Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 01962

 

 

 

 

 

 

Н.С-гийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.С-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдаагаар зарж борлуулсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 4 дүгээр байр, 12 тоот орон сууцны 3 эзэмшигчийн нэг эзэмшигч нь Н.С- юм. Уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний ах Н.Содгэрэл гэх хүн барьцаанд тавьж улмаар өр төлбөрөө төлөөгүй. Байрыг хураагдаж, битүүмжлэгдээд худалдан борлуулах гэж байгаа талаар Н.С-д давхар мэдэгдэхгүйгээр худалдан борлуулж өмчлөх эрхийг нь зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд дуудлага худалдаа явуулахдаа эзэмшигч нарт мэдэгдэнэ гэж заасан. Эзэмшигчид мэдэгдсэнээр дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс өөрийн эзэмшиж, ашиглах, ногдох хувь хэмжээг нэхэмжилж гаргуулж авах зэрэг эрхтэй. Дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн. Иймд дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01376 дугаар захирамжаар Н.Содгэрэлээс 112 165 118 төгрөгийг гаргуулж Ландорф Финанс ББСБ ХХК- д олгох, хариуцагч гэрээний үүргийн биелэлтийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Н.Содгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй, зах зээлийн бодит үнэлгээг шинжээчээр тогтоолгосон. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий Хөрөнгө эстимэйт ХХК-д шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц нь 139 920 400 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Талуудад үнэлгээг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлүүдээр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн. Талуудаас гомдол гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж байгаад 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шинжээчийн үнэлсэн 139 920 400 төгрөгийн 70 хувь буюу 97 944 280 төгрөгөөр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа нь 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/22423, 4/22424 дугаартай мэдэгдлээр тус тус мэдэгдэж, мэдэгдлүүдийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.С-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Н.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.С- нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 146 байр, 60 тоотод амьдран сууж байгаа. 2020 оны Улсын их хурлын сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон 2020 оны хавар хүүхэд төрүүлснээс болж хаягийн бүртгэлээ солиулж чадаагүй байсан. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийг үнэлүүлсэн талаар төрсөн ах Н.Содгэрэлээс мэдэж байсан боловч дуудлага худалдаа болох өдрийг албан ёсоор мэдээгүй тул түүнд оролцож эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу дуудан ирүүлээгүй, утсаар биечлэн мэдэгдээгүй зөвхөн шууданд мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэдэг нь өмчлөгч нарт мэдэгдсэн гэх хангалттай үндэслэл болж чадахгүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.С- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01376 дугаар захирамжаар Н.Содгэрэлээс 111.776.290 төгрөгийг гаргуулан “Ландорф финанс ББСБ” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2203008398 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоотод байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 17280778 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. / хх-ийн  26-27, 29 /

Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх үүрэгтэй боловч сайн дураараа биелүүлээгүй тул хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Н.Содгэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ. /хх-ийн 34-35, 45, 48/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар санал ирүүлэхийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4/18132 тоот албан бичгээр Н.Содгэрэл, Д.Норслой, Н.С- нарт баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна. /хх-ийн 47/

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 225 тоот тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т  нийцжээ.

Шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 139.920.400 төгрөгөөр үнэлж, дүгнэлтийг НШШГГ-т хүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгчийн хаягаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн байна. /хх 59/

Түүнчлэн, хариуцагч байгууллагаас 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 4/22424 дугаартай мэдэгдлээр Н.С-д орон сууцны анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 139.920.400 төгрөгийн 70 хувь буюу 97.944.280 төгрөгөөр тогтоон, дуудлага худалдаанд оруулах болсныг баталгаат шуудангаар 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн ажиллагааг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь нэхэмжлэгч Н.С- нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4 дүгээр байрны 12 тоот хаягт бүртгэлтэй талаарх хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан, мөн төрсөн ах Н.Содгэрэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тэмдэглэгдсэнээр бусад өмчлөгч нарт үнэлгээ болон үнэлгээний тайлангийн талаар дамжуулан хэлэх талаар тусгагдсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангагдаж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01994 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

          ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                            Н.БАТЗОРИГ