Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/01054

 

                                    “ **** ****” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэр, 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлалтай, 

“ **** ****” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Адъяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1.Нэхэмжлэгч “ **** ****” СӨХ нь ****т холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220,732 төгрөг гаргуулахаар шаардсаныг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг баримтлан “ **** ****” СӨХ-ийн нэхэмжлэлтэй ****т холбогдох нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж, нотариатын зардал, нийт 220,732 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,272 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 134/ШШ2020/00185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч ****аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209,614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6,938 төгрөг, нотариатын зардал 4,180 төгрөг, нийт 220,732 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг ****говь сумын “ **** ****” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ...57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ..., хариуцагч ****аас 7,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,272 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзсэн гэх боловч маргааны агуулгыг хуульд нийцүүлэн үндэслэлтэйгээр бүхэлд нь хянаж үзээгүй нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь давж заалдах шатны шүүх маргааныг тайлбарлахдаа нэхэмжлэгчийн гомдолд дурдсан “...сар бүрийн хураамжийг 25,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцнэ” гэснийг баримтлан зөвхөн СӨХ-ны үйл ажиллагааг хууль ёсны байх тухай тайлбарт анхаарал хандуулжээ. Гэтэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “Орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана”, мөн хуулийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох;”, Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно”, мөн 16.2-т “Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгө /инженерийн шугам сүлжээ, салхижуулалтын хоолой, давхрын хаалга болон бусад тоног төхөөрөмж гэх мэт/-ийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө” гэж тус тус заасан. Эдгээр заалтаас харахад үйлчилгээний хураамжийн хэмжээ биш зардлын хуваарилалт байхаар байна. Өөрөөр хэлбэл үйлчилгээний хураамж гэдэг нь урьдчилан тогтоосон үнэ, харин зардлын хуваарилалт нь зарцуулсан хөрөнгийг хариуцуулан хуваарилах, эсхүл гарах зардлыг урьдчилан тооцоолж, гарсан дүнг оролцогчид хуваарилах явдал юм. Ийнхүү хуваарилахад тухайн зардал бодитой эсэхэд хяналт тавих эрх оролцогч бүрд нэгэн адил байх учиртай. Ийнхүү зардлыг тодорхойлоогүй бол хуваарилалт бодитой эсэхийг тогтоох боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болох СӨХ-ны үйл ажиллагааны зардлын тооцоог шүүхэд гаргаж өгөөгүй атал давж заалдах шатны шүүх хуулийг буруу ойлгож, үйлчилгээний хураамж гэж тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад ****аас нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209,614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6,938 төгрөг, нотариатын зардал 4,180 төгрөг, нийт 220,732 төгрөгийг гаргуулж “ **** ****” СӨХ-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. 

7. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8.  **** ****” СӨХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний хураамж 209,614 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6,938 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний төлбөр 4,180 төгрөг нийт 220,732 төгрөг гаргуулах...” гэж тодорхойлжээ. 

9. Хариуцагч **** “... **** ****” СӨХ нь хурлын товыг олон нийтэд мэдэгдээгүй, 9,10,12,13,14,15-р байранд амьдарч уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй, зөвхөн уурхайчдыг байлцуулж хуралдан шийдвэр гаргасан, СӨХ-ны үйлчилгээний болон цэвэрлэгээний хөлсийг 25,000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн байна. 

10. Зохигчийн хооронд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал буюу шаардлага гаргах эрхтэй болох, хариуцагч дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ. 

11. Говьсүмбэр аймгийн ****говь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9,10,12,13,14,15 дугаар бүхий байруудын сууц өмчлөгчид нэгдэн “ **** ****” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд үйл ажиллагаа явуулах эрхийн 01 тоот гэрчилгээг 2019.09.20-ны өдөр Засаг даргаас олгосон байна. 

12. “ **** ****” СӨХ ****аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн тул хууль зөрчөөгүй гэж үзнэ. 

13. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зохицуулжээ. 

Хариуцагч **** Говьсүмбэр аймгийн ****говь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 13 дугаар байрны 20 тоотод 2018 оноос хойш оршин сууж байгаа, уг сууцны өмчлөгч бөгөөд уг байр “ **** ****” СӨХ-д хамаарч байна. 

14. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч **** өөрийн өмчлөлд байгаа сууцны халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй. 

15. Говьсүмбэр аймгийн ****говь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9,10,12,13,14,15 дугаар бүхий байруудын сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн 2019.09.04-ний өдрийн 09 дугаартай  **** ****” СӨХ-ны сар бүрийн төлбөр, хураамж батлах тухай тогтоолоор сууц өмчлөгч бүрийн сарын төлбөр, хураамжийг 25,000 төгрөгөөр тогтоожээ. 

Хэрэгт  **** ****” СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний хураамжийн нэхэмжлэх товчоонд  13 дугаар байрны 20 тоотод оршин суух **** 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг дуустал 209,614 төгрөгийг төлөөгүй гэж тусгагдсан байна. 

16. Давж заалдах шатны шүүх **** дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасантай нийцжээ. 

17. Хариуцагч ****сууц өмчлөгчдийн холбооны хурлын тов мэдэгдээгүй, уурхайд ажилладаггүй оршин суугчдыг хуралд оролцуулаагүй, уг хурлаас тогтоосон сар бүрийн төлбөрийн хэмжээ үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь шүүхэд хандсаны дараа нотлох баримтыг бүрдүүлсэн гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

18. Түүнчлэн орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-т “дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох”, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхтэй, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Хэрэглэгч чанаргүй бараа, ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан. 

Дээрх хуулиар олгогдсон эрхээ эдэлж ****аас Говьсүмбэр аймгийн ****говь сумын 1 дүгээр багийн нутагт байрлах 9,10,12,13,14,15 дугаар бүхий байруудын сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн 2019.09.04-ний өдрийн хурлууд, тэдгээрээс гаргасан шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

19. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээ **** зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас “ **** ****” СӨХ эвлэрүүлэн зуучлалын тэмдэгтийн хураамж 6,938 төгрөг, баримт бичиг нотариатаар гэрчлүүлсний зардал 4,180 төгрөг, нийт 11,118 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

20. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаярын хяналтын журмаар гаргасан гомдол энэ тогтоолын 11-19 дүгээрт дурдсан үндэслэлээр хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 216/МА2020/00020 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Золбаярынгомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,272 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

  Б.МӨНХТУЯА 

  П.ЗОЛЗАЯА 

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ