 000 төгрөгийг өөрөө, мөн гар цайлгах мөнгө гэж 5 000 000 төгрөгийг тус тус авсан байдаг. Үүгээр ч зогсохгүй анхнаасаа С.Эрдэнэбатыг залилж үлдсэн 15 000 000 төгрөгийг өөрийнхөө эрхэлдэг сүлжээний бизнест элсүүлсний улмаас С.Эрдэнэбат нэг ч төгрөг олж авч чадаагүй хохирсон. Ингээд “Төрийн банк” ХХК-д орон сууцаа дээрх зээлийн төлбөрт суутгуулж, орон сууц ч үгүй, мөнгө ч үгүй үлдсэн байдаг.

2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн төлбөрт оруулаагүй Б.А-д мөнгө өгсөн маш олон баримт байгаа. Тэрээр “олон хүүхэдтэй, 31 825 000 төгрөгийн дүнгээр тохиролцоод шинээр гэрээ байгуулъя” гэж удаа дараа гуйгаад байхаар нь арга буюу зөвшөөрч энэ гэрээг байгуулсан. Уг хэлцэл нь өмнөх зээлийн харилцааны үүргийг дуусгавар болгосон бие даасан шинэ хэлцэл, гэрээ юм. Гэрээний 3-т “Энэхүү тооцоо нь 2019 оны 01 сарын 28-ны өдрийн байдлаар талууд нийлсэн бөгөөд энэ өдөр гаргаж ирээгүй баримт тооцоо дээр үндэслэж ирээдүйд ямар нэгэн байдлаар өөрчлөгдөхгүй болно” гэж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс халдсан гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээг дүгнэхгүй атлаа эх сурвалжаа зааж чадаагүй, шүүх хуралдаан дээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хариуцагч талын өгсөн гэрчийн мэдүүлэгтэй холбогдуулан нэмэлт баримт гаргаж, нэхэмжлэгчээс тодруулсны дараа шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд талуудын өгсөн авсан тооцоог шүүхээс дүгнэхдээ хариуцагчийн төлсөн мөнгийг дутуу тооцож дүгнэсэн байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх С.Эрдэнэбатын гаргаж өгсөн зээлийн дансны хуулгаар Б.А-гийн төлсөн 2018 оны 06 сарын 16-ны өдрийн 31 299 төгрөг, 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 928 267 төгрөг, 1 000 532 төгрөг, 2018 оны 10 сарын 26-ны өдөр Б.А- өөрийн 88928801 утасны дугаараар төлсөн 880 000 төгрөг, нийт 2 840 098 төгрөгийг төлсөн мөнгөн дээр нэмж бодолгүйгээр С.Эрдэнэбатад 25 840 299 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь буруу. Үүнээс үзэхэд Б.А- нь С.Эрдэнэбатаас 29 379 650 төгрөг зээлж, 28 680 397 төгрөг төлж, одоо 699 253 төгрөг төлөх үлдэгдэл үлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.Л- нь 2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг үндэслэн зээлийн үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, торгууль 3 000 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Б.А- бүхэлд нь эс зөвшөөрч, уг “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар талууд харилцан маргажээ.

 

С.Эрдэнэбат, Э.Л- болон Б.А- нарын 2019 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-д Б.А- нь 2018 оны 02 сарын 14-ний өдөр нийт 31 825 000 төгрөгийг С.Эрдэнэбатаас зээлж авсан болох, үүнээс 16 825 000 төгрөгийг төлсөн болохыг тус тус тодорхойлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2019 оны 06 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон талаар дурджээ. /хх 7-8/ Нэхэмжлэгч Э.Л- нь “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн нэг тал байхаас гадна уг хэлцлийн 1 дүгээр зүйлийн 4-т зааснаас үзэхэд 31 825 000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-тэй холбоотой шаардах эрхийг С.Эрдэнэбатаас шилжүүлэн авсан гэж дүгнэхээр байна.

 

Хариуцагч нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж маргадаг бөгөөд дээрх хэлцэлд бусдын дарамт шахалтаар гарын үсэг зурсан, энэ хэлцэл нь 2018 оны 02 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг халхавчлах зорилготой байсан гэж тайлбарлах боловч уг тайлбар, татгалзал нь баримтаар нотлогдоогүй хэмээн анхан шатны шүүхээс дүгнэж, холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 60 дугаар зүйлийг зөв хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан “Төрийн банк” ХХК-ийн депозит дансны харилцагчийн хуулга /хх 6, 80/, зээлийн дансны хуулга /хх 25/, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны хуулга /хх 26-32, 76-78/, гэрч Ц.Алтанцэцэгийн “...Охин мөнгө тушаачих гээд шилжүүлж байсан...2 500 000 төгрөгийг сайн санаж байна. 1 500 000 төгрөгийг тушааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 97/, гэрч Э.Энхтайваны “...есөн зуугаад мянган төгрөг шилжүүлж байсан. ...2018 оны 09 сард байх...”, гэсэн мэдүүлэг /хх 98/ Д.Отгондэлгэрийн өгсөн “...Өөрийнх нь хэлснээр 31 000 000 төгрөг авсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 100/, “Төлбөр барагдуулах хэлцэл” /хх 7-8/ зэргийг харьцуулан үнэлбэл, хариуцагч Б.А- нь 2018 оны 02 сарын 14-ний өдөр С.Эрдэнэбатаас 31 825 000 төгрөгийг зээлж, нийт 25 840 299 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдож байна. 

 

Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдагдсан 31 229 төгрөг, 928 267 төгрөг,   880 000 төгрөг, 1 000 532 төгрөг гэсэн дүнгүүд нь “Төрийн банк” ХХК-ийн дансны хуулгад тэмдэглэгдсэн байх боловч харьцсан данс тодорхой бус буюу хэнээс шилжүүлсэн нь тодорхойгүй, гэрчийн мэдүүлэг зэрэг бусад баримттай харьцуулан үзэхэд нийт 2 840 098 төгрөгийг хариуцагчаас төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. Энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, 2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн 1 дүгээр зүйлийн 3-т “...зээлж авсан 31 825 000 төгрөгийн төлбөрөөс 16 825 000 төгрөгийн төлбөрийг төлсөн...” хэмээн дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн зүгээс зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ С.Эрдэнэбат болон Б.А- нарын хооронд өмнө үүссэн Зээлийн гэрээний харилцааг үндэслэснийг буруутгах боломжгүй.

 

Мөн шүүх хуралдаанаар хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргаагүй атлаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэмж нотлох баримт гаргуулах, шүүх хуралдааныг хойшлуулах агуулгатай тайлбар гаргасныг шүүх хүлээн аваагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журам зөрчсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч талаас энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

С.Эрдэнэбат болон Б.А- нарын байгуулсан 2018 оны 02 сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээ” нь бичгээр байгуулагдаагүй, улмаар хүү тохиролцсон болох нь нотлогдоогүйгээс гадна Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүү авах эрхээ алдахаар зохицуулсан учир анхан шатны шүүх С.Эрдэнэбатын зээлдүүлсэн 31 825 000 төгрөгөөс хариуцагч Б.А- төлсөн болох нь хэргийн баримтаар нотлогдож буй 25 840 299 төгрөгийг хасаж, нийт 5 984 701 төгрөгийг нэхэмжлэгч Э.Л-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

 

Харин талууд 2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр Б.А- төлбөрийг 2019 оны 06 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгууль тооцохоор харилцан тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ. Ийнхүү тооцоход хариуцагч Б.А-гээс 5 984 701 төгрөгийн 20 хувь болох 1 196 940 төгрөгийн торгуулийн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Б.А-гээс 7 181 641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 818 359 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг хангагдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гээс 7 181 641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Л-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 818 359 төгрөг болон 2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...56.1.4...” гэснийг “...60 дугаар зүйлийн 60.1...” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...110,705...” гэснийг “...129 856...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                    Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР