Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00238

 

                               ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                           хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1944 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,  “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 5,984,701 (таван сая есөн зуун наян дөрвөн мянга долоон зуун нэг) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,015,299 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1944 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 7,181,641 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,818,359 төгрөг болон 2019 оны 01 сарын 28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...56.1.4...” гэснийг “...60 дугаар зүйлийн 60.1...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...56.1...” гэснийг “...56.2...” гэж, “...110,705...” гэснийг “...129,856...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 182/ШШ2020/01562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 1944 дүгээр магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, харин төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд талуудын өгсөн, авсан тооцоог шүүхээс дүгнэхдээ хариуцагчийн төлсөн мөнгөн дүнгийн тооцоог дутуу тооцож дүгнэсэн байгаад гомдолтой байсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа талуудын өгсөн, авсан тооцоог бодитоор дүгнэлгүй, талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл” нь хүчин төгөлдөр бөгөөд талуудын хооронд тохиролцсон уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байхад анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй, үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс 5,984,701 төгрөг, 20 хувийн торгууль 1,196,940 төгрөг, нийт 7,181,641 төгрөгийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь заалтыг хэрэглэх ёсгүй байтал тус зүйл заалтыг баримтлан шийдэж, нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.

4.2. Учир нь талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл” гэгч нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдаагүй, талуудын өмнөх харилцаанд үндэслэн байгуулсан гэх боловч, нэг талын эрх ашгийг дордуулан, хууль зөрчиж байгуулсан хэлцэл байхад давж заалдах шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн эрх ашгийг шууд дордуулан нэг талыг барьж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэх заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 29,379,650 төгрөг өгч авалцсан байна уу, эсхүл шүүхээс дүгнээд байгаа 31,825,000 төгрөгийг өгч, авалцсан уу, талуудын хооронд зээлийн харилцаа хэдэн төгрөг дээр үүссэн гэдгийг огт үнэлэлгүй, хариуцагч нэхэмжлэгчээс 31,825,000 төгрөг авсан нь талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл’’-ээр нотлогдсон гэж үнэлсэн нь учир дутагдалтай. Талуудын хооронд байгуулсан гэх “Төлбөр барагдуулах хэлцэл” гэгч нь ямар байдлаар байгуулагдсан талаар анхан болон давж заалдах шатны шүүх огт үнэлээгүй, тухайн хэлцлийг байгуулахад нэхэмжлэгч талын өмгөөлөгч цуг байж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,г дарамтлан хэлцлийг байгуулсан байдаг нь нэхэмжлэгч талын гэрч буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн ээж ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн мэдүүлгээр нотлогддог.

4.3. Хэлцлийн хүчин төгөлдөр байх гол үндэслэл нь талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан болохыг шаарддаг. Гэтэл талууд “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулахад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ээж, аав, өмгөөлөгчдийн хамт, харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ганцаараа байж тэдний дарамт шахалтын үндсэн дээр хэлцэлд гарын үсэг зурсан байдаг зэрэг байдлыг шүүх огт үнэлээгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн аав ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан 29,379,650 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг зээл хэлбэрээр авсан. Үлдсэн мөнгө нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Стэмфорд гэх сүлжээнд элссэн мөнгө байдаг. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас авсан зээл гэх 15,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Стэмфорд гэх олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагад оруулсан 14,379,650 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, төлж барагдуулсан байдаг нь талуудын гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдсоор байтал давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүрэн судлалгүй, нэхэмжлэгч талын гомдлыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр бодит байх боломжийг үгүй болгосон гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нь нэхэмжлэгчид 699,253 төгрөг төлөх үүрэгтэй болох талаар дүгнэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж оролцов.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 5,984,701 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 12,015,299 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 7,181,641 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 10,818,359 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.

8. Нэхэмжлэгчээс “... Миний аав ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй 2018.02.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 31,825,000 төгрөг зээлдүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зээлж авсан 31,825,000 төгрөгөөс 16,825,000 төгрөгийг төлж, 15,000,000 төгрөгийг төлөхөөр 2019.01.28-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” байгуулж, 2019 оны 06 сарын дотор төлөхөөр тохиролцсон ч төлбөрөө огт барагдуулаагүй. 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-д заасны дагуу зээлээ хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон тул 15,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж шаардсанд,

хариуцагч “... 2018.02.14-ний өдөр 15,000,000 төгрөгийн зээл авч 16,825,000 төгрөг төлсөн. Үлдэх 14,379,650 төгрөг нь Стэмфорд сүлжээнд оруулсан мөнгө учраас төлөх боломжгүй. 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг байгуулахад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн хүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, өмгөөлөгч Л.Очбаяр нарын хамтаар энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол цагдаад өгнө, хориулна гэж байгаад хүчээр гарын үсэг зуруулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлсэн 15,000,000 төгрөгөөс тооцоход 11,153,000 төгрөг, нийт 25,840,299 төгрөг төлсөн. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... зохигчийн хооронд байгуулагдсан 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-д зааснаар хариуцагч нь 31,825,000 төгрөг төлөх үүрэгтэй ба хариуцагч нь уг зээлсэн мөнгөнөөс 2018.02.24-2018.09.17-ны өдөр хүртэл нийт 25,840,299 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд зээлүүлсэн мөнгөндөө хүү шаардах эрхгүй, иймд хариуцагчийн зээлсэн 31,825,000 төгрөгөөс түүний төлсөн 25,840,299 төгрөгийг хасч үлдэх 5,984,701 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, талуудын хооронд байгуулагдсан 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй...” талаар зөв дүгнэсэн, харин уг хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа тухайн хэлцлийг байгуулах үеийн үндсэн зээлийн үлдэгдэлд торгууль тооцоогүй байна.

10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж “...талууд 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, төлбөрийг 2019 оны 06 сарын дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгууль тооцохоор харилцан тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчаас төлөөгүй үлдсэн 5,984,701 төгрөгийн 20 хувь болох 1,196,940 төгрөгийн торгуулийн төлбөрийг нэмж гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий байна.

11. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 2019.01.28-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаар хангалттай, үндэслэл бүхий дүгнэсэн тул энэ тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг (Тодорхойлох хэсгийн 4.2-4.3-т) хангах боломжгүй.

12. Мөн “... шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийг дутуу тооцсон...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна энэ талаарх давж заалдах шатны шүүхийн  “... хариуцагч 2,840,098 төгрөгийг төлсөн гэдгийг (анхан шатны шүүхийн тооцсоноос гадна) хэрэгт авагдсан баримтаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

13. Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1944 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 129,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД