Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01992

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Б-гийн хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ж.Б- нь Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргаар 2011 оноос ажиллаж байгаад 2018 онд ажлаас чөлөөлөгдөж холбогдох асуудлаар шүүхэд хандаж 2020 оны 01 сарын 07-ны өдөр Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн Б/01 тушаалаар Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргаар эгүүлэн томилогдож 07/03 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байдаг. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Б/24 хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийн 1 дэх заалтаас “Доной” нисэх буудлын дарга Ж.Б- нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2020 оны 02 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан боловч 2020 оны 01 сарын 06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг ажлын байрны тодорхойлолт гэж нөхцөлөө заасан ч ажлын байрны тодорхойлолтыг гэрээнд тусгаагүй бичгийн хэлбэрээр надад гардуулаагүй атлаа ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй гэж хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг” гэрээнд заавал тусгана гэж заасан байдаг. Миний бие “Доной” нисэх буудлын даргаар 10 жил ажиллахдаа Аэродромын инженерийн техникч нарын сургалтад хамрагдаж, холбогдох төрийн байгууллагын шалгалт үнэлгээгээр энэ албан тушаалыг эрхлэн явуулах бүрэн боломжтой гэдгийг баримтаар нотлогдоно. Иргэний нисэхийн дүрэм, дотоод журам, холбогдох хууль тогтоомжид мэргэжлийн ур чадварыг Нисэх буудлуудын удирдах газрын дарга дангаар тогтоож, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил мэргэжлийг эрхлэн явуулах боломжтой эсэх дээр үнэлэлт дүгнэлт өгөх эрх тусгагдаагүй байдаг. Удирдах албан тушаалтан, иргэний нисэхийн ажилтан, албан хаагчид жил бүр иж бүрэн шалгалтад хамрагдаж үнэлгээ тогтоодог. Энэ үнэлгээгээр 90-ээс дээш өгч миний мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах гэрчилгээ сунгагдсаар ирсэн. Навигац шалгалт нь тус албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, цаашид ажиллах боломжтой хэсгийг тогтоож 60 дээш 100 хүртэлх оноог өгдөг миний бие тус шалгалтыг 2011 оноос хойш нэг ч алгасахгүй өгч 80 онооноос дээш үнэлгээтэй тус албан тушаалыг хашсаар ирсэн юм. Иймд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн Б/21 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь үндэслэлгүй бөгөөд тушаалын агуулга мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй гэдэг нь холбогдох хууль тогтоомж болон баримтын хүрээнд нотлогдохгүй байх тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нисэх буудлуудын удирдах газрын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 03 дугаартай мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Ж.Б-гийн байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн 2020 оны 02 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг 2020 оны 01 сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хугацаанд мэдэгдсэн нь хуульд нийцэж байна. Ж.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн хүн ажиллах ёстой ажлын байр юм. Тэгвэл нэхэмжлэгч маань биеийн тамирын багш, хөнгөн атлетикийн мэргэжлийн хүн юм. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Ж.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/21 дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Б-г урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 7 265 056 төгрөгийг хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 131 191 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийг ажилд авсан тушаалын үндэслэлд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 1695 дугаартай магадлалыг заасан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.Б-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн. Энэ харилцаа үүсэх үед нэхэмжлэгч Ж.Б- нь албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээг авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны 04 сарын 05-ны өдрийн А/289 дугаар тушаалаар батлагдсан Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журмыг үнэлээгүй. Журмын 4.2-т Иргэний нисэхийн үндсэн мэргэжлүүдийг заасан байна. Ажил олгогч хөдөлмөрийн харилцааг үүсгэхдээ тухайн хийж гүйцэтгэх ажил үүрэгт ямар мэргэжлийн шаардлага хангасан хүнийг ажиллуулах тухай хэрэгцээ шаардлагаа тодорхойлж түүнийгээ албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заадаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, түүний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргасан байна. /хх 1-3, 14-15/

 

Нэхэмжлэгч Ж.Б- анх 2011 онд Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргаар томилогдож, дараа нь 2018 онд ажлаас халагдсаныг шүүх үндэслэлгүй хэмээн дүгнэж 2019 онд ажилд нь эгүүлэн тогтоосны дагуу Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Ж.Б-г Завхан аймаг дахь “Доной” нисэх буудлын даргын ажилд томилж, улмаар 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалаар 2020 оны 02 сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 77-82, 83-87, 10, 9/

 

Ажил олгогчийн зүгээс ийнхүү хөдөлмөрийн гэрээний харилцааг 2020 оны 02 сарын 14-ний өдөр дуусгавар болгох тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаанд мэдэгдсэн байна. /хх 28-29/

 

Дээр дурдсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4-т заасныг үндэслэсэн байх ба “мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул ... үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. /хх 9/

 

Ж.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан “Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх” албан тушаалын шаардлагыг хангасан эсэх нь зохигчдын маргааны гол зүйл болсон байна. /хх 103-107/

 

Иргэний нисэхийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилтыг “Монгол Улсын агаарын зайд иргэний агаарын хөлгөөр нислэг үйлдэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж томъёолж, 2 дугаар зүйлийн 2.2-т Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр зохицуулсан байх ба 3 дугаар зүйлийн 3.1.22, 8 дугаар зүйлийн 8.4.1-д Иргэний нисэхийн байгууллага нь Монгол Улс 1989 оны 09 сарын 07-ны өдөр нэгдэн орсон “Чикагогийн конвенци” буюу Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 сарын 07-ны өдрийн конвенц болон түүний хавсралтуудыг аюулгүй ажиллагаандаа мөрдлөгө болгохоор нэрлэн заасан байна.

 

Дээр дурдсан конвенцийн 1 дүгээр хавсралтад иргэний нисэхийн ажилтнуудыг нисэх багийн болон бусад гэж ангилсан байх ба эхний ангилалд бүх төрлийн онгоц, агаарын хөлөг, нисдэг тэрэг, агаарын бөмбөлгийн нисгэгчид, нислэгийн чиглүүлэгч, нисэх инженер зэргийг хамааруулсан бол хоёр дахь ангилалд агаарын хөлгийн засвар үйлчилгээ хариуцсан техникч, инженер, механикч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, нислэгийн диспетчер, нислэгийн оператор зэргийг хамааруулжээ. Өөрөөр хэлбэл эдгээр ажилтан, албан хаагчид бүгд нислэгийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой, уг тээврийн хэрэгсэл хөөрөх, нисэх, буухтай ямар нэгэн байдлаар холбоотой мэргэжилтэй гэж үзэхээр байна. /хх 151-153/

 

Хэргийн 103-107-р талд авагдсан албан тушаалын тодорхойлолтод нисэх буудлын даргын үндсэн үүрэг, үндсэн үйл ажиллагаанд иргэний нисэхийн мэргэжлийн мэдлэг, туршлага шаардсан зүйлүүдийг тусгасан байх ба уг албан тушаалд иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх шаардлагыг тодорхойлжээ. Уг албан тушаалын тодорхойлолттой ажилтан Ж.Б- нь 2011 оны 09 сарын 21-ний өдөр танилцан зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул түүний шүүхэд гаргасан “ажлын байрны тодорхойлолтыг гэрээнд тусгаагүй бичгийн хэлбэрээр надад гардуулаагүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.   

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Монгол Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн гэрчилгээгээр нотлогдсон /хх 129, 129-арын нүүр/ байхаас гадна нэхэмжлэгчийн эзэмшсэн “Төрийн удирдлага”-ын мэргэжил, уг чиглэлээр сургалтад хамрагдаж мэргэшсэн байдал, авсан үнэлгээ, 2011 оноос хойш ажилласан зэрэг нөхцөл байдлууд нь түүнийг иргэний нисэхийн мэргэжил эзэмшсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм. /хх 122- 127/

 

Биеийн тамирын багш дасгалжуулагчийн мэргэжил нь иргэний нисэхийн мэргэжилд хамаарахгүй болох нь илт учир ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байх шаардлагатай гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

Иймд Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Б/21 тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-т холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай, нэхэмжлэгч Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ИНЕГ” ТӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 07-ны өдөр төлсөн 131 191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                            Д.НЯМБАЗАР