Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00404

 

“МУХБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1996 дугаар магадлалтай,

“МУХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“З-Ө” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “МУХБ” ХХК нь “З-Ө” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,253,379,260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 255 дугаар зүйлийн 225.1-д зааснаар МУХБ ХХК болон З-Ө ХХК нарын хооронд 2018 оны 07 сарын 03-ны өдрийн ЗГ-ЗӨ-З 2018-119 тоот Зээлийн гэрээг цуцалж, хариуцагч З-Ө ХХК-аас 12,253,379,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МУХБ ХХК-д олгож, Хариуцагч З-ӨХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, 406-р байр 1 тоот хаягт байршилтай, Аялал жуулчлалын зориулалттай /Ү-.............../ үл хөдлөх эд хөрөнгө болон З-ӨХХК-ийн эзэмшдэг, Дорнод аймаг, Халхгол сумын Ширэн овоо нэртэй газарт орших, 583,83 гектар талбайн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, түүний эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл зэрэг бичиг баримт зэрэг үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2018 оны 07 сарын 30-ны өдрийн Б-ЗӨ-ИХ 2018-121 тоот Барьцааны гэрээнд дурьдсан ирээдүйд бий болох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,495,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З-ӨХХК-аас 61,495,024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МУХБ ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1996 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 27-ны өдөр төлсөн 9 157 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Г.Эрдэнэсувд нар хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Дээрх анхан шатны шүүхийн 01925 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12,253,379,260 төгрөгөөс 1,799,990,818.00 /нэг тэрбум долоон зуун ерэн есөн сая есөн зуун ерэн мянга найман зуун арван найман/ төгрөгийг эс зөвшөөрч, уг хэмжээнд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч нь Монгол банкны 2020.05.27-ны өдрийн иенийн зарласан ханш 26 төгрөг 8 мөнгөөр тооцож нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй” хэмээн уг ханшаар тооцож, нийт 12,253,379,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. “МУХБ” ХХК болон “З-Ө” ХХК нарын хооронд 2018.07.30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай Зээлийн гэрээг 18,060,000,000 (арван найман тэрбум жаран сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний иен (барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож)-ийг зээлдэгчид жилийн 7.05 хувийн хүүтэйгээр нийт 5 жилийн хугацаатай олгох нөхцөлтэйгөөр байгуулсан. Зээлийн гэрээ байгуулагдаж, банк тус гэрээний дагуу “Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах” төсөлд зориулан 18,060,000,000.00 төгрөгөөс 9,707,265,000.00 төгрөг (439,371,650.14 иенийг тухайн өдрийн Монголбанкны иенийн зарласан ханш 1 иен = 22.16 төгрөгөөр тооцож)-ийг олгосон болно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” хэмээн зааснаар мөнгөний ханш өссөн, буурсан бол төлбөр төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцохоор заасан байдаг. Учир нь гэрээний үүрэг нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсанаар үүсэхээр заасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсон нь хуульд заасан үүрэг үүсэх үеийн ханшид тооцогдохгүй гэж үзэж байна. Иймээс талуудын хооронд 2018.07.30-ны өдрийн ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханш буюу 1 иен =22.16 төгрөгөөр тооцож үндсэн зээл 439,371,650.14 иен буюу 9,734,278,908.8 төгрөг, 1 иен =23.60 төгрөгөөр тооцож үндсэн хүү 29,957,322.10 иен буюу 707,092,659.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,189.58 иен буюу 12,016,874 төгрөг буюу нийт 469,838,161.82 иен буюу 10,453,388,442.2 (арван тэрбум дөрвөн зуун тавин гурван сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг хоёр мөнгө) төгрөгөөр тооцох байсан. Анхан шатны шүүх хариуцагч “З-Ө” ХХК-иас 2020.05.27-ны өдрийн иенийн зарласан ханш 26.08 төгрөгөөр тооцож 12,253,379,260 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс зөрүү 1,799,990,818 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл баръцаалсан Б-ЗӨ-ТЗ 2018-120 тоот гэрээг эрх бүхий байгууллага бүртгэсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, бүртгэсэн талаарх тэмдэглэгээ уг гэрээнд хийгдээгүй байна” хэмээн дүгнэсэн боловч “З-Ө” ХХК нь ашигт малтмал ашиглалтын МУ-016660 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг жил бүр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан сунгуулахдаа барьцаалагч “Хөгжлийн банк” ХХК-иас тухай бүр зөвшөөрөл авдаг болно. Иймд шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12,253,379,260 төгрөгөөс ханшийн зөрүүний алдагдал 1,799,990,818 төгрөгт хамаарах хэсгийг болон магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. ...Анхан шатны шүүхийн 01925 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12,253,379,260 төгрөгөөс 1,799,990,818.00 /нэг тэрбум долоон зуун ерэн есөн сая есөн зуун ерэн мянга найман зуун арван найман/ төгрөгийг эс зөвшөөрч, уг хэмжээнд шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэртээ “...нэхэмжлэгч нь Монгол банкны 2020.05.27-ны өдрийн иенийн зарласан ханш 26 төгрөг 8 мөнгөөр тооцож нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй” хэмээн уг ханшаар тооцож, нийт 12,253,379,260 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. “МУХБ” ХХК болон “З-Ө” ХХК нарын хооронд 2018.07.30-ны өдөр ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай Зээлийн гэрээг 18,060,000,000 (арван найман тэрбум жаран сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний иен (барьцаа хөрөнгийн үнэлгээнд нийцүүлэн хэсэгчлэн олгох, гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны албан ханшаар тооцож)-ийг зээлдэгчид жилийн 7.05 хувийн хүүтэйгээр нийт 5 жилийн хугацаатай олгох нөхцөлтэйгөөр байгуулсан. Зээлийн гэрээ байгуулагдаж, банк тус гэрээний дагуу “Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах” төсөлд зориулан 18,060,000,000.00 төгрөгөөс 9,707,265,000.00 төгрөг (439,371,650.14 иенийг тухайн өдрийн Монголбанкны иенийн зарласан ханш 1 иен=22.16 төгрөгөөр тооцож)-ийг олгосон болно. Монгол Улсын Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” хэмээн зааснаар мөнгөний ханш өссөн, буурсан бол төлбөр төлөх өдрийнх бус, харин гэрээ байгуулагдсан өдрийн ханшаар тооцохоор заасан байдаг. Учир нь гэрээний үүрэг нь талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсанаар үүсэхээр заасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч “МУХБ” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцсон нь хуульд заасан үүрэг үүсэх үеийн ханшид тооцогдохгүй гэж үзэж байна. Иймээс талуудын хооронд 2018.07.30-ны өдрийн ЗГ-ЗӨ-З 2018-119 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан өдрийн ханш буюу 1 иен=22.16 төгрөгөөр тооцож үндсэн зээл 439,371,650.14 иен буюу 9,734,278,908.8 төгрөг, 1 иен=23.60 төгрөгөөр тооцож үндсэн хүү 29,957,322.10 иен буюу 707,092,659.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,189.58 иен буюу 12,016,874 төгрөг буюу нийт 469,838,161.82 иен буюу 10,453,388,442.2 (арван тэрбум дөрвөн зуун тавин гурван сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг хоёр мөнгө) төгрөгөөр тооцох байсан. Анхан шатны шүүх хариуцагч “З-Ө” ХХК-иас 2020.05.27-ны өдрийн иенийн зарласан ханш 26.08 төгрөгөөр тооцож 12,253,379,260 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс зөрүү 1,799,990,818 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалсан Б-ЗӨ-ТЗ 2018-120 тоот гэрээг эрх бүхий байгууллага бүртгэсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, бүртгэсэн талаарх тэмдэглэгээ уг гэрээнд хийгдээгүй байна” хэмээн дүгнэсэн боловч “З-Ө” ХХК нь ашигт малтмал ашиглалтын МУ-016660 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг жил бүр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан сунгуулахдаа барьцаалагч “Хөгжлийн банк” ХХК-иас тухай бүр зөвшөөрөл авдаг болно. Иймд шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн 12,253,379,260 төгрөгөөс ханшийн зөрүүний алдагдал 1,799,990,818 төгрөгт хамаарах хэсгийг болон магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” эсэх үндэслэлээр хэргийг хянан хэлэлцээд хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, харин гэрээ байгуулах үеийн ханшаар мөнгөн төлбөрийн үүргийг тогтоож, зөрүү 1,799,990,818 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч “МУХБ” ХХК нь хариуцагч “З-Ө” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 469,838,161.82 иен буюу 12,253,379,260.27 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа “...Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг хэрэгжүүлэхээр 18 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иен зээлж авахаас 9,707,265,000 төгрөгийг авсан, 2019.03 сараас хуучин тоног төхөөрөмжөө ашиглан үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч баяжуулах үйлдвэрээс гарсан эцсийн бүтээгдэхүүний чанар стандарт шаардлагыг хангаагүй, эрчим хүчний шугам барих ажил төрийн байгууллагын шийдвэрийн улмаас хийгдэх боломжгүй болсон, зээлийн гэрээгээр нийт батлагдсан 18,060,000,000 төгрөгийн үлдэгдэл 8,352,735,000 төгрөгийг олгосон бол баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, том оврын экскаватор худалдан авч, цахилгаан эрчим хүчинд холбогдвол үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлж орлогоос зээлийг төлөх боломжтой болох байсан...” гэжээ.

8. Анхан шатны шүүх хариуцагч “З-Ө” ХХК-иас 12,253,379,260 төгрөгийг гаргуулж “МУХБ” ХХК-д олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулж шийдвэрлэсэн.

Харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх гэрээг цуцлах үндэслэл журмыг дүгнээгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхой бус буюу Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгийг банкинд барьцаалж болохоор зохицуулсан хэдий ч мөн зүйлийн 51.2, 51.3 дахь хэсэгт гэрээг эрх бүхий байгууллагад хүргүүлэх, эрх бүхий байгууллага барьцааны гэрээг хянаад шаардлага хангаж байна гэж үзвэл бүртгэхээр журамласан байгааг анхаараагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт байгаа баримтаар хариуцагч үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй ба Хөгжлийн банкны барьцаанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа тухай тэмдэглэгээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэгдсэн /хх-79/ баримт хэрэгт авагдсан, гэрээ хэлбэрийн шаардлага хангасан болох нь тогтоогдсон байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээнэ.

10. Талууд 2018.07.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, “Ширэн-Овоо” төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг санхүүжүүлэх, 813,513,513 иенийг 5 жилийн хугацаатай, жилийн 7,05 хувийн хүүтэй зээлэх, эхний 12 сар зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, улирал бүр хуваарийн дагуу зээлийг төлөхөөр тохирсон, банкны зүгээс 439,371,650.14 иений зээлийг олгосон, зээлийн үүргийн гүйцэтгэлд аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорнод аймгийн Халх гол сумын “Ширэн-Овоо”, 583,83 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэлийн хамт барьцаалсан, зээлдэгч буцаан төлөлт хийгээгүй үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх, үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

11. “З-Ө” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, төсөл үргэлжлэх боломжгүй болсон гэж үзээд “МУХБ” ХХК зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020.06.17-ны байдлаар хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үндсэн зээл 439,371,650.14 иен, зээлийн хүү 29,957,322 иен, нэмэгдүүлсэн хүү 509,189 иен нийт 469,838,161.82 иен буюу 12,253,379,260 төгрөгийг нэхэмжилсэн, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 156, 157, 174, 175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Зээлийн гэрээг цуцалсанд хариуцагч маргаж, үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаагүй юм.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч нь хүсвэл барьцаалагдсан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий өөр этгээдэд шилжүүлэх тухай өргөдлийг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” ...гэж заасан тул шийдвэр гүйцэтгэх газар   тусгай зөвшөөрлөөс үүргийг хангуулахдаа уг журмыг баримтлах үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

13. Талууд гадаад валют буюу Япон улсын мөнгөн тэмдэгт болох иен зээлэхээр харилцан тохирсон, гэрээний зүйлийг гадаад валютаар тогтоосон тул зээлдүүлэгч уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч тухайн зүйлийг буцааж төлөх үүрэг үүснэ. Банк гэрээний дагуу иений зээлийн данс нээж, мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн байна. Иймд зээлдэгч “З-Ө” ХХК нь уг мөнгөн хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй тул шүүх иенийг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар монгол төгрөгөөр илэрхийлж шийдвэр гаргасан нь Иргэний хуулийг зөрчөөгүй юм. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасан хэм хэмжээ нь монгол үндэсний мөнгөн тэмдэгтийг гадаад улсын мөнгөн тэмдэгттэй харьцуулсан ханшны тухай зохицуулалт бус тухайн мөнгөн тэмдэгтийн төлбөрийн чадвартай холбоотой ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшийг баримтлах агуулгатай зохицуулалт тул хуулийн энэ заалтын дагуу иенийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцуулах тухай хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 1996 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.11.02-ны өдөр төлсөн 9,157,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                                 Д.ЦОЛМОН

                                                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД