Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0696/З |
Дугаар | 221/МА2017/0680 |
Огноо | 2017-09-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2017/0680
2017 оны 9 сарын 21 өдөр Дугаар 221/МА2017/0680 Улаанбаатар хот
С.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.О-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийн 5.5.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.О-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны “Могул таун” хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 мкв 4 өрөө орон сууц, Г-97 дугаар байрны ГГ-31 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр С.О-ыг бүртгэхээс татгалзсан бүртгэлийн байгууллагын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... С.О нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хандан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус асуудлыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүх шийдвэрлэхдээ С.О-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсангийн гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 мкв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг “У х б” ХХК эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргахад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцаах болсон гол үндэслэлээ “ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт гэсэн зохицуулалтад юу хамаарах эсэхийг тодруулах” зорилгоор буцаасан.
Гэтэл анхан шатны шүүх энэхүү ажиллагааг огт хийгээгүй байх бөгөөд хэтэрхий нэг талыг баримталсан, хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр гаргасан байгаад туйлын гомдолтой байна.
С.О нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсангийн гудамжны Могул таун хотхоны 1А буюу 98 дугаар байрны 801 тоот 132.22 мкв 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг тус тус улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ихэсгэж 1А-19 тоот автомашины зогсоолыг мөн адил С.О-ын өмчөөр бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай болгосон.
Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхийг тогтоохдоо уг эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй холбогдох хуульд нийцсэн эсэхийг шалгах үүрэгтэй болохоос нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй шүүхийн эцсийн шийдвэрийг эс зөвшөөрөх үйлдэл хийдэггүй билээ.
Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт С.О-ыг дээрх маргалдаж буй 98 дугаар байрны 801 тоот орон сууц, 1А-1-8 тоот агуулах, 1А-19 тоот авто зогсоол, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгч гэхэд цаг хугацааны хувьд эргэлзээтэй байна гэсэн тайлбар нь тодорхойгүй байна. Учир нь:
С.О нь У.Б-д дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн төлбөрийг шүүхийн шийдвэрээр буцааж төлсөн. Өөрөөр хэлбэл, шүүхийн эцсийн шийдвэрээр У.Б-ыг өмчлөгчөөр тогтоосон байсан байрыг С.О авахаар дахин шүүхэд хандан тусдаа шийдвэр гаргуулах гээд байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Учир нь иргэний хэргийн гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00364 дүгээр тогтоолоор “С.О-оос 287,440,000 төгрөг гаргуулан У.Б-д олгож, У.Б-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот автомашины зогсоолыг гаргуулан С.О-ын өмчлөлд шилжүүлэхээр” шийдвэрлэж С.О өмчлөгчөөр тогтоогдсон байна.
Түүнчлэн У х б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 93 айлаас 45 айлын орон сууцыг нэр зааж шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсан байдаг. “М” ХХК 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээл авсан бөгөөд энэхүү 801 тоот үл хөдлөх хөрөнгийг анх “А” ХХК 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр авсан байдаг.
Харин С.О нь “А” ХХК-аас 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 12/03 тоот “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлсэн ба үүний дараагаар У.Б-д шилжүүлсэн байдаг. Энэхүү хугацаа нь цаг хугацааны хувьд С.О бусад 44 айлаас төдийгүй бусад хүчингүй болгуулаагүй оршин суугчдаас өмнө захиалгаа өгч, барилгын төлбөр тооцоогоо хийсэн атал У х б, “М” ХХК нарын барьцааны гэрээний хохирогч болоод байгаа юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дугаар тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг У.Б-ын хууль ёсны өмч болохыг тогтоосон байдаг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00364 дүгээр тогтоолоор У.Б-аас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулан С.О-ын өмчлөлд шилжүүлсэн байдаг ба тус шийдвэр тогтоолыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр талууд “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан, С.О, У.Б-д төлбөрийг бүрэн барагдуулсан тухай баримтууд хавтаст хэрэгт эх хувиар болон дансны хуулгуудаар хавсаргасан байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл С.О нь шударгаар олж авсан хөрөнгөө өмчлөх болон захиран зарцуулах эрх нь үүсээгүй байна.
Энэхүү нөхцөл байдал нь С.О-ын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу С.О нь үл хөдлөх хөрөнгө шударгаар олоод авчихсан, одоо тус байрандаа байнгын айдас түгшүүртэй ч гэсэн хэдий ч түүний эзэмшиж, харин 3 шатны шүүхээр өмчлөх эрхийг тогтоосоор байхад Улсын бүртгэлийн ерөнхий газраас түүнийг У х б-аас бичгээр зөвшөөрөл авч ирж байж бүртгүүлэх эрх нь нээгдэнэ гэсэн хариу өгсөн нь тодорхойгүй байна.
Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 801 тоот 132.22 м.кв 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоолын өмчлөгчөөр анх У.Б-ыг, түүнээс эрхийг нь шилжүүлэн авсан С.О-ын өмч болохыг тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр, эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримтууд гээд холбогдох бүхий л бичиг баримтууд байхад хариуцагч тэд нарыг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх үүрэгтэй субьект билээ.
Гэтэл хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүй “М” ХХК-ийн У а б-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр С.О-ын Хан-Уул дүүргийн бүртгэлийн газарт гаргасан мэдүүлгийг бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус байх бөгөөд шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчиж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна”, 5.5.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн”, 5.5.4-т “барьцааны” гэж зааснаар өмчлөх эрх болон барьцаа нь тус тусдаа бүртгэлээр хийгддэг бөгөөд мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-д тус тус зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны шаардлага хэвээр хадгалагдах, барьцаа хүчинтэй хэвээр байх зохицуулалт үйлчилдэг тул С.Оын хуулиар олгогдсон өмчлөх эрхийг баталгаажуулах явдал нь У х б-ны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч хөндөхгүй гэж үзэж байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.1-д заасан улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл огтхон ч байхгүй байтал гагцхүү У х б-ны барьцаанд байгаа гэх үндэслэлээр С.О-ын үл хөдлөх хөрөнгийг бүртгэхгүй байгаа нь дээрх хуулийн 14.2-т заасны дагуу “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэснийг зөрчжээ.
2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 тоот У х б-ны нэхэмжлэлтэй хэрэгт У х б зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болон түүнчлэн “М” ХХК-ийн оршин суугчидтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлийн шаардлагыг 3 шатны шүүхээр хэрэгсэхгүй болгосон байдаг нь оршин суугчид нь захиалгаар барилга бариулах буюу “М” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь хууль ёсны үндэслэлтэй байгааг мөн тогтоосон гэж үзэж байна. Тус захиалгаар орон сууц барих гэрээний 4.1-д тус гэрээний 2.2-т заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих ба захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар баталгаажна гэсэн байдаг. Тиймээс Иргэний хуулийн 112.1, 343.1, 343.3-т тус тус заасны дагуу С.О нь үүргээ бүрэн биелүүлж “М” ХХК-аас холбогдох бичиг баримтыг цуглуулан Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн байхад түүний өмчийг У х б-аас зөвшөөрлийн бичгийг авчир гэх үндэслэлээр бүртгэхгүй байгаа нь туйлын ойлгомжгүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар заасан бөгөөд 28.1-д “барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор У х б-ны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба хариуцагч “М” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно гэж дүгнэлт өгчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 805 тоот шийдвэрт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 20.1.4-т “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан” бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийж үүргээ биелүүлэхдээ хэний ямар үл хөдлөх хөрөнгийн аль хэсгийг ямар хэмжээнд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар заавал тодорхой зааж, өмчлөгчийн тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарласан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэх зайлшгүй шаардлагатай юм. Харин Хан-Уул дүүргийн бүртгэлээс энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж тодорхойлсон байдаг.
Тус Хан-Уул дүүргийн улсын бүртгэлд “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр хөдөлгөөн хийх боломжгүй байна, учир нь тусгай тэмдэглэл хийгдсэн” гэсэн тайлбарыг л өгсөн байдаг.
Энэ бүхнээс дүгнэхэд иргэн С.О нь Иргэний хуулийн 145.3, 182 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1-д заагдсан эрхүүдээ эдлэх боломжгүй болсон байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “М” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98, Г97 тоот хаягт баригдаж буй аялал жуулчлал цогцолборын зориулалттай 30, 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350, Ү-2206018351 дугаарт тус тус бүртгүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт “У х б” ХХК-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ээр тус банкинд барьцаалжээ.
Гэтэл үүний дараа буюу 2011 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК нь гуравдагч этгээд “М” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр хүлээсэн захиалагч талын эдлэх эрх, үүргээ нэхэмжлэгч С.О-д шилжүүлж, С.О нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөн “М” ХХК-тай “Нэмэлт гэрээ” /захиалгаар барилгын ажил гүйцэтгэх/ байгуулан барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98/1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, 19 тоот авто зогсоол, 1А-1-8 дугаартай агуулах зэргийг худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдүүдийн өмчлөх болон барьцааны эрх нэхэмжлэгчтэй захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө үүссэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч С.О нь 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №1А/801-н, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №1А/801-н дугаартай “Эрх шилжүүлэх гэрээ”-нүүдээр У.Б-д “М” ХХК-тай байгуулсан “Эрх шилжүүлэх гэрээ” /Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98/1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоол/-ний эрх хүлээн авагчийн эдлэх эрх, үүргээ шилжүүлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 7366 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 157 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00364 дүгээр тогтоолоор С.О-оос 287 440 000 төгрөгийг гаргуулан У.Б-д олгож, У.Б-аас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, 1А-1-8 тоот агуулах, ГГ-31 тоот авто зогсоолыг гаргуулан С.О-ын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэдийгээр дээрх шүүхийн шийдвэрүүдээс хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 637 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2016/00621 дүгээр тогтоолоор У.Б-ыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон ч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр У.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98/1А байрны 801 тоот орон сууц, 1А-1-8 дугаартай агуулах, ГГ-31 тоот авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч С.О-д шилжүүлж, С.О нь 287 440 000 төгрөгийн төлбөрийг У.Б-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч дээрх шүүхийн шийдвэрүүд болон өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр С.О-ыг бүртгэж, гэрчилгээ олгох үндэслэл болохгүй юм.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” тус тус заасны дагуу дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98/1А байрны 801 тоот 4 өрөө орон сууц, Г97 дугаар байрны ГГ-31 тоот авто зогсоолын өмчлөгчийн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас барьцааны эрх нь хөндөгдөх “У х б” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой барьцааны бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчаас С.О-ын мэдүүлгийн дагуу эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүх ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй байна.
Мөн агуулах нь аялал жуулчлалын цогцолбор хотхоны барилгын зураг төсөлд тусгагдаагүй төдийгүй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/570 дугаар актаар барилгын зураг төслийн дагуу “М” ХХК-ийн захиалгатай 264 авто зогсоолтой 212 байр сууцны барилгыг л ашиглалтад оруулсан, барилгын зураг, улсын комиссын актад агуулахын зориулалттай хэсэг огт тусгагдаагүй байх тул 1А-1-8 тоот агуулахыг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хариуцагч 3 шатны шүүхийн шийдвэр, эрх шилжүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримтуудыг үндэслэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулан бүртгэх үүрэгтэй ... “У х б” ХХК-иас зөвшөөрөл авах үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.О-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” нэмэгдүүлсэн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр болох захиргааны акт гэдэгт захирамжилсан шийдвэр болон хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж байгаагүй өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байхад У х б-ны барьцаанд байгаа гэх үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж, 14.2-т заасныг зөрчсөн ...” гэх боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д заасан улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хориглох болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах нөхцөл бүрдсэн байсан тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4010 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1046 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 13 дугаар тогтоолыг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98/1А байрны 801 тоот орон сууц, Г97 дугаар байрны 98 ширхэг авто зогсоолын захиран зарцуулах эрхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр түдгэлзүүлснээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 / Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:/, 18.1.10 /улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/-д заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох нөхцөл байдал тогтоогдсон байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын маргаан бүхий 1А-1-8 тоот агуулахад холбогдох хэсгийн талаар дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул зөвтгөх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-ын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 1А-19 тоот авто зогсоолыг улсын бүртгэлд бүртгүүлж, С.О-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “4 өрөө орон сууц” гэсний дараа “1А-1-8 тоот агуулах” гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН