Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2020/01562

 

    2020       07          03

               182/ШШ2020/01562

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Э.Л-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Б.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах Б.Агийн сөрөг  нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн төлөөлөгч Э.М, гэрч Ц.А, Э.Э,  Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Лгийн төлөөлөгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний аав С.Эрдэнэбат нь Б.Атэй 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 104400496814 зээлийн гэрээ байгуулж 31,825,000 төгрөг зээлдүүлсэн. Б.А зээлж авсан 31,825,000 төгрөгөөс 16,825,000 төгрөгийг төлж, 15,000,000 төгрөгийг төлөхөөр 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, 2019 оны 06 сарын дотор төлөхөөр тохиролцсон. Гэтэл Б.А өнөөдрийг хүртэл төлбөрөө огт барагдуулаагүй. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах хэлцэлд заасны дагуу зээлээ хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон тул 15,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд болон төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийн зээл авч 16,825,000 төгрөг төлсөн. Үлдэх 14,379,650 төгрөг нь Стэмфорд сүлжээнд оруулсан мөнгө учраас дахин мөнгө төлөх боломжгүй гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Төлбөр барагдуулах  хэлцэлд  дурдсан  мөнгийг  Э.Лд  төлөх ямар ч үндэслэлгүй бөгөөд   энэ  хэлцэлд  С.Эрдэнэбат   болон   түүний гэр  бүлийн  хүмүүсийн  дарамт шахалтаар гарын үсэг зурсан. С.Э-аас 31,825,000 төгрөг зээлээгүй, 15,000,000 төгрөгийг зээлж авсан. С.Э- Төрийн банкинд байраа барьцаалж зээл аваад 15,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, Үлдсэн мөнгө нь түүний Стэмфорд сүлжээнд оруулсан мөнгө байсан. С.Э нь өөрийн хүү Э.Л, өмгөөлөгч Л.О нарын хамтаар энэ гэрээн дээр гарын үсэг зурахгүй бол цагдаад өгнө, хориулна гэж байгаад гарын үсэг зуруулсан. С.Э-аас зээлсэн 15,000,000 төгрөгөөс тооцоход 11,153,000 төгрөг, нийт 25,840,299 төгрөг төлсөн. Тиймээс С.Эрдэнэбатын шахалтаар гарын үсэг зурсан тул “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Э.Лгийн төлөөлөгч П.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хэн нэгний дарамт шахалтаар гарын үсэг зуруулсан юм бол байхгүй. Б.А зээлж авсан 31,825,000 төгрөгөөс 16,825,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхийг шаардахад 6 сарын хугацаанд төлж дуусна гэж тохиролцож хэлцэл байгуулсан. Тус хэлцлийн 3.2-т гэрээг талууд ямар нэгэн шахалт дарамт, нөлөөлөлд автахгүйгээр хуулийн дагуу үүссэн бодит нөхцөлд үндэслэн өөрсдийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан болохоо баталгаажуулж байна” гэж гарын үсэг зурсан. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.Л нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 15,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 15,000,000 төгрөгийн зээл авч 16,825,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 14,379,650 төгрөг нь Стэмфорд сүлжээнд оруулсан мөнгө гэж маргаж, “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулж, тус хэлцлийн 4 дэх хэсэгт “Төлбөр авагч С.Э нь өөрийн хүү төлбөр авагч Э.Лд энэхүү гэрээний шаардах бүрэн эрхээ шилжүүлж байгаа бөгөөд С.Э-ын зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээний төлбөр авагчийн шаардах эрхийг Э.Л нь дангаараа хэрэгжүүлэх эрхтэй болохыг үүгээр баталгаажуулав” гэж тохиролцож С.Э, Э.Л, Б.А нар гарын үсэг зурсан нь шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн гэж үзэхээр байна.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хариуцагч Б.А-тэй С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж 31,825 000 төгрөгийг Б.Ад шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 16,825,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулж үлдэгдэл 15,000,000 төгрөгийг 2019 оны 06 сарын дотор төлөх, зээлээ хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн торгууль 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон” гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тайлбарлаж мэтгэлцэв.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

Хариуцагч Б.А нь С.Э-тай 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 29,379,650 төгрөг шилжүүлэн авсан болох нь Төрийн банкны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн депозит дансны хуулгаар тогтоогдож байх ба төлбөр барагдуулах хэлцэлд 29,379,650 төгрөгийг дансаар, 2,445,350 төгрөгийг бэлнээр нийт 31,825,000 төгрөг авсан, үлдэх 15,000,000 төгрөгийг хугацаа зааж төлөхийг баталгаажуулан гарын үсэг зуржээ. /хх-ийн 7-8 тал/

Дээрх төлбөр барагдуулах хэлцэлд зааснаар хариуцагч Б.А  нь 31,825,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 1,296,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1,613,250 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,620,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 375,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1,620,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 792,000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5,003,750 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4,375,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,275,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 973,719 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 1,493,580 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр 903,000 төгрөг нийт 25,840,299 төгрөг төлсөн болох нь ХААН банк ХХК, Төрийн банк ХХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 76-80 тал/, гэрч Ц.Алтанцэцэгийн “охин Б.А мөнгө шилжүүлээд өгөөч гэхээр нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх, гэрч Э.Э “найз Б.А зээл төлөөд өгөөч гэхээр нь 900,000 төгрөг, 9 дүгээр сард шилжүүлж өгсөн. Яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О нь “талууд төлбөр барагдуулах хэлцлээр Б.А-гийн төлсөн 25,840,299 төгрөгөөс 10,840,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож суутгахаар тохирч үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гэж харилцан тохиролцсон хэмээн мэтгэлцэж байгаа боловч талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зохицуулсантай нийцэхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Агийн төлсөн 25,840,299 төгрөгийг үндсэн үүрэгт тооцож, түүний зээлж авсан 31,825,000 төгрөгөөс төлсөн 25,840,299 төгрөгийг хасч  үлдэх 5,984,701 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,015,299 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, С.Э болон түүний гэр бүлийн хүмүүсийн дарамт шахалтаар цагдаад өгнө, хориулна гэж байгаад гарын үсэг зуруулсан тул “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

Гэрч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Төлбөр барагдуулах хэлцэл хийхээр өмгөөлөгч Л.О-ын өрөөнд Б.Атэй уулзсан.  Б.А шүүх, цагдаагаар явмааргүй байна 20,000,000 төгрөгийг төлж чадахгүй” гэсэн. Чиний өгсөн мөнгийг тооцоод 15,000,000 төгрөг дээр тохирч 7-р сарын 01-ний өдөр гэхэд төлөхөөр тохиролчсон. Б.А, С.Э, Э.Л, өмгөөлөгч Л.Оын хамтаар Төлбөр барагдуулах гэрээ хийсэн гэв.

Шүүх хуралдааны үед хариуцагчийн төлөөлөгч Э.Мягмарцэрэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт зааснаар шаардаж, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн амаар хийсэн зээлийн гэрээг халхавчилсан гэж тайлбарлав.

Иргэд хоорондоо мөнгө зээлэхийг хуулиар хориглоогүй бөгөөд талууд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр  тооцоо нийлж үлдэх 15,000,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд торгууль 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь хуульд нийцээгүй боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.4 дэх хэсэгт “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Хариуцагч Б.А дүүрэг  дүгээр хороо, гудамж тоот хаяг бүртгэлтэй боловч дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суудаг болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно” гэж заасан.

Талууд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар зохигч харьяаллыг хэлэлцэн өөрчилсөн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Агээс 5,984,701 /таван сая есөн зуун наян дөрвөн мянга долоон зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,015,299 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.Агийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөг, хариуцагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Агийн улсын тэмдэгтийн хураамжид 110,705 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Лд олгосугай.

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2020/04643 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ