Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02031

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02031

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Гийн хариуцагч БОАЖЯны дарга Н.Ц-д холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх тухай иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цээнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Г миний бие 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Сүүлийн үед намайг хууль бус олон тушаал, шийдвэрүүдэд гарын үсэг зурахыг Байгаль орчин аялал жуучлалын сайдын туслах дарамталж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн Захиргаа, удирдлагын газрын дарга Р.Эрдэнэбулган удаа дараа өрөөндөө чамайг ажлаас хална гэж дарамтлах болсон. Миний ажил энэ хүнд огт хамааралгүй бөгөөд яагаад ингээд байгаа шалтгаан нь ойлгомжгүй, нэг бус удаа төрийн болоод нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хууль бус тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрүүлэх, Л.Гийн оронд томилогдох хүн нь хүлээгээд байна гэх мэтээр шахаж байсан ба тэр болгонд нь үл хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэх хүсэл зоригоо миний зүгээс илэрхийлсээр байсан. Мөн сайдын туслах н.Ганзориг нь миний амралтын тушаалыг өгөхгүй, ажлаас халагдах өргөдлөө өг, өргөдлөө өгвөл амралтын тушаалыг нь өгнө гэх мэтээр удаа дараа дарамталсан. Энэ талаар шаардлагатай бол баримтаар нотлох бүрэн боломжтой. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Б/57 дугаартай тушаал гаргасан. Энэ тушаалын талаар надад 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр анх мэдэгдэж, миний бие 11 дүгээр сарын 22-ны өдөр тушаалаа гардаж авч, танилцсан. Тушаалд миний хөдөлмөрийн гэрээг 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу тушаал гарахаас 4 өдрийн өмнө дуусгавар болгосон байсан. Миний бие ажилд орсон цагаас хойш өдийг хүртэл мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудал гаргаж байгаагүй бөгөөд ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж ирсэн. Харин ажлын цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хууль болоод Үндэсний хорооны хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний дагуу ажилласан билээ. Үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар өөрчилж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаараа Л.Г миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэртээ өөрчлөлт оруулсан байх бөгөөд өөрчилсөн шийдвэртэйгээ холбогдуулан шүүхэд хариу тайлбар гаргасан байна. Миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгсөн гэжээ. Гэтэл миний бие өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй бөгөөд ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өг, тэгвэл ээлжийн амралтын чинь тушаалыг гаргаж өгнө гэж дарамталсан тул би аргагүйн эрхэнд тушаалаа гаргуулах зорилгоор ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан ба тушаал гармагц тэрхүү хүсэлтээ буцааж авсан болно. Иймд хариуцагчийн Л.Гийн өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Миний ажил олгогчийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болохыг тодорхойлов гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, Л.Гийн талаар өргөдөл, гомдол удаа дараа ирж байсан ба хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 30-ны хооронд /аblе-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар нэг сарын дотоод 10 цаг 17 минут ажлаас хоцорч хангалтгүй ажилласан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн ба тус тушаалд Тушаалд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтыг тус тус үндэслэн өөрчлөлт оруулсан. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар ажиллаж байсан Л.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 04-нд БОАЖЯны дарга Н.Цэрэнбатад Миний бие Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албанд ажилладаг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж өгнө үү гэж Өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг удирдлага болгосон. Л.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлүүлэх тухай өргөдөл нь Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны бичиг хэргийн дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 04-нд 504 дугаараар бүртгэгдэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга Ч.Гантулгад Чөлөөлөх гэж цохолт хийгдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгж даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6,573,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Гт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороонд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Л.Г нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 190,333 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Г нь өөрийн хүсэлтээр өргөдөл гаргаж, чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан байхад үүнийг авч хэлэлцээгүй бөгөөд тушаалаар маргаан бүхий захиргааны актад өөрчлөлт оруулсан байхад үүнийг үнэлж дүгнээгүй ба тус Л.Гийн гаргасан өргөдлийг хүч хэрэглэж, дарам шахалт үзүүлж бичүүлсэн байх үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл энэ талаар ямар нэгэн байдлаар нотолсон зүйл огт байдаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад зааснаар ажилтан өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад, хууль бусаар халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтад зааснаар буруу тодорхойлсон тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож үндэслэлтэй. Хэрвээ ажлаас халсан тушаалыг хуулийн дагуу авч хэлэлцсэн бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, эсхүл тус актыг зөвтгөж гаргаххүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Гэтэл үйл баримт хангалттай тогтоогдоогүй байхад нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг буруулах үндэсний хороонд холбогдуулан үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Л.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар тус яамны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргаар томилогдон ажилласан, улмаар  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс үүрэгт ажлаас  чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдсон. /хх 3/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 хэсгийн 4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах заалт, Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгын газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Сахилга хариуцлагыг сайжруулах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/299 дүгээр тушаал, тус яамны Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэл болгожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болно гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалт нь ажил олгогч ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлөх зохицуулалт бөгөөд ийнхүү тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх учиртай. Хэрэгт Л.Гийг тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон гэх баримт авагдаагүй, энэ үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцэхгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Ажил олгогч нь дээрх тушаалын үндэслэлээ “... Л.Г нь удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хангалтгүй биелүүлж, өөрийн нэгжийн ажилчидтай удаа дараа ёс зүйгүй харьцаж, хамт олны багаар ажиллах нөхцөлийг алдагдуулж байгаа, 10 цаг 17 минут ажлаас хоцорсон нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд /able-дотоод сүлжээний цаг бүртгэлд/ хийсэн хяналт, шалгалтаар тогтоогдсон, ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргасан”  гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хэргийн 21 дүгээр талд авагдсан Монгол Улсын Байгаль орчин, аялал зуучлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/63 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” тушаалын “1-д Байгаль орчин, аялал зуучлалын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/57 дугаар тушаалд дараах өөрчлөлт оруулсугай. 2-д Тушаалын үндэслэх хэсгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 гэсний өмнө “38.1.1 дэх заалт” гэж, “Сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Байгаль орчин, аялал зуучлалын сайдын 2017 оны А/299 дүгээр тушаал гэсний дараа Л.Гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, гэж тус тус нэмсүгэй.” гэжээ.

Энэхүү тушаалын үндэслэлийг хариуцагч байгууллага нь ажилтан өргөдөл гаргаснаар түүнийг өөрийн хүсэлтээр ажил албан тушаалаас нь чөлөөлсөн гэж тайлбарласан. Гэвч ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон цаг хугацаа, тушаалын агуулга, зохигчдын тайлбар зэргийг харьцуулбал хариуцагчийн “ажилтан санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцласан” гэх тайлбар эргэлзээтэй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөл нь түүний өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл байсан гэхэд учир дутагдалтай, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Анхан шатны шүүх ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ажил олгогчийн тушаал Хөдөдмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцээгүй гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

Иймд, Л.Гийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны нэгжийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцсэн. Ажилтанд олгох олговрыг шүүх зөв тооцсон болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                                     ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Б.НАРМАНДАХ