Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00634

 

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1992 дугаар магадлалтай,

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-т холбогдох

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Х.Б нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Ж.Б нь Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар 2011 оноос ажиллаж байгаад 2018 оноос ажлаас чөлөөлөгдөн шүүхэд хандаж 2020.01.07-ны өдөр Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.07-ны өдрийн Б/01 тушаалаар Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар эгүүлэн томилогдож 07/03 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Нисэх буудлыг удирдах газрын даргын 2020.01.16-ны өдрийн Б/24 дүгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын 1 дэх заалтад Доной нисэх буудлын дарга Ж.Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон 2020.01.06-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг ажлын байрны тодорхойлолт гэж нөхцөлөө заасан ч ажлын байрны тодорхойлолтыг гэрээнд тусгаагүй, бичгэн хэлбэрээр надад гардуулаагүй атлаа ажлын байрны тодорхойлолтод нийцээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 1695 дугаартай магадлалыг үндэслэн Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.07-ны өдрийн Б/01 дүгээр тушаал батлагдан нэхэмжлэгч Ж.Б нь 2020. 01.06-ны өдрөөс Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргаар хөдөлмөрийн 07/03 дугаартай гэрээ байгуулан ажилласан. Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2020.01.13-ны өдрийн 03 дугаар мэдэгдэх хуудас, нэхэмжлэгч Ж.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн 2020.02.14-ний өдрөөр тасалбар болгон цуцлах болсныг 2020.01.13-ны өдөр мэдэгдсэн нь Завхан аймаг дахь Доной нисэх буудалд үйлдэгдсэн 2020.01.13-ны өдрийн №02 дугаартай хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасны дагуу мэдэгдсэн нь хуульд нийцсэн. Ж.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн хүн ажиллах ёстой ажлын байр юм. Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийг Икаогийн баталсан Олон улсын иргэний нисэхийн конвенц, түүний хавсралт 1 буюу тусгай зөвшөөрөл авч гэрчилгээждэг үндсэн мэргэжлүүдийг хэлнэ. Үүнд нисэхийн хөдөлгөөний удирдлага, агаарын тээврийн зохион байгуулалт, эдийн засагч, нисэхийн менежмент, төлөвлөлт, аэродром төлөвлөлт, ашиглалт, нисэхийн холбоо, навигацийн тоног төхөөрөмжийн ашиглалт, иргэний нисэхийн хууль, эрх зүй, олон улсын харилцаа, агаарын навигацийн менежмент, онгоц, газрын үйлчилгээний тусгай тоноглолын авто машин, механизмын оператор, инженер гэх зэрэг үндсэн мэргэжлүүдийг зааж өгсөн. Тэгвэл нэхэмжлэгч нь  иргэний нисэхийн үндсэн мэргэжил буюу эдгээр мэргэжлийн дагуу сурч, боловсрол эзэмшсэн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй ба хавтаст хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч биеийн тамирын багш, хөнгөн атлетикч мэргэжлийн боловсролтой болох нь тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 56 дугаар зүйлийн 56.2.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-г урьд эрхэлж байсан Завхан аймаг дахь Доной нисэх буудлын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 7,265,056 төгрөгийг хариуцагч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГазраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, энэхүү олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д тус тус зааснаар хариуцагчаас 131,191 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1992 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-т холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилтийг хийлгүүлэх тухай, нэхэмжлэгч Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Иргэний нисэхийн ерөнхий газар” ТӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 07-ны өдөр төлсөн 131,191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 1992 дугаар магадлалыг 2020.10.13-ны өдөр гардаж аваад хуульд заасан хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасны дагуу эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.30-ны өдрийн 183/ШШ2020/01815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

“Албан тушаалын тодорхойлолтод заасан иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх шаардлагыг Ж.Б нь хангаагүй” гэж үзсэн нь үндэслэлгүй тухайд: Доной нисэх буудлын даргын албан тушаалын тодорхойлолтыг 2011.09.21-ний өдөр гаргасан байх бөгөөд ерөнхий шаардлага хэсэгт иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх шаардлагыг зохицуулсан байна. Давж заалдах шатны шүүх аль хэдийн дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтод үндэслэж, шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй байна. Тодруулбал, Ж.Б нь тус нисэх буудлын даргаар 2011.10.01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2017.02.13-ны өдрийн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ тухай шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.17-ны өдрийн 183/ШШ2017/01146 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдож, 2017.09.22-ны өдрөөс эхлэн нисэх буудлын даргаар ажиллаж эхэлсэн. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018.04.06-ны өдрийн Б/128 дугаар тушаалаар ажлаас дахин чөлөөлөгдөж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.21-ний өдрийн 01440 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.16-ны өдрийн 1695 дугаар магадлалаар ажилдаа эгүүлэн томилогдож, 07/30 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2020.01.06-ны өдөр шинээр байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т “Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”-ийг харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд заавал тусгана гэж тодорхойлсон байдаг тул шинээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т “...Ажлын байрны тодорхойлолт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан боловч Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэх буудлуудын үйлчилгээний газрын ерөнхий менежер нь хөдөлмөрийн гэрээг дагалдах ажлын байрны тодорхойлолтыг шинээр гаргаж Ж.Б-д танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх 2017.02.13-ны өдөр нэгэнт дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээний хавсралт болох 2011.09.21-ний өдрийн албан тушаалын тодорхойлолтыг үндэслэж түүнд гарын үсэг зурсан хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон магадлал гаргасан нь үндэслэлгүй байна.

Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжил нь иргэний нисэхийн мэргэжилд хамаарахгүй болох нь илт учир ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Иргэн Ж.Б нь Доной нисэх буудлын даргаар 10 жил ажиллахдаа Аэродромын инженерийн техникч нарын сургалтад хамрагдаж, холбогдох төрийн байгууллагын шалгалт үнэлгээгээр энэ албан тушаалыг эрхлэн явуулах бүрэн боломжтой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Удирдах албан тушаалтан, иргэний нисэхийн ажилтан тус бүр нэг жилд иж бүрэн шалгалтад хамрагдаж үнэлгээ тогтоолгодог бөгөөд Ж.Б нь энэ үнэлгээгээр 90-ээс дээш өгч, түүний мэргэжлийн үйл ажиллагаа, Аэродромын гэрчилгээ сунгагдсаар өдийг хүрсэн буюу энэ нь албан тушаалтны мэргэжлийн ур чадварыг нотлох чухал баримтууд юм. Навигац шалгалт нь тус албан хаагчийн мэргэжлийн ур чадвар, цаашид ажиллах боломжтой эсэхийг тогтоож 60-аас дээш 100 хүртэлх оноог өгдөг бөгөөд тус шалгалтыг 2011 оноос хойш нэг ч алгасахгүй өгч 80 онооноос дээш үнэлгээтэй тус албан тушаалыг хашсаар ирсэн юм. Хэдийгээр Ж.Б нь биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн боловч нисэх буудлын даргын ажил үүргийг ямар ч алдаа дутагдалгүй сайн гүйцэтгэж, зохих хангалттай оноог авсаар өдийг хүрсэн байтал түүнийг иргэний нисэхийн мэргэжил эзэмшээгүй гэдэг хууль болон Олон улсын гэрээ конвенцод заагаагүй ажлын байрны шаардлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.2-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэсэн тайлбартай нийцэхгүй байх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Тодруулбал Олон улсын иргэний нисэхийн тухай 1944.12.07-ны өдрийн “Чикагогийн конвенц”-д Нисэх буудлын дарга иргэний нисэхийн мэргэжил эзэмшсэн байх шаардлагыг тавиагүй болно. Мөн Ж.Б-гийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнийг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт зэрэг аливаа шийдвэр гараагүй байдаг. Иймд Ж.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул “магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Хариуцагч Нисэх буудлын удирдах газрын даргын 2020.01.16-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 “ажилтан мэргэжил, ур чадвар …-н хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, 43 дугаар зүйлийн 43.1.“Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, Нисэх буудлын удирдах газрын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3 /нисэх буудлуудын удирдах газрын дарга нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал шийдвэр гаргах/, 3.1.4 /ажилтны ажлын байрны тодорхойлолтыг батлах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтнуудыг томилох, чөлөөлөх.../ дэх заалтыг тус тус үндэслэн “Завхан аймаг дахь Доной нисэх буудлын дарга /нэхэмжлэгч/ Ж.Б нь мэргэжлийн хувьд ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлснийг хууль бус гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Тодруулбал, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалын ерөнхий шаардлага буюу мэргэжил: “иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн байх”, мэргэшил: “удирдлага, зохион байгуулалт, гадаад хэл, компьютерийн мэдлэг” гэж заасан байх бөгөөд ажлын байрны үндсэн үүрэг, зорилт нь: нисэх буудлын нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэг тээвэрлэлтийн технологи үйл ажиллагааг нислэгийн аюулгүй байдал болон тогтмолжилтыг ханган зохион байгуулах; нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн нислэг, хөдөлгөөн, аэродромын тоноглол, дохиолол, тэмдэгтүүдийг стандартын шаардлагад нийцүүлэн байнгын бэлэн байдалд байлгах; нислэгийн хөдөлгөөн, холбоо, цахилгаан, шатахуун, тусгай тоноглолын автомашин, онгоц асаагч зэрэг нислэгийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах  техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг байнгын бэлэн байдалд хэвийн ажиллуулах нөхцөл боломжийг хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөн сахиулах; ... зэрэг тусгай мэдлэг мэргэжил шаардсан ажил үүргийг гүйцэтгэхээр заажээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Иргэний нисэхийн тухай хууль болон Олон улсын иргэний нисэхийн тухай “Чикагогийн конвенц”-д зааснаар иргэний нисэхийн ажилтнуудын ангилалтыг “иргэний нисэхийн үндсэн мэргэжил”-д хамруулж ойлгохоос гадна Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2019 оны А/289 дүгээр тушаалаар шинэчлэн батлагдсан Иргэний нисэхийн чиглэлээр суралцуулах журмын 4.1-д иргэний нисэхийн салбарын хүний нөөц бэлтгэх сургалтыг бакалаврын зэргийн сургалт, мэргэжлийн дипломын сургалт гэж, мэргэшүүлэх сургалтыг магистрын зэргийн сургалт, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх /3 сараас дээш/ сургалт гэж тус тус заасан байна.  

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй, “төрийн удирдлага”-ын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, 2012 онд аэродромын инженер, техникч нарын 80 цагийн анхан шатны сургалтад хамрагдаж гэрчилгээ авснаас өөрөөр иргэний нисэхийн үндсэн мэргэжлийг бакалаврын болон дипломын сургалт, цаашилбал мэргэшүүлэх сургалтаар эзэмшсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг нисэх буудлын даргын ажлын байрны тодорхойлолт, үндсэн чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах “иргэний нисэхийн үндсэн мэргэжил”-ийг эзэмшсэн гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Ийнхүү нэхэмжлэгч нь ажлын байрны үндсэн шаардлагыг хангахгүй болох нь нэгэнт илэрхий байхад ажилтны мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байх шаардлагатай гэсэн агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалын зорилго, агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд, “...нэхэмжлэгч нь Доной нисэх буудлын даргаар 10 жил ажиллахдаа Аэродромын инженерийн техникч нарын сургалтад хамрагдаж, уг албан тушаалыг эрхлэн явуулах бүрэн боломжтой болохоо нотолсон, хэдийгээр Ж.Б нь биеийн тамирын дасгалжуулагч боловч нисэх буудлын даргын ажил үүргийг ямар ч алдаа дутагдалгүй сайн гүйцэтгэж, хангалттай оноог авсаар өдийг хүрсэн байтал түүнийг иргэний нисэхийн мэргэжил эзэмшээгүй гэж хууль болон Олон улсын гэрээ конвенцод заагаагүй ажлын байрны шаардлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолтой нийцэхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа түүнийг мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болсон гэдгийг нотолсон эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй, тодруулбал, “олон жил ажилласан, шалгалтаа сайн өгсөн” зэрэг үйл баримт нь нэхэмжлэгчийг “иргэний нисэхийн үндсэн мэргэжил”-тэй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2011 оноос тус албан тушаалд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл, энэ үеэс тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг мэдэж байсан, энэ утгаараа өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх хангалттай хугацаа байснаас гадна хэн нэгэн хүн тухайн ажилд томилогдож, чөлөөлөгдсөнөөр ажлын байрны тодорхойлолт “дуусгавар болох” тухай ойлголт байхгүй тул “... давж заалдах шатны шүүх дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан ажлын байрны тодорхойлолтод үндэслэж, шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дагалдах ажлын байрны тодорхойлолтыг шинээр гаргаж танилцуулж, гарын үсэг зуруулаагүй...” гэсэн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1992 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ЦОЛМОН

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Х.СОНИНБАЯР

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД