Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 216/МА2020/00020

 

 Н Ш С-ийн  нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэртэй, Н Ш С-ийн нэхэмжлэлтэй А.Ш холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220 732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н Ш С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Ш нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд Н Ш С-д төлбөл зохих нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөгийг төлөөгүй байна. Манай С нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нд байгуулагдсан. Би мөн тэр хурлыг сонсож тэр дундаас сонгогдсон. Зарын тухайд миний хувьд тэгж зарлагдсан гэсэн зүйлийг мэдэхгүй. Тухайн хүн хэрхэн тэр зарыг сонссон талаар мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэл нь фото зургаар баталгаажсан, мөн хурлаас гарсан шийдвэрүүд хэрэгт авагдсан. Орон тооны хувьд хурал дээр ярилцаж, түүнд хэлэлцүүлэгдэж нийт 9 хүний орон тоо баталж өгсөн. Баталж өгсөн орон тоо нь хурал дээр батлагдсан тоогоор явж байгаа. Үнийн дүнгийн хувь С-ны тэргүүлэгчдийн тогтоолд үндэслэж баталсан. Бид үүнийг яаж ингэж дээд үнээр баталсан талаар мэдэхгүй. Би сүүлд ямар учиртай ингэж баталсан талаар би судлахад С-ны тухай хуульд зааснаар бид мэргэжлийн байгууллагын ажил хийдэг. Бид мөн өөрсдийн ажил үүрэгт тусгагдаагүй ажлыг давхар хийдэг. Эд хөрөнгийн засвар ч хийдэг. Тиймээс бид үүнд тааруулан ажил үйлчилгээг явуулж байна. Манай нөгөө С зөвхөн өөрийн ажил үүргийг хариуцдаг. Миний ойлгож мэдсэнээр мэргэжлийн байгууллагын ажил болон тохижилт үйлчилгээний ажлыг С хариуцдаггүй. Бид гаднаасаа үйл ажиллааганд тусгагдсан ажил хийсэн мэт боловч хийсэн ажлаа хяналтын зөвлөлд танилцуулсан. Тиймээс бидэнд дураараа явуулсан үйлдэл байхгүй.

Иймд, хариуцагч А.Ш нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалийн тэмдэгтийн хураамж 6 938 төгрөг, баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг, нийт 220 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Ш шүүхэд гаргасан тайлбартаа: А.Ш миний бие нь Шивээговь суманд оршин суудаг. Уг нэхэмжлэлийг гаргагч Н Ш С нь хурлын товыг зарлаж олон нийтэд мэдэгдээгүй, 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байранд амьдарч уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй зөвхөн уурхайчдыг байлцуулж хуралдаж шийдвэр гаргасан. С байгуулсны дараа гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж ёс зүйгүй харилцсан. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл нийт оршин суугчдын саналыг тусгаж хүлээн аваагүй, сар бүр төлөх төлбөр үндэслэлгүй тогтоогдсон, амралтын өдөр хаалга нүдэж амгалан тайван байдал алдагдуулсан, ес зүйгүй, харилцаа хандлага муутай, хавтас хэрэгт хавсаргасан 6, 7 хуудасны төлбөрийг нэхэмжлэх хуудсыг огт өгч байгаагүй, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний биеийг эвлэрүүлэн зуучлах дуудаж уулзаагүй. Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд байсан. Эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6 938 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрийн эзэмшлийн 13-2-20 тоот байрны гал тогооны өрөөний угаалтуурын хоёр нарийн хоолойг өөрсдөө худалдан авч сольсон, С-ын ажилтан үйлчилгээний хөлс нэхэж байсан. Яагаад материалаа өөрөө аваад өөрөө сольсон байтал С-д мөнгө төлөхөө ойлгохгүй байна. Баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг төлөх боломжгүй. Шивээговь сумын 3, 2, 6, 7, 8 дугаар байруудыг Тохилог СӨХ нь сард 8 000 төгрөгийн хураамж авдаг. Би 3 дугаар байранд өөрийн эзэмшлийн байртай уг байрны төлбөрийг сар бүр төлж барагдуулдаг. Үйлчилгээ, цэвэрлэгээнд нь сэтгэл хангалуун байдаг. Харин Н Ш сууц өмчлөгчдийн холбооны үнэ тариф, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байдаг. Шивээговь сумын иргэд эзэмшдэг Шивээговь сумын нэгдсэн зарын групп facebook хуудас дахь иргэдийн санал хүсэлтийг зургаар хавсаргав.

Жич: Уурхайд ажилладаг айл өрхийн төлбөрийг цалингаас суутгаж авдаг байна. Мөн 200-300 төгрөгөөр үнэ ханшийг тогтоох, 1500-1000 төгрөгөөр цэвэрлэгээ үйлчилгээний тарифыг тогтооно гэж байхад, бүх үнийг дүнд дээд үнээр тогтоож байгааг тодруулах сарын тарифыг 25 000 өндөр үнэ гэж үзэж байна. Нэг суманд хоёр СӨХ байна. 8000, 25 000 яагаад ийм ялгаатай байна вэ? Н Ш С нь үнийн дүнд өөрчлөлт оруулж бодитой тариф тогтоовол төлбөрийг барагдуулах болно. Монгол улсын хэмжээнд манай сум шиг өндөр тарифтай СӨХ байхгүй байна. Улаанбаатар хотод 24 цагийн харуул хамгаалалттай, камертай, 24 цагийн лифттэй байр 15 000 төгрөг байхад манай байр шиг лифтгүй, хамгаалалтгүй, хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалт байхгүй, урд хойгуураа машин холхисон аюултай орчинд амьдарч байна. Тийм байтал яагаад 25 000 төгрөг гэж тогтоов. Орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй, цэвэрлгээнээс болж иргэд байнга бухамдаж байдаг. Эдгээр асуудлыг тодруулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидэнд СӨХ байгуулагдаж байгаа талаар мэдэгдээгүй. Мөн уг үнийн дүнгийн саналыг нэг хүн гаргаж бусад нь дэмжсэн гэдэг. Тэр нь бүх байх ёстой төлбөрийг дээд хэмжээгээр тогтоосон байсан. Үйлчилгээний хөлс болон цэвэрлэгээний хөлсийг дээд үнээр нь тогтоосон байсан, түүнийг бид гайхаж хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдий хүрсэн. Уг СӨХ-ны хэдэн оршин суугчаас хэдэн дэмжсэн талаар бид мэдэхгүй байна. Тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүдийн саналаар гэсэн байдаг. Мөн манай суманд адил СӨХ байдаг. Түүний сарын хөлс нь 8000 төгрөг харин энэ СӨХ-ны үнэ нь 25 000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зар тавьсан талаар өөрсдөө нотлох ёстой байсан. Уурхайн ажил тараад ажилчид унаанаасаа бууж ирэхэд ийм ажил ингэж явагдана гэж хэлээд гарын үсэг зуруулсан талаар сонссон. Тэр дотор гэр байранд амьдардаг хүмүүс ч байсан. Хэдэн хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Фэйсбүүк дээр дараагийн хурал дээр үнээ бууруулах талаар ярилцана гэсэн зүйл яригдсан байсан. Танай үйлчилгээг ямар байгааг хүмүүс шүүмжилж байсан. Манай орцыг угааж байхыг нэг ч удаа харж байгаагүй. Манай орцноос хлормин үнэртэж байсныг мэдэхгүй байна. Би нэг удаа хог шүүрдэж байхыг нь харсан. Тийм зүйл болсон учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хурал болно гэдгийг эртхэн мэдсэн бол үнийн талаар ярилцаж 200-300 гэдгийг 250 төгрөгөөр, 1500-10 000 төгрөг гэснийг 5000 төгрөгөөр тогтоож болдоггүй юм уу гэсэн санал тавихад албан ёсны хурал биш гэж хэлээд тарсан гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан Н Ш С-ийн нэхэмжлэлтэй А.Ш холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7 272 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж,  ... гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал, 8.4-д хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гарах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдэгээр баталгаажуулна. ...16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар  нэг өрхөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн талаархи тэмдэглэл бүх гишүүдийн хурлаас гарах бөгөөд тэмдэглэлд тэргүүлэгчээр сонгогдсон Ц.Э, Э.Ц, Д.О нарын гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байтал Э.М баталгаажуулсан нь ойлгомжгүйн зэрэгцээ дээрх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал, 8.4-д хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гарах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдэгээр баталгаажуулна. ...16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэг өрхөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбоо бүхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Анхан шатны шүүхээс 2019.09.04-ний өдрийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байруудын дунд сууц өмчлөгчдийн холбоо байгуулах бүх гишүүдийн хурлын тэмдэглэл дэх Н Ш С байгуулсан  үйл явцыг хууль ёсны гэж үзэн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн атлаа СӨХ-ийн ашиглалт үйлчилгээний хураамжийг шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 9 дүгээр зүйлийн 9.2-д заасны дагуу Н Ш С үүсгэн байгуулагдаж, бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болсон, мөн 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байрнуудын сууц өмчлөгчид СӨХ-ийн хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсжээ. Өөрөөр хэлвэл дээр дурдсан орон сууц өмчлөгчид СӨХ-ийн хураамж болох 25000 төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна.

Мөн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгий тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал, 8.4-т хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гарах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдэгээр баталгаажуулахаар мөн /5 дугаар зүйлд сууц өмчлөгчдийн холбоо, 5.4-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулсанд тооцно / гэж заасан бөгөөд хурлын тэмдэглэлд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зураагүй гэдгээр бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үл биелүүлэх үндэслэл болохгүй.

Харин ч Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар  байрнуудын сууц өмчлөгчид 2019.09.04-ний өдөр Иргэний хуулийн 143 ,Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Н Ш С-г үүсгэн байгуулж, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн  эд хөрөнгийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасны дагуу бүртгэлийн хийлгэсэн байна.

1. Анхан шатны шүүхээс: “...Тэргүүлэгч нараас сарын 25000 төгрөг байхаар санал оруулж  байна гэснийг ... Ч.У 25000 төгрөг бол хангалттай Улаанбаатар хотод СӨХ 30000 төгрөг байдаг. Тэгэхлээр нэмэх шаардлаггүй гэж үзэж байна ... гэж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Н Ш Сууц өмчлөгчдийн холбооны сар бүрийн төлбөр хураамж батлах тухай хурлын 09 дүгээр тогтоолд “...хурлаар оршин суугч Ч.У гаргасан саналын дагуу “Н Ш” сууц өмчлөгчдийн холбооны сар бүрийн төлбөр, хураамжийг 25000 төгрөгөөр тогтоосугай” гэж ганц хүний саналаар сар бүрийн төлбөр хураамжийг тогтоосон нь хариуцагчийн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан эрхийг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй юм. Харин сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д нийцүүлэн 2019.09.04-ний өдрийн бүх гишүүдийн хуралд оролцогчдийн 240 хүний 182 хүний саналаар сар бүрийн төлбөр хураамжийг 25000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ :

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны  шүүх дүгнэв. 

Учир нь хэргийн материалаас үзвэл : нэхэмжлэгч Н Ш СӨХолбоо нь хариуцагч А.Ш холбогдуулан 2019 оны 10-р сараас 2020 оны 05 сарыг дуусталх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6938 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчүүлсний төлбөр 4180 төгрөг нийт 220 732 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч А.Ш нь нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч Н Ш СӨХ нь хурлын товыг олон нийтэд мэдэгдээгүй, 9,10,12,13,14,15-р байранд амьдарч уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй, зөвхөн уурхайчдыг байлцуулж хуралдан шийдвэр гаргасан, СӨХ-ны үйлчилгээний болон цэвэрлэгээний хөлсийг  25000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй, үндэслэлгүй тогтоогдсон гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж  маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ... Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 9 дүгээр зүйлийн  9.1, 9.2, 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу Н Ш СӨХ үүсгэн байгуулагдаж, бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр болсон, ... дугаар байруудын сууц өмчлөгчид СӨХ-ны хурлаас гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэг үүссэн, мөн хуулийн 9.5-д нийцүүлэн  сар бүрийн хураамжийг 25000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт  авагдсан Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн тухай гэрчилгээ /хх-8/, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт/хх-9/, “Н Ш” СӨХ-ны дүрэм/хх-10-13/, СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн  “Хурлын тэргүүлэгчид сонгох тухай” , “Тооллогын комисс байгуулах тухай”, “Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах тухай”,”Сууц өмчлөгчдийн холбооны дүрэм батлах тухай”, Сууц өмчлөгчдийн удирдах зөвлөл байгуулах тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны хяналтын зөвлөл байгуулах тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал сонгох тухай”, “Сууц өмчлөгчдийн холбооны бүтэц, орон тоо батлах тухай”, “Н Ш СӨХ-ны сар бүрийн төлбөр, хураамж батлах тухай” тогтоолууд/хх-14-23/, Н Ш СӨХ-ны нэхэмжлэхийн товчоо/хх-5-7/, Шивээговь сумын 1-р багт байрлах ...дугаар байруудын дунд сууц өмчлөгчдийн холбоо байгуулах бүх гишүүдийн хурлын тэмдэглэл/хх-60-64/, СӨХ-ны эдийн засгийн тооцоо/хх-67,68/, талуудын тайлбар зэрэг  нотлох баримтуудаас үзэхэд:

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9,10,12,13,14,15 дугаар бүхий байруудын сууц өмчлөгчийн холбоо байгуулах бүх гишүүдийн хурлыг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийж Н Ш  сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан,  уг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар Ц.А томилсон, уг холбоог сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “гэрчилгээ” олгогдсон зэрэг үйл баримтууд  тогтоогдож  байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны барилгад сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно гэж,

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно “ гэж тус тус заасан.

Н Ш сууц өмчлөгчдийн холбоо нь /9,10,12,13,14,15 дугаар бүхий байруудын/  зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн уг холбоог байгуулсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч буюу сууц өмчлөгчөөс 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар дуусталх хугацаанд төлөх ёстой байсан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын үйлчилгээний хураамж  гаргуулахаар шаардсан байх ба анхан шатны шүүх хариуцагч А.Ш  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан татгалзал тайлбарыг  хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үнэлээгүй, маргаантай холбоотой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан.

Хариуцагч А.Ш нь Шивээговь сумын 1-р баг 13-р байрны  20 тоот сууцад 2018 оноос хойш оршин сууж байгаа,  тэрээр уг сууцны өмчлөгч, 13-р байр нь  Н Ш  сууц өмчлөгчдийн холбоонд хамаарч байгаа  талаар талууд маргаагүй.

Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан тул хариуцагч буюу сууц өмчлөгч нь уг үүргээ биелүүлэх ёстой байна.

Ийнхүү сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоо  нь сууц өмчлөгчөөс  сар бүр төлөх төлбөрөө шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт  нийцнэ.

Хариуцагч тайлбартаа сууц өмчлөгчдийн холбооны хурлын тов мэдэгдээгүй, уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй, уг хурлаас тогтоосон сар бүрийн төлбөрийн хэмжээ үндэслэлгүй, мөн  нэхэмжлэгч нь  шүүхэд хандсаны дараа нотлох баримтыг бүрдүүлсэн  хэмээн  дурдсан байна.

Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-д зааснаар дундын өмчлөлийн зүйлийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох,

Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д зааснаар засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх,

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар хэрэглэгчийн хувьд чанаргүй ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2, 38 дугаар зүйлийн 38.1-дэх хэсгүүдэд зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг хэргийн оролцогч  нь өөрөө нотлох, гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т “хэрэгт байгаа бичмэл баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй. ... гэж заасан.

Хариуцагчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэх үүднээс холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн  бичгэн хэлбэрээр  гомдол, санал гаргаж байгаагүй  болохоо илэрхийлсэн  тайлбарыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан.

Хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж ирүүлсэн нотлох  баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй, улмаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг тухайн цаг хугацаанд нь эрх бүхий этгээдэд гаргаагүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй,   сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д нийцнэ гэж үзэв.

Түүнчлэн сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 149, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал,  нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13, 16 дугаар зүйлүүдэд  заасны дагуу шаардлага гаргах эрхтэй, харин энэ эрх нь дундын өмчлөлийн ашиглалтын зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл биш гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн зүйлийн үйлчилгээний хураамжаас гадна эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж гэж 6938 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний зардал гэж  4180 төгрөг, нийт 11 118 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-н “ үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирол нэхэмжилсэн гэж үзэж энэ үндэслэлээр дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь  хуульд нийцнэ гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр  нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан асуудал, үйл ажиллагааг  зохих ёсоор явуулдаг эсэх талаар хариуцагч нь сууц өмчлөгчийнхөө хувьд хуулиар олгогдсон эрхээ эдлэхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1,167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал,  нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ш нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6938 төгрөг, нотариатын зардал 4180 төгрөг,  нийт 220 732 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Шивээговь сумын Н Ш Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэж ,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ..., хариуцагч А.Ш 7 272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Ш сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай” гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7272 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ТЭГШСУУРЬ

                                           ШҮҮГЧИД                             О.ОДНЯМАА

                                                                                        Х.БАЙГАЛМАА