Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 02124

 

“К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                        иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо       даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “П” ХХК, “МК” ХХК болон Б.И-, Ж.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 622 673 645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            “П” ХХК, “К банк” ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй,

            “МК” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, “МК” ХХК, К банк нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ч.Мандахын бие даасан шаардлагатай,

            “МК” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд П.Ганчимэгийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Н.Т, хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч Б.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, хариуцагч “МК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, гуравдагч этгээд П.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, түүний өмгөөлөгч Л.О, гуравдагч этгээд Ч.М, Я.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь К банктай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг байгуулж, 600 000 ам.долларын жайка төслийн зээлийг жилийн 7,71 хувийн хүүтэйгээр 6 сар тутам хувьсах нөхцөлтэй, 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн тус өдөр иргэн Б.И-тай 08/117 тоот зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, батлан даагч Б.И- нь “П” ХХК-ийн К банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүхэлд нь батлан даасан байна. Түүнчлэн П ХХК-ийн 2009 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 тоот хүсэлтийн дагуу банк 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг зээлдэгчтэй байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. 

Мөн 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 8/150 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ болон 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээгээр  “МК” ХХК-ийн дор дурдсан хөрөнгөнүүдийг “П” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Үүнд: “МК” ХХК-ийн өмчлөлийн 000107546 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014256 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48А байр, 1 тоот орон сууц, МК ХХК-ийн өмчлөлийн 000106169 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014162 тоот улсын бүртгэлийн дугаартай, 384,23 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 2 тоот орон сууц, “МК” ХХК өмчлөлийн 000106168 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014163 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 3 тоот орон сууц, “МК” ХХК өмчлөлийн 000106167 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2206014164 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоот орон сууц орж байгаа.

Тус банкны “МК” ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүдийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч “П” ХХК-нд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан боловч 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу зээлийн төлбөрөөс хэсэгчлэн суутгуулснаас хойш дахин зээл, зээлийн хүүгийн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй. Ийнхүү нэмэлт хугацаа олгосон боловч үүргээ биелүүлэхгүй байх тул тус банк болон зээлдэгч “П” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдэгч болон батлан даагчаас үндсэн зээл 470 000 ам.доллар, зээлийн хүү 116 047 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 9 749 ам.доллар, нийт 595 796 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ГЗ/564 тоот албан бичгээр үндсэн зээл 470 000 ам.доллар, зээлийн хүү 173 694 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 20 819 ам.доллар, нийт 664 513 ам.доллар болгож нэмэгдүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ тухайн өдрийн ханшаар бодож 74 989 023 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1 622 673 645 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан. “П” ХХК-тай байгуулсан 08/150 тоот зээлийн гэрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан учир манайх нэхэмжлэлийн шаардлага дээрх зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах гэсэн шаардлагаа татаж авсан. Мөн зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас “МК” ХХК-ийн өмчлөлийн 000106168 тоот гэрчилгээний дугаартай Ү-2206014163 тоот улсын бүртгэлийн дугаартай, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 3 тоот орон сууцыг хасч, үлдэх 3 үл хөдлөх эд хөрөнгөөр барьцааны зүйлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулсан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуульд заасан хэлцэл болгон хамаардаггүй бөгөөд зөвхөн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаардаг. Эдгээр зөрчлүүд нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байх шаардлагыг хангадаг. Хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэлд хамаарахгүй болохыг Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолоор тайлбарласан. Хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл нь өөрөөр хэлбэл хууль тогтоомжид агуулагдсан хэм хэмжээнд хэлцэл хийх арга зам хэлцлийн үр дагаварт хэрэглээгүй бол тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Иргэний эрх зүйн харилцаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, 110 дугаар зүйлд заасны дагуу өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн төлбөрийг бүрэн хийснээр биш харин хуулийн дагуу улсын бүртгэл хийлгэснээр өмчлөх эрх үүснэ. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх зохицуулалт хөдлөх эд хөрөнгөд хамааралтай буюу хөдлөх эд хөрөнгийг үнийг хэсэгчлэн төлөхийг худалдан авагчид зөвшөөрсөн ерөнхий зохицуулалтад энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжихтэй холбоотой маргаан хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг зохицуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах шаардлагыг зохицуулсан Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх заалт болон холбогдох хууль тогтоомжид эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрлийг авах тухай зохицуулсан зохицуулалт байхгүй. МК ХХК К банк нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ч.Мандах, П.Ганчимэг, Я.Саранчимэг нарын бие даасан шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг хангаагүй гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан байгаа. Маргаан бүхий барьцааны гэрээ 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. Орон сууцнуудыг 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Улсын комисс хүлээж авахад айлууд орон сууцанд орсон байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Маргааны зүйл болж байгаа барьцааны гэрээ түүгээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шаардах үндэслэл буюу ипотек тэргүүн ээлжинд тавигдана гэж үзэж байгаа. К банк маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан ба улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, уг бүртгэлийг эсэргүүцсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул барьцааны эрхийг К банк Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан этгээд мөн гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Хариуцагч Б.И-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хуяг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК нь К банкнаас 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 600 000 ам.долларын жайка төслийн зээлийг 120 сарын хугацаатай жилийн 7,71 хувийн хүүтэй зээлж авсан. “П” ХХК болон К банктай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/117 тоот зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээгээр зээлийн баталгаанд Б.И- өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 56 дугаар байрны 03 тоот буюу 220,6 мкв бүхий 2 давхар хувийн сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээгээр 3 тоот хувийн орон сууцыг барьцаалсан гэх боловч Б.И- болон К банк нарын хооронд барьцааны гэрээ хуулийн дагуу байгуулагдаагүй байсан. Б.И-ийн өмчилж байгаа хувийн сууц К банкны барьцаанд бүртгэгдээгүй байсан. Энэ нь Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Б.И-ийн өмчлөлийн 3 тоот орон сууцнаас “П” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Б.И- “П” ХХК-ийг К банкнаас зээл авах үед батлан даагчаар оролцсон боловч зээлийн гэрээний хугацаанд батлан даагчийн үүргээсээ татгалзаж энэ тухай К банканд мэдэгдэж байсан. Батлан даалтын үүргээсээ татгалзсаныг К банк зөвшөөрөөд 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр  08/150 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ хийсэн. “П” ХХК-тай гэрээ байгуулж 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “МК” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Б.И-ийн 3 тоот хөрөнгийг барьцаа хөрөнгөнөөс хасч барьцааг бүхэлд нь өөрчлөөд “П” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 48 А байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 4 ширхэг орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Б.И-ийн барьцаа байхгүй болчихоод байхад Б.И-ийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.И- Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даагчийн үүргээсээ татгалзаж батлан даагчийн үүрэг нь дуусгавар болсон. Үүнийг К банк хүлээн зөвшөөрч шинэ гэрээ хийсэн. Гэтэл “П” ХХК-ийн үүргийг хамтран хариуцуулахаар Б.И-ийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргаж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Иймд Б.И-аас нэхэмжилж байгаа 1 622 673 645 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Б.И-ийн өмчлөлийн 3 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр төлбөрийн мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл бичсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд тайлбар байхгүй гэжээ.

Хариуцагч Мфикскафитал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П” ХХК нь К банктай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 08/150 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулан 600 000 ам.долларыг 120 сарын хугацаатай жилийн 7,71 хувийн хүүтэй жайка төслийн зээлийг авч 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг иргэн Б.И-тай тус тус байгуулж уг зээлийн үүргийн гүйцэтгэлд Б.И-ийн Хан-Уул дүүрэгт байрлах үл хөдлөх хөрөнгийг “П” ХХК-ийн борлуулалтын орлого тухайн зээлээс авах санхүүжилт эд хөрөнгийн хамт барьцаалсан байдаг. “МК” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу “П” ХХК-ийн К банктай байгуулсан зээлийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт тусгасан барьцаа хөрөнгүүдийг 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 08/155 зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/155 зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж “МК” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж 48А байрны 1, 2, 3, 4 тоот хаяг бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг барьцааны бүртгэлд бүртгэсэн. К банк нь Жайка төслийн нэрийн доор “П” ХХК-д зээл олгосон боловч уг зээлийг “МК” ХХК, “П” ХХК-ийн хамаарал бүхий компаниудын өмнө нь авсан байсан зээлийн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрт дийлэнх хэсэг нь ашиглагдаж, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд үлдэгдэл 195 781 ам.долларыг “П” ХХК-д олгосон зээл дууссан байсан. Зориулалтын дагуу ашиглагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдана. Банк зориулалтын бусаар зээл олгож, зээлийг ашиглалтыг шалгаж байгаагүй үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7, 23 дугаар зүйлийн 23.6,  Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. 

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 645 тоот шүүгчийн захирамжаар иргэн Ч.Мандахыг Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Иргэн Я.Саранчимэгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 48А байрны 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Уг орон сууцыг Я.Саранчимэгийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгохыг улсын бүртгэлд даалгах шүүхийн шийдвэр гарсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 48А байрны 4 тоот орон сууцыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 140 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээгээр иргэн П.Ганчимэгт худалдан борлуулсан. Зээлийг зориулалтын дагуу ашиглахгүй гэдгийг мэдсээр байж хууль зөрчиж зээл олгож, олгосон зээлийн хамаарал бүхий этгээдүүдийн зээлийн өр төлбөрт суутгасан болохоор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 Хариуцагч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П” ХХК, К банктай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр 120 сарын хугацаатай 7,1 хувийн хүүтэй 600 000 ам.долларыг жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээл гэж авч 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээг иргэн Б.И-тай байгуулж үүргийн гүйцэтгэлд Б.И-ийн амины орон сууц болон “П” ХХК-ийн борлуулалтын орлого, хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулсан. Үүнээс хойш зээлийн гэрээнд өөрчлөлт ороогүй зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт орсон. Зээлийн барьцааны гэрээгээр 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 48А байрны 4 ширхэг амины орон сууцыг барьцаалсан. Барьцаанаас Б.И-ийн өмчлөлийн орон сууц бусад хөдлөх хөрөнгөнүүдийг бол хассан. К банк нь уг зээлийг Жайкагийн төсөл гэх нэрийн дор өгсөн боловч тухайн үед авсан зориулалтаар ашиглагдаагүй. “П” ХХК нь зээл авахаас 6 сарын өмнө буюу 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан. Шинээр байгуулсан компанийн дүрмийн сан 1 000 000 төгрөг, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, явуулдаггүй. Мөн зээлийн данс 20 000 төгрөгөөр нээгдээд зээл авах хүртэл ямар ч дансанд гүйлгээ хийгдээгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.7 дахь хэсэгт заасан компанийн санхүүгийн тайлан, зээлийн ашиглалт, шалгасан материал зэргийг бүрдүүлэх ёстой байсан ч эдгээр материалуудыг бүрдүүлээгүй. Мөн зээл авч байгаа тохиолдолд зээлийн төслийг үзэх ёстой байсан. Энэ зээл нь Сангийн яамнаас Жайка олон улсын байгууллагатай хамтраад арилжааны банкуудад олгож жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн зээл байсан юм. Ямар зориулалтаар юу хийх гэж байгаа нотлох баримт байхгүй.  Уг зээлийг “П” ХХК-ийн хамаарал бүхий “МК” ХХК-ийн зээлийн өрөнд мөн “МК” ХХК, “П” ХХК-ийн хамаарал бүхий бусад компаниудын К банкнаас зээлсэн тэр зээлийн өрийг буцаагаад авсан байдаг. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа. “П” ХХК болон бусад компаниудын захирлууд нь бүгд хамаатнууд, төрсөн ах дүү, эцэг эх юм. Энэ нь иргэний бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар нотлогддог. Зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 6.2.2, 10.2.1 дэх заалтуудыг зөрчиж зээлдэгчийн дансанд орж ирсэн 582 000 доллар 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орж ирээд, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэхэд дууссан. “МК” ХХК-ийн үндсэн зээл 9 735 650 төгрөг, хүү 25 389 518 төгрөг, торгуулийн хүү 735 580 төгрөг, Голденнагет компанийн үндсэн зээл 167 147 000 төгрөг, “Монлотус” ХХК-ийн үндсэн зээл 217 816 499 төгрөг, хүү 23 793 553 төгрөг, торгуулийн хүү 812 936 төгрөг, нийт 445 443 000 төгрөг буюу 379 072,70 ам.долларыг төгрөгөөр шилжүүлээд зээлээ дарсан. “МК” ХХК-ийн үйл ажиллагааны зардал 195 000 ам.доллар К банкны зээлийн үйл ажиллагааны шимтгэл 7147 ам.доллар гээд энэ бүх мөнгө 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүгд дууссан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх учраас К банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “П” ХХК-ийн “К банк” ХХК-тай байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. К банк зээл олгохдоо тухайн жилд огт үйл ажиллагаа явуулаагүй, 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан, зээлийн түүхгүй, дансны гүйлгээ огт хийгдээгүй, санхүүгийн чадвартай эсэх нь тодорхойгүй байхад “П” ХХК-д зээл олгосон шалтгаан нь “МК” ХХК болон түүнтэй холбогдох бусад компанийн өр төлбөрийг төлүүлэх зорилготой байсан бөгөөд энэ ч утгаараа “К банк” ХХК нь зээл олгосон өдрөө зээлийн мөнгөн хөрөнгөөс “МК” ХХК-ийн хамаарал бүхий компаниудын зээлийн өр төлбөрт нийт 445 433 922 төгрөг буюу 379 072,70 ам.долларыг татан авсан байдаг. Зээлийн үлдсэн мөнгөн хөрөнгөөс “МК” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 195 781 ам.долларыг зарцуулж дуусгасан. Ийнхүү банк 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээдэд их хэмжээний зээл олгосон нь банкны шууд буруутай үйл ажиллагаа бөгөөд энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6, 23.2.7, 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн үйлдэл байна. Банк зориулалт бусаар зээл олгож, зээлийн ашиглалтыг огт шалгаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж заасныг болон талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.7, 4.3, 6.2.1, 10.2.1 дэх заалтуудыг давхар зөрчжээ. 

Мөн “К банк” ХХК болон “П” ХХК нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед “К банк” ХХК-ийн өөрийн хөрөнгө нь 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 9 377 466 000 төгрөг байсан нь тус банкны Capitronbank.mn цахим хуудаст байршуулсан санхүүгийн тайланд нийтэд ил тод тусгагдсан байна. 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. “К банк” ХХК-аас “МК” ХХК, “П” ХХК-д холбогдох этгээдүүдэд олгосон зээл нь банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчсөн буюу нийт 9 051 195 660 төгрөгийн зээлийг 2007 оноос 2008 онуудад олгосон байна.

Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И- нарын эзэмшлийн “МК” ХХК-д 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 1 400 000 ам.доллар буюу 1 631 182 000 төгрөг, С.Буднямын /Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И- нарын аав/ эзэмшлийн “Си Эм Эс Эл” ХХК-д 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр 1 500 000 000 төгрөг, Г.Бямбаагийн /Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И- нарын ээж/ эзэмшлийн “Монлотус” ХХК-д 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 1 300 000 ам.доллар буюу 1 514 669 000 төгрөг, Г.Бямбаагийн эзэмшлийн “Файндеко” ХХК-д 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээгээр 1 500 000 000 төгрөг, Б.И-ийн эзэмшлийн “Агро-Алтай Импекс” ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр 1 575 120 000 төгрөг, Б.И-ийн эзэмшлийн “Ану Сервис” ХХК-д 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр 475 000 ам.доллар буюу 543 523 500 төгрөг, Б.Батхүү, Б.Буяннэмэх, Б.И- нарын эзэмшлийн “П” ХХК-д 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр 582 000 ам.доллар буюу 674 177 160 төгрөг, иргэн Б.Батхүүд 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр 600 000 юань буюу 112 524 000 төгрөг, нийт 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 9 051 195 660 төгрөгийн зээл өгсөн байна. Энэ нь 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн болох нь харагдаж байна. Иргэний бүртгэлийн газраас авсан лавлагаагаар дээрх этгээдүүд нь хоорондоо холбоотой гэр бүлийн хүмүүс юм. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. “К банк” ХХК-аас авсан зээл, зээлийн хүүгийн төлөлт буюу аудитын компаниар хийлгэсэн дүгнэлтээр “МК” ХХК болон түүнтэй холбоотой компаниудын “К банк” ХХК-аас авсан зээл нийт 15 000 000 000 төгрөг болж байна. 15 000 000 000 төгрөгийг 2 жилийн дотор холбогдох этгээдүүдэд олгосон нь 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Гуравдагч этгээд Ч.Мандах, Я.Саранчимэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МК” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 48А байрны 1, 2 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Я.Саранчимэг “МК” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 156 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ч.Мандах нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 110 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 

Гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Я.Саранчимэг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бол Ч.Мандах нь 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Байрны төлбөрөө бүрэн төлж дуусгасны дараа орон сууцандаа орж бусад ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. “МК” ХХК болон К банк нар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 48А байрны 1, 2 тоот орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан. Энэ гэрээг гуравдагч этгээд нарын зүгээс 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх ёстой. Гэтэл “МК” ХХК нь 2 орон сууцны өмчлөгчийн талаарх мэдээллийг “К банк” ХХК-д өгөөгүй. К банк 2 орон сууцыг зээлийн барьцаанд авахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн барьцааны хөрөнгөтэй биечлэн очиж танилцах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй учраас 48А байрны 1, 2 тоот орон сууцны өмчлөгчийн эрх зөрчигдөж байна.  Иргэн Я.Саранчимэг, Ч.Мандах нарын орон сууцыг 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр улсын комисс хүлээж авсан. “МК” ХХК, Я.Саранчимэг, Ч.Мандах нарын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарах гэрээ юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн өмчлөлд шилжүүлэх өгөх үүрэгтэй. “МК” ХХК орон сууцны өмчлөх эрхийг 2 этгээдэд гаргаж өгөхгүй өөрийнхөө нэр дээр гаргаж К банканд барьцаалсан. Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтыг зөрчиж байгаа тул энэ гэрээ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 645 тоот шүүгчийн захирамжаар иргэн Ч.Мандахыг Хан-Уул дүүргийн 11-р хороо 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Я.Саранчимэгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6746 дугаартай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр 48А байрны 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Үүнийг “МК” ХХК хүлээн зөвшөөрсөн.  К банк барьцааны гэрээ байгуулахдаа маргаан бүхий 2 орон сууцны өмчлөгчөөс зөвшөөрөл авч өмчлөгч нартай барьцааны гэрээ байгуулах ёстой байсан. Орон сууцны өмчлөгч нараас зөвшөөрөл авахгүйгээр” МК” ХХК-тай гэрээ байгуулсан учраас энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болсон. Барьцааны зүйлийг хууль бусаар олж авсан гэдэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар захиалагч талд өмчлөх эрхийг шилжүүлж өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж авсан нь өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болох нь тогтоогдож байна. Орон сууцны өмчлөгч Я.Саранчимэг, Ч.Мандах  нар нь орон сууцыг ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тухайн орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа.  Иймд К банкны нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 48А байрны 1, 2 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: Ч.Мандах нь бие даасан 3 шаардлага гаргасан. “МК” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолборын 48А байрны 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, “МК” ХХК болон К банк нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээp xopoo, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, дээрх хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Ч.Мандах нь 2008 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “МК” ХХК-тай 110 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 48А байр 1 тоот 378 мкв орон сууцыг нийт 310 000 ам.доллараар худалдаж, худалдан авахаар тохиролцсон байдаг. Ч.Мандах нь 310 000 ам.долларыг гэрээнд заасны дагуу 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэхэд бүрэн төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэрээний 4.1-д заасны дагуу Ч.Мандахын захиалсан орон сууцыг “МК” ХХК нь 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн ч 2009 оны 12 сард байрыг хүлээлгэн өгч, улмаар уг орон сууц нь 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/01/2011 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар ашиглалтад орсон юм. Энэ нь Ч.Мандахын төлсөн хөрөнгөөр барьж байгуулах ажил гүйцэтгэж байгаа учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний төрөлд хамаарч байгаа юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүргийг хүлээсэн. “МК” ХХК нь 48А байрны 1 тоот орон сууцыг ашиглалтад оруулаад Ч.Мандахад өмчлөх эрхийг шилжүүлж өгөх буюу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зөрчсөн учраас өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг харуулж байна. Иймд “МК” ХХК-ийн 48А байрны 1 тоот 378 мкв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан. “МК” ХХК болон К банк нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээp xopoo, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлтэй гэж харж байгаа.

Ч.Мандах нь 2015 оноос хойш өмчлөх эрхээ олж авахын тулд шүүхэд удаа дараа хандаж байгаа. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон. “К банк” ХХК болон “МК” ХХК нар нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгаа учраас энэ хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа тохиолдолд үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5,  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус заасан. Өмчлөгч нар нь орон сууцыг хүлээж авснаас өнөөдрийг хүртэл хууль ёсоор эзэмшиж ашиглаад явж байгаа учраас барьцааны эрх дуусгавар болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. “МК” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй нь 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл гэдэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарч байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үндэслэл, Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хуульд заасан үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл байна. Дээрх 2 үндэслэлээр барьцааны эрхийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд П.Ганчимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр цогцолбор хотхоны Ү-2206014164 тоот улсын бүртгэлийн дугаартай 48А байрны 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн П.Ганчимэг “МК” ХХК-тай 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 140 дугаартай орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан авч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэтэл “МК” ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх арга хэмжээг авахгүй байсан учраас иргэн П.Ганчимэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн учраас 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01640 тоот дугаартай шүүгчийн захирамж гарсан. “МК” ХХК зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа П.Ганчимэгийн эрх ашиг сонирхол зөрчигдөнө гэдгийг мэдсээр байж түүнд мэдэгдэлгүйгээр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, П.Ганчимэгийн худалдаж авсан 48А байрны 4 тоот орон сууцыг барьцаанд тавьсан. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт болон тухайн үед мөрдөгдөж байсан зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчсөн. Зээлийн хувийн хэрэг бүрдүүлэхдээ тухайн барьцаалж байгаа эд хөрөнгийг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй учраас тухайн байрыг эзэмшиж, ашиглаж байсан П.Ганчимэгийн эрх ашгийг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 48А байрны 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд: “МК” ХХК болон “К банк” ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээний 3.1 дэх хэсэг буюу хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор, 48А байрны 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, барьцааны зүйлийг чөлөөлөхийг даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

П.Ганчимэг нь 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 140 тоот “МК” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 48А байрны 4 тоот 250 мкв талбайтай орон сууц, 125 мкв талбайтай гараашийн хамт 250 000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцож гэрээ хийсэн. Гэрээний дагуу 250 000 ам.доллар гэж тохиролцсон боловч гэрээний явцад талбайн хэмжээ нэмэгдэж 290 000 ам.доллар болсон. 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 210 000 ам.долларыг төлж барагдуулсан. Сүүлийн төлөлтийг 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн. “МК” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсан учраас П.Ганчимэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч тус байрны өмчлөгч П.Ганчимэг болохыг тодорхойлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардагдах баримт, шилжүүлэх талаар талууд эвлэрч 01640 тоот шүүгчийн захирамж гарсан. Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах гэтэл барьцаанд байна гэсэн асуудал яригдсан. Тухайн гэрээг байгуулсан талууд хэн хэний буруу үйл ажиллагааны улмаас П.Ганчимэг өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон. “МК” ХХК-ийн хувьд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасан холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн. “К банк” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх журам буюу 2009 оны журмын 2.6.1, 3.8.1, 3.8.6, 3.8.9, 3.14 дэх заалтуудыг зөрчсөн. Барьцаанд авах гэж байгаа эд хөрөнгөд гуравдагч этгээдийн эрх үүссэн эсэх талаар шалгах, барьцааны зүйлийг газар дээр нь шалгах буюу тэдгээрийг гэрэл зураг, дүрс бичлэгээр бэхжүүлэх зэрэг үүргүүдийг зөрчсөн. Барьцааны гэрээ байгуулагдаж байх үед иргэн П.Ганчимэг тухайн байранд амьдарч байсан. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах зорилгоор барьцаанаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Барьцаалагч этгээд хуульд заасан арга замаар буюу хуульд нийцсэн байдлаар барьцааны эрхийг олж авсан байх ёстой. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлийг заасан. Шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас барьцаанаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “П” ХХК-аас 1 622 673 645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Мфикс капитал ХХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч Б.И-аас зээлийн батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 622 673 645 төгрөг гаргуулах, болон 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “МК” ХХК болон “К банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 08/150 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж,

 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар “МК” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мандахын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ж.Батаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 280 695 төгрөг, хариуцагч “П” ХХК-аас төлсөн 7 413 870 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мандахын төлсөн 1 334 850 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ганчимэгийн төлсөн 1 191 213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “П” ХХК-аас 9 210 495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К банк” ХХК-д, хариуцагч “МК” ХХК-аас 2 455 863 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ганчимэгт 1 191 213 төгрөг, Ч.Мандахад 1 264 650 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Н.Тунамал нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "К банк" ХХК болон “МК” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156.1,165.1, 182.1, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7.1,9.1, 11.1, 12.1, 16.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Өөрөөр хэлбэл тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дээрх нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй гэж үзэж байна. Барьцааны гэрээний талууд нь “К банк" ХХК, “МК” ХХК гэсэн бие даасан оролцогчид байх бөгөөд барьцааны гэрээний дагуу хэрэгжүүлэх эрх, үүрэг зөвхөн эдгээр гэрээний талуудын хувьд үүсдэг. Барьцаалагч "К банк" ХХК-ний хувьд барьцааны хөрөнгийн үнээс өөрийн шаардлагыг хангуулах учир түүний эрх нь барьцааны зүйлийн үнэ цэнэ болон барьцаагаар хангагдах үндсэн үүргийн агуулгаар тодорхойлогдох ёстой. Барьцаалуулагчийн хувьд ипотекийг өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа тохиолдолд, бүрэн бүтэн байдал, үнэ цэнэ алдагдахгүй байх явдлыг хангах үүрэгтэй байхаас гадна өмчлөгчийн эрхийг өөртөө хадгалж үлдсэн байдаг онцлогтой. Гэтэл “МК” ХХК нь энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс иргэн Ч.Мандах, П.Ганчимэг, Я.Саранчимэг нарыг хохироосон үйлдэл гаргасан. Ч.Мандах П.Ганчимэг, Я.Саранчимэг нар нь 2007-2008 онд байгуулсан гэрээний дагуу орон сууц захиалсан тохиолдолд орон сууц өмчлөх эрхтэй холбоотой шаардах эрхээр баталгаажуулах боломжтой болохын тулд Иргэний хуулийн 185.1, 185.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 21, 22 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхэд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжтой байсан байна. Үл хөдлөх эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нь баталгааны эрх гэж үздэг. Хэрвээ эдгээр хүмүүс нь дээрх урьдчилсан тэмдэглэгээг хийлгэсэн бол "К банк" ХХК уг барьцааны зүйлийг барьцаалахгүй байсан гэдэгт эргэлзэхгүй юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу тэдгээрийн шаардах эрхээ алдсанд барьцаалагч гэм буруугүй төдийгүй барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлж чадахгүй болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны зүйл болж буй барьцааны гэрээний талаар Иргэний хуулийн 112.1, 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар өмчлөгчөөр тогтоох, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.6-д заасан заалтуудыг үндэслэл болгон барьцааны гэрээний тэдгээрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэг үндэслэл болгожээ. Гэтэл иргэний эрх зүйн харилцаанд үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг олж авах үндэслэлийг зөвхөн Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд зааснаар буюу хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ёстой. Гэтэл шүүх гуравдагч этгээдүүд маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн учир Иргэний хуулийн 112.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхтэй болсон гэж тайлбарласан нь эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 112.1 дэх зохицуулалт нь хөдлөх эд хөрөнгөд хамааралтай буюу ялангуяа хөдлөх эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн төлөхийг худалдан авагчид зөвшөөрсөн худалдагчийг хамгаалах агуулга бүхий ерөнхий буюу нийтлэг үндэслэлийн зохицуулалт тул энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжихтэй холбоотой маргаанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх үндэслэл нь хуульд заасан тусгай зохицуулалттай байхад нийтлэг үндэслэлийг тайлбарлан хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 343.1,  343.3 дахь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий үндэслэлийг тайлбарлан хэрэглэжээ. Гэтэл гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа нөхцөлд Иргэний хуулийн 182.1, 183.1 дэх заалт болон бусад холбогдох хуулийн тусгай зохицуулалтыг хэрэглэх ёстой атал ерөнхий зохицуулалт хэрэглэсэн нь тухайн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүйд хүрчээ. Ч.Мандах П.Ганчимэг, Я.Саранчимэг нар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 29.1, 29.3 дахь хэсэгт зааснаар маргааны зүйл болж буй ипотекийг Иргэний хуулийн 172.6 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч К банкны шаардлагыг өөртөө шилжүүлэн авах тухай мэдүүлгийг эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй байж болох юм. Түүнээс биш дээрх хүмүүс шүүхийн шийдвэрээр барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь барьцаалуулагч болох “МК” ХХК-ныг барьцаалуулагчийн үүргээс, улмаар барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Түүнчлэн шүүх “МК” ХХК болон К банкны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот барьцааны гэрээний 3.1 дэх хэсэг, хавсралт хэсгийн 4 дэх заалт болон Иргэний хуулийн 56.1.1 дэх зохицуулалтыг үндэслэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Иймээс “МК” ХХК болон К банкны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Ч.Мандах, П.Ганчимэг, нарын бие даасан шаардлагыг хангах боломжгүй юм. Ч.Мандах, П.Ганчимэг, Я.Саранчимэг нар өмчлөгчөөр тогтоолгохдоо барьцааны эрхээр хязгаарлагдсан эд хөрөнгө өмчлөлдөө шилжүүлэн авсан байх ба ингэснээрээ тэдгээр нь ажил гүйцэтгэгчид шаардлага гаргах эрхтэй болно. Иргэний хуулийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй байна. Харин Иргэний хуулийн 353.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэг шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэж үзэж болох юм. Ч.Мандах, П.Ганчимэг, Я.Саранчимэг нар нь өмчлөгч болоогүй байх үед нь хийгдсэн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох бус харин зээлийн гэрээний үүргээ биелүүлж, эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлүүлэхийг “МК” ХХК-иас шаардах эсхүл өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд ногдох хэмжээний үүргийг “МК” ХХК-ийн өмнөөс банканд гүйцэтгэж, зардлаа түүнээс шаардах, өөрт учирсан хохирлыг арилгуулах зэрэг эрхтэй байна. Ч.Мандах, П.Ганчимэг нарын шүүхэд гаргасан “орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох” нэхэмжлэлийг хариуцагч “МК хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамжаар “Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 1, 4 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, харин Я.Саранчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүх шийдвэрээр маргаан бүхий дээрх байрны 2 тоотын өмчлөгчөөр тогтоосон байна. Энэ захирамж эрх ашиг нь зөрчигдөж болох гуравдагч этгээд “К банк” ХХК-ийг оролцуулахгүй шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн юм. Талуудын байгуулсан "Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1, 3.4 дэх заалтууд нь зөвхөн “МК”ХХК-ийн хүлээсэн үүрэг байхад барьцаалагч буюу К банканд хамааруулан тайлбарлах нь утгагүй байгаагаас гадна үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн гэм буруутай бол түүний хохирол төлөх үндэслэл болохоос биш банктай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13.1, Иргэний хуулийн 157.6.2 дахь зохицуулалт нь барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байгаа бол барьцаалуулагч нь барьцаалагчид үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй болохыг үүрэгжүүлсэн, нөгөө талаасаа барьцаалагчийн хэрэгжүүлэх шаардах эрхийг баталгаажуулсан ойлголтыг агуулсан байхад барьцаалагчийг буруутгасан нь ойлгомжгүй төдийгүй эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон өөр нэг үндэслэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй гэсэн байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд дээрх үндэслэлийг няцаахын зэрэгцээ маргааны зүйл болж буй барьцааны гэрээ 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан бөгөөд уг орон сууцыг Улсын комисс 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан. Хэдийгээр Ч.Мандах бусадтай байгуулсан гэрээгээр засварын ажил гүйцэтгүүлж байсан байж болох хэдий ч тухайн үйл баримт нь түүнийг тухайн байрны өмчлөгч болохыг нотолж чадахгүй. Анхан шатны шүүх маргаж буй барьцааны гэрээний Ч.Мандах, П.Ганчимэг, нарт холбогдох хэсгийг Иргэний хуулийн 112.1, 157,6,2, 343.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23.2.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул мөн Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл хамаардаггүй болохыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоолд тайлбарласнаар эрх зүйн үндэслэлд маргааны зүйл болж буй зээлийн барьцааны гэрээ нь нийцсэн байна. Энэ хэргийн шаардах эрхийн хувьд маргааны зүйл болж буй барьцааны гэрээ түүгээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь шаардах эрхийн үндэслэл буюу ипотек тэргүүн ээлжид тавигдана. “К банк” ХХК маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан, уг гэрээг улсын бүртгэлд буруу ташаа бүртгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул барьцааны эрхийг олж авсан “К банк” ХХК шударга эзэмшигч буюу барьцааны эрхийг Иргэний хуулийн 165.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан этгээд гэж үзэх ёстой.

"К банк” ХХК болон иргэн Б.И- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай зээлийн батлан даалтын гэрээгээр зээлдэгч “П” ХХК-ийн 600 000 ам.долларын зээлийг түүний хүүгийн хамт төлж чадаагүй нөхцөлд Б.И- өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгөөр батлан даасан бөгөөд мөн зээлийн гэрээний хавсралтад заасан “Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд орших, ЭХЭУБ-ийн 000171414 тоот гэрчилгээ бүхий 2 давхар хувийн сууцыг уг батлан даалтын гэрээнд давхар барьцаа болгон бичсэн байна. Харин хожим дээр дурдсан батлан даалтын гэрээ бус “К банк” ХХК болон “П” ХХК-ийн хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 8/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд тусгагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2010-08-06-ны өдрийн нэмэлт гэрээгээр сольсон нь “К банк” ХХК болон иргэн Б.И- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай зээлийн батлан даалтын гэрээнд хамааралгүй юм. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадахгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ. Батлан даагч нь нөхөх хариуцлагыг, эсхүл хамтран үүрэг хүлээхийг талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэрхэн заасныг шүүх зөв тайлбарлан маргаан бүхий зээлийн батлан даалтын гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Иргэний хуулийн 460.1-д заасан “нөхөх хариуцлагыг иргэн Б.И- хүлээсэн байна. Түүнчлэн “П”ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөх боломжгүй болсон нь нотлогдсон тохиолдолд хариуцагч Б.И-ид холбогдуулан энэхүү шаардлагыг дахин гаргах эрхтэй, мөн Иргэний хуулийн 464.1-464.3-д заасан “батлан даагч татгалзсан байдал тогтоогдоогүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгатай.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байхгүй буюу иргэн Г.Чинтуяагийн нэхэмжлэлтэй Улсны дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 204 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт заасан шүүхийн шийдвэрлэлтийг эх сурвалж болгон бичсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх шийдвэр гаргах тухай” диспозитив зарчмыг ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсгийн зохицуулалтад ч хамааралгүй юм. Түүнээс гадна дээр дурдсан Г.Чинтуяагийн шийдвэрлэлтээс эсрэг шийдвэрлэгдсэн хавтаст хэрэгт / 2хх-ийн 184 / авагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Саранчимэгийн “МК” ХХК болон К банкны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлөх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1555 дугаар магадлалыг харин ч энэ хэрэгт хамааралтай гэж үзэж болох байхад үнэлээгүй үлдээсэн байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Саранчимэгийн тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгахдаа түүний оршин суугаа буюу барьцааны хөрөнгийн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 2 тоот орон сууцыг 3 тоот гэж алдаатай бичсэн нь үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт “хариуцагч зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, буюу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мандах, П.Ганчимэг нарын “МК” ХХК болон К банкны хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний Хан уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, /17021/ Зайсангийн тойруу, 48А байрны 1, 4 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлөх тухай” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, мөн Б.И-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээнээс үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн боловч барьцааны эрхийн талаар хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүйг зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч “П” ХХК /зээлдэгч/, Б.Инжиннаш /батлан даагч/ нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт  1 622 673 645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл 470 000 ам.доллар төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргасан ба зохигчдын хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Гуравдагч этгээд Ч.Мандах нь “МК” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, МК ХХК, К банк нарын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48 А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгож, барьцаанаас чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага,

гуравдагч этгээд П.Ганчимэг нь “МК” ХХК болон “К банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу хавсралтын 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага тус тус гаргажээ.

1.Зохигчдын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 тоот  зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 600 000 ам.долларыг жилийн 7.71 хувийн хүүтэй жилийн 1.55 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 120 сарын хугацаатай, JBIC-ийн төслийн зээлийн зориулалтаар олгосон ба 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 08/150 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. /1хх-ийн 16-26/

Мөн “МК” ХХК болон “К банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 дугаартай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 1 242 629 880 төгрөгт тооцож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор хотхон, 48В байрны 1 тоот 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “К банк” ХХК-д шилжүүлсний дотор “П” ХХК-ийн зээлээс 65 112.93 ам.доллар буюу 91 290 932 төгрөгийг зээлийг хасаж тооцжээ. /1 хх-ийн 36-37/

 “П” ХХК-ийн К банкин дахь 3053003028 тоот дансанд 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 582 000 ам.доллар шилжиж орсноор уг дүнгээр зээлийг олгосонд тооцох бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгийг хоорондын тооцоогоор “К банк” ХХК-д 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 35 860 750 төгрөг, “МК” ХХК-д 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 24 925 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 46 116 ам.доллар , 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 24 925 ам.доллар, 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 72 560 ам.доллар, “Голденнаггет” ХХК-д 167 147 000 төгрөг, “Монлотус” ХХК-д  242 425 000  тус тус шилжүүлэх зэргээр захиран зарцуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар, кассын орлогын ордер зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх-ийн 170, 2хх-ийн 140-145/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог ба дээрх байдлаар хариуцагч нь нэхэмжлэгч К банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулсан, уг зээлээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөр 254 170 ам.долларыг  төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2018 онд дууссан, нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагагүй, харин хугацаа нь болсон гэрээний үүргийн биелэлтийг шаардсан,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй явдал нь зээл олголтыг зогсоох, зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхийг үүсгэх болохоос зээлийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Банкны тухай хууль /1996 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан "холбогдох этгээд" гэдэгт “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд нь хамаарахгүй болохыг шүүх зөв дүгнэсэн байхаас гадна мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тухайн тохиолдолд зөв тайлбарлажээ.

Мөн шүүх “К банк” ХХК нь олгосон зээлийн хөрөнгөөр өмнө үүссэн зээлийн өрийг барагдуулж, Сангийн яам, “К банк” ХХК нарын хооронд 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн К банкинд дамжуулан зээлдүүлэх гэрээний 1 дүгээр хавсралт Г-д заасныг зөрчиж байгаа боловч энэ нь 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай 582 000 ам.долларын зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас гадна 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь зөв болжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг 664 513 ам.долларын ханшийг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн ам.долларын ханшаар тооцсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагын 1 622 672 645 төгрөгийн үнийн дүн нь зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн гэрээний болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргээс бүрдсэн, хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцоололд маргаагүй байхаас гадна давж заалдах гомдол гаргаагүй болно.

Харин үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсантай холбоотойгоор зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан  зохигчдын хооронд байгуулсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

2. К банк ХХК болон Б.И- нарын хооронд 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/117 дугаартай зээлийн батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  зээлдэгч “П” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн үүрэг болон бусад зардлыг бүрэн хэмжээгээр хариуцаж барагдуулах үүргийг хүлээсэн батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-ийн 23-24/ Нэхэмжлэгч “Капитрон” ХХК хариуцагч Б.И-аас батлан даагчийн үүргээ биелүүлэхийг шаардсан нь байна.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг ба мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байна.

Б.И- нь батлан даагчийн хувьд зээлдэгч “П” ХХК-тай хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй, харин тэрээр зээлдэгч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд батлан даалтын гэрээнд заасан нөхөх хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн атлаа хариуцагч Б.И-ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, батлан даагчийн үүргээс түүнийг чөлөөлсөн нь буруу болжээ.

Нэхэмжлэгч тал “...Б.И-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн...” гомдлын агуулгаа давж заалдах шатны шүүх хуралдаанд “...шүүх батлан даагчид дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэснийг зөвтгөнө” гэж тайлбарласан тул Б.И-ид холбогдох нэхэмжлэлээ татан авснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч К банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох МК ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот, 2 тоот, 4 тоот хувийн сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “П” ХХК болон “МК” ХХК  эс зөвшөөрч, гуравдагч этгээдүүд барьцааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан. 

“МК” ХХК болон “К банк” ХХК-тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу МК ХХК-ийн өмчлөлийн 90 хувийн гүйцэтгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот, 2 тоот, 3 тоот, 4 тоот хувийн сууцаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар тохиролцсон ба гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ хүчин төгөлдөр болсон  үйл баримт тогтоогдсон байна. /1хх-ийн 28-33/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мандах нь 2008 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “МК” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байр, 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон, орон сууцны үнэ 310,000 ам.долларын бүрэн төлсөн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 645 дугаар захирамжаар уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ганчимэг нь 2008 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “МК” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцыг худалдан авахаар  харилцан тохиролцсон, орон сууцны үнэ 290,700 ам.долларын бүрэн төлсөн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1640 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/ Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч “МК” ХХК -тай 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ  улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангасан  нь  Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт  нийцээгүй  байна.

Талууд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулж үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь Г.Чинтуяагийн өмчлөлийн Хөх тэнгэр хотхоны 48А байрны 3 тоот хувийн сууцны талаар шаардлага гаргаагүй байхад шүүх энэ талаар дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцэхгүй байхаас гадна, гуравдагч этгээд Я.Саранчимэгт холбогдох асуудлыг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан үүргийг хариуцагч “МК” ХХК биелүүлээгүй явдалд  нэхэмжлэгч “К банк” ХХК-ийг буруутгах, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 3, 4-т заасан тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн нь улсын бүртгэлийг үгүйсгэх, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй. 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 1 тоот болон 4 тоот орон сууцыг  тус тус барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1.,175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд Ч.Мандах, П.Ганчимэг нарын гаргасан бие даасан шаардлагын хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мандахын гаргасан  “МК” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлагад бус үндэслэлд хамаарах тул уг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “П” ХХК-аас 1 622 673 645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “П” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “МК” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэлтэй, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48А байр, 1 тоот орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэлтэй, 384,23 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 2 тоот орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэлтэй, 378 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоот орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,

2 дах заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1, 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул П ХХК “К банк” ХХК хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч “П” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, “МК” ХХК, “К банк” ХХК хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ч.Мандах, П.Ганчимэг нарын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

4 дэх заалтын “...болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “..., хариуцагч Б.И-ид холбогдох шаардлагаа татан авсан болохыг тус тус баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

6 дах заалтын “...хариуцагч “МК” ХХК-аас 2 455 863 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Ганчимэгт 1 191 213 төгрөг, Ч.Мандахад 1 264 650 төгрөгийг тус тус...” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 10 867 582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

              ШҮҮГЧИД                                       Д.БАЙГАЛМАА

                                                                    Н.БАТЗОРИГ