Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2020/01925

 

 

  

 

 

 

 

 

 

2020 оныс07 срын   27 өдөр

                               181/ШШ2020/01925

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: М У Х Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З Ө  ХХК -д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,253,379,260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 406 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-2206055735/ үл хөдлөх эд хөрөнгө,  З Ө  ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн овоо нэртэй газарт орших, 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримтаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “М У Х Б  болон З Ө  ХХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай 18,060,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийн гэрээ байгуулагдаж, банк тус гэрээний дагуу Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөлд зориулан 2 удаагийн хэсэгчилсэн олголтоор нийт 439,371,650.14 иен буюу нийт 11,458,812,635,65 төгрөгийн зээлийг олгосон.

Зээлдэгч З Ө  ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ТЗ 2018-120 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ҮХХ 2018-122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 439,371,650.14 иен буюу 11,458,812,635.65 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл: 29,957,322.10 иен буюу 781,286,960.37 төгрөг; нэмэгдүүлсэн хүүний өр 509,189.58 иен буюу 13,279,664.25 төгрөг; нийт: 469,838,161.82 иен буюу 12,253,379,260.27 төгрөг байна. Зээлдэгч З Ө  ХХК нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн хүүгийн төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төлөөгүй бөгөөд нийт 261 хоногоор хугацаа хэтэрсэн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн хүүгийн үлдэгдэл 29,957,322.10 иенийн буюу 781,286,960.37 төгрөгийн гэрээний үүргийн зөрчилтэй байна.

Банкны зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд төслийн газар дээрх хяналт, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлийн зарцуулалтын хяналтын тайлан, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Үйл ажиллагааны хяналтын тайланг тус тус хийсэн.

Шат дараалсан хяналтуудаар төслийн анхан шатны санхүүгийн баримтууд нь дутуу, санхүүжилтийн зарцуулалттай холбоотой материалууд нь шаардлага хангаагүй байсан тул Банкны зүгээс зөрчил үүссэн төлбөрийг төлж барагдуулах, зээлийг зориулалтын дагуу ашиглах, зарцуулалтын талаар баримтуудыг ирүүлэх тухай удаа дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/503, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6/1150, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/1209, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 6/1681 дүгээр албан бичгээр тус тус, мөн утсаар болон биечлэн уулзаж мэдэгдсэн боловч зээлийн төлбөрийг төлөхгүй, шаардсан баримт материалыг ирүүлээгүй.

Зээлдэгч З Ө  ХХК-ийн төслийн ажлын гүйцэтгэл хангалтгүй, гүйцэтгэгчид төлбөрийг шилжүүлсэн боловч холбогдох ажлууд хийгдээгүй, зарцуулалт баталгаажихгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхгүй байх тул зээлийн гэрээний 6 дугаар зүйл болон 5.2, 5.3-т тус тус заасны дагуу төслийн цаашдын санхүүжилтийг олгоогүй.

Мөн дээрх хяналтын тайланд төслийн дэд бүтэцтэй холбоотойгоор З Ө  ХХК болон Заг-Инженеринг ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн, гүйцэтгэгч Заг-Инженеринг ХХК-ийн данс руу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр холбогдох төлбөрүүдийг банкнаас шилжүүлсэн боловч дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд Халх гол сумын төвийн өндөр хүчдэлийн шугамаас Ширэн овоогийн уурхай хүртэл 95 км өндөр хүчдэл татах зорилготойгоор 3,434,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон боловч ажил хийгдээгүй, Уурхайгаас Монгол Хятадын хил Сүмбэр Рашаантын боомт хүртэлх 8 км урт авто зам тавихад зориулан 3,341,000,000 төгрөгийн санхүүжилтийг олгосноос зарцуулалтын тайлангаар 1,343,500,000 төгрөгийн гүйцэтгэл баталгаажсан, үлдэгдэл 1,987,500,000 төгрөгийн санхүүжилт баримтаар баталгаажаагүй, ажил бүрэн хийгдээгүй.

Ажил гүйцэтгэгч Заг-Инженеринг ХХК нь гүйцэтгээгүй ажлын үлдэгдэл төлбөрийг өөрийн Хаан банкны дансанд байгаа гэж мэдэгдсэн боловч баримтаар баталгаажаагүй, зарцуулсан баримт тодорхойгүй. Дээр дурдсан нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд зээлдэгч нь зээлийн гэрээний заалтуудыг ноцтой зөрчиж байна.

Иймд зээлдэгч З Ө  ХХК-тай байгуулсан ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 469,838,161.82 иен буюу Монгол банкны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн иенийн ханш 26.08 төгрөгөөр тооцож нийт 12,253,379,260.27 төгрөгийг М У Х Б  ХХК-д олгох шийдвэр гаргаж өгнө үү. З Ө  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ТЗ 2018-120 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 07 дyraap сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ҮХХ 2018-122 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр тус тус барьцаалагдсан хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн төлбөрийг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Үүнээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 дугаартай ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээгээр үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М У Х Б  ХХК-ийн нэхэмжлэлтэй З Ө  ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

З Ө  ХХК нь “Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах” төслийг хэрэгжүүлэх болсон бөгөөд төслийн санхүүжилтийг шийдэхийн тулд уг төсөлд зориулагдах зээл хүссэн хүсэлтийг М У Х Б инд гаргасан.

Тус банкны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/896 тоот албан бичгээр “Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах” төсөлд зориулагдах танай компаниас ирүүлсэн зээлийн хүсэлтийг М У Х Б  холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд судалж, заасан нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэсэн” болохыг компанид мэдэгдсэн.

Мэдэгдлийг хүлээн аваад З Ө  ХХК-ийн зүгээс зээлийн гэрээ байгуулахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлэн өгч, зохих шаардлагуудыг хангасны үндсэн дээр 2018 оны 07 сарын 30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 тоот зээлийн гэрээг М У Х Б тай байгуулсан.

Дээрх зээлийн гэрээний нөхцөлд зээлдүүлэгч нь 18,060,000,000.00 /хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний иен -барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож/-ийг зээлдэгчид жилийн 7,05 хувийн хүүтэйгээр нийт 5 жилийн хугацаатай олгохоор тохиролцсон.

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүг заасан хугацаанд төлсөөр ирсэн бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн төлөлтийг хийх боломжгүй болсон. Учир нь зээлийн гэрээгээр батлагдсан нийт 18,060,000,000 төгрөгөөс 9,707,265,000 төгрөг хариуцагч хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 8,352,735,000 төгрөгийн санхүүжилтээр З Ө  ХХК нь баяжуулах үйлдвэрийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд болон том оврын машин механизм авах байсан.

З Ө  ХХК нь 2019 оны уул уурхайн үйл ажиллагааг 03 дугаар сарын 28-ны өдрөөс эхлүүлсэн боловч баяжуулах үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүний чанар стандарт хангаагүй мөн олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас уул уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон зэрэг шалтгаануудаас хамаарч 2019 онд төлөвлөсөн олборлолт, борлуулалтын хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд олборлосон төмрийн хүдрийг хуучин ашиглаж байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр баяжуулж гарган авсан эцсийн бүтээгдэхүүнийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспорт хийсэн боловч эцсийн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт гэрээний нөхцөлийг хангаагүй буюу 50 хувиас доош байна гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдан авагч компани шаардлага тавьж төлбөр тооцоо хийгдэхгүй удаж эхэлсэн. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан З Ө  ХХК компани татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд төлж чадахгүй их хэмжээний өр төлбөр хуримтлагдаж улмаар санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд ороод байгаа юм.

Түүнчлэн З Ө  ХХК-ийн захиалгаар Заг-Инженеринг ХХК нь Дорнод аймгийн Халх гол сумаас Ширэн-Овоогийн орд хүртэлх 77 км агаарын шугам, дэд станц барихаар гэрээ байгуулсан. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/829 тоот албан бичгээр З Ө  ХХК нь Халх гол сумаас 35КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж оруулсан нөхцөлд эрчим хүчээр хангах боломжтой гэсэн боловч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/622 тоот албан бичгээр техникийн нөхцөл олгох боломжгүй гэсэн хариуг өгч Дорнод бүсийн эрчим хүчний системд холбогдох ажил зогсонги байдалд орсон.

Техникийн нөхцөлөөс шалтгаалж гүйцэтгэгч Заг-Инженеринг ХХК гэрээт ажлыг гүйцэтгэх боломжгүй, З Ө  ХХК нь нөхцөлөөр хангаагүй тул гэрээний биелэлтийг шаардах эрхгүй болоод байна.

Компани дараагийн хувилбар буюу Бүгд Найрамдах Хятад Ард улсаас эрчим хүч импортоор оруулж ирэх тал дээр ажиллаж байгаа бөгөөд төлөвлөсөн цаг хугацаандаа төрийн байгууллын шийдвэрээс шалтгаалж эрчим хүчинд холбогдох чадалгүй үйл ажиллагаа зогсонги байдалд орсон тул нийт зээлийн эрчим хүчний шугам барихтай холбоотой 2,297,681,470 тэрбум төгрөгөөс эргэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Дээр дурьдсан бодит нөхцөл байдлуудыг “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим” НҮТББ-аас “Хүнд нөхцөл байдал” гэж үзэж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 02/885 дугаартай гэрчилгээг олгосон бөгөөд тус гэрчилгээнд ”... Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан төрийн байгууллагын шийдвэрийн улмаас эрчим хүчний шугам барих ажил доголдсон болох нь тус компанид зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг тодорхойлов” гэсэн. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 7.3 дах хэсэгт заасан нөхцөлөөс шалтгаалан хүнд нөхцөл байдал арилахаас өмнө үүргээ гүйцэтгэх хугацаа хойшлох боломжгүй болсон.

З Ө  ХХК-ийн зүгээс зээлийн гэрээний хуваарьт төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг М У Х Б анд удаа дараа гаргаж байсан бөгөөд бидний хүнд нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр хуваарьт төлбөрөө төлнө үү гэсэн хариуг өгч байсан юм.

Компанийн зүгээс зээлийн гэрээгээр батлагдсан нийт 18,060,000,000.00 төгрөгийн үлдэгдэл 8,352,735,000.00 төгрөгийг санхүүжилтээр баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, том оврын экскаватор худалдан авч, цахилгаан эрчим хүчинд холбогдвол үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх бөгөөд үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийн гэрээний хуваарьт төлбөрийг үргэлжлүүлэх боломжтой болох байсан.

Нэхэмжлэлийн шаардлага болох “Хэрэв дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 8.4.5-д заасны дагуу бусад эд хөрөнгөөр төлүүлэх талаар мөн шийдвэрт тусгуулах” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаар Зээлийн гэрээний 3.1.1-т зааснаар “Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй нийцүүлэн 813,513,513.51 иен хүртэл” болон 3.1.14-т зааснаар нийт барьцаа хөрөнгүүдийг 17,625,719,900.97 төгрөг байхаар үнэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс ямар үндэслэлээр дээрх шаарддагыг гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М У Х Б  ХХК нь хариуцагч З Ө  ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,253,379,260 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 406 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-2206055735/ үл хөдлөх эд хөрөнгө,  З Ө  ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн овоо нэртэй газарт орших, 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримтаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Барьцааны гэрээнд дурьдсан ирээдүйд би болох хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Ширэн овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг санхүүжүүлэхээр тохиролцож, гэрээнд заасан хуваарь, гүйцэтгэлийн дагуу нийт 813,513,513 иен 51 сэний хүртэл зээлийг 5 жилийн хугацаатай, жилийн 7,05 хувийн хүүтэй, зээл олгосноос хойш 12 сар зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, улирал бүр зээлийг төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 406 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-2206055735/ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б-ЗӨ-ҮХХ 2018-122 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ” байгуулсан байна.

 

“Баталгаат ипотекийн гэрээ”-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн, талуудын хооронд 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б-ЗӨ-ТЗ 2018-120 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу З Ө  ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн овоо нэртэй газарт орших, 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл болон эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримтыг хамтад нь барьцаасан байна.

 

Дээрх барьцааны гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар...” гэж заасан уг гэрээний хувьд ирээдүйд бий болох эд хөрөнгийг барьцаалсан, мөн төслийг санхүүжүүлж эд хөрөнгө бий болох байсан тул уг зохицуулалтад нийцсэн гэж үзэв.

 

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 тоот  Барьцааны гэрээнд дурьдсан ирээдүйд бий болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан ба уг шаардлагаас татгалзсан тул шүүх дүгнэлт хийгээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь “З Ө  ХХК нь зээлийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Заг инженеринг ХХК-д шилжүүлсэн байсан, мөн төсөл үргэлжлэх боломжгүй болсон нь үйл ажиллагааны хяналтаар болон Зээлийн зарцуулалтын хяналтаар тогтоогдсон, зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу зээлийг хугацаанд нь төлөөгүй, цаашид төсөл үргэлжлэх боломжгүй болсон тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр шаардсан” гэж, Хариуцагч нь “Заг инженеринг ХХК-д цахилгааны шугам татуулах зорилгоор мөнгө шилжүүлсэн. Гэвч Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас “Ширэн овоо” төмрийн хүдрийн ордыг цахилгаан сүлжээнд холбогдох техникийн нөхцөл олгох боломжгүй байна гэх хариу өгсөн тул төсөл цааш үргэлжлэх боломжгүй болсон. Зээлийн тооцооллын шалгаж үзсэн, маргахгүй. Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлыг гэрчилгээ олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1/622 тоот албан бичгээр “Ширэн овоо” төмрийн хүдрийн ордыг цахилгаан сүлжээнд холбогдох техникийн нөхцөл олгох боломжгүй гэх хариуг өгч, Монгол Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүнд нөхцөл байдлыг гэрчилгээг олгосон байна.

 

Ширэн овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон болох нь Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-аас 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1/622 тоот албан бичиг, М У Х Б  ХХК-ийн үйл ажиллагааны хяналтаар болон Зээлийн зарцуулалтын хяналт тайлангаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар  сарын 03-ны өдөр дуусах боловч хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж, зээл, түүний хүүг төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д, Зээлийн гэрээний 7.1, 7.5, 8.1.2, 8.1.3-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцлахыг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 439,371,650 иен буюу 11,485,812,635 төгрөг, зээлийн хүү 29,957,322 иен буюу 781,286,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 509,189 иен буюу 13,279,664 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцоолол болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэв.

 

Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргаагүй, мөн нэхэмжлэгч нь Монгол банкны 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн иенийн зарласан ханш 26 төгрөг 8 мөнгөөр тооцож нэхэмжлэл гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

            Нэхэмжлэгч нь барьцааны үл хөдлөх хөрөнгө, болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, дагалдах баримт бичгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн байх тул Иргэний хуулийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар М У Х Б  ХХК болон З Ө  ХХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-ЗӨ-З 2018-119 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч З Ө  ХХК-аас 12,253,379,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М У Х Б  ХХК-д олгосугай.

 

2. Хариуцагч З Ө  ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 406 дугаар байр 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-2206055735/ үл хөдлөх эд хөрөнгө болон  З Ө  ХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн овоо нэртэй газарт орших, 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримт зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 тоот  Барьцааны гэрээнд дурьдсан ирээдүйд бий болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,495,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З Ө  ХХК-аас 61,495,024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М У Х Б  ХХК-д олгосугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР