Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 02058

 

 

 

 

 

 

 

 

 

“Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01414 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ГУДС” БСБ-д холбогдох, 38,183,392  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Н.С-, түний өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Отгонбат, түүний өмгөөлөгч Ц.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: “Н.С- нь 2017 онд Глобал удирдагч дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын ангид 1+1 хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаад тус сургуулийн хамтын ажиллагаатай гэх АНУ-ын “Айво Веслиан” /Iowa Wesleyan/ их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэйгээр шилжин суралцахаар болсон. 2018 оны 08 сард АНУ-д очиход тус сургуулиас төлбөрөө бүрэн төлөөд Монгол талаасаа буцаан ав гэсэн. Миний бие суралцахаар нэгэнт зардал гаргаж очсон, 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулна гэж амласан тул Глобал удирдагч дээд сургуулиас буцаан гаргуулна гэж үзээд эхний улирлын төлбөр болох 1 кредит нь 495 ам.долларыг 9 кредитээр тооцож нийт 4,455 ам.доллар, даатгалд 725 ам.доллар тус тус төлсөн. Мөн Бизнесийн удирдлагын ангид Монголд суралцаж байхад АНУ-ын Манлайллын удирдлагын магистрын анги болж хувирсан тул Монголд суралцсан кредит нь хасагдана гэсэн гэтэл нэмэгдэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Глобал удирдагч дээд сургуульд суралцсан кредит шилжих боломжгүй болсон учир АНУ-ын сургууль надаас бүрэн 30 кредит суралцахыг шаардсан тул төлбөрийн асуудлаас болж сургалтаа түр зогсоон 2018 оны 12 сард Монголд эргэж ирсэн болно. Ийнхүү Глобал удирдагч дээд сургуулийн хариуцлагагүй асуудлаас болж миний бие сэтгэл санааны болон зардал мөнгө, цаг хугацааны алдагдалд орсон. Хамтын ажиллагаатай гэх АНУ-ын их сургууль нь тэтгэлэггүй байсан бол миний хувьд хийж байсан ажлаа орхин хаяж, их мөнгө төлбөр төлж тэр холыг зорихгүй байсан. Иймд АНУ-ын ЭСЯ-нд төлсөн 160 ам.доллар, гадаад оюутны заавал төлөх төлбөр 200 ам.доллар, АНУ-ын “Айво Веслиан” их сургуульд төлсөн 5,760 ам.доллар, диплом үнэлгээний 205 ам.доллар, даатгалд төлсөн 725 ам.доллар, Монгол-АНУ, АНУ-Монгол чиглэлийн онгоцны тийзийн зардал 2 500 000 төгрөг болон 586 ам.доллар, Монгол шуудангаар илгээмж илгээхэд төлсөн 135 945 төгрөг, АНУ-д магистрын зэрэг горилж явах болсонтой холбоотойгоор өөрийн эрхэлж байсан ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан тул ажилгүй байсан 12 сарын цалингийн алдагдал 15 280 000 төгрөг, нийт 38 183 392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Бодит байдал дээр “Н.С- нь манай сургуулийн магистрын хөтөлбөрт элсэн орсон бөгөөд гэрээний талууд Монгол улсад сурах магистрын сургалтын гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Уг гэрээний дагуу манай сургуульд суралцаж төгссөн болно. Талуудын хооронд эрх, үүрэг үүсгэсэн, эрх зүйн харилцаатай асуудал бол энэ бөгөөд манай сургууль нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Магистрын сургалтын гэрээгээр ямар нэгэн тэтгэлэг олгох заалт байхгүй. Манай магистрт суралцаж байгаа оюутан 1+1 хөтөлбөрөөр манай хамтран ажилладаг гадаадын их дээд сургуульд суралцах боломжтой байдаг бөгөөд энэ тохиолдолд тухайн сургуульд сургалтын төлбөрөө бүрэн төлдөг. Харин оюутан нь тухайн сургуулиас сургалтын төлбөрийн тэтгэлэг авч болох бөгөөд энэ тохиолдолд тухайн сургуулиас зарласан тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ гаргаж, тэтгэлэг авах болзол, шаардлагыг хангасан нотлох баримтаа гаргаж, сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрээр сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог. АНУ-д суралцах тэтгэлгийн тухайд тухайн “Айво Веслиан” их сургууль шийддэг. Харин оюутан “Н.С- нь манай сургуулийн захиргаанд би “Айво Вейслиан” их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах болсон тул визний материал бүрдүүлэхэд тодорхойлолт шаардлагатай байна гээд манай сургуулиас тодорхойлолт гаргуулж авсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Глобал удирдагч дээд сургуулиас 3 088 306.10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н.С-д олгож, үлдэх                  35 095 085.90 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348 866.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид                64 363 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Н.С- нь Глобал удирдагч дээд сургуультай байгуулсан гэрээний үндсэн дээр 1+1 хөтөлбөрөөр тус сургуульд бизнесийн удирдлага чиглэлээр хос дипломтой төгсөхөөр тохиролцсон. Монгол Улсад 1 дүгээр курсээр 28 кредит, 2 дугаар курсээ АНУ-ын “Айво Веслиан” их сургуульд суралцахаар болсон. Монгол улсад судалсан 28 кредитийг 21 кредит дүйцүүлэн тооцож үлдсэн 9 кредитийг АНУ-д суралцахаар болсон. 2018 оны 06 сард “F1” буюу АНУ-ын “Айво Вейслиан” их сургуулийн Бизнесийн удирдлагын мэргэжлээр, 2018-2019 оны төлбөр 29 500 ам.доллараар суралцах урилга ирсэн байдаг. Уг урилгын дагуу 2018 оны 08 сард суралцахаар очиход Бизнесийн удирдлагын магистрын анги тухайн сургуульд байдаггүй, Манлайллын удирдлагын ангид орж бай гэсэн. Үүний улмаас Монголд суралцсан кредит дүйцүүлэн тооцогдохгүй, стандартын дагуу Манлайллын удирдлага мэргэжлийн 30 кредитийг судлах шаардлагатай болсон. Улмаар 9 кредитийг 1 улирал судална гэж төлөвлөсөн талаар болж, 30 кредитийг 4 улирлаар өөрийн зардлаар суралцахаар болсон нь цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Хариуцагч Глобал удирдагч дээд сургуулиас АНУ-ын “Айво Веслиан” их сургуулийг танилцуулж санал болгохдоо 90 хувийн тэтгэлэгтэй буюу 26 600 ам.долларын хөнгөлөлттэй гэсэн. Гэтэл 29 500 ам.доллараас 26 600 ам.долларыг хасаж тооцоход сургалтын төлбөр 2 900 ам.доллар болно. Энэ нь нэг жилийн сургалтын төлбөр юм. Гэтэл шүүх цэвэр төлбөр, байр, хоолны зардал 13 400 ам.долларыг 4 улиралд хувааж 1 105 ам.долларыг буцаан гаргаж шийдвэрлэсэн нь тооцооллын хувьд алдаатай болсон. 1 жилд хичээлийн 2 улиралтайгаар тооцоход эхний улиралд хоол, унааны зардал оролцуулахгүйгээр сургалтын төлбөрт 1,450 ам. доллар төлөхөөр байна. Нэхэмжлэгч нь байр, хоолны зардлаа хасаж даатгалын хамт 5 760 ам.долларыг нэхэмжилсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс анх санал болгосон Бизнесийн удирдлагын ангид 90 хувийн тэтгэлэгтэй, кредит шилжин тооцогдохоор байсан бол үргэлжлүүлэн суралцах байсан. Дутуу суралцсан учир диплом олгогдоогүй.

Иймд нийт 38 183 392 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Шүүх “Н.С-ыг Бизнесийн удирдлагын ангид суралцаагүй Манлайллын удирдлагын ангид суралцсан байхад Бизнесийн удирдлагын сургалтын хөтөлбөр амжилттай дүүргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. АНУ-ын “Айво Веслиан” их сургуулийн www.iw.edu сайтад үзлэг хийхэд дотоодын болон гадаадын оюутанд 1 кредит цагийн үнэлгээ нь хөнгөлөлтгүй үнээрээ 495 ам.доллар байсан. Үүнийг 9 кредит цагаар тооцоход 4 455 ам.доллар болж байгаа нь 90 хувийн тэтгэлэг олгогдоогүй гэдэг нь тогтоогдож байна. Гэтэл шүүхээс 90 хувийн тэтгэлэг олгогдсон байна, гэрээний үүргээ биелүүлсэн байна, АНУ-ын “Айво Веслиан” их сургуульд сурсан байна, үүний дагуу диплом олгогдсон байна, гэрээний үүрэг дуусгавар болсон байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 38 095 085 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх бодит байдалд нийцээгүй буруу дүгнэлт хийсэн. Глобал удирдагч дээд сургууль нь “Н.С-тай 2017 оны 10 сарын 28-ны өдөр Магистрын сургалтын гэрээ байгуулахаасаа өмнө АНУ-ын “Айво Веслиан” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байсан. Шүүх энэ үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. “Н.С-тай байгуулсан Магистрын сургалтын гэрээгээр түүнийг гадаадад суралцах тохиолдолд түүнд тэтгэлэг олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Оюутнууд нь Глобал удирдагч дээд сургуультай хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиудаас сонгон Глобал удирдагч дээд сургуулиар дамжуулан тэтгэлэг горилох хүсэлтээ, өөрийн холбогдох материалын хамт илгээдэг, тухайн хүсэлтийг хүлээн авсан гадаадын сургууль нь өөрсдийн болзол, шаардлагад нийцсэн оюутанд тэтгэлэг олгох эсэхээ бие даан шийдвэрлэдэг. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ гэж тусдаа гэрээ байгуулан захиргааны зардалд 50 ам.доллар буюу 135 000 төгрөг төлснөөр тухайн тэтгэлэгт хөтөлбөрт оюутныг хамруулан явуулдаг. “Н.С-тай тийм гэрээ байгуулаагүй. АНУ-ын “Айво Вейслиан” их сургуулиас “Н.С-д 20 500 ам.долларын буюу 70 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байдаг. АНУ-ын “Айво Веслиан” их сургуулиас сургалтын төлбөр, хоол хүнс, даатгал, номны зардал төлөхийг мэдэгдсэн захиа болон урилга “Н.С-д илгээснийг өөрөө хүлээн зөвшөөрснөө илэрхийлж гарын үсгээр баталгаажуулан сургууль руу буцаан илгээснээр тэрээр АНУ-д суралцах болсон байдаг. “Н.С-ын нэхэмжилж буй төлбөрөөс нэг ч төгрөгийг манай сургууль хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “Н.С- нь хариуцагч Глобал удирдагч дээд сургуулиас гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол гэх үндэслэлээр 7 636 ам.доллар, 15 415 945 төгрөг буюу нийт 38 183 392 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн, гадаадад тэтгэлэгтэй суралцуулах үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн гаргасан зардал түүнд өөрт нь зарцуулагдсан үндэслэлээр дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж буруу тодорхойлж, улмаар хамтын ажиллагааны гэрээгүйгээр оюутныг шилжүүлэн суралцуулсан буруутай хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсад тэтгэлэгтэйгээр суралцуулахаар ямар нэг ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн болон нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлс төлөхөөр тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн талууд 2017 оны 10 сарын 28-ны өдөр М24/2017 тоот “Магистрын сургалтын гэрээ” байгуулсан байх ба уг гэрээгээр Глобал удирдагч дээд сургууль нь “Н.С-д магистрын зэрэг эзэмшүүлэх, “Н.С- нь сургалтын төлбөр төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг гадаад улсад 90 хувийн тэтгэлэгтэйгээр суралцуулах үүргийг тухайн гэрээгээр хүлээгээгүй байна. Гэрээний 4.9-д “Магистрант онцлох амжилт гаргах, сургуульд бусад сургалтад үргэлжлүүлэн болон зэрэгцэн суралцах тохиолдолд сургууль сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, тэтгэлэг олгож болно” хэмээн заасан нь оюутан тухайн Глобал удирдагч дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах, зэрэгцэн суралцах тохиолдолд хөнгөлөлт үзүүлэх, эсхүл тэтгэлэг олгох эсэхийг сургууль өөрөө шийдэх агуулгатай байна. /1хх 32/ Өөрөөр хэлбэл өөр улсын сургуульд тэтгэлэгтэй суралцуулах үүрэг хүлээсэн агуулгагүй байна.

 

Түүнчлэн Глобал удирдагч их сургууль болон АНУ-ын “Айво Веслиан” их сургууль нар 2017 оны 09 сарын 15-ны өдөр хэлцэл хийж, хоёр сургууль оюутан солилцоо, боловсон хүчин солилцоо, шинжлэх ухааны материал, хэвлэлийн солилцоо, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний уулзалт зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтарч ажиллахаар харилцан тохиролцжээ. Уг хэлцэл нь бие даасан гэрээний шинжгүй, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй, хоёр талын цаашид хамтран ажиллагаа явуулах агуулгатай санамж бичиг байна. Түүнчлэн, дээрх хэлцлээр АНУ-ын “Айво Веслиан” их сургуулийн нэрийн өмнөөс бусадтай хэлцэл хийх, түүний нэрийн өмнөөс тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах бүрэн эрхийг Глобал удирдагч дээд сургуульд олгоогүй байгааг дурдах нь зүйтэй. /1хх 162/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө тухайн сургуулийн өмнөөс үүрэг хүлээсэн баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагч нь АНУ-ын “Айво Веслиан” их сургуулийн танилцуулгыг суралцагч нарт танилцуулсан нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү танилцуулга нь нийтэд мэдээлэл өгөхөд зориулагдсан шинжтэй баримт байна.

 

Мөн Глобал удирдагч дээд сургуулиас нэхэмжлэгчтэй холбоотой тодорхойлолт /1хх 10/, албан бичиг /1хх 45/ зэргийг гаргаж өгсөн нь “Н.С-аас АНУ-ын Элчин сайдын яамнаас Виз хүсэх, АНУ-д суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор үйлдэгдсэн баримт гэж үзэхээр байна. АНУ-ын “Аова Веслиан” их сургуулиас “Н.С-ын нэр дээр ирүүлсэн F-1 ангиллын Виз хүсэх баримтад АНУ-д суралцахад гарах зардлыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх ба тухайн нөхцөлийг нэхэмжлэгч “Н.С- өөрөө зөвшөөрч суралцахаар явсан байна. Тэдгээрийн хоорон дахь харилцаанд хариуцагч ямар нэг үүрэгтэйгээр оролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн Нэхэмжлэгч “Н.С-аас гарсан гэх зардлууд нь АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын их сургуульд төлөгдсөн, эсхүл өөрт нь зарцуулагдсан зардлууд буюу хариуцагч байгууллагад төлөгдөөгүй байна. 

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд зохигчдын хооронд гадаад улсад тэтгэлэгтэй суралцуулах талаар тохиролцоо хийгдсэн болох нь тогтоогдохгүй, улмаар хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө энэ талаар үүрэг хүлээгээгүй буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гадаад улсад суралцуулахтай холбоотой үүргийн харилцаа үүсээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 181/ШШ2020/01414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “ГУДС” БСБ-д холбогдох, нийт 38,183,392 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч “Н.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Н.С-аас төлсөн 333 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “ГУДС” БСБ-аас төлсөн 64 363 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР                                                         

                                    ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Д.НЯМБАЗАР