| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2019/05259/и |
| Дугаар | 02104 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 02104
Б-тэй нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02146 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-тэй, Д нарын хариуцагч Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын өмнөөлөгч: Б.Э,
Хариуцагч: Г.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-тэй Д2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн өдрөө 18 320 000 төгрөгийг тус тус Д-ийн нэрээр шилжүүлсэн. Д нь миний төрсөн ээж. Би ээжээсээ визэнд орохдоо дансанд мөнгө байршуулахаар 28 320 000 төгрөгийг авсан байсан. Ээж маань энэ мөнгийг Дшилжүүл гэсэн. Ээж Д, Д 2 нь ярилцаж тохиролцсон байсан тул би мөнгийг шилжүүлсэн. Би ээжийн мөнгийг өөрийн данснаас ээжийн нэрээр шилжүүлсэн. Тэр цагаас хойш Д нь нэг ч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна. Өмнө нь 28 320 000 төгрөг нэхэмжилж байгаа. Бүгд нийт 30 000 000 төгрөг. Учир нь нэхэмжлэгч Дэлгэр 2018 оны 4 дүгээр сарын 25-нд 1 680 000 төгрөгийг хариуцагч Дэлгэрнасангийн Хаан банкны 5020573211 тоот дансанд шилжүүлсэн тул 1 680 000 төгрөгийг хамруулан шийдэж өгнө үү. Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан зээлийн гэрээний үүргээ л хариуцагчаас шаардаж байгаа. Зээлийн гэрээ байгуулагдсаныг мөнгө шилжүүлсэн баримт нь нотолно. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний танил Б нь манай хамаатангууд надаас мөнгө зээлчихээд өгөхгүй юм, хамаатангууд надад бол өгөхгүй юм байна би чамаас мөнгө зээлж өгсөн, одоо энэ хүний данс руу мөнгийг нь хий гэж шаардаж шахаж байж чиний данс руу хийлгүүлнэ шүү, чи мөнгийг надад шилжүүлчих гэж гуйсан. Ингээд миний дансруу орсон мөнгийг би тэр даруйд нь Бгийн дансруу шилжүүлсэн. Б-тэй нь миний данс руу хийсэн мөнгөө надад зээлүүлсэн гэж байгаа нь үнэнд огт нийцэхгүй байна. Ээжээсээ визэнд орохоор авсан мөнгөө над руу шилжүүлсэн гэж тайлбарлах нь энэ хүний эрх боловч надад зээлүүлсэн гэж гүтгэж байгааг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Б-тэй нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны 02 цаг 56 минутад 10 000 000 төгрөг, 07 цаг 45 минутад 18 320 000 төгрөг миний дансруу шилжүүлсэн байна. Түүний дансны хуулга нийт 28 372 070 төгрөгний үлдэгдэлтэй байжээ. Гэвч энэ мөнгө хэзээнээс эхлэн түүний дансанд байсан нь тодорхойгүй байна. Өөрөө бол визэнд орохоор дансанд байршуулсан байсан мөнгө гэж тайлбарлажээ. Иймд шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч Б-тэйтэй эрх зүйн харилцаанд ороогүй, харин Бгийн гуйлтаар л мөнгийг нь нэхэмжлэгч нараас авч шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нар хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан зүйлгүй, утсаар ч ярьсан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1 680 000 төгрөг ч мөн ялгаагүй хамаатан садангийн хүмүүс хоорондоо шилжүүлсэн мөнгөө ийнхүү нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Д нь Б д өгөх өрөө өгөхгүй байна, чамаас зээлсэн гээд хэлээд авна гэж хэлсэн учраас Д нь Б д итгэж дансаараа хүлээн авсан 30 000 000 төгрөгийг нэн даруй Бгийн дансанд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч нартай зээлийн гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д-гаас 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б-тэй, Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд “...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ...эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан. Нэхэмжлэгч Д, Б-тэй нар нь өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу өөрсдийгөө төлөөлөх бүрэн эрх олгосон байдаг. Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8202 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэгч нарын хүсэл, зоригийг хангалттай илэрхийлж чадахгүй” хэмээн шүүх үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг татгалзан гаргасан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн, Д нь О.Дэлгэрнасантай тохиролцсоны дагуу өөрийн данснаас төгрөгийг болон өөрийн төрсөн хүү Б-тэйгийн дансанд байршуулсан төгрөгийг Д-ийн 5020573211 дугаар данс руу 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 18 320 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэн зээлэн авсан баримтаар тогтоогдож байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүй, хариуцагч Днь “Б нь манай хамаатнууд надаас мөнгө эзэлчхээд өгөхгүй байна чамаас мөнгө зээлж өгсөн, одоо энэ хүний данс руу мөнгийг хий гэж шаардаж шахаж байж чиний данс руу хийлгүүлнэ шүү, чи мөнгийг над руу шилжүүлчих гэж гуйсан. Үүний дагуу миний дансруу орсон мөнгийг би тэр даруйд Бгийн данс руу шилжүүлсэн” гэж тайлбарладаг ба энэ нь бодит үнэнд нийцээгүй, гэрч Бгийн мэдүүлгээр няцаагддаг ба энэ нь баримтаар тогтоогдоогүй, мөн гэрч Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Хариуцагч Д нь гэрч Бд 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэж байгаа бол гэрч Бгаас нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б-тэй, Д нар нь хариуцагч Д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Б-тэй нэхэмжлэлийн үндэслэлээ “визэнд орох 28 320 000 төгрөг байсныг ээж хариуцагч Д шилжүүлчих гэхээр нь 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн, нэхэмжлэгч Д нь хариуцагч Д2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 680 000 төгрөг шилжүүлсэн тул зээлдүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлаж байна.
Хэргийн 4, 33 дугаар тал дах “Х”ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 000 000 төгрөг, 18 320 000 төгрөгийг зээлийн утга хэсэгт “Дэлгэрээс” гэж бичиж 2 удаагийн гүйлгээгээр Д-ийндансанд Б-тэй шилжүүлсэн, мөн хэргийн 24, 45 дугаар тал дах “Х”ХХК-ийн депозит дансны хуулга гэх баримтаар 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1 680 000 төгрөгийн зээлийн утга хэсэгт “Дэлгэр” гэж бичиж Д-ийндансанд шилжүүлсэн болох нь тус тус тогтоогджээ.
Хэрэгт авагдсан баримт болон талууд зээлийн гэрээний талаар зөвшилцөөгүй буюу мөнгөн хөрөнгө шилжүүлэх, буцааж төлөх талаар талуудын хүсэл зориг нэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Хариуцагч Д нь татгалзлаа “Б хамаатнууд зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь чамаас зээлсэн энэ хүний данс руу хий гэж шахаж данс руу чинь хийлгүүлэхээр над руу шилжүүлчих гэхээр нь орсон мөнгийг Бгийн данс руу шилжүүлсэн” гэж тайлбарласан байна.
Хариуцагч Д нь Бгийн үүргийг хүлээн авсан гэх агуулгаар дээрх тайлбарыг гаргасан боловч уг тайлбар нь Бгийн гэрчээр өгсөн мэдүүлгээр няцаагдсан байна. Учир нь Б нь “Д, Д хоёрын хоорондын асуудлыг мэдэхгүй, надад хамааралгүй. Тухайн үед надад Дөртэй байсан өрөө төлсөн” гэх агуулгатай гэрчийн мэдүүлэг өгчээ.
Энэ тохиолдолд хариуцагч нь өөр этгээдийн дамжуулсан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох байтал нотолж чадаагүй болно.
Иймд хариуцагч Д нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлгүйгээр өөрт хөрөнгө бий болгосон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Талуудын хооронд хууль буюу гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг үүсээгүй байхад мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байдлыг анхан шатны шүүх үнэлэхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчид мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж тодорхойлсныг шүүх тодруулж, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжтой.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд үүрэг үүсээгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагч Д-гаас 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-тэй, Д нарт олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өөрийн үзэмжээр талууд хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж нэхэмжлэгч Д, Б-тэй нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцуулахаар шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн боловч уг зөрчлийг засаж нэхэмжлэгчийн өөрийгөө төлөөлүүүлэх эрхийн хувьд дараа нь өөр этгээдээр төлөөлүүлэн оролцуулсон нь хэргийн шийдэлд шууд нөлөөлөх ноцтой зөрчилд хамаарахгүй гэж үзсэн болно. /хх59-61/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д-гаас 30 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-тэй, Д нарт олгосугай.“ гэж,
2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ