Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2020/01815

 

              2020        6        30                                      183/ШШ2020/01815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай 0 дүгээр баг, богдын гол цэнгэлдэх 0 дугаар гудамж, Б овогт Ж. Б /РД:ИУ00000000/-ын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Хан-Уул дүүрэг 00 дугаар хороо, Буянт-Ухаа өөрийн байранд байрлах байрлах, И.Н. Е. Г. ТӨААТҮГ /РД:0000000/-т холбогдох,

       Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нар оролцож, нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ж.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.Б нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар 2011 оноос ажиллаж байгаад 2018 оноос ажлаас чөлөөлөгдөж холбогдох шүүхэд хандаж 2020.01.07-ны өдөр Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.07-ны өдрийн Б/00 тушаалаар Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар эгүүлэн томилогдож 00/00 дугаартай Хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Нисэх буудлыг удирдах газрын даргын 2020.01.16-ны өдрийн Б/00 хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын 1 дэх заалтад Доной нисэх буудлын дарга Ж.Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон 2020.01.06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг ажлын байрны тодорхойлолт гэж нөхцөлөө заасан ч ажлын байрны тодорхойлолтыг гэрээнд тусгаагүй бичгэн хэлбэрээр надад гардуулаагүй атлаа ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 0000 дугаартай магадлалыг үндэслэн Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.07-ны өдрийн Б/01 дугаар тушаал батлагдан нэхэмжлэгч Ж.Б нь 2020.01.06-ны өдрөөс Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар хөдөлмөрийн 00/00 дугаартай гэрээ байгуулан ажилласан. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.13-ны өдрийн 03 дугаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэгч Ж.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг 2020.01.13-ны өдөр мэдэгдсэн нь Завхан аймаг дахь Доной нисэх буудалд үйлдэгдсэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №00 дугаартай Хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх... гэж заасны дагуу мэдэгдсэн нь хуульд нийцсэн. Ж.Б нь ажлбн байрны тодоройлолтод заасан ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн хүн ажиллах ёстой ажлын байр юм. Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийг Икаогийн баталсан Олон улсын иргэний нисэхийн конвенц, тэрний хавсралт 1 буюу тусгай зөвшөөрөл авч гэрчилгээждэг үндсэн мэргэжлүүдийг хэлнэ. Үүнд нисэхийн хөдөлгөөний удирдлага, агаарын тээврийн зохион байгуулалт, эдийн засагч, нисэхийн менежмент, төлөвлөлт, аэродром төлөвлөлт, ашиглалт, нисэхийн холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн ашиглалт, иргэний нисэхийн хууль, эрх зүй, олон улсын харилцаа, агаарын навигацийн менемжмент, онгоц, газрын үйлчилгээний тусгай тоноглолын авто машин, механизмийн оператор, инженер гэх зэрэг үндсэн мэргэжлүүдийг зааж өгсөн.Тэгвэл нэхэмжлэгч маань иргэний нисэхийн үндсэн мэргэжил буюу эдгээр мэргэжлийн дагуу сурч, боловсрол эзэмшсэн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй ба хавтаст хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч биеийн тамирын багш, хөнгөн атлетикч мэргэжлийн боловсролтой болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

        Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ж.Б хариуцагч И.н. е. Г. ТӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б/00 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх 9 хуудас/

        Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажлын байрны тодорхойлолтод заасан нисэхийн үндсэн мэргэжлийн байх шаардлагад тэнцээгүй гэж үзэж, дуусгавар болгосон байна.

        Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/00 тоот тушаалаар нэхэмжлэгч Ж.Б Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийслэлийн Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1695 дугаар магадлал, Нисэх буудлуудын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан томилсон байна. /хх 5-8, 10 хуудас/.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-д хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.

         Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн эсэх үйл баримтын талаар маргаагүй. Иймд, нэхэмжлэгч Ж.Б болон хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газар нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

          Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн тэдгээрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг үзвэл нэхэмжлэгч нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын албан тушаалд, 114.01.01-III сүлжлэлийн үндсэн цалинтай, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэхээр, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн 07/03 дугаар гэрээг байгуулжээ.

          Хариуцагч нь нэхэмжлэгчтэй дээрх хөдөлмөрийн гэрээг 2020.01.16-ны өдөр байгуулж, 2011.09.21-ний өдөр танилцуулсан ажлын байрны тодорхойлолтод заасан Ерөнхий шаардлага болох Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна./хх 103-107/

          Учир нь ажил олгогч Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн гэдгийг тодорхойлохдоо ИКАО-ийн Олон улсын Иргэний нисэхийн тухай конвенц Аннекс 1-ийн Тэмдэглэл 2-т заасан мэргэжлийг нисэхийн үндсэн мэргэжил гэж үзнэ гэж тайлбарлаж байна. /хх 144/

       Тэгвэл Тэмдэглэл 2-т Олон улсын стандарт болон зөвлөмж нь дараах ажилтнуудыг үнэмлэхжүүлэх стандартыг бүрдүүлсэн:

-хувийн нисгэгч-онгоц, агаарын хөлөг, нисдэг тэрэг

- арилжааны нисгэгч

-нэгээс дээш нисгэгчтэй агаарын хөлгийн нисгэгч

- агаарын тээврийн нисгэгч

- глайдер нисгэгч ... гэх зэрэг ажилтануудыг үнэмлэхжүүлэх буюу гэрчилгээжүүлэх тухай зааснаас нисэхийн үндсэн мэргэжилд ийм мэргэжлийг тооцно гэж тодорхойлсон агуулгыг илэрхийлэхгүй байна. Ажил олгогч нь нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд өөрийн улсын болон өөрийн байгууллагын онцлогийг харгалзан Хөдөлмөрийн дотоод журам болон ажилтан нэг бүртээ хөдөлмөрийн гэрээ байгуулахтай тавигдах шаардлага, тавигдах мэргэжил, боловсролын түвшингийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах боломжтой юм. Гэвч ажил олгогч нисэхийн үндсэн мэргэжлийн гэх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч нисэхийн үндсэн мэргэжлийн гэх мэргэжлийг тодорхойлоогүй ба тодорхойлж буй эрх зүйн баримт бичгийн үндэслэлээ Иргэний нисэхин чиглэлээр суралцуулах журмыг баримталж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй юм.

         Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох ба хариуцагч нь шүүхэд энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

          Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна гэж дүгнэж, түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1. 2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, мөн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, түүнчлэн 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заажээ.

         Өөрөөр хэлбэл, тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар холбогдох шимтгэлийг төлөх үүргийг хүлээнэ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар тодорхойлвол ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр /ажлын 92 хоног/-ийг хүртэлх дундаж цалинд 7,265,056 төгрөг /1 өдрийн цалин 78,968 төгрөг (2,051,790+1,452,739+1,588,912= 5,093,441:3=1,697,813:21,5) х 92 хоног/ -ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.2.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 7,265,056 төгрөгийг хариуцагч И. Н.е.г ТӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар хариуцагчаас 131,191 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ