Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 02183

 

                                                               МАГАДЛАЛ

2020.10.23                                                      №                                                                     Төсөл

                                           Д-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д-ийн хариуцагч Э холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжпэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр иргэн Штай харилцан тохиролцож, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 329 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008051 дугаартай хувийн сууцыг, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005858 тоот газрын хамт 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулсан. 3 сарын дараа Ш нь өөрийн найз У-ын хамт түрээсэлж байсан бөгөөд тэдний гуйлтаар барьцаалж зээл авахад туслаач гэсэн хүсэлтийг нь хүлээж авсан. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ш, У бид гурав Э дээр очсон бөгөөд Э-ийг надад "... хувиараа мөнгө зээлдэг хүн” гэж тайлбарласан. Тухайн өдрөө 25 000 000 төгрөгийг зээлэхдээ хашаа байшинг чинь барьцаанд авч байгаа боловч худалдах-худалдан авах гэрээ байгуулж заавал нэр дээрээ шилжүүлж байж зээл өгөх боломжтой гэж хэлсэн. Би хууль, эрх зүйн мэдлэггүй учраас нэгэнт туслахаар шийдсэн байсан учир тэгдэг л ёстой юм байна гэж бодсон. Мөн "... тусдаа зээлийн гэрээ байгуулахаар нэр шилжүүлж өгсөн ч зүгээр, таны нэр дээр байдаг хөрөнгийг барьцаалж байгаа учраас зээлийн гэрээнд та бас оролцох ёстой” гэж тайлбарласан. Би бүх зүйлийг Ш, Э нарын хэлсэний дагуу л хийсэн. Үл хөдлөх хөрөнгө болох хувийн сууцаа 10 000 000 төгрөг гэж, газраа 5 000 000 гэж үнэлэн №593, №594 тоот худалдах- худалдан авах гэрээ байгуулсан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Иргэд хоорондын хэлцэл” гэх зээлийн гэрээг байгуулж түүнд мөн гарын үсэг зурсан. Тус 25 000 000 төгрөгийг Ш-ын данс руу хийсэн атлаа надаар бэлнээр хүлээн авав гэж гарын үсэг зуруулсан. Гэвч Ш нь мөнгөө аваад ор сураггүй алга болсон. У нь үлдээд ажлаа хийж байгаа. У 2020 оны 01 дүгээр сарыг хүртэл Шын өмнөөс тухайн зээлийг төлж байсан, мөн түрээсийн төлбөрийг төлж байсан боловч 2020 оны 01 дүгээр сараас хойш төлж чадахгүй болсон. Гэтэл Э зээлээ төлөхгүй байгаа учир хашаа, байшинг маань зарлаа гээд зар хүртэл тавиад хүмүүст үзүүлээд яваад байгаа юм. Зээлээ бас надаас нэхээд байгаа учраас арга буюу өмгөөлөгчөөс зөвлөгөө авч ямар нөхцөл байдал үүсээд байгааг, мөн хашаа байшингаа алдахаар болцон байгаагаа ойлгосон юм. 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №2594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүд нь өөрөө үнэн санаанаасаа худалдах гэж байгуулсан гэрээ биш бөгөөд бусдад зээл авч өгөхийн тулд барьцаанд тавих зорилготой байгуулсан гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцуулж байж өөрийн хөрөнгийг өөрийн нэр дээр эгүүлэн шилжүүлэх үр дагавар үүсэх юм байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн ханшаар хамгийн багадаа 60 000 000 төгрөгөөр зарагдах хөрөнгө билээ. Хууль, эрх зүйн мэдлэггүйгээс болж өөрийн хөрөнгөө алдах дээрээ тулаад байна. Тус гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагчид төлсөн 25 000 000 төгрөгөө буцаан авахдаа аваагүй үлдсэн 15 000 000 төгрөгийг гаргуулъя гэжээ. Д-ээс тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага маань худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах байгаа билээ. Бид худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй харин зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн авсанаа буцаан шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн дээрх 25 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан гэж үзэж байгаа тул тус гэрээний зээлдэгч нар болох Ш, У, Д нар хамтдаа хариуцах ёстой байгаа юм. Иймд Д-ээс үлдэгдэл 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д-ээс Чингэлтэй дүүрэг, 5-р хороо Жаргалантын 13-р гудамж 0329 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус тоот хаягт байрлах хувийн орон сууцны хамт худалдан авч, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах 593, 594 тоот гэрээ байгуулан Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулсан болно. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 593, 594 тоот дугаартай гэрээг үндэслэн Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлэн газар болон хувийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Нэхэмжпэгч Д-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар дурджээ. Нэхэмжпэгч Д нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэлд тохирохгүй байна. Д, Ш, У нар нь 25 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Зээлээ төлөөд дуусчих юм бол үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Иймд Д-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д-ээс Чингэлтэй дүүрэг 15-р хороо Жаргалантын 13-р гудамж 0329 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус тоот хаягт байрлах хувийн орон сууцны хамт худалдан авч Чингэлтэй дүүргийн нотариатч Ц-аас 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрчлүүлэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 593, 594 тоот гэрээ байгуулан Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож гэрээний төлбөр болох 25 000 000 төгрөгийг түүнд бэлнээр гаргаж өгсөн болно.Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 593, 594 тоот дугаартай гэрээг үндэслэн Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлэн газар болон хувийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Гэвчхариуцагч Д худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж үл хөдпөх эд хөрөнгөө буцаан авахаар дурджээ. Хариуцагч Д нь хашаа байшин болон газараа буцаан авах зорилгоор анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа авсан 25 000 000 төгрөгнөөс 10 000 000 төгрөгийг буцаан надад өгсөн тул үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хариуцагч Д-ээс гаргуулан надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Д, Э нарын хооронд байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалалтын 13 дугаар гудамж, 329 тоотод байрлах /Ү-2202008051/ 120 м.кв хувийн сууц, /Г-2202005858/ 276 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг тус тус Д-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Э даалгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Э нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийн дагуу гэрээний үүргийг зохих этгээдүүдээс шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүй дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш, У, Д нар нь хамтран Эээс зээл авахыг хүссэн бөгөөд Д-ийн өмчлөлийн Чингалтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 329 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008051 дугаартай хувийн сууцыг, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2202005858 тоот газрын хамт иргэн Э 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр №593, 594 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурж, 25 000 000 төгрөгийг зээлж авсан ба тэдний хооронд мөн өдрөө уг мөнгийг зээлж авсан талаар болон тус үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдүүлэгч буюу Эийн өмч болоход зээлдэгч тал татгалзахгүй, хүлээн зөвшөөрөх тухай хэлцэлийг байгуулсан. Гэрээ болон хэлцэл байгуулахад Ш, У, Д нарын хэн аль нь байлцсан бөгөөд гэрээг нотариатаар батлуулсан. Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д талаар хуульчилсан бөгөөд талуудад гэрээг танилцуулж, тэд гэрээг хүлээн зөвшөөрч байгаагаар гарын үсэг зурж баталгаажуулдаг. Хэлцэлд зээлдэгч Ш, У, Д нарын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг бөгөөд Д нь 25 000 000 төгрөгийг Эээс зээлж авсан тухайгаа өөрийн гараар бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох шинжийг агуулаагүй байхад Дийг хэдэн төгрөг авсан эсэх үйл баримт тодорхойгүй гээд зээлдэгчийн үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд Дийг хэдэн төгрөг авсан эсэх үйл баримт тодорхойгүй гэж дүгнэж буй шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт биш юм. Зээлдүүлэгч Эийн хувьд Д нарын хэн аль нь зээлдэгч юм. Ш, У нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлж хамтран үүрэг гүйцэтгэгчийн нэг болох Шт мөнгийг шилжүүлэн өгсөн байдаг. Хууль буюу гэрээнд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болон зээлдүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болох зээлдэгч нарт гэрээний зүйл болох мөнгийг хэрхэн шилжүүлэх талаар нарийвчлан заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, зээлийг хамтран үүрэг гүйцэтгэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж өгөх, эсхүл хэн нэгэнд нь өгөх талаар хуульд заагаагүй, мөн талуудын хооронд байгуулсан хэлцэлд зээлдэгч нар нь зээлийг хүлээн авах, буцаан төлөх талаар дурдаагүй боловч Д нь 25 000 000 төгрөгийг Эээс авсан тухайгаа бичин гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгч гэж хэн болохыг, мөн зүйлийн 242.2 дахь хэсэгт хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болохыг тус тус хууьчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Э холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

Д, Э нар нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 593 тоот худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д нь улсын бүртгэлийн Ү-2202008051 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамж, 329 тоот хаягт байрших 120 м.кв хувийн сууцыг Эийн өмчлөлд шилжүүлэх, Э нь 10 000 000 төгрөгийг Дт төлөх, мөн өдрийн 594 тоот худалдах, худалдан авах гэрээгээр Д нь улсын бүртгэлийн Г-2202005858 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамж, 329 тоот хаягт байрших 276 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Э шилжүүлэх, Э нь 5 000 000 төгрөгийг Дт төлөх үүргийн тус тус хүлээжээ. /хх-7, 9/

 

Мөн Э, Ш, У, Д нар нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэд хоорондын хэлцэл гэх баримтыг үйлдэж, уг баримтаар Ш, У, Д нарт 25 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамж, 329 тоот хаягт байрших 120 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2202005858 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамж, 329 тоот хаягт байрших 276 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Э нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч, зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлж барагдуулан дуусахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Д-ийн өмчлөлд буцаан шилүүлэх, зээлийн төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө нь зээлдүүлэгч талын өмч болоход зээлдэгч тал зөвшөөрсөн гэх агуулгыг тусгасан байна.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах болсон үндэслэлээ 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой байсан талаар хэн аль нь маргаангүй тул анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээг үндэслэн зээлийн гэрээний барьцааны эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй, талуудын байгуулсан иргэд хоорондын хэлцэл гэх баримтыг үндэслэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3-т зааснаар хэлцэл хийх гол үндэслэл, эрхийн талаар төөрөгдсөн гэж дүгнэж Д, Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Ийнхүү худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Эээс нэхэмжлэгч Дт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

Э, Ш, У, Д нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэд хоорондын хэлцэл нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 25 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцжээ.

Дээрх зээлийн гэрээг нэг талаас Э нөгөө талаас Ш, У, Д нар байгуулсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг 3 зээлдэгчийн хэн нэгэнд шилжүүлэх нь нөгөө этгээдүүдийг зээлийн гэрээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан Ш, У, Д нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч нар юм. Хамтран үүрэг гүйцэтгэгч нарын аль нэгийг сонгож нэхэмжлэл гаргах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгчид байна. Уг эрхээ хэрэгжүүлж хариуцагч нь нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгахгүй.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Э нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж болдог тул зөвхөн үүрэг гүйцэтгэгч Д-ээс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь хамтран үүрэг гүйцэтгэгчдийн аль нэгнээс бүхэлд нь эсхүл хэсэгчлэн үүргийг шаардах эрх зөвхөн үүрэг гүйцэтгүүлэгчид байдаг.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгч Ш, У, Д нар нь зээлийн гэрээний дагуу хэн нь хэдэн төгрөг авсан үйл баримт тодорхойгүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон нь буруу байгааг дараах байдлаар залруулах боломжтой. Хариуцагч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хэнээс ч үүргийг шаардах эрхтэй тул талуудын хооронд 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулснаас хойш 10 000 000 төгрөг төлөгдсөн тул үлдэх 15 000 000 төгрөгийг Д-ээс гаргуулж Э олгох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулав.

 

Харин Д нь хамтран үүрэг гүйцэтгэгч нараас ногдох хэсгийг гаргуулахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэлт хийсэн ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д-ээс 15 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Э олгосугай.” гэж,

4 дэх заалтын “нэхэмжлэгчээс улсны тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА                                                                          

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ