Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2020/00185

 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, .... дүгээр баг, Орон сууцны .....-р байрны ..... тоотод байрлах Н  СӨХ-г төлөөлж, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, ..... дүгээр баг, ......... тоотод оршин суух, Б овогт Ц-гийн А /РД:............., утас ............./-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум,...... дүгээр баг, ......... тоотод оршин суух, У овогт А-ын Ш /РД:............., утас:................/-т холбогдох

 

Нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220 732 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::

          Иргэн А.Ш нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар дуусталх хугацаанд Н\ Шивээ СӨХ-д төлбөл зохих нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөгийг төлөөгүй байна. Манай СӨХ нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нд байгуулагдсан. Би мөн тэр хурлыг сонсож тэр дундаас сонгогдсон. Зарын тухайд миний хувьд тэгж зарлагдсан гэсэн зүйлийг мэдэхгүй. Тухайн хүн хэрхэн тэр зарыг сонссон талаар мэдэхгүй байна. Хурлын тэмдэглэл нь фото зургаар баталгаажсан, мөн хурлаас гарсан шийдвэрүүд хэрэгт авагдсан. Орон тооны хувьд хурал дээр ярилцаж, түүнд хэлэлцүүлэгдэж нийт 9 хүний орон тоо баталж өгсөн. Баталж өгсөн орон тоо нь хурал дээр батлагдсан тоогоор явж байгаа. Үнийн дүнгийн хувь СӨХ-ны тэргүүлэгчдийн тогтоолд үндэслэж баталсан. Бид үүнийг яаж ингэж дээд үнээр баталсан талаар мэдэхгүй. Би сүүлд ямар учиртай ингэж баталсан талаар би судлахад СӨХ-ны тухай хуульд зааснаар бид мэргэжлийн байгууллагын ажил хийдэг. Бид мөн өөрсдийн ажил үүрэгт тусгагдаагүй ажлыг давхар хийдэг. Эд хөрөнгийн засвар ч хийдэг. Тиймээс бид үүнд тааруулан ажил үйлчилгээг явуулж байна. Манай нөгөө СӨХ зөвхөн өөрийн ажил үүргийг хариуцдаг. Миний ойлгож мэдсэнээр мэргэжлийн байгууллагын ажил болон тохижилт үйлчилгээний ажлыг СӨХ хариуцдаггүй. Бид гаднаасаа үйл ажиллааганд тусгагдсан ажил хийсэн мэт боловч хийсэн ажлаа хяналтын зөвлөлд танилцуулсан. Тиймээс бидэнд дураараа явуулсан үйлдэл байхгүй.

Иймд, хариуцагч А.Ш-аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209 614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалийн тэмдэгтийн хураамж 6 938 төгрөг, баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг, нийт 220 732 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          Хариуцагч А.Ш шүүхэд гаргасан тайлбартаа:

          А.Ш миний бие нь Шивээговь суманд оршин суудаг. Уг нэхэмжлэлийг гаргагч Н СӨХ нь хурлын товыг зарлаж олон нийтэд мэдэгдээгүй, 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байранд амьдарч уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй зөвхөн уурхайчдыг байлцуулж хуралдаж шийдвэр гаргасан. СӨХ байгуулсны дараа гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж ёс зүйгүй харилцсан. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл нийт оршин суугчдын саналыг тусгаж хүлээн аваагүй, сар бүр төлөх төлбөр үндэслэлгүй тогтоогдсон, амралтын өдөр хаалга нүдэж амгалан тайван байдал алдагдуулсан, ес зүйгүй, харилцаа хандлага муутай, хавтас хэрэгт хавсаргасан 6, 7 хуудасны төлбөрийг нэхэмжлэх хуудсыг огт өгч байгаагүй, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр миний биеийг эвлэрүүлэн зуучлах дуудаж уулзаагүй. Би 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд байсан. Эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6 938 төгрөг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрийн эзэмшлийн 13-2-20 тоот байрны гал тогооны өрөөний угаалтуурын хоёр нарийн хоолойг өөрсдөө худалдан авч сольсон, СӨХ-ын ажилтан үйлчилгээний хөлс нэхэж байсан. Яагаад материалаа өөрөө аваад өөрөө сольсон байтал СӨХ-д мөнгө төлөхөө ойлгохгүй байна. Баримт бичиг нотариат хийлгэсний төлбөр 4 180 төгрөг төлөх боломжгүй. Шивээговь сумын 3, 2, 6, 7, 8 дугаар байруудыг Тохилог СӨХ нь сард 8 000 төгрөгийн хураамж авдаг. Би 3 дугаар байранд өөрийн эзэмшлийн байртай ур байрны төлбөрийг сар бүр төлж барагдуулдаг. Үйлчилгээ, цэвэрлэгээнд нь сэтгэл хангалуун байдаг. Харин Н Шивээ сууц өмчлөгчдийн холбооны үнэ тариф, үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байдаг. Шивээговь сумын иргэд эзэмшдэг Шивээговь сумын нэгдсэн зарын групп facebook хуудас дахь иргэдийн санал хүсэлтийг зургаар хавсаргав.

          Жич: Уурхайд ажилладаг айл өрхийн төлбөрийг цалингаас суутгаж авдаг байна. Мөн 200-300 төгрөгөөр үнэ ханшийг тогтоох, 1500-1000 төгрөгөөр цэвэрлэгээ үйлчилгээний тарифыг тогтооно гэж байхад, бүх үнийг дүнд дээд үнээр тогтоож байгааг тодруулах сарын тарифыг 25 000 өндөр үнэ гэж үзэж байна. Нэг суманд хоёр СӨХ байна. 8000, 25 000 яагаад ийм ялгаатай байна вэ? Н СӨХ нь үнийн дүнд өөрчлөлт оруулж бодитой тариф тогтоовол төлбөрийг барагдуулах болно. Монгол улсын хэмжээнд манай сум шиг өндөр тарифтай СӨХ байхгүй байна. Улаанбаатар хотод 24 цагийн харуул хамгаалалттай, камертай, 24 цагийн лифттэй байр 15 000 төгрөг байхад манай байр шиг лифтгүй, хамгаалалтгүй, хүүхдийн тоглоомын бүтээн байгуулалт байхгүй, урд хойгуураа машин холхисон аюултай орчинд амьдарч байна. Тийм байтал яагаад 25 000 төгрөг гэж тогтоов. Орцны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй, цэвэрлгээнээс болж иргэд байнга бухамдаж байдаг. Эдгээр асуудлыг тодруулах хүсэлттэй байна гэжээ. 

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Бидэнд СӨХ байгуулагдаж байгаа талаар мэдэгдээгүй. Мөн уг үнийн дүнгийн саналыг нэг хүн гаргаж бусад нь дэмжсэн гэдэг. Тэр нь бүх байх ёстой төлбөрийг дээд хэмжээгээр тогтоосон байсан. Үйлчилгээний хөлс болон цэвэрлэгээний хөлсийг дээд үнээр нь тогтоосон байсан, түүнийг бид гайхаж хүлээн зөвшөөрөхгүй явсаар өдий хүрсэн. Уг СӨХ-ны хэдэн оршин суугчаас хэдэн дэмжсэн талаар бид мэдэхгүй байна. Тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүдийн саналаар гэсэн байдаг. Мөн манай суманд адил СӨХ байдаг. Түүний сарын хөлс нь 8000 төгрөг харин энэ СӨХ-ны үнэ нь 25 000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зар тавьсан талаар өөрсдөө нотлох ёстой байсан. Уурхайн ажил тараад ажилчид унаанаасаа бууж ирэхэд ийм ажил ингэж явагдана гэж хэлээд гарын үсэг зуруулсан талаар сонссон. Тэр дотор гэр байранд амьдардаг хүмүүс ч байсан. Хэдэн хүмүүс байсан талаар мэдэхгүй байна. Фэйсбүүк дээр дараагийн хурал дээр үнээ бууруулах талаар ярилцана гэсэн зүйл яригдсан байсан. Танай үйлчилгээг ямар байгааг хүмүүс шүүмжилж байсан. Манай орцыг угааж байхыг нэг ч удаа харж байгаагүй. Манай орцноос хлормин үнэртэж байсныг мэдэхгүй байна. Би нэг удаа хог шүүрдэж байхыг нь харсан. Тийм зүйл болсон учир үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хурал болно гэдгийг эртхэн мэдсэн бол үнийн талаар ярилцаж 200-300 гэдгийг 250 төгрөгөөр, 1500-10 000 төгрөг гэснийг 5000 төгрөгөөр тогтоож болдоггүй юм уу гэсэн санал тавихад албан ёсны хурал биш гэж хэлээд тарсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Н-СӨХ нь А.Ш-т холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас “... Сар бүр төлөх тариф үндэслэлгүй тогтоогдсон, сарын 25 000 төгрөгийн хураамж бодит байдалд нийцээгүй, нэг сумын хоёр СӨХ 8000 төгрөг, 25 000 төгрөгийн ялгаатай байна, тарифыг дээд үнээр тогтоосон, СӨХ нь хурлын товыг зарлаж, олон нийтэд мэдэгдээгүй, уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй, зөвхөн уурхайчдыг оролцуулан хуралдаж шийдвэр гаргасан, нийт оршин суугчдын саналыг тусгаагүй ...” гэж маргана.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багт байрлах 9, 10, 12, 13, 14, 15 дугаар байрны оршин суугчдын хурлын шийдвэрээр Н СӨХ-г 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ.  

Тус холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Н СӨХ-ны гүйцэтгэх захирал томилох тухай 07 дугаар тогтоолоор холбооны гүйцэтгэх захирлаар Ц.А-г томилжээ.

Н СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хуулийн этгээдийн эрхгүй, холбоо байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд бүх гишүүдийн хурал, 8.4-д Хурлаас тогтоол, хурлын тэмдэглэл гаргах бөгөөд түүнд хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж, холбооны тэмдгээр баталгаажуулна хэмээн заажээ.  

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэг өрхөөс авах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг шийдвэрлэсэн талаарх тэмдэглэл бүх гишүүдийн хурлаас гарах бөгөөд тэмдэглэлд хурлын тэргүүлэгчдээр сонгогдсон Ц.Э, Э.Ц, Д.О нар гарын үсэг зурж баталгаажуулах ёстой байтал Э.М баталгаажуулсан нь ойлгомжгүйн зэрэгцээ дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

Түүнчлэн хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлд “... тэргүүлэгч нараас сарын 25 000 төгрөг байхаар санал оруулж байна гэснийг ...  .... Ч.У 25 000 төгрөг бол хангалттай, УБ хотод СӨХ 30 000 төгрөг байдаг. Тэгэхээр нэмэх шаардлагагүй гэж үзэж байна ...”  гэж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Н Шивээ Сууц өмчлөгчдийн холбооны сар бүрийн төлбөр, хураамж батлах тухай хурлын 09 дүгээр тогтоолд “... хурлаас оршин суугч Ч.У-ийн гаргасан саналын дагуу Нэ Сууц өмчлөгчдийн холбооны сар бүрийн төлбөр, хураамжийг 25 000 төгрөгөөр тогтоосугай” гэж ганц хүний саналаар сар бүрийн төлбөр, хураамжийг тогтоосон нь хариуцагчийн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрхийг хангаагүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бүх гишүүдийн хурлын товыг зарлаж, нийтэд мэдээлээгүй, зар тавьсан бол өөрсдөө нотлох ёстой гэх тайлбарыг үгүйсгэх талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7272 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасныг баримтлан Н Шивээ СӨХ-ны нэхэмжлэлтэй А.Ш-т холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220 732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7272 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА