Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 02105

 

 

 

 

 

 

 

 

 

З-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01199 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З-ийн хариуцагч “С”ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б, Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 оноос хойш ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж, байгууллагын зүгээс сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Миний хөдөлмөрийг үнэлж шагнал урамшуулал өгч шагнаж байсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орой төв байрны үндсэн тэжээлийн системд гэмтэл гарч түүнийг засахаар ажиллаж байхад хүний нөөц, хууль эрх зүй хариуцсан захирал Ж намайг дуудаж халагдах тушаал өгсөн. Ажлаас халсан тушаалыг хууль бус тушаал гэж үзэж байгаа. “С”ХХК хэрэг явдлыг судлахдаа үнэн зөвийг ололгүй ажил дээр согтуу ирж асуудал гаргасан хүний талд шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байна. Мөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 тоот анхны гарсан тушаалын 1 дэх заалтад танхайрах байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэг заалтыг өөрчилж сүүлийн тушаал дээр нэмээд нийгмийн хэв журам гэж нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэрэв З-ийн гуйлтаар гарч байгаа тушаал байсан бол хэзээ ч комисс нь өөрчлөгдөхгүй, нийгмийн хэв журам гэж орж ирэхгүй. 2 дахь заалтаар ажил хүлээлцэх сүүлийн хугацааг 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгосон боловч 2 дахь тушаалын сүүлийн 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн тушаалд 2 дахь заалтдаа ажил хүлээлцэх хугацааг мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж өөрчилсөн. Мөн тайлбарт хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учраас З-ийн хөдөлмөрийн гэрээг өөрийнх нь хүсэлтээр цуцалсан гэж байна. З арга буюу байдалд ороод хүсэлтээ бичиж өгсний дагуу танайхаас гарсан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгт байхгүй. Мөн Зтой байгуулсан гэрээг цуцлахдаа хариуцагч хуульд нийцэж гаргаагүй хэд хэдэн үндэслэлийг зөрчсөн. Шүүхээс 2 өөр тушаалын талаар “С”ХХК-ийн бичиг хэрэгт үзлэг хийсэн. “С”ХХК-ийн төлөөлөгч нар 2 өөр тушаал байгаа талаар хүлээн зөвшөөрсөн, устгасан гэсэн тайлбар өгдөг. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан нотлох баримтад тухайн архивын хавтас дотор товъёог хийсэн, товъёог дотор З-ийн тушаал нь 2 хуудас гэсэн байдаг. Үзлэг хийхэд 2 хуудас байдаг. Гэтэл хавтаст хэрэгт тушаалын ганцхан хуудас хавсаргагдсан байна. Нөгөө хуудас нь удирдлагын өгсөн санал буюу 4 хүний санал байсан. Хөдөлмөрийн гэрээний 10.4 дэх хэсэг заалтыг З-ийн хувьд харгалзаж үзэлгүйгээр зөвхөн хүний нөөцийн ажилтны танилцуулснаар гүйцэтгэх захирал нар нь өөрийн үзэмж, нэг талын эрх ашиг сонирхлоор ажлаас халсан гэж харагдаж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.6-д заасныг зөрчиж 2 өөр тушаал гаргахдаа ажил хүлээлцэх комиссыг тодорхой тусгаагүй, зөрүүтэй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хугацаа нь мөн зөрүүтэй зэргээр эрх зүйн актыг гаргахдаа өөрийн дотооддоо мөрдөгдөх дотоод журмаа зөрчсөн байдаг. Тухайн өдөр З нь удирдлагадаа ажилладаг Ж-д ажил үүргийн хувиар албан шаардлага тавьсан байдаг. Тавьсан албан шаардлагыг Жэсэргүүцсэний улмаас тухайн маргаан гарах шалтгаан, нөхцөл болсон. Иймд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б477 тоот тушаалыг хүчингүй болгох, Зоригоог мобайл сүлжээний ашиглалтын албаны радио дамжуулах дэд бүтцийн хэлтсийн менежерийн ажил, албан тушаалд эргүүлэн тогтоолгож, 7 сарын ажилгүй байсан хугацааны цалин буюу сард 2 400 000 төгрөгийн цалинтай, нийт 16 800 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын цагаар хамт ажилладаг Ж-ийн биед халдаж, танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан Хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь компаний дотоод хяналтын камерын дүрс бичлэгээр тогтоогдсон. Удирдах албан тушаалтны зүгээс өөрийн удирдлагад ажилладаг ажилтандаа сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл хэрэглэх нь манай компанийн соёл, үнэт зүйл, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл тул З-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Дээрх зөрчил гаргасныг З-ийн миний буруу, хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн тайлбар, цагдаад гомдол гаргасан гэсэн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр тогтоогдоно. Хэргийн 42 дугаар хуудсанд байгаа зөрчил үйлдсэн гэж 100,000 төгрөгөөр торгосон шийдвэр үгүйсгэх нөхцөл байдал биш. 2 өөр тушаал гэдэг нь, нэгдүгээрт тушаал гэж ойлгогдоод байгаа хэргийн 63 дугаар талд авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй, харьцуулах боломжгүй баримт. Үндэслэлгүй гэж тайлбарлахдаа З хүсэлт өгсний үндсэн дээр 10 дугаар сарын 11-ний өдрийн Б477 тоот тушаалыг гаргасан гэж тайлбарлалаа гэж ярьж байна. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлээс ч гэсэн харагдана. Тушаал гарсны дараа хүсэлтийг өгсөн. Тушаал гарсны дараа хүсэлт өгсөн учраас яригдаагүй гэдгийг тайлбарлаж өгсөн. Удирдлагын буюу шууд удирдлагын саналыг харгалзан үзнэ гэж заасан. Хоёрдугаарт шууд удирдлагууд бүгдээрээ ямар ч зөрчил биш юм гэж ерөөсөө үзээгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн гол зүйл заалтыг үндэслэсэн, 9.4.13 дахь заалтыг дурдсан. Зөрчил гэж тогтоож торгосон. Гэтэл бид өнөөдөр энэ зөрчил биш юм. Нэхэмжлэгч компани дээр ажилгүйдлийн тэтгэмж авах гэтэл хугацаагаа хэтрүүлчихлээ боломжоор хангаад өгөөч гэхээр нь ажил хүлээлцэх хугацааг нь 31-ний өдөр болгож хугацаан дээр өөрчлөлт орсон. Сүүлийн хүчин төгөлдөр тушаалаа авч үлдсэн, ижил тушаал хадгалагдаад байх боломжгүй. Өмнөх ажил хүлээлцэх хугацаа нь 18-ны өдөр байсан нь устгалд орсон. Нийгмийн хэв журам, хүч хэрэглэх, хүний биед халдах гэдгийг Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8031 тоот тогтоолд нийгмийн хэв журам гэдэгт нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг нийгмийн хэв журамд оруулдаг тул хүний биед халдсан үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй. Мөн шууд удирдлагын санал харгалзаагүй, 2 ширхэг хуудас байсны нэгийг нь шүүхэд гаргаж өгсөн гэж ярьж байна. Гэтэл энэ хэрэгт тухайн удирдлагуудыг гэрчээр асуух явцад өөрсдийн өгсөн саналуудаа хэлсэн. Тиймээс тушаал хууль ёсны, үндэслэл бүхий тушаал гарсан. Дээрх тушаалыг хүлээж авсны дараа З нийгмийн даатгалын санд тушаалаа бүртгүүлж албан ёсоор нийгмийн даатгалын тэтгэмжээ авсан гэж хэлж байна. Ажлаас халсан тушаалыг өөрөө 10 дугаар сарын 11-ний өдөр авсан. 1 сарын хугацаа байхаас 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл харагдаж байна. Ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж байна. Халагдсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа гэдэг нь энэ нөхцөл байдлаас харагдаж байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 тоот тушаалыг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З-г “С”ХХК-ийн Технологийн газрын Мобайл сүлжээний ашиглалтын албаны Радио дамжуулах сүлжээ, дэд бүтцийн хэлтсийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, “С”ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б-477 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С”ХХК-иас 16 800 000 төгрөг олговорт тооцон гаргуулж, нэхэмжлэгч Зд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасныг баримтлан олговорт олгогдох 16 800 000 төгрөгөөс шимтгэл хураамжийг холбогдох байгууллагад нь хуульд заасан журмын дагуу төлж, З-ийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны сар тутмын нөхөн бичилтийг зөвтгөн хийхийг хариуцагч “С”ХХК-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Скайтель ХХК-иас үндсэн шаардлагад 70 200 төгрөг дээр олговорт олгогдох дүнгээр 241 950 төгрөг бүгд 312 150 төгрөгийг төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь илт үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 9.4.13-д заасан ноцтой зөрчил гаргасан. Нэхэмжлэгч нь бусдыг зодсон буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн, гаргасан зөрчил нь хяналтын камерын бичлэг, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдсон, нэхэмжлэгч уг хууль бус үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулсан нь хэрэгт байгаа нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг өөрийнх нь шууд удирдлага дээш нь мэдэгдэлгүй нуун дарагдуулсныг Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ж мэдсэн даруйдаа холбогдох нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн нь хэргийн материалын 38-39 дэх талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Уулзалтын тэмдэглэл”, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн камерын бичлэгээр нотлогддог. Мөн хэргийн материалын 79 дэх талд авагдсан шүүхээс камерын бичлэгт “Үзлэг хийсэн тэмдэглэл”, 85-89 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлэг, 42 дахь талд авагдсан Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 100 000 төгрөгөөр торгуулсан гэх мөрдөгчийн “Хариу мэдэгдэх хуудас”-аар давхар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хариуцагчийн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 6.4.4-д заасны дагуу бүрдүүлэх ёстой бичиг баримтууд дутуу, тушаалыг өөрчилсөн байна гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нотлогдоогүй мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг нотолж байгаа бусад нотлох баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Мөн шүүх ажил олгогчийн зүгээс ноцтой зөрчил гаргасан ажилтныг халахгүй, өөр арга хэмжээ авах боломжтой байхад халсан нь буруу байсан мэтээр ажил олгогчийн эрх хэмжээнд халдсан дүгнэлт хийсэн байна. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх ёстой. Шүүхээс процессын хуулийг ноцтой зөрчсөн тухайд шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанаар танилцуулан сонсгосноос хойш 7 хоногийн дотор бичгээр үйлдэлгүй 3 сарын дараа 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг хариуцагчид гардуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч З нь хариуцагч “С”ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“С”ХХК нь Зг Радио дамжуулах сүлжээний хэлтсийн менежерийн албан тушаалд хугацаагүй томилж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. /хх-6, 31-33/

 

Дээрх ажлаас чөлөөлсөн “С”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.4, 6.4.6 дахь заалтыг баримталж, хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил Зг гаргасан гэсэн үндэслэл заасан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага ажлаас халж, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаар тушаалыг гаргахдаа эхний тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр танилцуулж, дараагийн өөр утга бүхий тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж өгсөн гэж, хариуцагч нь “2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 тоот тушаалаар нэхэмжлэгч Зг ажлаас чөлөөлж ажил хүлээлцэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тогтоосон, энэ хугацааг З хэтрүүлж нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа өнгөрчихлөө засаад өгөөч гэхээр нь ажил хүлээлцэх хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болгон засч харин ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга хэвээр нэг утгатай байсан” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хэргийн 6 дугаар талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулсан  хоёр дахь буюу “С”ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаар тушаал нь “С”ХХК-ийн архивт нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “С”ХХК-ийн “Б” тушаал “2019.09-2019.12” 2851 хадгаламжийн нэгж бүхий хавтаст авагдсан Б-477 тушаалын эх хувьтай тохирсон байна.

 

Хэргийн 64, 109 дүгээр тал дах нэхэмжлэгчийн утсаар буулгаж авсан эхний тушаал гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Зг ажлаас чөлөөлсөн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б-477 дугаар тушаалын нэг дэх заалтад нийгмийн хэв журам гэх үг нэмж оруулсан, хоёр дох заалтад ажил хүлээлгэн өгөх сүүлчийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож гэж огноог өөрчилсөн, гурав дах заалтад ажил хүлээлцэх ажлыг удирдан зохион байгуулахыг технологи хариуцсан дэд захирал Ч.Даваажамцад гэснийг хасч өөрчилсөн болохыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Ажил олгогч нь өөрийн ажилтан Зг ажлын байран дээр өөрийн шууд удирдлагад ажиллах ажилтныхаа биед халдаж, танхайран байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл зааж ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч З 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын байран дээрээ өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар хамт ажилладаг Ж-ийн толгойг мөргөж, биед нь халдаж зодсон зөрчил гаргасан бөгөөд уг зөрчилд нь Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болох нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хариу мэдэгдэх хуудас гэх хэргийн 42 дугаар тал дах баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасныг тогтоогдоогүй гэж дүгнэсэн үндэслэлгүй болжээ.

 

Хэргийн 5-6 дугаар талд хөдөлмөрийн гэрээ авагдсан байх ба уг гэрээний 9.4.13-т, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчлийг нэрлэн заахдаа “ажлын байранд бусдыг хэл амаар доромжилж нэр хүндийг нь гутаах, зодолдох зэргээр танхайран нийгмийн хэв журам, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, ...хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар талууд тохиролцжээ.

 

Хэргийн 123 дугаар тал дах хариуцагч байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах хүсэлтэд “...З нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлын байранд өөрийн шууд удирдлаганд ажиллаж байгаа ажилтан Ж-тэй хэрүүл маргаан хийж, улмаар түүний биед халдсан, нийтээр дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан ноцтой зөрчил гаргасан” гэж тусгасан байх бөгөөд ажилтан З нь хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй, зөрчлийг тогтоогоогүй гэж маргасан байна. Гэтэл хэргийн 137 дугаар талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 25к/7729 тоот албан бичгээр “...хамт ажилладаг Зд зодуулж гэмтсэн гэх өргөдлийг шалгахад гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон тул хэрэг нээхээс татгалзсан” баримт авагджээ.

 

Хэргийн 42 дугаар тал дах Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар холбогдогч З нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 100 000 төгрөгөөр торгуулсан нөхцөл байдлаас үзвэл түүнийг сахилгын ноцтой зөрчил гаргасан буюу өөрийнхөө доор ажиллаж байгаа Ж-ийн биед халдсан учраас хөдөлмөрийн гэрээний 9.4.12-т заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзнэ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ажлын бус цагаар, аялал зугаалгын үед дээрх зөрчлийг гаргасан” бол ноцтой зөрчилд хамаарна гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т зааснаас үзвэл ажлын байранд гээд хаалтанд “томилолт, амралт, зугаалга, тэмцээн, уралдаан” гэх мэт хэмээн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тохиолдлуудыг хамааруулсан нь ажлын цагаас гадна ажлын бус цагаар гэх нөхцөл байдал ч мөн адил хамаарахаар зохицуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан, албан газар дотор бусдын биед халдсан гэх зөрчлийг гаргасан болох нь байгууллагын камерын бичлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Хэдийгээр ажлын бус цагт л хамаарна тайлбарлаж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээний 9.4.13-т заасан нөхцөл байдалд хамаарч байна. Иймээс давж заалдах гомдол болон хариу тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч З нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа шагнал урамшуулал авч байсан, ажил үүргээ сайн гүйцэтгэдэг байсан гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдал нь түүний гаргасан зөрчлийг үгүйсгэх сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Сахилгын зөрчилд шийтгэл ногдуулах журмыг хөдөлмөрийн дотоод журмын 6.3.3, 6.4.4-т заасан журмын дагуу хариуцсан нэгжийн удирдлагууд нь ажлаас чөлөөлөх санал өгөхөөс татгалзсан, энэхүү журмын дагуу ажлаас халах санал явуулаагүй нь ажлаас халах нөхцлийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Нэгэнт хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, хөдөлмөрийн дотоод журамд заасан шат дамжлагыг дамжаагүй нь ноцтой зөрчилд тооцож ажлаас халах шийтгэл ногдуулсныг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Хэрэгт 2 газрын хариуцсан захирал нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Хэргийн 101 дүгээр талд Гэрч Ч.Даваажамц мэдүүлэхдээ “...ийм асуудал дээр товлосон арга хэмжээ нь хүнд байна гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээ буюу сануулах арга хэмжээ авхуулъя гэж амаар хэлж байсан” гэж, мөн хэргийн 88 дугаар талд гэрч Я.Батжаргал мэдүүлэхдээ “...журмын дагуу холбогдох захирлуудаас санал авдаг. Тэрний 1 нь би байсан. Би албан тушаал бууруулах санал бичгээр өгсөн” гэж мэдүүлжээ.

 

Дээрх гэрч нарын мэдүүлгээс дүгнэвэл хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтаар шийдвэрлэгдээгүй нь нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчилд шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл өөрөө болохгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр нэрлэн заасан хугацаандаа гараагүй, 3 сарын дараа гаргасан гэх байдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуулиар тогтоосон хугацаа, журмыг зөрчсөн зөрчил мөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Харин уг алдааг дахин гаргахгүй байхыг тухайн шүүх, шүүгчид энэхүү магадлалаар анхааруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/01199 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “С”ХХК-д холбогдох ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ