Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02036

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02036

 

 

Т.Пын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Пын хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д холбогдуулан Э.Т.ТХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Т.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д 2016 онд замын мастераар томилогдож ажилласан. Ажиллаж байх хугацаандаа уурхайд ашиглалтын инженерээр ажиллах болсон. Ингээд ажлаа хийж байтал чиний оронд өөр хүн ажиллах болсон тул түр хүлээж энэ ээлжиндээ амарчих гэж хэлсэн. Үүнээс хойш намайг буцаж дуудаагүй ба 2019 онд очиж асуутал ажлаас халсан 2 тушаал гаргаж өгсөн. Уг тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан. Ямар ч үндэслэлгүй ажлаас халсан тушаал гаргаж өгсөнд гомдолтой байна. Э.Т.ТХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан замын мастерын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөөлөгч Д.Атарсайхан, Ц.Сарантуяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Т.П Уурхайн олборлолтын хэлтсийн Замын мастераар томилогдож ажилласан. Т.П 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрөө Замын мастерийн ажлаас чөлөөлөгдөн, инженжерийн албан тушаалд томилогдон ажиллах хүсэлтэй тухай өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 тоот тушаалаар Замын мастерийн ажлаас чөлөөлж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/304 тоот тушаалаар Ч.Нармандахын ажил албан тушаалыг хэвээр хадгалах хүртэл хугацаанд Ашиглалтын инженерийн албан тушаалд түр томилон ажиллуулсан. Ч.Нармандах 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашиглалтын инженерийн ажилдаа эргэн орох хүсэлт, өргөдөл гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2016 оны Б/496 тоот тушаалаар Ч.Нармандахыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гарч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 дугаар тушаалаар түр ажиллаж байсан Т.Пыг Ашиглалтын инженерийн ажлаас чөлөөлсөн. Үүнээс үзвэл Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 тоот Т.Пыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Т.П тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан гэх боловч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цаашид ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргаж байсан ба ажлаас халагдсан болохоо тухайн үед мэдсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э.Т.ТХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Замын мастерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Монголын Хуульчдын Холбооны гишүүн,өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт би иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.”..3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно...” гэж заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2020 оны 07 сарын 31-ны өдрийн дугаар 182Ш1Ш 2020\01708 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл нь: Миний үйлчүүлэгч нэхэмжлэгч Туулын Пүрэвочирын “Эрдэнэс таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 6\303, 5\497 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстөй тэнцэх хэмжээний олговор гаргуулах,Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэнийг хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэг т “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор” гаргана заасан байх ба ажил олгогч Эрдэнэс таван толгой ХК-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 11-ний өдрийн Б\497 тоот тушаалаар “Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан шийдвэрийг эс зөвшөөр гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өмгөөлөгчийн байр сууринаас Эрдэнэс таван толгой ХК болон Т.Пүрэвочир нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн боломжгүй гэсэн байр суурийг баримталсан ба үүнд Хөдөлмийн хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх боломжгүй бөгөөд иргэний хууль ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нийтлэг хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэх боломжтой гэсэн байр суурийг шүүхийн хэлэлцүүлэгт баримталсан болно. Үүний хууль хууль зүйн үндэслэл нь хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ажил олгогч хоёрын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хууль зүйн үр дагавар бүхий хөдөлмөрийн харилцаа үүсэх үндэслэлтэй юм.Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3-т “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай 4 харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог..” мөн зүйлийн 3. 1.“ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2.“ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг..” хэлнэ гэж хөдөлмөрийн харилцааны хууль зүйн факт үүсэх үндэслэл нөхцөл, харилцаанд орологчдын эрх зүйн байдлыг тодорхойлон заажээ. Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хариуцагч Т.Птой хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч “Эрдэнэс таван толгой” ХК нь хөдөлмөрийн тухай хуулийн 24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.”гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргээ эс биелүүлж Т.Пүрэвочирт өгөөгүй,Т.Пүрэвочир нь ^ хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээ сайн мэдэхгүй зэрэг үйл баримт бий болсон ба хөдөлмөрийн гэрээний хуулбар эсхүл ажилтанд оногдох хувийг гаргуулах хүсэлтийг эс хайхарсан болно. Шүүх хурал дээр хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг алга болгосон, олдохгүй байгаа гэх зэргээр тайлбарлах боловч хөдөлмөрийн гэрээ байгуулсанаа болон алга болгосон үйл баримтаа нотлоогүй, нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байдаг. Иймээс хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь ажиллах хүсэлт гаргасан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 сарын 05-ны өдрийн Б/303 дугаар тушаал үндэслэлтэй гэх зэргээр мэтгэлцэж байгаа нь чухам хэзээ хаана нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, хуульзүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Эрдэнэс-таван толгой ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг ноцтой зөрчиж иргэн Т.Пыг хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй хариуцагч тал энэ тухай нотлож чадахгүй байхад анхан шатны шүүхээс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь хэрэг маргааны бодит байдалд нийцээгүй хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байхад хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар үндэслэж байгааг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д холбогдуулан Э.Т.ТХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Т.П нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д уурхайн олборлолтын хэлтсийн Замын мастераар гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/89 дугаар тушаалаар томилогдон ажиллаж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 6/304 дугаар тушаалаар Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженерээр түр томилогдсон байна. /хх-ийн 35, 38/

Хариуцагч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 дугаар тушаалаар Т.Пыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 1-2, 41/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлээ “...Т.Пын Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, Ашиглалтын инженер Ч.Нармандахын ажилдаа орох хүртэлх хугацаагаар түр томилогдсон...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Т.Пыг ашиглалтын инженерийн ажил албан тушаалд томилсон “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/304 дүгээр тушаалын 1-д “Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженер Чинбатын Нармандахын  ажил албан тушаалыг хэвээр хадгалах хугацаанд Туулын Пүрэв-Очирыг Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженерээр 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс түр томилон ажилуулсугай” гэж заасан./хх38/  Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/496 дугаар тушаалаар чөлөөний хугацаа дууссан тул Ч.Нармандахыг Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженерээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл,хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулж болохоор, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилснаар цуцлахаар тус тус зохицуулжээ. Уг үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан байх тул хуульд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Хариуцагч байгууллагын энэ талаарх тайлбар үндэслэлтэй.

Хэргийн 56 дугаар талд авагдсан “Т.П би ... хоёр ашиглалтын инженер чөлөө авсан тул түр орлон ажиллаж байгаад  арван нэгэн сард чөлөө авсан инженер буцаж ажилдаа ороход ажлаас чөлөөлөгдсөн болно. ...Уул уурхайн инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай цаашид “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллах хүсэлтэй байгаа учир ажлын байраар хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  ажил олгогчид ирүүлж байснаас үзэхэд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцласан болохыг тухайн үед мэдсэн нь нотлогдож байна.

Хэдийгээр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй ч энэ нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, мөн нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв болжээ. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өтгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан  нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                              ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.НАРМАНДАХ