Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2020/01708

 

     2020       07          31

               182/ШШ2020/01708

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: аймаг, сум, баг, гудамж тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Пын нэхэмжлэлтэй

Хариуцагч: дүүрэг, дүгээр хороо, байранд байрлах, /улсын бүртгэлийн дугаар, /, Э ХК-д холбогдох,

Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.А, Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХК-д 2016 онд замын мастераар томилогдож ажилласан. Ажиллаж байх хугацаандаа уурхайд ашиглалтын инженерээр ажиллах болсон. Ингээд ажлаа хийж байтал чиний оронд өөр хүн ажиллах болсон тул түр хүлээж энэ ээлжиндээ амарчих гэж хэлсэн. Үүнээс хойш намайг буцаж дуудаагүй ба 2019 онд очиж асуутал ажлаас халсан 2 тушаал гаргаж өгсөн. Уг тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан. Ямар ч үндэслэлгүй ажлаас халсан тушаал гаргаж өгсөнд гомдолтой байна. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан замын мастерын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Э ХК-ийн төлөөлөгч Д.А, Ц.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/89 тоот тушаалаар Т.П Уурхайн олборлолтын хэлтсийн Замын мастераар томилогдож ажилласан. Т.П 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрөө Замын мастерийн ажлаас чөлөөлөгдөн, инженжерийн албан тушаалд томилогдон ажиллах хүсэлтэй тухай  өргөдөл гаргасан. Тус өргөдлийн дагуу Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 тоот тушаалаар Замын мастерийн ажлаас чөлөөлж, 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/304 тоот тушаалаар Ч.Нармандахын ажил албан тушаалыг хэвээр хадгалах хүртэл хугацаанд Ашиглалтын инженерийн албан тушаалд түр томилон ажиллуулсан. Ч.Нармандах 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашиглалтын инженерийн ажилдаа эргэн орох хүсэлт, өргөдөл гаргасан тул Гүйцэтгэх захирлын 2016 оны Б/496 тоот тушаалаар Ч.Нармандахыг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах тушаал гарч  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 дугаар тушаалаар түр ажиллаж байсан Т.Пыг Ашиглалтын инженерийн ажлаас чөлөөлсөн. Үүнээс үзвэл Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 тоот Т.Пыг  ажлаас  чөлөөлөх тухай  тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй бөгөөд Т.П  тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан гэх боловч 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр цаашид ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл гаргаж байсан ба ажлаас халагдсан болохоо тухайн үед мэдсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.П хариуцагч Э ХК-нд холбогдуулан Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Гүйцэтгэх захирлын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 дугаар тушаал, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 дугаар тушаал үндэслэлтэй бөгөөд Ч.Нармандахын ажил албан тушаалыг хэвээр хадгалах хүртэл хугацаанд ажилтан Т.Пыг Ашиглалтын инженерийн албан тушаалд түр томилон ажиллуулсан гэж маргаж байна.

Хариуцагч Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/89 дугаар тушаалаар Т.П Уурхайн олборлолтын хэлтсийн Замын мастераар томилогдон ажиллаж байжээ. /хх-ийн 35 тал/

Ажилтан Т.П 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Э ХК-ийн захиргаанд “ Миний бие өөрийн эзэмшсэн мэргэжил, чадварыг бүрэн дайчилж цаашид тогтвор суурьшилтай өсөн дэвжиж ажиллах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж инженерийн албан тушаал дээр томилон ажиллуулж өгнө үү “ гэх өргөдөл гаргаж, /хх-ийн 36 тал/ ажилтны өөрийн санаачлагыг үндэслэн ажил олгогч Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/303 тоот тушаалаар Т.Пын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Б/304 тоот тушаалаар Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженер Чинбатын Нармандахын ажил албан тушаалыг хэвээр хадгалах хугацаанд Т.Пыг Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженерээр 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс түр томилон ажиллуулсугай” гэж /хх-ийн 38 тал/ шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж заажээ.

Ажил олгогч Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/496 тоот тушаалаар чөлөөний хугацаа дууссан тул Чинбатын Нармандахыг Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженерээр 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үргэлжлүүлэн ажиллуулж, Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 тоот тушаалаар Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Олборлолтын хэлтэст Ашиглалтын инженер Т.Пын хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан  /хх-ийн 40-41 тал/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Т.П 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э ХК-д өргөдөл гаргаж “Т.П миний бие Э ХК-д ээлжийн мастер хийж байгаад Ашиглалтын 2 инженер хоёулаа чөлөө авсан тул тушаал дэвшин түр орлон ажиллаж байгаад 11 дүгээр сард чөлөө авсан инженер буцаж ажилдаа орж ажлаас чөлөөлөгдсөн болно. Миний бие Уул уурхайн инженер  мэргэжилтэй ажлын дадлага туршлагатай, цаашид Э ХК-д ажиллах хүсэлтэй байгаа учир ажлын байраар хангаж өгнө үү” гэх Өргөдлийн агуулга, ажил олгогчийн “Сул орон тоо гарвал судалж шийдвэрлэе” гэх цохолт, Бүртгэлийн дэвтэрт бичигдсэн тэмдэглэгээ зэргээс үзэхэд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг ажилтан тухайн үед мэдсэн гэж дүгнэхээр байна. /хх-ийн 56-59 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, мөн хуулийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байх ба ажил олгогч Э ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/497 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 182/ШЗ2020/02840 тоот шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа ажилтан захиргааны чөлөөтэй байх хугацаанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хүчинтэй хэвээр үргэлжлэн түүний ажил, албан тушаал хэвээр хадгалагдана” гэж зохицуулсан байна.  

Өөрөөр хэлбэл захиргааны чөлөөтэй байсан Олборлолтын хэлтсийн Ашиглалтын инженер Чинбатын Нармандахын ажил албан тушаал хэвээр хадгалагдана. Хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулсан ажилтан Т.П хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн Б/497, Б/303 тоот тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч Т.Пын Замын мастерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөгийг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 6/303, 5/497 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Замын мастерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Пын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ