Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01996

 

 

 

 

 

 

 

 

 

“МУХБ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч”МУХБ”ХХК-ийн хариуцагч “З Ө” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 12 253 379 260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Тус банк нь “З-Ө”- ХХК-тай 2018 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай 18 060 000 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийн гэрээ байгуулж, “Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах” төсөлд зориулан 2 удаагийн хэсэгчилсэн олголтоор нийт 439 371 650.14 иен буюу нийт 11 458 812 635.65 төгрөгийн зээлийг олгосон. Зээлдэгч “З-Ө”- ХХК нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 07 сарын 30-ны өдөр Б-ЗӨ-ТЗ 2018-120 дугаартай барьцааны гэрээ, БГ-ЗӨ-ИХ 2018-121 дугаартай барьцааны гэрээ, Б-ЗӨ-ҮХХ 2018-122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Үүнд:

а/. “З-Ө”- ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн-Овоо нэртэй газарт орших MV-016660 дугаартай, 583.83 гектар талбай бүхий уурхайн талбайн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийн хамт 12 879 074 580.61 төгрөгөөр;

б/. “З-Ө”- ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бий болох ил уурхайн техникүүд, үйлдвэрийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн объектууд, барилга байгууламжуудыг 4 038 719 166.51 төгрөгөөр;

в/. “З-Ө”- ХХК-ийн толгой компани болох “Заг” ХХК-ийн эзэмшлийн Ү-2206055735, ГД-000648632 дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам /17050/, Дүнжингарав гудамж, 406-р байр, 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 707 926 153.85 төгрөгөөр тус тус харилцан тохиролцож байгуулсан болно.  

 Зээлдэгч “З-Ө”- ХХК нь 2020 оны 05 сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 439 371 650.14 иен, хүүгийн үлдэгдэл 29 951 322.10 иен, нэмэгдүүлсэн хүү 509 189.58 иен, нийт 469 838 161.82 иен буюу 12 253 379 260.27 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч “З-Ө”- ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн хүүгийн төлбөрийг 2019 оны 09 сарын 10-ны өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нийт 261 хоногоор хугацаа хэтэрсэн, 2020 оны 05 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 781 286 960.37 иенийн үүргийн зөрчилтэй байна. Банкны зүгээс төслийн газар дээрх хяналт, зээлийн зарцуулалтын хяналтын тайлан, үйл ажиллагааны хяналтын тайланг тус тус хийсэн. Анхан шатны санхүүгийн баримтууд дутуу, санхүүжилтийн зарцуулалттай холбоотой материалууд нь шаардлага хангаагүй байсан тул Банкны зүгээс зөрчил үүссэн төлбөрийг барагдуулах, зээлийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтын талаар баримтуудыг ирүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлийн төлбөрийг төлөхгүй, шаардсан баримтыг ирүүлээгүй. Иймд Банкны зүгээс гэрээнд заасны дагуу төслийн цаашдын санхүүжилтийг олгоогүй. Хууль болон гэрээнд заасны дагуу Банкны зүгээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно.

Иймд хариуцагч “З-Ө”- ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 469 838 161.82 иен буюу 12 253 379 260.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”МУХБ”ХХК-д олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “З-Ө”- ХХК нь 2018 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 тоот зээлийн гэрээг Монгол Улсын Хөгжлийн банктай байгуулсан. Дээрх гэрээний нөхцөлд зээлдүүлэгч нь 18 060 000 000 хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийг барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, гэрээ байгуулсан өдрийн М-ны албан ханшаар тооцож зээлдэгчид жилийн 7.05 хувийн хүүтэйгээр нийт 5 жилийн хугацаатай олгохоор тохиролцсон. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүг заасан хугацаанд төлсөөр ирсэн бөгөөд 2019 оны 09 сарын 03-ны өдрийн төлөлтийг хийх боломжгүй болсон. Учир нь зээлийн гэрээгээр батлагдсан нийт 18 060 000 000 төгрөгөөс 9 707 265 000 төгрөг хариуцагч хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 8 352 735 000 төгрөгийн санхүүжилтээр “З-Ө”- ХХК нь баяжуулах үйлдвэрийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд болон том оврын машин механизм авах байсан.

“З-Ө”- ХХК нь 2019 оны уул уурхайн ажиллагааг 03 сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн боловч баяжуулах үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүний чанар стандарт хангаагүй мөн олон хоног орсон борооны улмаас уул уурхайн ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон зэрэг шалтгааны улмаас 2019 онд төлөвлөсөн олборлолт, борлуулалтын хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд олборлосон төмрийн хүдрийг хуучин ашиглаж байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр баяжуулж гаргаж авсан эцсийн бүтээгдэхүүнийг БНХАУ гэрээний нөхцөлийг хангаагүй байна гэж төлбөр тооцоо хийгдэхгүй удаж эхэлсэн. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан “З-Ө”- ХХК нь санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд ороод байгаа юм. Мөн “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-аас техникийн нөхцөл олгох боломжгүй гэсэн хариуг өгсний улмаас Дорнод бүсийн эрчим хүчний системд холбогдох ажил зогсонги байдалд орсон. Дээр дурдсан бодит нөхцөл байдлуудыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Хүнд нөхцөл байдал” гэж үзэж, 2019 оны 10 сарын 23-ны өдөр 02/885 дугаартай гэрчилгээг олгосон. “З-Ө”- ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хуваарьт төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан боловч Банк бидний хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хуваарьт төлбөрөө төлнө үү гэсэн хариуг өгч байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 255 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг зааснаар”МУХБ”ХХК болон “З-Ө”- ХХК нарын хооронд 2018 оны 07 сарын 30-ны өдрийн ЗГ-ЗӨ-З 2018-119 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “З-Ө”- ХХК-аас 12 253 379 260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”МУХБ”ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “З-Ө”- ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам /17050/, Дүнжингарав гудамж, 406-р байр, 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-2206055735/ үл хөдлөх хөрөнгө болон “З-Ө”- ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн-Овоо нэртэй газарт орших 583.83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 тоот Барьцааны гэрээнд дурдсан ирээдүйд бий болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 495 024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “З-Ө”- ХХК-аас 61 495 024 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч”МУХБ”ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12 253 379 260 төгрөгөөс 1 799 990 818 төгрөгийг эс зөвшөөрч, уг хэмжээнд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх иений ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2020 оны 05 сарын 27-ны өдрийн иений зарласан ханш 26.08 төгрөгөөр тооцож 12 253 379 260 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.”МУХБ”ХХК-аас зээлийн гэрээ байгуулагдах үеийн ханш буюу 22.16 төгрөгөөр тооцож 439 371 650.14 иений буюу 9 707 265 000 төгрөгийн зээлийг олгосон. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар мөнгөний ханш өссөн, буурсан бол төлбөр төлөх өдрийн бус харин гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцох ёстой. Учир нь гэрээний үүрэг нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсанаар үүсэхээр заасан. Иймээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан буюу 2018 оны 07 сарын 30-ны өдрийн ханш 1 төгрөг = 22.16 төгрөгөөр тооцож үндсэн зээл 439 371 650.14 иен буюу 9 734 278 908.8 төгрөг, 1 иен = 23.60 төгрөгөөр тооцож үндсэн хүү 29 957 322.10 иен буюу 707 092 659.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509 189.58 иен буюу 12 016 874 төгрөг буюу нийт 469 838 161.82 иен буюу 10 453 388 442.2 төгрөгөөр тооцох байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12 253 379 260 төгрөгөөс ханшийн зөрүүний алдагдал 1 799 990 818 төгрөгт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч”МУХБ”ХХК нь хариуцагч “З-Ө”- ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 469 838 161.82 иен буюу 12 253 379 260.27 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2018 оны 07 сарын 30-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, зээлдүүлэгчийн зүгээс 439 371 650.14 иений зээлийг зээлдэгчид хэсэгчлэн олгосон, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, зээлийн өр төлбөр үүссэн, зээлдэгчийн үйл ажиллагаа доголдсон үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь авсан зээлийн хэмжээ, зээлийн өр төлбөрийн хэмжээнд маргадаггүй боловч Банк гэрээгээр тохирсон зээлийг бүрэн олгоогүй, компанийн санхүүгийн нөхцөл байдал гадаад хүчин зүйлээс шалтгаалан хүндэрснийг харгалзан үзээгүй хэмээн тайлбарладаг.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, зээлдүүлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал бий болсон, улмаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ТЗ 2018-120 тоот Барьцааны гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ хэмээн үзэж, улмаар уг гэрээгээр барьцаалагдсан хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийг банканд барьцаалж болохоор зохицуулсан хэдий ч мөн зүйлийн 51.2, 51.3 дахь хэсэгт барьцааны гэрээг өргөдөл, тусгай зөвшөөрлийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эрх бүхий байгууллага барьцааны гэрээг хянаад шаардлага хангаж байна гэж үзвэл түнийг бүртгэхээр журамласан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, энэ талаар тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан Б-ЗӨ-ТЗ 2018-120 тоот гэрээг эрх бүхий байгууллага бүртгэсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, бүртгэсэн талаарх тэмдэглэгээ уг гэрээнд хийгдээгүй байна. Энэ нь цаашлаад шүүхийн шийдвэр хэрэгжих эсэхэд нөлөөлөхөөс гадна уг барьцаа хөрөнгөтэй холбоотой маргаан ирээдүйд барьцаалагч, барьцаалуулагч, эрх бүхий байгууллага, гуравдагч этгээдийн хооронд гарах үр дагаварт хүргэж болзошгүй юм.

 

Барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт өгөхгүйгээр барьцаа хөрөнгөтэй холбоотой маргааныг шийдвэрлэх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс энэхүү ажиллагааг нөхөн хийх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг дурдах нь зүйтэй. Талууд гэрээг байгуулдгийн нэгэн адилаар мөн гэрээг цуцлах эсэхийг шийдэх учиртай бөгөөд харин шүүх гэрээ цуцалсан үндэслэл, журам хуульд нийцсэн эсэхийг хянаж, дүгнэлт өгөх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 27-ны өдөр төлсөн 9 157 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                     

                                                    ШҮҮГЧИД                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.НЯМБАЗАР