Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 730

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бууч овогт С ын Ц , А овогт Ч гийн Д , Чорс овогт С ын Б , Чорс овогт С ын Б , Мандаат овогт С гийн Б , Чүлтэм овогт А ын Ж , Монгол овогт П ийн Э , Даржаа овогт Б ын О , Бууч овогт С ын Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц ,

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучнаар/,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “А ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А ” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгах тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “А ” ХХК-ийн газартай давхардаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй С.Ц  нарын нийт 9 иргэнийг нүүлгэж, газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус даалгах тухай,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч С.Цийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц , нэхэмжлэгч С.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нэхэмжлэгч А.Ж ы эрх залгамжлагч Б.Э*******, түүний өмгөөлөгч Л.Батчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, Б.Д*******, гуравдагч этгээд “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганбаатар, Д.Б*******, иргэдийн төлөөлөгч М.Цэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Г.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ:

“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Зайсангийн аманд оршин суудаг  дээрхи иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөж байна. Эдгээр 9 иргэн нь бүгд Зайсангийн ам, дайчдын хөшөө гэх хаягт олон жил (9-38 жил хүртэл) амьдарсан уугуул болон суугуул иргэд бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд мөн төдийгүй, Иргэний бүртгэлийн тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх дээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө гэсэн тодорхой оршин суух хаягт бүртгэгдсэн иргэд юм.

Эдгээр иргэдийн оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарах бөгөөд эрх зүйн зохицуулалтын улмаас газар болон газар  дээрхи аливаа эрхээ баталгаажуулах боломжгүй байсан болно. Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмын дагуу газар ашиглах хүсэлт гаргахад зөвшөөрөл олгодоггүй байсан болно.

2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А/235 дугаар захирамжаар байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд он удаан жил амьдран сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх үүрэгтэй байгуулагдсан.

Үүний дагуу Зайсангийн аманд байгаа гэрчилгээгүй айлуудад кадастрын зураг хийж өгсөн. Улмаар тодорхой тооны иргэдэд газар ашиглуулах гэрчилгээг нь олгосон боловч  дээрхи 9 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээг нь олгоогүй. Эдгээр 9 иргэн нь тухайн газар дээр олон жил оршин суусан, тухайн газраар оршин суух хаягаа бүртгүүлсэн, тодорхой хэмжээний үл хөдлөх эд хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад газар ашиглах гэрчилгээг олгоогүй, өөр компанид кадастрыг нь давхардуулан газар ашиглах эрх олгосон байх нь иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Улмаар иргэдэд газар ашиглах эрхийг олгоогүй шалтгаан нь “А ” ХХК-тай газрын кадастрыг давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон байсан. “А ” ХХК нь иргэдийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч шүүхээс мөн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

 дээрхи иргэд албан ёсны хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа бөгөөд Монгол Улсын иргэний үндсэн эрх болох газар ашиглах, эзэмших эрхээ олж авч чадахгүй байгаагийн улмаас газар дээрээ амины байшин барих, газраа эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг эрхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр  дээрхи 9 иргэдийн газрыг авсан гэх компани нь тухайн газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа болно.

Эдгээр 9 иргэн нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээ авахаар нэгдсэн байдлаар хандсан боловч хариу өгөхгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батсансарын 10/6222 тоот албан тоотоор "А " ХХК-тай давхцаж байгаа тул тухайн газарт давхардуулан газар ашиглах эрх олгох эрх зүйн үндэслэлгүй гэсэн мэдэгдэл өгсөн юм.

Иймд  дээрхи 9 иргэний оршин суудаг газартай, “А ” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гаргасан “тусгай хамгаалалтай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээ”-ний  дээрхи 9 иргэний газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч С.Б  шүүхэд гаргасан тайлбартаа:

С  овогтой Б  миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд нөхөр хүүхдийн хамт одоог хүртэл амьдарч байна. Гэтэл сүүлийн жилүүдэд манай эргэн тойрны 10 орчим айлуудыг “А ” ХХК нь кадастрын зураг давхацсан асуудлаар шүүхэд удаа дараа хандсан боловч тухай бүрд нь шүүхээс “А ” ХХК-ийн нэхэмжлэлийг ямар ч үндэслэлгүй гэдгийг тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1863 дугаар шийдвэр гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “А ” ХХК-ийн эдгээр айлуудтай анхнаасаа кадастрын зураг давхцалгүй гэж тогтоосон. 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгасан шийдвэр гаргасан.

“А ” ХХК нь аялал жуулчлалын нэрээр газрын зөвшөөрөл авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсаар байгаад 2008 онд өөрийн газрын хөрш зэргэлдээ айлуудын газрыг оруулж сунгасан кадастрын зураг хийлгэсэн. Энэ зургийнхаа дагуу орц гарц хаасан гэдэг үндэслэлээр бидний өчүүхэн газрыг авах зорилготой шүүхэд хандсан. Бид амьдарч байсан нотлох баримтуудаа удаа дараалан бүрдүүлж өгсөн. Иргэд бидний амьдралын баталгаа болсон өчүүхэн жижиг газар дээр минь тайван амьдруулж, хэргийг үнэн зөвөөр нь шүүж, бидэнд газрын бичгийг минь олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч А.Ж ы эрх залгамжлагч Б.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“Иргэн Б******* овогтой Э******* миний бие нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө 1 дүгээр гудамжны ЗЗ тоотод оршин суудаг. Миний нөхөр А.Ж  нь Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгт инженерээр ажиллаж байхдаа байгууллагаасаа 1988 онд олгосон, хуучнаар Ажилчны районы нутаг дэвсгэр, Богд уулын тусгай хамгаалалтын бүс, Зайсан толгойн зүүн талд байрлалтай Улсын клиникийн нэгдсэн эмнэлэгийн ажилчдын дан цагаан байр буюу одоогийн хаягаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, 1 дүгээр гудамж, 34 тоот байраа Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 313 тоот тогтоолыг үндэслэн Улсын төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2003 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн а/91 тушаалаар худалдан авч өнөөдрийг хүртэл 30 жил гэр бүлийн хамт амьдарч байсан.

Иргэн миний оршин суугаа нутаг дэвсгэр нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс нутагт хамаарч байгаагаас газраа ашиглах, газар  дээрхи эрхээ баталгаажуулахаар 2007 онд манай гэр бүл холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Газрын алба, “Хан Зайсан Холбоо” ТББ-аар уламжлан хөөцөлдсөн боловч гэрчилгээг олгоогүй юм. Олгоогүй гол шалтгаан нь “А “ ХХК-д бидний амьдарч байгаа байрны нутаг дэвсгэрийг давхардуулан олгосон явдалтай холбоотой байна. Манай гэр бүл өмч хувьчлалаар авсан энэ байрандаа он удаан жил амьдарч байгаа тул энэхүү газрыг эзэмших, ашиглах давуу эрх нь бидэнд бий гэж үзэж байна.

Учир нь 1988 онд анх  дээрхи байранд нүүж орсноос хойш бидний амьдарч байгаа газарт буюу маргаан бүхий газар нь газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэц, нийтийн эзэмшлийн орц, гарц гэх зүйл огт байгаагүй юм.

“А " ХХК нь анх 2007 онд иргэн Б.Ч*******ын эзэмшлийн гараш бүхий хоёр тоосголсон байшин /эмийн үйлдвэрийн залгаа/-г хашааны хамт худалдаж авсан бөгөөд одоо ч тэр хэвээрээ байгаа. Уг компани нь “Т*******” ХХК-иар нэгж талбарын байршлын кадастрын зураг хийлгэхдээ манай эзэмшиж, ашиглаж байгаа газартай буюу байшингийн өнцөг булан, 00, душ, муу усны нүх, хашааны 297,12 м2-тай давхцуулж хийлгэсэн байдаг. Гэтэл  дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж магадлалгүйгээр манайхаас сүүлд буюу 2007 онд гадаад худалдаа эрхлэх чиглэлээр байгуулагдсан “А “ ХХК-д манай газартай давхцуулж газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2015 оны А/235 тоот тушаалыг зөрчсөнөөс гадна биднийг хохироосоор байна. Иймд иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд" гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар "удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий" ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах, Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу ашиглах хүсэлт гаргасан иргэнд газар ашиглах эрхийг олгосон. Харин хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаасан иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн.

1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсанаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд тус хуулийн 11 дүгээр зүйлд заасанчлан аялал жуулчлал болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусад хэлбэрээр газар ашиглахыг хориглосон. Гэтэл эдгээр иргэд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно", 35 дугаар зүйлийн 1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасныг тус тус зөрчин амьдарсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...тодорхой хэмжээний үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулсан, тэргүүн ээлжинд газар ашиглах эрхийг олж авах эрх ашиг нь үүссэн байхад “А ” ХХК-д давхардуулан газар ашиглах эрх олгосон байна” гэжээ.

"А " ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны бусад хууль тогтоомжид заасны дагуу газар ашиглах хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэн хууль ёсоор ашиглах эрх 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 450 тоот газар ашиглах гэрчилгээгээр 0,8 га газарт үүссэн байна. Иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж "А " ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус “А ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй юм.

“А ” ХХК нь анх 2007 оны 11 сарын 7-ны өдрийн 540 дугаартай гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай 3,3 га газарт хууль ёсоор газар ашиглах эрх үүссэн. Газар ашиглах гэрчилгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай сунгагдсан байна. Тиймээс хууль ёсны газар ашиглах эрхтэй, газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, мөн хуулиар хориглосоор байхад тусгай хамгаалалттай газар нутагт амьдраад байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг зөрчин зөвшөөрөлгүй амьдарсаар ирсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс эдгээр иргэд нь олон жил амьдарсан, энд амьдрах эрхтэй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэд 2015 оны 6 дугаар сард Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан ч тухайн хүсэлт гаргасан газар нь “А ” ХХК-ийн газартай давхцалтай байгаагаас үүдэн тус яам нь иргэдэд газар ашиглах зөвшөөрөл олгоогүй юм. Энэ нь тус яамны эс үйлдэхүй биш тул иргэдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмших эрхийг олгохыг даалгаж өгөх тухай шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Иймд 9 нэр бүхий иргэнд газар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “А ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Анх 1994 онд “А*******” ХХК эмийн баазын объектыг өмч хувьчлалаар худалдаж авсан. “А*******” ХХК нь 2007 онд “А ” ХХК болж нэрээ өөрчилж, худалдаж авсан объектын газрыг тухайн үед газар эзэмших, ашиглах эрх хуулиар олгогдоогүй байсныг 2007 онд гэрчилгээжүүлж баталгаажуулж авсан. 2007 онд анх олгогдсон хэмжээгээрээ тэр кадастрын цэгүүдээр өнөөг хүртэл явж байгаа. Энэ хугацаанд газрын төлбөрт 1 жилд 10.800.000 төгрөгийг төлж ирсэн. 2015 онд шүүхээр тус маргаан үүсэх хүртэл манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд явж байсан. Нэхэмжлэгч иргэд тухайн үед хашаагүй байсан газарт түр бууя, нэг жил өвөлжчихөөд хавар нүүнэ гэдэг байдлаар анх ирж буугаад улмаар хашаа нэмэгдэж баригдсаар байгаад орц гарц таглагдсан. Одоо ямар нэгэн байдлаар гарц, орц байхгүй, битүү хашаа болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсхэгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “А ” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ:

“Тус компанид Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Н******* (хуучнаар) Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт орших Зайсангийн ам нэртэй газарт 0,8 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч, 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр газар ашиглах 450 тоот дугаартай гэрчилгээ олгож, 2012 оны 6 дугаар сарын 19-ны өдөр уг гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан байдаг. Уг газарт байрлах объектыг 1994 онд дуудлага худалдаагаар авсан.

Тус компанийн хууль ёсны дагуу ашиглах эрх бүхий газар нь урд болон баруун хэсгээрээ бусдын эзэмшил газартай шууд хиллэдэг. Маргаан үүсгэж буй иргэд буухаас өмнө зүүн талаасаа орц гарцтай байсныг Ч.Д  нарын нийт 9 иргэн зүүн болон хойд хэсгийг таглан манай газар дээр өөрсдийн дураар зөвшөөрөлгүйгээр бууж, үлдсэн хэсэгт ямар ч орц гарцгүй, тээврийн хэрэгсэл байтугай явган хүн орох боломжгүйгээр хааж өөрсдийн хашааг барьсан. Одоо хааж бууснаас үлдсэн хэсэг бүхий газар, түүн дээр байрлах тус компанийн өмчлөлийн объектдоо зөвхөн иргэдийн хашаагаар дамжин орох боломжтой.

Эдгээр иргэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хүрээнд өөрсдийн амьдарч буй газраа бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхээр хандсан боловч  дээрхи ажлын хэсэг судалж үзээд “хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглах эрх олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж болох тул, мөн хуулиар олгогдсон газрыг ашиглах эрхийг шийдвэрлэдэг яам шалгаж үзээд, боломжгүйг тогтоогоод, шүүхэд хандан, худал хуурмаг материал бүрдүүлэн хууль зөрчихөөр хандаж буй нь зүйд нийцэхгүй.

Иргэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 хорооны иргэд гэжээ.

Гэтэл иргэн Ч.Д  нь анх Зайсангийн аманд байрлах Ясны сүрьеэгийн эмнэлгийн хажууд зөвшөөрөлгүйгээр амьдардаг байсан бөгөөд бусдын эзэмшил газар тул тэндээс хөөгдөн улмаар манай газар дээр нэг өвөл өвөлжье, хавар нүүнэ гэж гуйн амьдарсан бөгөөд улмаар өөрийн хүүхдүүд болох С.Б , С.Ц*******, С.Б  нарт өөрийн хашааг залгуулан хашаа барьж амьдруулсан. Анх амьдарч байсан газар нь манай ашиглах эрх бүхий газраас 1 км хүрэхгүй газарт байдаг байсан бөгөөд тухайн газарт байх үедээ

авсан тодорхойлолт, бүртгэлийн дэвтрээ ашиглан уг газарт он удаан жил амьдарсан уугуул иргэд хэмээн шүүхийг төөрөлдүүлэн итгүүлсэн нь бодит байдалд нийцэхгүй.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шүүхэд гаргасан тайлбар болон бодит нөхцөл байдлын хувьд илтэд тодорхой нь иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж “А ” ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус иргэд “А ” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй тул эдгээр иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

А ” ХХК-ийн газартай давхардаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц  нарын нийт 9 иргэнийг нүүлгэж, газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан уул дүүргийн Газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Ц , С.Ц нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“С  овогтой Ц  миний бие 2000 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө 1-2б тоот хаяг дээр амьдарч байна. Миний хувьд “А ” ХХК-ийн газар дээр буугаагүй, орц гарц хаасан зүйл байхгүй. “А ” ХХК-ийн хувьд 2008 онд иргэн Б.Ч*******, түүний хүү Ч.Х нараас тэдний газрыг худалдан авсан байдаг. Тэдний амьдарч байгаа газар, хашаа одоог хүртэл хэвээрээ, орц гарцын хувьд ч тухайн үед ямар байсан тэр хэвээрээ байдаг.

Миний төрсөн дүү С.Цийн хувьд 2002 оноос одоог хүртэл Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ДХ-1-95 тоотод амьдарч байгаа. Миний адил тэдний газар дээр буугаагүй, орц гарц хаасан зүйл байхгүй. Шүүхээс газрын үзлэг хийсэн тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“Б  овогтой О  миний бие нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө 1-69 тоотод ам бүл зургуулаа амьдардаг. Манайх тус газар дээр 2006 оноос хойш амьдарч байгаа бөгөөд уг газраа кадастрын зураглал хийлгэж, хаягжилтаа авсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын үеэр уг есөн айлд “А ” ХХК-тай давхцалтай, орц гарц хаасан гэх үндэслэлээр гэрчилгээ олгоогүй болно. Манайхыг “А ” гэх компанийн газар дээр буусан, орц гарц хаасан гэх боловч Б.О , С.Ц, П.Э  гэдэг гурван айл нь жалганы нөгөө талд амьдардаг. Уг компанитай хамааралгүй газар байдаг. Орц гарцыг хаасан, зөвшөөрөлгүй газар буусан, үйл ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй болно.

Иймд бид бүхний энэхүү байдлыг харгалзан үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч С.Б , С.Б , Ч.Д  нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“С  овогтой Б  миний бие болон миний ээж Ч.Д  мөн миний төрсөн дүү С.Б  нар тус “А ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

“А ” ХХК нь бидний 9 иргэний гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа газрыг өөрийнх нь компанийн газар дээр дур мэдэн ирээд буусан мэтээр бие даасан шаардлага бичсэн байдаг. Уг газраа 1994 онд дуудлага худалдаагаар авсан мэтээр бичиж байгаа нь ор үндэслэлгүй худал зүйл болохыг бид бүгд нотолж, тайлбарлаж, баталж байна.

Миний ээж Ч.Д ыг 2007 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрлөө авчихсан “А ” ХХК-ийн газар дээр зөвшөөрөлгүй дайрч ороод буусан эсвэл нэг өвөл өвөлжье гээд гуйж буусан мэтээр, мөн өөрийн хүүхдүүд С.Б , С.Ц , С.Б , С.Ц нарт хашаа барьж өгсөн мэтээр гүтгэсэн утгатай элдэв зүйлсийг бие даасан шаардлагадаа бичсэн байна.  Дээрхи “А ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хариу тайлбарлах нь:

Тус компани нь 1994 онд дуудлага худалдаагаар одоогийн бидний газартай давхцаад маргаж байгаа газар биш эсрэгээрээ Хүүхдийн шарын больниц гэж байсан эмнэлэгийн хоёр байрыг авсан байдаг. Түүнийгээ бусдад худалдчихаад тэр эмнэлэгийн орнуудыг ашиглан хашаа барьж өөрсдөө амьдарсан. Энэ үеийн эзэд нь Б.Ч*******, түүний эхнэр н., түүний хүү Ч.Х нар байсан юм. Эдгээр иргэд тус объектыг худалдан авсан бичиг баримтаа ашиглан 0,8 га газрыг компанийн хамт иргэн Б.Эт дахин худалджээ. Гэхдээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас бид бүгдийн амьдарч байсан газрыг давхцуулан үгсэн хуйвалдаж, зөвшөөрлийг 2007 онд дахин аваад зарсан байдаг. Одоогоор тус компанийн бие даасан шаардлага дээр бичсэнээр өөрийн объект гээд байгаа зүйл нь энхний ээлжинд худалдсан 2 ширхэг 2 давхар эмнэлэгийн байр болохыг анхаарна уу.

 Өөрсдийнх нь хашаанд одоогоор ямарч объект байхгүй мөн орц гарц, хаалга нь ертөнцийн зүг чигээр хашааныхаа хойд талд байрладаг болно. Иймээс бид бүгд тус компанийн орц гарцыг таглаж буугаагүй. Мөн 2007 онд тус компани бид бүгдийн газрыг давхцуулж авсан зөвшөөрлийг авахаас өмнө одоогийн газар дээрээ амьдарч байснаа нотлохын тулд 2001 оноос эхлэн агаараас авсан зураг, цахилгаан эрчим хүчний газартай гэрээ байгуулж одоог хүртэл цахилгааны төлбөрөө төлсөөр байгааг нотлох архивын лавлагааг бичиг хэрэгт өгсөн байгаа.

Мөн манайх тус газар дээр “А ” ХХК-иас нэг өвөл өвөлжье гэж гуйж байгаагүй. Харин бүр өмнө нь Богд ууланд Зайсангийн аманд миний аав Д.С  ойн цагдаа хийж байгаад 1999 онд Богд уулын Захиргаанаас голын эрэг дээр наран шарлагын талбай байгуулахаар болсон тул одоогийн энэ газар дээр Богд уулын захиргааны дарга н.Х гэдэг хүний зөвшөөрлөөр буусан билээ.

Энэ бүгдийг нотлохоор хамт ойн цагдаа хийж байсан н.Ц гэдэг хүний эхнэр н.Ц гэдэг хүн тайлбар өгсөн болно. Мөн миний аав Д.С , Ч.Д  нар нь 4 хүүхэдтэй бөгөөд С.Ц , С.Ц нар нь манай хөрш айлын улсууд болно.

Ч.Д , С.Б  нарын эзэмшлийн гэрчилгээг ашиглалтын гэрчилгээгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас солихоор болсон тул хүчингүй болгосон байдаг. Шинэ гэрчилгээ авахаар очтол та бүгд “А ” ХХК-ийн газартай давхцалтай тул асуудлаа шийдвэрлүүлээд ир гэсэн.

Иймд айл байсаар байтал давхцуулан “А ” ХХК-д зөвшөөрлийг олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны гаргасан шийдвэрийг өөрчилж, бидний 9 иргэний газартай давхцаж байгаа газрыг хэсэгчлэн хүчингүй болгуулж, бид бүгдийн гэр бүлийн хэрэгцээний газрын давхцалыг арилгуулж, одоо байгаа газар дээрээ амьдрах нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“А ” ХХК нь анх 2007 оны 11 сарын 7-ны өдрийн 540 дугаартай гэрчилгээгээр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай 3.3 га газарт хууль ёсоор газар ашиглах эрх үүссэн. Газар ашиглах гэрчилгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай сунгагдсан байна.

Нэхэмжлэгчид нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, мөн хуулиар хориглосоор байхад тусгай хамгаалалттай газар нутагт амьдраад байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчин зөвшөөрөлгүй амьдарсаар ирсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж байна. Тиймээс эдгээр иргэд нь олон жил амьдарсан, энд амьдрах эрхтэй гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

“А ” ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц  нарын 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлөх асуудал нь тус яамны эрх хэмжээний асуудал биш бөгөөд Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30, 42 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга нарын эрх хэмжээний асуудал байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Ц , С.Ц, Ч.Д , С.Б , С.Б , С.Б , А.Ж , П.Э , Б.О  нарын нэр бүхий 9 иргэн тус шүүхэд хандаж “...А ” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан, Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн  дээрхи 9 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг БОНХАЖ-ын сайдад даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “А ” ХХК-иас “...манай компанийн газартай давхардаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц  нарын 9 иргэнийг нүүлгэж, газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагыг тус тус гаргасан болно.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэ хаягт он удаан жил амьдарсан уугуул болон суугуул иргэд...тул газар ашиглах эрх тэргүүн ээлжинд олж авах эрх үүссэн...” гэж, харин гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...компанийн хууль ёсоор ашиглах эрх бүхий газарт нэр бүхий 9 иргэн нь өөрсдийн дураар зөвшөөрөлгүй буусан...” гэж тус тус тодорхойлон маргаж байна.

Нэг. “А ” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын гаргасан Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн  дээрхи 9 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 4, 11 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулжээ.

Уг ажлын хэсэг Төрийн захиргааны байгууллагаас зохих журмын дагуу зөвшөөрөл авсан, ямар нэг зөрчилгүй 411 иргэнд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, харин бусдын газартай давхацсан, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байрласан, орц гарцыг таглаж буусан зэрэг зөрчилтэй 134 иргэнд газар ашиглах эрх олгох боломжгүйг Хан-Уул дүүргийн засаг даргад мэдэгдсэн, үүний дотор “А ” ХХК-ийн газартай давхцалтай гэдгээр нэхэмжлэгч нар болох С.Ц , С.Ц, Ч.Д , С.Б , С.Б , С.Б , А.Ж , П.Э , Б.О  нарын 9 иргэн багтжээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга нэхэмжлэгч С.Ц  2001 оноос, Ч.Д  2000 оноос, С.Б  2000 оноос, С.Б  2000 оноос, А.Ж  1987 оноос, П.Э  1993 оноос, Б.О  2006 оноос хойш одоогийн амьдарч буй хаягт оршин сууж байгааг тодорхойлсон байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Хан Зайсан Холбоо” ТББ-ын тэргүүн Ц.Энхцэцэгт хүргүүлсэн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8/1394 дүгээр албан бичиг, түүний хавсралтаас үзвэл нэхэмжлэгч С.Б , С.Ц , С.Ц, Ч.Д , Б.Э*******, А.Ж , С.Б  нар нь тус Төрийн бус байгууллагаар уламжлан 2012 оны 4 дүгээр сарын 10, 7 дугаар сарын 16, 9 дүгээр сарын 7-ны өдрүүдэд газар ашиглах тухай хүсэлт гаргаж байсан хэдий ч уг хүсэлт гаргасан хугацаанаас өмнө "А " ХХК-д тухайн газрыг ашиглах эрх үүссэн гэх үндэслэлээр  дээрхи иргэдэд газар ашиглах эрх олгох боломжгүй тухай хариуг хариуцагч захиргааны байгууллагаас өгчээ.

“А ” ХХК-ийн хувьд 1994 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаанд /А******* ББХК нэрээр/ оролцож Зайсан дахь Эмийн баазын барилгыг худалдан авснаар мөн оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс уг хөрөнгийн өмчлөгч болсон байх ба Өмчлөгчийн эрхийн 404 дүгээр гэрчилгээ, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай 2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн акт, 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, “А ” ХХК-иас Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд хэрэгжүүлэх “Аялал жуулчлалын бааз” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг хариуцагч захиргааны байгууллагад хүргүүлснээр Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга А.Н*******н гарын үсэг бүхий 2007 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 450 дугаар гэрчилгээгээр Зайсангийн ам нэртэй нутагт орших 0,8 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон, уг гэрчилгээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл 5 жилээр сунгасан үйл баримтууд тогтоогдов.

Төрийн өмчийн хорооны 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 313 дугаар бүхий “Үндсэн хөрөнгө данснаас хасах тухай” тогтоолоор Улсын клиникийн төв эмнэлгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 нэр төрлийн үндсэн хөрөнгийг данснаас хасаж акталсны дотор “4 айлын орон сууц” орсон, Улсын клиникийн төв эмнэлгийн Ерөнхий захирлын 2003 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн а/91 дүгээр “Актлагдсан хөрөнгө борлуулах тухай” тушаалаар Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд байгаа 4 айлын орон сууцыг одоогийн эзэмшиж байгаа хүмүүст нь худалдан борлуулж орлогыг байгууллагын дансанд оруулахаар шийдвэрлэсэн, ингэснээр нэхэмжлэгч А.Ж  1 айлын сууцыг нь 800 000 төгрөгөөр худалдан авсан, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2015/661 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр түүний эхнэр Б.Э*******т уг сууцны суурийн хэсгийг оруулан 556,35 м2 газрыг бичил эко аялал жуулчлал зорилгоор ашиглах эрх олгосон үйл баримтууд тогтоогдов.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, түүний нэмэлт тодруулгаас үзвэл нэхэмжлэгч нарын хашаалан эзэмшиж байгаа болон “А ” ХХК-ийн 2007 оны 450 тоот гэрчилгээний дагуу ашиглаж байгаа газрууд нь С.Ц ын эзэмшиж буй газартай 561,69 м2, С.Б ийн эзэмшиж буй газартай 97,77 м2, С.Б ын эзэмшиж буй газартай 576,02 м2, Ч.Д ын эзэмшиж буй газартай 518,18 м2, Б.О ын эзэмшиж буй газартай 149,37 м2, С.Цийн эзэмшиж буй газартай 187,16м2, С.Батсуурийн эзэмшиж буй газартай 514,70 м2, П.Э ын эзэмшиж буй газартай 120 м2, Б.Э*******ийн ашиглаж буй газартай 444,22 м2-аар тус  тус давхцалтай байгаа нь тогтоогдож байна.

Үүний дотор Төрийн өмчийн хорооны шийдвэрээр актлагдан Улсын клиникийн төв эмнэлгээс А.Ж ы худалдаж авсан 1 айлын орон сууцны байшин сууриараа 2007 онд ашиглах эрх үүссэн “А ” ХХК-ийн газартай давхцалгүй, харин 2015 онд А.Ж ы эхнэр Б.Э*******т олгогдсон ашиглах эрх бүхий газар нь "А " ХХК-ийн газартай  дээрхи байдлаар давхцалтай байгааг тэмдэглэв.

Үүнээс үзвэл “А ” ХХК анх 1994 онд Эмийн үйлдвэрийн барилгыг өмч хувьчлалаар авах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан газрыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа хэдий ч 2007 онд тус компаниас газар ашиглах хүсэлт гаргах үед уг газар нь бусдын газар эзэмших ашиглах эрхтэй ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын зүгээс тухайн газрыг ашиглахаар хүсэлт гаргаагүй байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нар “А ” ХХК-ийн 2007 онд ашиглаж байсан гэх 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Googleearth-н газрын зургийг үндэслэн “анх ашиглах эрх үүссэн газар нь ийм хэмжээтэй байсан, 2008 онд өөрчлөгдсөн ...газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй.” гэж тайлбарлаж байх боловч тус компанид ашиглах эрх олгогдсон 2007 оноос 2012 онд нэхэмжлэгч иргэдийг хүсэлт гаргах хүртэл хугацаанд уг газрын солбицолд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа...-нд гаргана” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заажээ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх...-д энэ хуулийн 32...-д заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 32.1-д “иргэн газар эзэмших хүсэлтээ...гаргана”, мөн зүйлийн 32.2-т “хүсэлтэд дараахь зүйлийг тусгана” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Түүнчлэн газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавих шаардлагыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй” байх шаардлагатайг тодорхойлжээ.

“А ” ХХК-иас газар ашиглах тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд гаргасан байх ба Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны яаманд санал хүргүүлснээр  Зайсангийн  ам  нэртэй  газарт  орших  0,8  га  газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн  дээрхи заалтуудтай нийцсэн байна.

Нэхэмжлэгч нарын хувьд тухайн газарт олон жил амьдран сууж байгаа гэх боловч 2012 оны 4 дүгээр сараас эхлэн газар ашиглах хүсэлтээ гаргасан,  уг хүсэлт гаргасан газар нь “А ” ХХК-ийн ашиглах эрх бүхий газартай давхацсанаас тэдэнд газар ашиглах эрх хууль ёсоор үүсээгүй байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгогдоогүйн дээр тэдгээрийг газар ашиглах хүсэлт гаргахаас өмнө “А ” ХХК-д газар ашиглах эрх олгогдсон байх тул ийнхүү хүсэлт гаргахаас өмнө нь эрх олгогдсон “А ” ХХК-ийн хууль ёсны эрхийг хүчингүй болгуулахаар  дээрхи иргэд нэхэмжлэл гаргах эрхгүй, нэхэмжлэгч нарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актын талаар нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдүүд биш тул тэдний гаргасан нэхэмжлэлийг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч А.Ж  буюу түүний эрх залгамжлагч Б.Э*******ийн өмчлөлийн 42 м2 талбай бүхий 1 айлын орон сууцны доорхи газар нь гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газартай давхцаагүй байсан тул  нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай хамааралгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх залгамжлагч Б.Э*******ээс байшингийн доорхи газраа зохих журмын дагуу хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжийг энэ шийдвэр хөндөхгүй.

Хоёр. Нэхэмжлэгч нараас гаргасан “газар ашиглах зөвшөөрөл олгохыг даалгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар газар ашиглах хүсэлтээ 2012 онд анх гаргасан боловч ажлын хэсгийн дүгнэлтээр “А ” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхацсан гэх үндэслэлээр тэдэнд газар ашиглах эрх олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Гурав. Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд:

“А ” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “манай компанийн газартай давхардаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц  нарын 9 иргэнийг нүүлгэж, газар чөлөөлж өгөхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яаманд даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд уг шаардлагаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулсан гэж тодруулсан болно.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, мөн зүйлийн 57.4-д “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн  дээрхи заалтаас үзвэл газар чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд биш, түүний эрхлэх асуудалд хамааралгүй байх тул энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 27, 31 дүгээр зүйлийн 31.3, 44.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ц , С.Ц, Ч.Д , С.Б , С.Б , С.Б , А.Ж , П.Э , Б.О  нараас гаргасан “А ” ХХК-д олгосон Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын гаргасан, Тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн  дээрхи 9 иргэний оршин суудаг газартай давхардсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “нэхэмжлэгч 9 иргэнд газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг БОНХАЖ-ын сайдад даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “А ” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шинжээчийн зардал 850850 (найман зуун тавин мянга найман зуун тавин) төгрөгийг нэхэмжлэгч тус бүрээс 94539 (ерэн дөрвөн мянга таван зуун гучин есөн) төгрөг гаргуулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН

                ШҮҮГЧИД                                  Б.АДЪЯАСҮРЭН

                                                            Д.ХАЛИУНА