Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00941

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02196 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2033 дугаар магадлалтай,

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Бт холбогдох,

Түрээсийн төлбөрт 18,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Н.Бт холбогдуулан түрээсийн төлбөрт 18,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02196 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч Н.Баас 18,890,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас 252,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2033 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт...” гэснийг “...492 дугаар зүйлийн 492.1.1-т...” гэж өөрчлөн найруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 252,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1.Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай гэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 18,890,000 төгрөгөөс хасаж тооцох ёстой гэж ойлгож байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөрийн 18,890,000 төгрөгийн нэхэмжлэлийн хэдэн төгрөгийг хасч тооцон бодож зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 890,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг 890,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн объектын ашиглалтын зардал хэмээн тайлбарладаг боловч нотлох баримтаар нотолж чадаагүй атал анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчийн зүгээс уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдаж шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөлт оруулж хариуцагчаас 18,890,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээснийг 18,000,000 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Н.Бт холбогдуулан 18,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...хариуцагч нь тус компанийн өмчлөлийн 180 м.кв талбай бүхий байрыг “Монгол зоог” нэртэй хоолны газрын зориулалтаар түрээслэн ашиглуулж байсан, 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрт нийт 5 сарын 21,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2,910,000 төгрөг төлсөн тул үлдэх мөнгийг гаргуулна” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...2015.01.01-ний өдөр түрээсийн  гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлсэн нягтлан нь манай компанийн ажилтан биш, түрээсийн талбайд 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 09 дүгээр 15-ны өдөр хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, мөнгө гаргуулсан шийдлийг хэвээр үлдээжээ.

8.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, “Ц” ХХК болон Н.Бын хооронд 2015.01.01ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжинд байрлах 180 м.кв талбай бүхий байрыг “Монгол зоог” нэртэй хоолны газрын зориулалтаар ажиллуулж, түрээсийн төлбөрт сард 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, 2016 оны 01 дүгээр сард түрээсийн гэрээ дуусгавар болсон, энэ хугацаанаас өмнөх төлбөрөө хариуцагч бүрэн төлөөгүй ба талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар 21,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, уг хугацаанаас хойш 2,910,000 төгрөг төлсөн учир үлдэх хэсгийг буюу гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар хүчин төгөлдөр бус, харин хариуцагч бусдын эд хөрөнгийг ашигласан, энэ ашиглалтыг буцаах боломжгүй учир тэнцэх хэмжээний төлбөр гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний төлбөрт гаргуулахаар шаардаж буй 18,890,000 төгрөгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ” гэсэн дүгнэлт хийж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх, зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан хэдий ч уг гэрээ хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үр дагавар үүснэ гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо 2 үндэслэл заасан ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

11.1.Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зөрчсөн, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус” гэсэн үндэслэл заасныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэн энэ талаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын энэ хэсгийг хангахаар, харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдлийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн нь магадлалд тодорхой тусгагдсан  байна. Иймээс “давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан гэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардсан мөнгөнөөс хасаагүй” гэх гомдлыг үндэслэл муутай гэж үзэв.

11.2. 890,000 төгрөгийг ашиглалтын зардал гэж нэхэмжлэгч шаардсан боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж нийт 18,890,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан энэ хэмжээнд талууд мэтгэлцсэн, гэрээ үйлчлэх хугацаанд хариуцагч түрээсийн төлбөрт дээрх мэнгийг төлөөгүй нь тогтоогджээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2033 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Н.Б /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-Эрдэнэ/-ын 2020.10.23-ны өдөр төлсөн 25,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН