Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02033

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02033

 

 

                                                   “Ц.С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Ц.С” ХХК-ийн хариуцагч Н.Бт холбогдуулан түрээсийн төлбөрт 18 890 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.С” ХХК нь Н.Бодбаатартай 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 180 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай барилгын 1 дүгээр давхрыг, 1 сарын 4 000 000 төгрөгөөр, 16 сарын хугацаатай түрээслэхээр тохирсон. Иргэн Н.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд тухайн түрээсийн байранд Монгол зоог хоолны газрыг ажиллуулсан. Н.Б Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ-ний хугацаанд 20 200 000 төгрөгийг төлж, 2016 оны 02 дугаар сард түрээсийн байрыг орхиж гарсан. Тус байрыг орхиж гарсантай холбоотойгоор талуудын нягтлан бодогч нар 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн. Иргэн Н.Б нь 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр буюу нийт 5 сарын хугацааны 21 800 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл түрээсийн төлбөрт 2 910 000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш түрээсийн төлбөрт огт төлбөр төлөөгүй. Иймд хариуцагч Н.Баас “Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 18 890 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц.С” ХХК нь иргэн Н.Бтай 2011 оноос 2013 оныг хүртэл “Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ” байгуулж ажилласан. 2015 оныг хүртэл түрээсийн төлбөрийг төлж байсан. “Ц.С” ХХК-ийн зүгээс манай байгууллага уг барилгыг нурааж өөр барилга барих гэж байна. Барилга барьсны дараа та нарыг оруулна гэж аман байдлаар ярьж тохирсон. Хэсэг хугацаанд үйл ажиллагаа явуулж бай, түрээсийн төлбөр авахгүй гэж хэлсэн. 2015 оны 4 дүгээр сард байрыг нураах гэж байна гэж түрээслэгчийг байрнаас нь гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр буцааж үйл ажиллагаагаа үргэлжлүүл гэж оруулсан. 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд түрээслэгч нь ашиглалтын зардлыг төлсөн. Энэ хугацаанд Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ байгуулаагүй. 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл Монгол зоог хоолны газар ажиллуулсны төлбөрт 20 200 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч уг төлбөрийг төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүрэгтэй. Талуудын нягтлан бодогч нар түрээсийн төлбөрийн үлдэгдэл 21 800 000 төгрөг гэж тооцоо нийлсэн гэж байгаа боловч иргэн Н.Б хуулийн этгээдээр үйл ажиллагаа явуулаагүй. Хувиараа бизнес эрхэлж байсан. Нягтлан бодогч байгаагүй. Нягтлан бодогч гэдэг нь гагцхүү хуулийн этгээдэд байдаг. Мөн Н.Б тооцоо нийлсэн актад Н.Б гарын үсэг зураагүй. н.Баярмаа гарын үсэг зурсан. Тухайн үед н.Баярмаа гэж хүн Монгол зоог хоолны газарт ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. Талууд албан ёсоор тооцоо нийлж акт үйлдсэн бол Н.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурах ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н.Баас 18 890 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц.С” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Ц.С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас 252 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Ц.С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Н.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сар хүртэл түрээсийн байранд “Монгол зоог” гэх хоолны газар ажлуулж байсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 200 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн гэх бөгөөд хэргийн хүрээнд уг 20 200 000 төгрөгийг төлж байсан дансны хуулга байхгүй байгаа нь нэхэмжлэгт тал өөрийн шаардлагаа нотлож чадахгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугээр сар хүртэл хугацаанд түрээсийн үйл ажиллагаа явуулсан байх тул талуудын хоорондын 180 мк.в талбайг 1 сарын 4 000 000 төгрөгөөр төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр харилцан тохиролцсон түрээсийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн, хэлцэл хүчин төгөлдөл байна гэж шийдсэн бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа бодитоор хэрэгжсэн ч гэсэн уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарьш 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн 2-т “Шинжилж буй гарын үсэг нь Н.Бын гэх гарын үсгийн загвартай бүтцээрээ тохирохгүй байна” гэж гарч байгаа нь Н.Бын гэх гарын үсэг биш байна гэдгийг нотлох тул дээрх гэрээнд гарын үсэг зураагүй байгааг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

 

   Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Ц.С” ХХК нь хариуцагч Н.Баас 2015 оны 9 сараас 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт 18 890 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            “Ц.С” ХХК болон Н.Б нар нь 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр “Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ”-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөөнд байрлах өөрийн байранд 180 кв.м талбайг 1 сарын 4 000 000 төгрөгийн төлбөртэй, 16 сарын хугацаагаар түрээслэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх9-11/

            Хэргийн 12-13 дугаар талд авагдсан түрээсийн төлбөр төлөх хуваарь, тооцоо нийлсэн байдлаас үзвэл 21 800 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас хариуцагч 2 910 000 төгрөг төлж, 18 890 000 төгрөгийг төлөөгүй байна. Хариуцагч энэхүү тооцоог эргэлзээгүй баримтаар няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

            Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох “Ц.С” ХХК-ийн  үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 2203008839 дугаарт бүртгэлтэй, 0048118 дугаар гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан гэрчилгээ, болон зохигчдын тайлбараар нотлогдсон./хх-14/

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс талуудын хоорондын дээрх “Үйлчилгээний зориулалттай барилгын түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Тодруулбал, Иргэний хуулийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.

Гэтэл талууд дээрх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул уг үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрээ хүчин төгөлбөр бус” тухай гомдол үндэслэлтэй болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаах учиртай.

Гэвч хариуцагч бусдын эд зүйлийг үндэслэлгүйгээр хүлээн авч ашиглаж байсан. Энэ ашиглалтыг биечлэн буцаах боломжгүй учир ашиглалттай тэнцэх төлбөр гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.12-т нийцнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөрт гаргуулахаар шаардаж буй 18 890 000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1-т...” гэж  өөрчлөн найруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 252 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                             Б.НАРМАНДАХ