Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0567

 

С.Ц нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, Б.Э, нэхэмжлэгч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, нэхэмжлэгч Б.Э-ийн өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан гомдлоор, С.Ц нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цагаанбаярын гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А з” ХХК-д тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн дагуу олгосон гэрчилгээг нэхэмжлэгч нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах шийдвэр олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага ““А з” ХХК-ийн газартай давхцаж, орц гарц хааж, зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын нийт 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Гуравдагч этгээд “А з” ХХК шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Улсын дээд шүүхийн 81 дүгээр тогтоолоор хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийн нэг нь “1994 онд дуудлага худалдаанд оролцсон “А” ББХК, одоогийн газар эзэмшигч “А з” ХХК-тай хэрхэн холбогддог болох, 1994 оны хувьчлалаар авсан объектийн газар одоогийн эзэмшил газар хэрхэн холбогддог”. Хэргийн материалын 2 дугаар хавтас 134 дэх талд байгаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа мэдээллээр “А з” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр иргэн Б овогтой Ч, 3 дугаар хавтаст хэрэг 1 дэх тал, 1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 166 дахь талуудад байгаа Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрхийн бичиг, үл хөдлөх хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариат гэрчилсэн тэмдэглэлд Зайсан дахь эмийн баазын барилгыг “А” ББХК дуудлага худалдаагаар авсан 404 тоот гэрчилгээтэй болох, Будаев овогтой Чинбат нь энэхүү өмчийн эзэн болох талаар дурьдсан нь “А” ББХК нь татан буугдсан ч тухайн үеийн Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн шинэчлэн зохион байгуулалттай холбоотойгоор өмчийн эзэн болох Будаев овогтой Чинбат нь “А з” ХХК-г байгуулалцсан, хувь эзэмшигч тул огт харилцан хамаарал бүхий нэгж байгууллагууд гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. 1994 онд өмч хувьчлалаар худалдаж авсан объект орчмын газраа 2007 онд эзэмших эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу гаргуулж авсныг анхан шатны шүүх тогтоосон байдаг. Тус компанийн хууль ёсны дагуу  ашиглах эрх бүхий газар нь урд болон баруун хэсгээр бусдын эзэмшил газартай шууд хиллэдэг. Маргаан үүсгэж буй иргэд буухаас өмнө зүүн талаасаа орц гарцтай байсныг Долгор нарын иргэд нэг л өвөл өвөлжөөд нүүх нэрээр зүүн болон хойд хэсгийг таглан манай газар дээр өөрсдийн дураар зөвшөөрөлгүйгээр бууж, үлдсэн хэсэгт ямар ч орц гарцгүй, тээврийн хэрэгсэл байтугай явган хүн орох боломжгүйгээр хааж өөрсдийн хашааг барьсан. Энэ нь хэрэгт авагдсан 3 дугаар хавтаст хэргийн 85 дахь талд Газар зохион байгуулалт, Геодизи зураг зүйн газрын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тоотын хариуд ирүүлсэн архивын 2005-2007, 2010 онуудын сансрын зурагт нэхэмжлэгч иргэдийн одоогийн байрлалыг буулгаж харуулсан тухай албан тоот, 86 дахь талаас эхлэн зурагнууд байна. Газрын асуудал хариуцсан төрийн байгууллага, түүний ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд иргэд нь эхлээд дээр дурьдсанчлан эхэндээ зөвхөн гэр барин бууж байгаад улмаар тойруулан зөвхөн хашаа төдийг барьдаг, ямар нэгэн зөвшөөрөлгүй учраас байшин барилга барьдаггүй хэзээ нэг цагт нүүх болохоо эртнээс ойлгож мэддэг. Иргэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9 иргэн нь Зайсангийн аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан уугуул иргэд бөгөөд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэд гэжээ. Гэтэл иргэн Ч.Д нь анх Зайсангийн аманд байрлах Ясны сүрьеэгийн эмнэлэгийн хажууд зөвшөөрөлгүйгээр амьдардаг байсан бөгөөд бусдын эзэмшил газар тул тэндээс хөөгдөн улмаар манай газар дээр нэг л өвөл өвөлжинө, хавар нүүнэ гэж гуйн амьдарсан бөгөөд улмаар өөрийн хүүхдүүд болох С.Б, С.Б нарт задгай гэр барин амьдарч эхэлсэн нь зургаас нотлогдож байна. Анх амьдарч байсан газар нь манай ашиглах эрх бүхий газраас 1 км хүрэхгүй газарт байдаг байсан бөгөөд тухайн газарт байх үедээ авсан тодорхойлолт, бүртгэлийн дэвтрээ ашиглан уг газарт он удаан жил амьдарсан уугуул иргэд хэмээн шүүхийг төөрөгдүүлэн итгүүлэхийг оролдож буй нь бодит байдалд нийцэхгүй. Эдгээр иргэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар “удаан хугацаанд зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий” ажлын хүрээнд өөрсдийн амьдарч буй газраа бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхээр хандсан боловч дээрх ажлын хэсэг судалж үзээд “хууль ёсны дагуу газар ашиглах эрх авсан бусад аж ахуй, байгууллагын газартай давхцалтай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалтай, бусад газар ашиглах эрх олгох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Учир нь хууль ёсоор ашиглах зөвшөөрөл бүхий газрын төлбөрөө төлж буй иргэн, аж ахуй нэгжийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж болох тул, мөн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн газрын ашиглах эрхийг шийдвэрлэдэг. Яам шалгаж үзээд боломжгүйг тогтоогоод байхад шүүхэд хандан, худал хуурмаг материал бүрдүүлэн хууль зөрчихөөр хандаж байгаа нь зүйд нийцэхгүй. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шүүхэд гаргасан тайлбар болон бодит нөхцөл байдлын хувьд илтэд тодорхой нь иргэдийн хууль ёсны газар ашиглах эрхийг хөндөж “А з” ХХК-д давхардуулан газар ашиглах зөвшөөрөл олгосон бус иргэд “А з” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг, Монгол улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчин, хууль бусаар оршин сууж байгаа болно. Тиймээс хууль ёсны ашиглагчийн эрхийг зөрчиж, эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгох хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож бие даасан шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй байна.

            Нэхэмжлэгч С.Ц, Ч.Д, С.Б, С.Б, С.Б, А.Ж, П.Э, Б.О, С.Ц нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А з” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн нэхэмжлэгч нарын газартай давхцсан хэсгийг хүчингүй болгож, нэр бүхий иргэдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага,

Гуравдагч этгээд “А з” ХХК нь “тус компанийн газартай давхцаж, орц гарц хаан зөвшөөрөлгүй амьдарч буй нэхэмжлэгч С.Ц нарын 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч “А з” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрөл нь тус компанид  аялал жуулчлалын зориулалтаар, Зайсангийн аманд 0.8 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон  2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 450 дугаартай гэрчилгээ болон газар ашиглах гэрээгээр тодорхойлогдож байх ба нэхэмжлэгч нар нь “гуравдагч этгээдэд газар олгохоос өмнө тухайн газарт он удаан жил амьдран сууж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн бол гуравдагч этгээдээс “тухайн газрыг 1994 онд дуудлага худалдаагаар 2 давхар объект худалдан авснаар ашиглаж эхэлсэн ба тэр үед иргэд буугаагүй байсан, удаан жил амьдарсан уугуул иргэд биш, сүүлд дур мэдэн зөвшөөрөлгүй бууж орц гарц хаасан” гэх үндэслэлээр маргасан байна.  

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас газар ашиглах эрх олгосон тушаал, шийдвэр гараагүй ч дээр дурдсан гэрээ, гэрчилгээ нь гуравдагч этгээд “А з” ХХК-д 2007 онд газар ашиглах эрх үүссэнийг нотолж байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Харин Монгол Унгарын хамтарсан “А” ББХК-ийн 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авсан Зайсан дахь Эмийн баазын барилгын газрыг энэ хэргийн гуравдагч этгээд “А з” ХХК тухайн хугацаанаас ашиглаж байсан гэж үзэх боломжгүй, харилцан хамааралтай аж ахуйн нэгж биш болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Мөн хэрэгт авагдсан 2002 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэлээр “А” ББХК-ийн 1994 онд дуудлага худалдаагаар худалдан авсан Өмчлөгчийн эрхийн 404 тоот гэрчилгээтэй барилга Будаевийн Чинбатын өмч болсон нь нотлогдсон,  гуравдагч этгээд “А з” ХХК-ийг 2007 оны 5 дугаар 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн цаг хугацаанд үүсгэн байгуулагчаар Б.Ч бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байгаа ч дээрх объект байрласан хэсэгт нэхэмжлэгч иргэдийн газрын давхцал үүсээгүй төдийгүй объект орчмын  газрыг ашиглах эрх хэнд ч олгогдоогүй байсан тул  “тухайн газрыг 1994 онд дуудлага худалдаагаар 2 давхар объект худалдан авснаар ашиглаж эхэлсэн” гэх гуравдагч этгээдээс тайлбарласан нөхцөл байдал энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд “А з” ХХК-д 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс /гэрчилгээ олгогдсон/ хуулийн дагуу газар ашиглах эрх үүссэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нэр бүхий иргэд дээрх хугацаанаас өмнө уг газарт амьдарч байсан эсэх, газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан эсэхийг шүүх шалган тогтоож, нэхэмжлэгч нэг бүрийн тухайд тус тусад нь авч үзэх шаардлагатай байжээ.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нэг бүрийг бодит байдал дээр хэзээнээс эхлэн амьдарч байсан эсэхэд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй, гагцхүү хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, Үндэсний архивын газрын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлэхдээ буруу үнэлснээс зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч С.Ц-ын тухайд:  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ гудамж 1-2б тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт 2001 оноос одоог хүртэл амьдарч байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 2008, 2011 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт өрхийн тэргүүлэгчээр С.Ц бүртгэгдсэн бүртгэл, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХУД 11 дүгээр хороо, 4 хэсэг ДХ 1-2б тоот хаягаар олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар,

Нэхэмжлэгч С.Б-ийн тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ гудамж, 1-60 тоотод ам бүл гурвуул оршин суудаг талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХУД 11 дүгээр хороо, 4 хэсэг ДХ 1-60  тоот хаягаар олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар,

Нэхэмжлэгч П.Э-ын тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө-1 гудамж, 50 тоотод ам бүл гурвуул оршин суудаг талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 1993 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ХУД 11 дүгээр хороо 4-р хэсэг ХК7-6-3 тоот гэж бүртгэгдсэн паспортын хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ХУД 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ 1-50 тоот хаягаар олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар,

Нэхэмжлэгч Б.О-ын тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө-1 гудамж, 69 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт 2006 оноос оршин сууж байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 2011 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ХУД, 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ 1-69 тоот хаягт шилжиж ирсэн гэх тэмдэглэгээтэй 2010 оны 2 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар,

Нэхэмжлэгч С.Ц-ийн тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дайчдын хөшөө-1 гудамж, 95 тоотод 2 дүүгийн хамт 2006 оноос хойш оршин сууж байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, 2008 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4-р хэсэг, Дайчдын хөшөө-1, 2б тоотод С.Ц-ын өрхөд гишүүнээр бүртгэгдсэн бүртгэл, 2011 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт Хан-Уул дүүрэг, 11-р хорооны 4-р хэсэг, Дайчдын хөшөө-1, 95 тоотод бүртгэгдсэн бүртгэл, 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ХУД 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ 1-95 тоот хаягаар бүртгэгдсэн тэмдэглэгээтэй 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мөн хаягаар олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтууд авагджээ.

Дээрх бичгийн нотлох баримтуудыг хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1/290 тоот  /х.х2-220-222/,  2017 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 2/1655 тоот /х.х3-85-86хуу/ албан бичгээр тус тус ирүүлсэн 2005-2007 оны агаарын зургийг нэхэмжлэгч нарын удаан хугацаанд оршин сууж байсан гэх газартай давхцуулан харуулсан байдал, 2004, 2005, 2006, 2007 оны тухайн орчны байдлыг харуулсан сансрын зургууд /Google earth/-тай харьцуулан дүгнэхэд  “А з” ХХК-д хуулийн дагуу газар ашиглах эрх үүсэхээс өмнө С.Ц, С.Ц, П.Э, Б.О, С.Б нарыг 2015 онд “К Л” ХХК-ийн үйлдсэн нэгж талбарын зурагт тодорхойлсон газарт амьдарч байсан гэж үзэх боломжгүй, бодит байдлыг харуулсан сансрын зургуудаар нэр бүхий иргэдийг 2007 оноос өмнө оршин сууж байсныг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт үгүйсгэгдэж байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд  “А з” ХХК-д хуулийн дагуу газар ашиглах эрх үүсэхээс өмнө нэхэмжлэгч нар удаан хугацаанд оршин сууж байсныг нотлох гол нотлох баримт нь тухайн үеийн орчны байдлыг харуулсан сансрын зураг бөгөөд бодит байдлыг харуулсан зураг дээр нэр бүхий нэхэмжлэгч нар амьдарч байсан байдалгүй, өөрөөр хэлбэл 2015 онд эргэлтийн цэг тогтоосон газарт ямар нэгэн гэр, байшин харагдахгүй байх тул дээрх иргэдийг “он удаан жил амьдарч байсан” гэж үзэхгүй.

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан тул нэхэмжлэгч нэр бүхий иргэд тусгай хамгаалалттай газар нутагт Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээр шаардах, уг хуулиудад заасан эрх, ашиг нь зөрчигдсөн гэж маргах эрхгүй, өөрөөр хэлбэл 2007 оноос өмнө тухайн газартаа амьдарч байгаагүй иргэд бусдын хууль ёсны дагуу ашиглах эрх бүхий газарт давхцуулан кадастрын зураг хийлгэчхээд /2015 онд/ Монгол Улсын иргэн газар эзэмших, өмчлөх эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй,  шүүх гагцхүү “давхцуулан олгосон гэх газартаа он удаан жил  амьдарч байсан эсэх” үйл баримтыг шалгах үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч С.Ц, С.Ц, П.Э, Б.О, С.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч А.Ж асангийн тухайд: Хан-Уул дүүргийн 11-р хорооны 4 хэсэг, ДХ-1 гудамж 34 тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн иргэний паспортын тодорхойлолт /х.х1-225/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х1-227/, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б-ийн Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт /х.х1-228/ болон 2003 онд орон сууцаа хувьчилж авсантай холбоотой нотлох баримтуудаар 1988 оноос хойш оршин сууж байгаа нь нотлогдож байна.

Гэвч дээрх хувьчилж авсан орон сууцны байшингийн суурь “А з” ХХК-н газартай давхцалгүй, харин уг байшингийн өргөтгөл барьсан хэсэг болон хашаалсан хэсэг нь 444,22 м.кв газар давхцалтай байх бөгөөд хэрэгт авагдсан 2005-2007 оны агаарын зургийг А.Ж асаны удаан хугацаанд оршин сууж байсан гэх газартай давхцуулан харуулсан байдал, 2004, 2005, 2006, 2007 оны тухайн орчны байдлыг харуулсан сансрын зургуудаас үзвэл 2007 онд хашаалаагүй, өргөтгөл баригдаагүй байжээ.

Иймд нэхэмжлэгч А.Ж асаны эзэмшиж байсан газартай давхцуулж “А з” ХХК-д газар ашиглах эрх олгосон гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, А.Ж асаны эхнэр, эрх залгамжлагч Б.Э нь тухайн байшин байрлаж байгаа 556,35 м.кв газрыг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээгээр ашиглах эрхтэй болсон байх ба дээрх газар нь гуравдагч этгээдийн газартай тодорхой хэмжээгээр давхцалтай байгаа ч /х.х1-185/ нэхэмжлэл гаргаагүй тул уг газрын талаар дүгнэлт өгөхгүй, гагцхүү хашаалсан газрын хэмжээнд шүүх дүгнэлт өгсөн бөгөөд А.Ж, Б.Э нарын гэр бүл 1988 оноос хойш оршин суусан байшингийнхаа орчны газрыг ашиглаж байгаа атлаа Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж зааснаас илүү хэмжээний газар эзэмшихээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй билээ.

Дээрхийг дүгнээд нэхэмжлэгч А.Ж асаны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Д-ын тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ-1 гудамж 3 тоотод нөхөр, хүүхдийн хамт 2000 оноос одоог хүртэл амьдарч байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч Чимээгийн Долгор, 51 настай гэж бүртгэгдсэн архивын магадалгаа, 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр, 2003-2017 оны эрчим хүчний төлбөрийн баримтууд,

Нэхэмжлэгч С.Б-ын тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ-1 гудамж 3 тоотод аав, ээжийн хамт 2000 оноос одоог хүртэл амьдарч байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч Сүхбаатарын Батбаатар, 14 настай гэж бүртгэгдсэн архивын магадалгаа, 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр,

Нэхэмжлэгч С.Б-ийн тухайд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 4 хэсэг, ДХ гудамж 1-2 тоотод эхнэр, хүүхдийн хамт 2000 оноос одоог хүртэл амьдарч байгаа талаарх тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суугч Сүхбаатарын Батсуурь, 22 настай гэж бүртгэгдсэн архивын магадалгаа, 2001 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх бичгийн нотлох баримтуудыг  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1/290 тоот  /х.х2-220-222/,  2017 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 2/1655 тоот /х.х3-85-86хуу/ албан бичгээр тус тус ирүүлсэн 2005-2007 оны агаарын зургийг нэхэмжлэгч нарын удаан хугацаанд оршин сууж байсан гэх газартай давхцуулан харуулсан байдал, 2004, 2005, 2006, 2007 оны тухайн орчны байдлыг харуулсан сансрын зургууд /Google earth/-тай харьцуулан дүгнэхэд “А з” ХХК-д хуулийн дагуу газар ашиглах эрх үүсэхээс өмнө Ч.Д, С.Б, С.Б нар оршин сууж байсан нь нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Д түүний хүүхдүүд болох С.Б, С.Б нар нь дээрх газарт  2000 оноос хойш амьдарч байсан нь тухайн үеийн орчны байдлыг харуулсан 2004 оноос хойшхи он дарааллын зургууд дээр 3-4 гэр баригдсан байдалтай, уг гэрүүдийг хашаалсан байдал 2007 он болон түүнээс өмнөх сансрын зургууд дээр зураглагдсан зэргээр тодорхойлогдож байх ба тухайн хашаалсан хэсгээ хувааж С.Долгор 519 м.кв, С.Б 577 м.кв, С.Б 515 м.кв хэмжээгээр давхцалтай гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэснийг буруутгах боломжгүй юм.

          Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзвэл газар эзэмших, ашиглахтай холбоотой ерөнхий харилцааг Газрын тухай хуулиар, нарийвчилсан харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна гэж ойлгох бөгөөд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ерөнхий зохицуулалт болох “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагыг зөрчсөн гэж үзнэ.

          Ийнхүү нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нартай ижил нөхцөл байдалтай буюу “он удаан жил амьдарсан” иргэдэд газар ашиглах эрх олгож гэрчилгээжүүлсэн үйл баримттай харьцуулан дээрх нэр бүхий нэхэмжлэгч нарын шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т  “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангана” гэж заасан зарчимтай нийцэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

          Иймд гуравдагч этгээдээс гаргасан “анх амьдарч байсан газар нь манай ашиглах эрх бүхий газраас 1 км хүрэхгүй газарт байдаг байсан бөгөөд тухайн газарт байх үедээ авсан тодорхойлолт, бүртгэлийн дэвтрээ ашиглан уг газарт он удаан жил амьдарсан уугуул иргэд хэмээн шүүхийг төөрөгдүүлэн итгүүлэхийг оролдож буй нь бодит байдалд нийцэхгүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

          Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: “А з” ХХК нь “С.Ц нарын 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлага гаргасныг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасныг зөрчжээ. Тодруулбал,

         Дээрх бие даасан шаардлагын агуулгаас үзвэл гуравдагч этгээд нь газар ашиглах, эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдийн учруулж буй саадыг арилгуулахыг хүссэн байх ба энэ нь хувийн эрх зүйн маргаанд хамаарч, Иргэний хуулийн 106 дугаар зүйлээр зохицуулагдана.

          Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага хуульд заасан ямар чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хууль бусаар хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор маргаагүй, гагцхүү “газар чөлөөлүүлэх”-ийг хүссэн шаардлага гаргаж байх ба энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх маргааныг шийдвэрлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Иймд “А з” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээд нь иргэний хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

          Түүнчлэн, анхан шатны шүүх нь гуравдагч этгээдээс бие даасан шаардлагыг 3 өөр хариуцагчид холбогдуулан гаргасан байхад нэг хариуцагчид гардуулж, бусад хариуцагч нарт холбогдох хуульд заасан ажиллагаа хийгээгүй атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөрчил гаргасан байх ба энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрт нөлөөлөхгүй ч цаашид шүүх анхаарвал зохино.

          Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч С.Ц, С.Ц, П.Э, Б.О, С.Б, А.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд гомдлоос үлдсэн хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0491 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А з” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн /2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 450 тоот гэрчилгээ бүхий/ нэхэмжлэгч Ч.Д, С.Б, С.Б нарын газартай давхацсан хэсгийг хүчингүй болгон, эдгээр иргэдэд газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгаж, нэхэмжлэгч С.Ц, С.Ц, П.Э, Б.О, С.Б, А.Ж нарын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “А з” ХХК-д олгосон тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулах зөвшөөрлийн нэхэмжлэгч нарын газартай давхцсан хэсгийг хүчингүй болгон, газар ашиглах эрх олгосон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд “А з” ХХК-ийн “С.Ц нарын 9 иргэнийг нүүлгэж газар чөлөөлж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн газрын алба, Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын захиргаанд даалгах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж оруулан, 2, 3, 4 дүгээр заалтын дугаарлалтыг 3, 4, 5 болгон өөрчилж, гуравдагч этгээдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                          

                            

 

 

                               ШҮҮГЧ                                             Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                              О.НОМУУЛИН