Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00381

 

 

Т.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2036 дугаар магадлалтай,  

Т.Пүрэв-Очирын нэхэмжлэлтэй,

Эрдэнэс-Тавантолгой ХК-д холбогдох  

Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис, Ц.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Т.Пүрэв-Очир нь Эрдэнэс-Тавантолгой ХК-д холбогдуулан Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Замын мастерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Т.Пүрэв-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2036 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.  

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэж заасан байх ба ажил олгогч Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.11-ний өдрийн Б497 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээг 2016.11.11-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрдэнэс-Тавантолгой ХК болон Т.Пүрэв-Очир нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн боломжгүй ба үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх боломжгүй бөгөөд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэх боломжтой. Үүний хууль зүйн үндэслэл нь хөдөлмөрийн харилцаа нь ажилтан ажил олгогч хоёрын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар хууль зүйн үр дагавар бүхий хөдөлмөрийн харилцаа үүсэх үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог. мөн зүйлийн 3.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг; 3.1.2-т ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ гэж, хөдөлмөрийн харилцааны хууль зүйн факт үүсэх үндэслэл нөхцөл, харилцаанд оролцогчдын эрх зүйн байдлыг тодорхойлон заажээ. Хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад хариуцагч Т.Пүрэв-Очиртой хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч Эрдэнэс-Тавантолгой ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэсэн хуулиар хүлээлгэсэн үүргээ эс биелүүлж Т.Пүрэв-Очирт өгөөгүй. Т.Пүрэв-Очир нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхээ сайн мэдэхгүй зэрэг үйл баримт бий болсон ба хөдөлмөрийн гэрээний хуулбар эсхүл ажилтанд оногдох хувийг гаргуулах хүсэлтийг эс хайхарсан болно. Шүүх хуралдаан дээр хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг алга болгосон, олдохгүй байгаа гэх зэргээр тайлбарлах боловч хөдөлмөрийн гэрээ байгуулснаа болон алга болгосон үйл баримтаа нотлоогүй, нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байдаг. Иймээс хариуцагчаас шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь ажиллах хүсэлт гаргасан. Гүйцэтгэх захирлын 2016.08.05-ны өдрийн Б/303 дугаар тушаал үндэслэлтэй гэх зэргээр мэтгэлцэж байгаа нь чухам хэзээ хаана нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Эрдэнэс-Тавантолгой ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг ноцтой зөрчиж, Т.Пүрэв-Очирыг хууль бус хөдөлмөр эрхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй хариуцагч тал энэ тухай нотлож чадахгүй байхад анхан шатны шүүхээс хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь маргааны бодит байдалд нийцээгүй хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй байхад хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэж байгааг эс зөвшөөрч байна. Иймд анхан болон болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Пүрэв-Очирын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

8. Т.Пүрэв-Очир нь Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.03.16-ны өдрийн Б/89 дүгээр тушаалаар уурхайн олборлолтын хэлтсийн Замын мастераар томилогдон ажиллаж, мөн гүйцэтгэх захирлын 2016.08.05-ны өдрийн 6/304 дүгээр тушаалаар Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженерээр түр томилогджээ.  

9. Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.11-ний өдрийн Б/497 дугаар тушаалаар Т.Пүрэв-Очирыг тухайн өдрөөр тасалбар болгон Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженерийн албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан тушаал, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын үндэслэлээ ...Т.Пүрэв-Очирын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, ашиглалтын инженер Ч.Нармандахын ажилдаа орох хүртэлх хугацаагаар түр томилогдсон... гэж нэхэмжлэгчтэй мэтгэлцжээ.  

10. Нэхэмжлэгч Т.Пүрэв-Очир 2016.07.20-ны өдрийн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн захиргаанд ...Миний бие өөрийн эзэмшсэн мэргэжил, чадварыг бүрэн дайчилж цаашид тогтвор суурьшилтай өсөн дэвжиж ажиллах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж инженерийн албан тушаалд томилон ажиллуулж өгнө үү гэх утгатай өргөдөл гаргасныг үндэслэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.08.05-ны өдрийн Б/304 дүгээр тушаалын 1-д Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженер Чинбатын Нармандахын ажил албан тушаалыг хэвээр хадгалах хугацаанд Туулын Пүрэв-Очирыг Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженерээр 2016.08.22-ны өдрөөс түр томилон ажилуулсугай гэж шийдвэрлэсэн байна. 

Улмаар Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.11-ний өдрийн Б/496 дугаар тушаалаар чөлөөний хугацаа дууссан тул Ч.Нармандахыг Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженерээр 2016.11.11-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулсан байна.

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрдэнэс-Тавантолгой ХК нэхэмжлэгч Т.Пүрэв-Очиртой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан зохицуулалтад нийцсэн талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар хуульчилсан байна. 

13. Хэргийн 56 дугаар талд авагдсан Т.Пүрэв-Очир би ...хоёр ашиглалтын инженер чөлөө авсан тул түр орлон ажиллаж байгаад арван нэгэн сард чөлөө авсан инженер буцаж ажилдаа ороход ажлаас чөлөөлөгдсөн болно. ...Уул уурхайн инженер мэргэжилтэй, ажлын дадлага туршлагатай цаашид Эрдэнэс-Тавантолгой ХК-д ажиллах хүсэлтэй байгаа учир ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2016.11.28-ны өдөр Эрдэнэс-Тавантолгой ХК-д гаргасан бөгөөд ажил олгогч сул орон тоо гарвал судалж шийдвэрлэе гэж хяналтын картанд бичилт хийснийг байгууллагын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэсэн байна.  

Энэ баримтаас үзвэл Т.Пүрэв-Очир нь ашиглалтын инженерээр түр ажиллаж байсан нь тогтоогджээ. 

14. Хоёр шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэж, нэхэмжлэгч Т.Пүрэв-Очир ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болохыг тухайн үед мэдсэн боловч 2020.05.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан нэг сарын хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

15. Эрдэнэс-Тавантолгой ХК, Т.Пүрэв-Очир нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцааг үгүйсгэхгүй юм. 

16. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг тодорхойлж, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Замын мастерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Т.Пүрэв-Очирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д заасан зохицуулалт, тэдгээрийн ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна. 

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...Эрдэнэс-Тавантолгой ХК болон Т.Пүрэв-Очир нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх боломжгүй бөгөөд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт үйлчлэх боломжтой... гэж дурдсан хэдий ч талуудын хооронд иргэний эрх зүйн ямар харилцаа үүссэн, тэдний эрх, үүргийн талаарх үндэслэлээ заагаагүй байна. 

Шүүх хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж буй үндэслэлээ тодорхой зааж, дурдаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-6.3-т тус тус заасныг зөрчинө. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2020/01708 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2036 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ 

                                               ШҮҮГЧИД                            Г.БАНЗРАГЧ 

                                                                                            П.ЗОЛЗАЯА 

                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Д.ЦОЛМОН