Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 511

 

С.Ц нарын нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:               М.Батсуурь

Шүүгчид:                  Г.Банзрагч

                                 Х.Батсүрэн

                                 П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А З” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах”,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: ““А З” ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах” 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0567 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: С.Ц, С.Ц, Б.Э болон нэхэмжлэгч Л.Ж-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нэхэмжлэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Б,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Э.Г нар,

Нэхэмжлэгч С.Ц, С.Ц, Б.О, Б.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц-ын гаргасан  “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А З” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага ““А З” ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0567 дугаар магадлалаар: 1. нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А З” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн /2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 тоот гэрчилгээ бүхий/ нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгон, эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж, нэхэмжлэгч С.Ц, С.Ц, П.Э, Б.О, С.Б, А.Ж нарын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А З” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн нэхэмжлэгч нарын газартай давхцсан хэсгийг хүчингүй болгон, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “А З” ХХК-ийн “С.Ц нарын 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж оруулан, 2, 3, 4 дүгээр заалтын дугаарлалтыг 3, 4, 5 болгон өөрчилж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч Б.Э-ийн гомдол: “... магадлалын 4 дүгээр талд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сайдаас газар олгосон тушаал шийдвэр гараагүй ч дээр дурдсан гэрээ гэрчилгээ нь гуравдагч этгээд “А З” ХХК-д 2007 онд газар ашиглах эрх үүссэнийг нотолж байх ба энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно” гэж дүгнэсэн нь тухайн үед Байгал орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан А.Н гэгчийн албан тушаалаа ашиглаж Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 450 тоот гэрчилгээг бичиж өгсөн явдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Байгал орчны сайдын 2001 оны 218 тоот тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн явдлыг зөвтгөснийг иргэн надад давж заалдах шатны шүүхэд хардах сэтгэгдэл төрүүлж байна. Дээрх асуудал маргаан анх эхэлснээс хойш яригдсан бөгөөд сайдын эрхийг эдлүүлэхээр шүүхийн шийдвэр хүртэл гарч байсан. Энэ талаар хэргийн материалаас харагдана. Маргааны гол эх үүсвэр эндээс гаралтай юм.

4. Магадлалын 7 дугаар талд “... гэвч дээрх хувьчилж авсан орон сууцны байшингийн суурь “А З” ХХК-ийн газартай давхцаагүй, харин уг байшингийн өргөтгөл барьсан хэсэг болон хашаалсан хэсэг нь 444,22 м.кв газар давхцалтай байх бөгөөд хэрэгт авагдсан 2005-2007 оны агаарын зургийг А.Ж асаны удаан хугацаанд оршин сууж байсан гэх газартай давхцуулан харуулсан байдал, 2004, 2005, 2006, 2007 оны тухайн орчны байдлыг харуулсан сансрын зургуудаас үзвэл 2007 онд хашаалаагүй, өргөтгөл баригдаагүй байжээ. Иймд нэхэмжлэгч А.Ж асан эзэмшиж байсан газартай давхцуулж “А З” ХХК-д газар ашиглах эрх олгосон гэж үзэх боломжгүй” гэж дүгнэжээ.

5. 1975 онд баригдаж ашиглалтанд орсон Улсын Клиникийн төв эмнэлгийн ажилчдын 4 айлын орон сууцны 2 айлынханд нь нөхөр А.Ж-ны хамт анх айл гэр болж 1988 онд амьдралаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 32 жил энэ байрандаа амьдарч байна. Энэ хугацаанд байрандаа өргөтгөл огт хийгээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийнхэний өргөтгөл хийсэн гээд байгаа хэсэг нь байрлуугаа орох үүдний тамбарын хэсэг бөгөөд анх баригдсанаасаа хойш байсныг миний нөхөр хэдэн банз хадан битүүлж авто гарааш болгон ашиглаж байгаа хувьчлалаар авсан бидний хөрөнгө юм.

6. Хашааллын тухайд, манайх анх хувьчилж авахаасаа өмнө 4 айлын сууцаа баруун хойд, зүүн хойд талын айлуудаасаа тусгаарлаж хашаагаа хойгуураа татсан, зүүн талдаа орц гарцтай дааман хаалгатай хашаатай байсан ба одоо ч байгаа. Харин урд талаараа “А З” ХХК-ийн буюу иргэн Б.Чинбатын 1998 онд халдвартын эмнэлгийн орны пүршээр барьсан хашаатай анх хиллэдэг байснаараа яг тэр хэвээрээ оршин байрладаг. Манай нөхөр А.Жаргалсайхан асаны 444,22 м.кв газар буюу тухайн газар дээрх хувьчлан өмчилж авсан байшингийн хэсэг 00 бохирын болон цэвэр усны шугам худгийн хамт зөвхөн кадастрын зургаар “А З” ХХК-ийн газартай давхцуулсан маргаанаар 2012 оноос хойш шүүхээр 6 жил явж байна.

7. Үндсэн хууль болон Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлийн 106.2-д заасан өмчлөх эрхийн тухай заалт яагаад манай гэр бүлийнхэнд үйлчилдэггүй юм. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0568 дугаар магадлалыг бидний өмчлөх эрхэнд халдсан явдал гэж үзэж байна.

8. “... А.Ж, Б.Э нарын гэр бүл 1988 оноос хойш оршин суугаа байшингийнхаа орчны газрыг ашиглаж байгаа атлаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээг 0,07 га-гаас илүүгүй байна” гэж зааснаас илүү хэмжээний газар эзэмшихээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй билээ” гэж дүгнэсэний тухайд, А.Ж бид хоёр гэр бүл болсноос хойш нэг охинтой болсон юм. Энэ охин маань одоо насанд хүрсэн бөгөөд энэ маргаанд би охиноо төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс миний охин Ж.А-г удаан хугацаагаар оршин сууж буй уугуул иргэн гэж үзэлгүй шударга бус хандаж байгаад гомдолтой байна.

9. Иргэн миний бодоход Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд нь газрын тухай өөр өөр асуудлуудыг зохицуулдаг гэж боддог. Гэтэл миний төлөөлөн нэхэмжлэгчээр оролцож нэхэмжилж буй газрын хэмжээг 0.07 га газраас илүү гэж шүүх үзэж байгаа бол Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн заалт миний охинд үйлчилмээр санагдах юм. Тэгээд ч нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүгд нэг л гараанаас өөрөөр хэлбэл нэг ижил нөхцөл байдалд байсан шүү гэдгийг анхаарах хэрэгтэй байна” гэжээ.

10. Нэхэмжлэгч С.Ц, С.Ц, Б.О, Б.Э нарын гомдол: “... “А З” ХХК-ийн одоогийн удирдлагууд анхны хувьчлалтай ямар ч холбоогүй бөгөөд 1994 онд “Арвин” ББХК нь хувьчлалд оролцож, Зайсангийн Эмийн баазын хоёр барилгыг л зөвхөн хувьчилж авсан. Тус барилга нь гадуураа том хашаатай байсан. “А З” ХХК нь түүний орчны газраа 2007 онд эзэмших эрхтэй болсон гэж буй нь учир дутагдалтай. Яагаад гэвэл тус компани зөвхөн хоёр барилгаа хувьчилж аваад түүнийг тойрсон газартай хашаагаа аваагүй байсан.

11. Гэтэл тус компани тэр хоёр барилгыг үндсэн, тойрч хүрээлсэн тэр хашаа бүхий газрыг бусдад зараад, дараа нь дахин гадна талд нь тус Эмийн баазын унтлагын орнуудын төмрөөр дур мэдэн хашаа барьж, оршиж байгаад мөн тэр газрыг бусдад зарсан. Улмаар тэр газрыг худалдаж авсан одоогийн шинэ эзэд нь 2007 онд хөрш айлууд болох үндсэн хаяг бүхий иргэд, айл өрхүүдийг оршин буйг мэдсээр байж, тус худалдан авсан газраа томруулах зорилгоор дээрх айлуудыг хамруулан кадастрын зураг хийлгүүлж, уг газрынхаа хүрээг тэлсэн.

12. Тус компани нь илт ийм арга замаар газрын наймаа хийж, иргэдийн амьдарч буй газрыг БОНХАЖ-ын яам хариуцлагагүй мэргэжилтнүүдтэй хамтран хуйвалдаж авсан гэж иргэд бид үзэж байна.

13. Иймд, бидний гомдлыг харгалзан үзэж шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

            ХЯНАВАЛ:

14. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            15. Нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.р, С.Цнараас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А З” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бид Зайсангийн аманд олон жил амьдарч байгаа уугуул иргэд, ... тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, ... “А З” ХХК-нд кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн” гэж, хариуцагчаас “...”А З” ХХК-ийн ашиглах эрхтэй газарт нэхэмжлэгч нар хууль зөрчин хашаа хатгаж, амьдарсан, ... бусдын хууль ёсоор эзэмшиж буй газарт давхцуулан газар ашиглах хүсэлт гаргасан тул нэхэмжлэгч нарт газар ашиглуулах шийдвэр гаргах боломжгүй” гэж тус тус маргажээ.

16. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 0.8 га талбайг ашиглуулах 450 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “А З” ХХК-нд олгож, 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр газар ашиглах гэрээ байгуулсан, уг газартай нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б нарын “хүсэлт гаргасан” газар нь бүхэлдээ, нэхэмжлэгч С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын “хүсэлт гаргасан” газартай хэсэгчлэн давхцалтай нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

17. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоохдоо иргэдэд “хашааны” эсхүл “гэр бүлийн хамтын хэрэгцээний” зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг зөвшөөрөөгүй, харин аялал жуулчлалын зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулж болохоор заажээ. 

18. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар тусгай хамгаалалттай газар нутагт он удаан жил суурьшин амьдарч байгаа иргэдийн талаар хэлэлцэн, уг хуралдааны 17 дугаар тэмдэглэлээр “.../уг/ иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан, үүний дагуу  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар “... Зайсангийн амны 11 дүгээр хороо...-нд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг газар дээр нь шалгаж, бүртгэлжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан, үүнийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулан авч үзвэл, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдахаас өмнө тухайн байршилд суурьшин амьдарч эхэлсэн иргэдийн хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс, уг хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, тусгай хамгаалалттай газарт он удаан жил суурьшин амьдарч байгаа газрыг нь “хашааны” зориулалтаар олгох зохицуулалт гэж үзэхээр байна.

19. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэр нь 1994 оноос өмнө Богдхан уулын дархан цаазат газар, Зайсангийн аманд хашаа хатган суурьшин амьдарч байгаа иргэдийн хувьд 1994 онд батлагдсан хуулийн үйлчлэлд хамааруулахгүйгээр, иргэдэд өөрийн он удаан жил суурьшин амьдарсан хашааны газраа цаашид ашиглах эрхийг төрөөс баталгаажуулах зорилготой, харин уг тогтоолоор Зайсангийн аманд гэр бүлийн хамт амьдарч байсан хүн тус бүрд, эсхүл аливаа байдлаар уг амны аль нэг хэсэгт дураараа хашаа хатган амьдарсан иргэнд газар ашиглах “давуу эрх”-ийг олгоогүй гэж үзнэ.

20. Иймд, нэхэмжлэгч нарын “...бид Зайсангийн аманд он удаан жил амьдарч байгаа уугуул иргэд ... /тул/ газар ашиглах эрхтэй”, “...анх бөөндөө нэг газарт амьдарч байгаад ... тус тусдаа хашаа хатган амьдарсан”, “... бидний охин насанд хүрсэн ... уугуул иргэн  /тул газар эзэмших эрхтэй/” гэх агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

21. Анхан шатны шүүх хууль тогтоомжийн дээрх заалтуудыг маргааны үйл баримтуудад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэж, “...нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь ... газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцнэ” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

22. Тодруулбал:

  1. Гуравдагч этгээд “А З” ХХК-нд газар ашиглуулах талаар дээрх шийдвэр гаргах үед нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нар нь одоо “газар ашиглах эрх олгох”-ыг хариуцагчаас шаардаж буй газартаа /2004 оноос/ амьдран сууж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул бусдын гэр барин амьдарч, бодитоор ашиглаж байгаа газрыг 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “А З” ХХК-нд ашиглуулахаар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн ерөнхий зохицуулалт, шаардлагад нийцээгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нарын “хууль ёсны ашиг сонирхол” нь гуравдагч этгээдэд газар ашиглуулах шийдвэр гарахаас өмнө үүссэнийг харгалзан, энэ үндэслэлээр эдгээр 3 нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, дүгнэлтийг хяналтын шатны шүүх буруутгахгүй.   
  2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа ... -нд гаргах”-аар, 36 дугаар зүйлийн 1-д “/тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн/ төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргах”-аар тус тус зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасан журмын дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүст газар ашиглах хүсэлтийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд гаргах, төрийн захирггааны төв байгууллага (яам) нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг үндэслэн, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр газар ашиглуулах тухай шийдвэрийг гаргахаар байна.

Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч С.Ц, С.Ц,  С.Б,  П.Э, Б.О нараас газар ашиглах эрх олгохыг шаардаж, кадастрын зургаар тодорхойлон зааж буй газартаа 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгогдохоос өмнө амьдран сууж байгаагүй, түүнчлэн, гуравдагч этгээдээс өмнө маргаан бүхий газрыг ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж байгаагүй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, үүнээс үзэхэд, Богдхан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд “А З” ХХК-нд 0.8 га газар ашиглуулахаар 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шийдвэрлэсэн “захиргааны акт” нь захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гарсан, уг актын улмаас тухайн үед уг газрыг ашиглах талаар хүсэлт гаргаж байгаагүй, хууль ёсны ашиг сонирхол нь үүсээгүй байсан нэхэмжлэгч С.Ц, С.Ц,  С.Б,  П.Э, Б.О нарын “газар ашиглах” эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв, нэхэмжлэгч нарын “... “А З” ХХК нь түүний орчны газраа 2007 онд эзэмших эрхтэй болсон гэж буй нь учир дутагдалтай, ... хууль зөрчиж, ашиглах эрхтэй болсон” гэх агуулгаар гаргасан хяналтын гомдлыг хүлээж авах боломжгүй.

  1. Нэхэмжлэгч А.Ж нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт, маргаан бүхий байрлалд Төрийн өмчийн хорооны 2003 оны 313 дугаар тогтоол,  Улсын клиникийн төв эмнэлгийн ерөнхий захирлын 2003 оны а/91 дүгээр тушаалын дагуу 2 айлын орон сууцыг худалдаж авсан, Төрийн өмчийн хорооноос 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орон сууц эзэмших эрхийн 47 дугаартай гэрчилгээ олгогдсон,  түүний эхнэр Б.Э-ийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж гаргасан “... Төрийн өмчийн хорооны 2003 оны 313 дугаар тогтоолын дагуу ... орон сууц хувьчлан авсан, ... газар эзэмшүүлэх гэрчилгээнээс хоцорсон тул захирамжиндаа оруулж өгч, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгож өгнө үү” гэх өргөдөл, “Хан Зайсан холбоо” ТББ-ын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр уламжлуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд  хандаж “... /он удаан жил амьдран суусан/ газраа өмчлөх”-өөр гаргасан хүсэлтийг үндэслэн, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 556.35 м.кв талбайг 5 жилийн хугацаатай ашиглуулах эрхийн 2015/661 дугаар гэрчилгээ олгосон, Б.Э-т “ашиглах эрх” олгогдсон уг газарт нэхэмжлэгч А.Ж, Б.Э нарын анх хувьчлан авсан орон сууцны суурийн талбай багтсан бөгөөд,  нэхэмжлэгч А.Ж-ны “... 1988 оноос хойш амьдран сууж байгаа, ... хувьчлан авсан орон сууцны /орчны газар/” гэх үндэслэлээр одоо маргаж буй газартай хил залгаа, нэхэмжлэгч А.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нас барж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний эрх залгамжлагчаар Б.Э оролцож байгаа, Б.Э нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  2015/661 дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний дагуу ашиглаж буй 556.35 м.кв газрыг оролцуулаад, нийт 1436 м.кв талбайг одоо хашаалсан, гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газар нь А.Ж, Б.Э нарын хувьчлан авсан орон сууцны суурийн газар болон Б.Э-ийн ашиглах эрхтэй 556.35 м.кв газартай давхцалгүй, А.Ж-ны “газар ашиглах эрх олгох”-ыг шаардаж буй 664.2 м.кв талбайтай хэсэгчлэн давхцалтай нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

23. Аливаа иргэн орон сууц хувьчлан авснаар уг орон сууцны орчны газрыг эзэмших эрх тухайн орон сууц өмчлөгчид шууд үүсэхгүй, тухайн тохиолдолд, Газрын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу газар эзэмших, ашиглах талаарх хүсэлтээ зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргасны үндсэн дээр, мөн хуульд заасан нөхцөл, болзлыг хангаж, хуулиар тогтоосон хэмжээний дотор газар эзэмших, ашиглах эрх үүсэх ёстой юм.

24. Нэхэмжлэгч А.Ж нь хувьчлан авсан орон сууцны орчны газраа эзэмших, ашиглах хүсэлтийг анх “Хан Зайсан холбоо” ТББ-ын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай албан бичгээр уламжлуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хандаж “газраа өмчлөх”-өөр хүсэлт гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, гуравдагч этгээд “А З” ХХК-нд 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр газар ашиглуулах шийдвэр гарахаас өмнө хариуцагч Байгаль орчны сайдад болон тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй,  гуравдагч этгээд “А З” ХХК-нд газар ашиглуулах шийдвэр гарсны дараа бусдын эзэмшил, ашиглалтад олгогдсон маргаан бүхий газарт “газар ашиглах эрх олгох”-ыг шаардаж байгаа нь  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн зохицуулалт, шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

25. Түүнчлэн, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч А.Ж, түүний эхнэр Б.Э нарын хувьчлан авсан орон сууцны орчны 556.35 м.кв газрыг Б.Э-ийн хүсэлтээр түүнд ашиглуулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч А.Ж нас барснаар түүний эхнэр Б.Э эрх залгамжлан авч, гэр бүлийн хувьчлан авсан орон сууцны орчны газар болох өөрийн ашиглах эрхтэй 556.35 м.кв газар дээр нэмэгдүүлэн, 664.2 м.кв газар ашиглах эрх олгуулахаар шаардаж байгаа нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэсэнтэй нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Б.Э-ийн “... Үндсэн хууль болон Иргэний хуулийн 105, 106 дугаар зүйлийн 106.2-д заасан өмчлөх эрх ... зөрчигдсөн, ... охин маань одоо насанд хүрсэн бөгөөд энэ маргаанд би охиноо төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа, ...  давж заалдах шатны шүүхээс миний охин Ж.А-г удаан хугацаагаар оршин сууж буй уугуул иргэн гэж үзэлгүй шударга бус хандаж байгаад гомдолтой байна” гэх зэргээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

26. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий байршилд газар ашиглагч Б.Эрдэнэбилэгийн ашиглах эрхтэй газрын хэмжээг 664.2 м.кв талбайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргаагүйн улмаас түүний “өмчлөх эрх зөрчигдсөн” гэж шүүх дүгнэх боломжгүй, шүүхийн энэхүү шийдвэр нь Б.Э-ийн  бодитоор хашаалсан  “нийт 1436 м.кв талбай”-д бус, зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу гуравдагч этгээдийн газартай давхцалтай хэсэгт хамааралтай болохыг дурдах нь зүйтэй.

27. Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2018/0567 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э, С.Ц, С.Ц, Б.О нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц-аас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА