Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00480

 

 

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2124 дүгээр магадлалтай,

“.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“.......” ХХК, Б.И, Ж.Б, “....” ХХК нарт холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

Сөрөг нэхэмжлэл: “.......” ХХК нь “.......” ХХК-тай байгуулсан 2008.11.14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд Ч.Мын бие даасан шаардлага: “....” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, “....” ХХК, “.......” ХХК нарын хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох, барьцаанаас чөлөөлүүлэх тухай,

Гуравдагч этгээд П.Гийн бие даасан шаардлага: “....” ХХК болон “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010.09.02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээд П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа, гуравдагч этгээд Ч.М, Я.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагч Б.Иийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хуяг, гуравдагч этгээд Ч.М, Я.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, гуравдагч этгээд П.Гийн өмгөөлөгч Л.Отгондорж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “.......” ХХК, Б.И, Ж.Б, “....” ХХК нарт холбогдуулан 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч “.......” ХХК нь нэхэмжлэгч “.......” ХХК-д холбогдуулан 2008.11.14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд Ч.М нь “....” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох, “....” ХХК, “.......” ХХК нарын хооронд 2010.09.02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байрны 1 тоот орон сууцны барьцааны эрх дуусгавар болсон болохыг тогтоолгох,

Гуравдагч этгээд П.Г нь “....” ХХК болон “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010.09.02-ны өдрийн 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг буюу Хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай тус тус бие даасан шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “.......” ХХК-аас 1,622,673,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас “....” ХХК-тай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд заасан барьцаа зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах, хариуцагч Б.Инжинашаас зээлийн батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, болон 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “....” ХХК болон “.......” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 08/150 дугаартай Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д зааснаар “....” ХХК-ийг Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 1 тоот, 378 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан болохыг тогтоолгох тухай Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Ж.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,280,695 төгрөг, хариуцагч “.......” ХХК-аас төлсөн 7,413,870 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.Мын төлсөн 1,334,850 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Гийн төлсөн 1,191,213 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “.......” ХХК-аас 9,210,495 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.......” ХХК-д, хариуцагч “....” ХХК-аас 2,455,863 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Гт 1,191,213 төгрөг, Ч.Мад 1,264,650 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2124 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “.......” ХХК-аас 1,622,673,645 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “.......” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “.......” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох “....” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэлтэй, 378 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 48А байр, 1 тоот орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэлтэй, 384.23 мкв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 2 тоот орон сууцыг, улсын бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэлтэй, 378 м.кв талбайтай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоот орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул “.......” ХХК “.......” ХХК хооронд байгуулагдсан 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 08/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох хариуцагч “.......” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, “....” ХХК, “.......” ХХК хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 1 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014256 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны 48А байр 4 тоотод байрлах 378 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-2206014164 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, барьцааны эрх дуусгавар болсныг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ч.М, П.Г нарын бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтын “...болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “..., хариуцагч Б.Инжинашид холбогдох шаардлагаа татан авсан болохыг тус тус баталж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 6 дахь заалтын “...хариуцагч “....” ХХК-аас 2,455,863 төгрөг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Гт 1,191,213 төгрөг, Ч.Мад 1,264,650 төгрөгийг тус тус...” гэснийг хасч тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,867,582 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Гуравдагч этгээд П.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс “...түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3,4-т заасан тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн...” гэж дүгнэсэн атлаа энэ нь “...хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй,..”, мөн “...барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдоогүй” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Өөрөөр хэлбэл “хууль зөрчсөн” гэдэг нь тухайн хэлцлийг байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхойлсон холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй буюу зөрчсөн байх тухай ойлголт юм.

4.2. “.......” ХХК нь “.......” ХХК-тай 2010.08.06-ны өдрийн 08/150 дугаартай Зээлийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж, 2010.09.02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээгээр “....” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй /бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Г өмчлөгчөөр тогтоогдсон/ Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48А байр, 4 тоот орон сууцыг барьцаалсан байдаг. Тус Зээлийн барьцааны гэрээ нь Капитрон банкны “.......” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгаа”, 23.4-д “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ” гэж тус тус заасны дагуу “.......” ХХК-ийн зээлийн хувийн хэрэгт Капитрон банкнаас барьцааны зүйлийг газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж шалгасан талаарх баримт байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй буюу дээрх ажиллагааг хийсэн талаарх баримтаа гаргаж өгөөгүй атлаа Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр, хууль зөрчсөн зүйл байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн” гэж зөв дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Капитрон банк БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 23.2.3, 24.4-т заасан заалтыг зөрчсөн, барьцааны зүйлийг газар дээр нь очиж шалгаагүй. Давж заалдах шатны шүүхээс “тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Зээлийн барьцааны гэрээ нь “.......” ХХК болон “.......” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хангах зорилготой тул БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 23.2.3, 24.4 дэх заалт Зээлийн барьцааны гэрээ байгуулагдахад шууд нөлөөлөх хуулийн зохицуулалт мөн. Учир нь банкнаас барьцааны зүйлийг газар дээр нь очиж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэмжээнд үнэлэгдэх эсэх, бусдад худалдан борлуулах боломжтой эсэх буюу гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг газар дээр нь шалган, тодорхойлох үүрэгтэй. Нөгөө талаас дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, газар дээр нь очиж шалгасан бол гуравдагч этгээдүүдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх боломжтойг мэдэх бүрэн боломжтой байсан. Иргэн П.Г нь “....” ХХК-аас 2009 оны 12 сард байраа хүлээн авч, байрандаа орсон байсан юм. Нэхэмжлэгч тал БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 23.2.3, 24.4 дэх заалтыг зөрчилгүй, барьцааны зүйлийн тодорхойлолт бүрэн хийсэн бол Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийг барьцааны гэрээнд тусгах хуулийн заалт хэрэгжих боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, Капитрон банк хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс Барьцааны гэрээнд тавигдсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт зөрчигдсөн. Иймд тодорхойлолт дутуу бүрдүүлсэн нь барьцааны гэрээнд тавигдах хуулийн шаардлагыг зөрчих үндэслэл болсон тул тус Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болгох үндэслэлд хамаарна.

4.3. Нөгөө талаас Мфикс капитал ХХК нь гуравдагч этгээд П.Гийн эрх ашиг сонирхол хөндөгдөхийг мэдсээр байж, түүнд мэдэгдэлгүйгээр Капитрон банкинд П.Гийн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.9, 13.1, Иргэний хуулийн 157.6.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл юм. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Гийн хувьд худалдаж авсан эд хөрөнгө болох 48А байрны 4 тоотыг барьцаанд тавигдсан гэдгийг өмчлөгчөөр тогтоогдсоныхоо дараа мэдэж, улмаар тус хэрэгт бие даасан шаардлага гаргаж оролцсон. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заасан. Гэтэл Капитрон банк нь “....” ХХК нь бусдад худалдсан байраа барьцаанд тавьсан талаар мэдэх бүрэн боломжтой байсан байтал хуульд заасан газар дээр нь шалгах үүргээ хэрэгжүүлээгүйгээс уг нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Иймд “.......” ХХК-ийг шударга барьцаалагч гэж үзэхгүй юм. Дээрх үндэслэлүүдээр Капитрон банк болон “.......” ХХК, “....” ХХК нарын 2010.09.02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний “Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 48А байрны 4 тоот”-ыг барьцаалсан хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл мөн тул хүчин төгөлдөр бус болно. СБДИХААШ-ийн 2017.06.07-ны өдрийн 181/ШШ2017/01640 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн П.Гийг тус байрны өмчлөгчөөр тогтоосон бөгөөд тус захирамжийн үндэслэх хэсэгт “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй” хэмээн дүгнэсэн бөгөөд хүчин төгөлдөр болсон шийдвэр юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд П.Гийн өмчлөгчөөр тогтоогдсон “Хан-Уул дүүргийн 11- р хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр цогцолбор хотхоны 48А байрны 4 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан, үнээс “.......” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн” нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг үгүйсгэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээд Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын Ч.Мын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 172-р зүйлийн 172.2 дахь хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “....” ХХК-тай 2010.09.02-ны өдрийн 08/150 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулах үедээ улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцээгүй байна” гэснийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Иргэний хуулийн 183-р зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасны дагуу “....” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл нь буруу ташаа болохыг Капитрон банк мэдэж байснаас бусад тохиолдлыг үнэн зөв гэж үзэхээр байна. Гэтэл Ч.Мын нэхэмжлэлтэй “....” ХХК, Капитрон банк нарт холбогдох “....” ХХК, Капитрон банк нарын хооронд байгуулагдсан 2010.09.02-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот Зээлийн баръцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөхтэнгэр цогцолбор/17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1 тоот орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн сарын 2-ны өдөр 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулсан Капитрон банкны бизнесийн банкны газрын захирал Б.Эрдэнэцэцэгийг гэрчээр асуухдаа хуралдаан даргалагчийн зүгээс “тухайн үед барьцаа хөрөнгүүд нь худалдагдсан, бусдын өмчлөлд шилжих байр гэдгийг мэдэж байсан уу” гэхэд тэрээр “бусдад худалдагдсан гэдгийг мэдэж байсан, гэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээ нь “....” ХХК-ийн нэр дээр байсан тул зээлийн барьцааны гэрээг байгуулсан” гэх тайлбарыг өгч байсан. Үүнээс үзвэл зээлийн барьцааны гэрээг байгуулж байх үед Капитрон банкны удирдлагаар ажиллаж байсан, зээлийн барьцааны гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтнууд “....” ХХК-ийг тухайн орон сууцыг барьцаалах эрхгүй, мөн тухайн орон сууц нь бусдын худалдан авсан байр болохыг мэдэж байсан ч улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үндэслэн Зээлийн барьцааны гэрээг байгуулсан болохыг хангалттай нотолж байгаа юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасны дагуу Б.Эрдэнэцэцэгийн гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримтад хамаарч байхад эдгээр нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь огт үнэлээгүйд гомдолтой байна.

5.2. Түүнчлэн шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Талууд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна” гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.М нь 2008.02.04-ний өдөр “....” ХХК-тай 110 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байр 1 тоот 378 м.кв орон сууцыг нийт 310,000 ам.доллараар захиалан бариулахаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д заасны дагуу гүйцэтгэгч нь байрыг 2009.06.01-ний өдрийн дотор багтаан хүлээлгэн өгөх, захиалагч нь байрны төлбөрийг гэрээний 3.1-д заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд захиалагч нь гэрээний 4.6-д заасны дагуу байрны төлбөрийг бүрэн хийсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно, 100 хувь төлөөгүй бол “....” ХХК нь тус байрны өмчлөгч байна гэж харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр талууд гэрээндээ харилцан тохиролцсон болно. Ч.М нь гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрийг 2010.03.02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан учир энэ өдрөөс түүнд тухайн орон сууцыг өмчлөх эрх үүссэн юм. Улмаар талууд гэрээнийхээ 4.6-д эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн тохиолдолд захиалагч өмчлөгч болно гэж харилцан тохиролцсон тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх заалтыг үндэслэн орон сууцныхаа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгч “Мфикскапитап” ХХК нь Ч.Мыг байрны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд бүрэн төлснөөр орон сууцны өмчлөгч болсон болохыг хүлээн зөвшөөрсөн учир Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.06-ны өдрийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Ч.Мыг “Хан-Уул дүүргийн 11-р хороо, 3-р хэсэг, Хөх тэнгэр хотхон /Блуй скай хотхон/-ны 48А байрны 1 тоот 378 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэр нь гарсан өдрөөсөө эхлэн хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл Ч.Мыг 2010.03.02-ны өдрөөс эхлэн маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон болохыг тогтоож шийдвэрлэсэн.

5.3. Ч.М нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг Капитрон банкинд барьцаалуулах зөвшөөрлийг “....” ХХК-д огт өгөөгүй, Капитрон банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй байхад түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэж байгаа нь хууль бус шийдвэр гэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу гүйцэтгэгч “....” ХХК нь захиалагч Ч.Мад өөрийн хийж гүйцэтгэсэн ажил болох орон сууцыг түүний өмчлөлд нь шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд уг гэрээгээр бий болсон эд хөрөнгийг өмчлөх, бусдад барьцаалах эрхийг иргэн Ч.М нь “....” ХХК-д олгоогүй, гэрээнд энэ талаар тусгагдаагүй. Гэтэл “....” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлэлгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж, цааш нь Капитрон банкинд барьцаалан Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөөр байхад энэ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнд гомдолтой байх ба давж заалдах шатны шүүх нь “Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан үүргийг хариуцагч “....” ХХК нь биелүүлээгүй явдалд нэхэмжлэгч “.......” ХХК-ийг буруутгах, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн 3, 4-т заасан тодорхойлолтыг дутуу бүрдүүлсэн нь улсын бүртгэлийг үгүйсгэх, хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх үндэслэл болохгүй” хэмээн хуулийн заалтыг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна.

5.4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт, үнэлгээ, хэрэв үл хөдлөх эд хөрөнгө бол улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг шалгасан баримт, зээлийн батлан даалт, батлан даагчийн бүртгэл судалгааг зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхэд хавсаргана”, 23.4-д “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна” гэж тус тус заасны дагуу банк өөрийн хэрэгцээнд зээлийн хувийн хэргийн материал бүрдүүлэхдээ буюу барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтыг хуульд заасны дагуу үйлдэхдээ зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийг бусдын өмчлөлийн орон сууц болохыг мэдэх боломжтой байтал уг хуулийн заалтыг хангалттай хэрэгжүүлэлгүй маргаан бүхий орон сууцыг барьцаалсан байхад давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийг хэт нэг талыг баримтлан зөвтгөж байгаад гомдолтой байна.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс Ч.Мын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Я.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын Я.Ст холбогдох хэсгийг нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Гуравдагч этгээд Я.Ст холбогдох асуудлыг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт нийцээгүй байна” гэснийг давж заалдах шатны шүүх хуулийг тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.

6.1. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй.” гэж заасан ба уг хуулийн заалтаас үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг л шийдвэрлэхгүй байх тухай зохицуулалт байна. Гэтэл “.......” ХХК нь “.......” ХХК, “....” ХХК нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох “....” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48А дугаар байрны 1, 2, 4 тоот байруудаар хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн шаардлагад Я.Ст холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй тул давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үндэслэлгүй байна.

6.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48А дугаар байрны 2 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Я.Сийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэлтэй хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.13-ны өдрийн 181/Ш32018/10019 дугаар “Гуравдагч этгээд татан оролцуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байдаг.

6.3. Анхан шатны шүүх Капитрон банкны нэхэмжлэлтэй дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд “....” ХХК, Капитрон банк нарын хооронд байгуулагдсан 2010.09.02-ны өдөр 08/150 тоот Зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, энэ гэрээний дагуу шаардах эрх Капитрон банканд үүссэн эсэхийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь зүйн хэрэг юм. Энэ хүрээнд анхан шатны шүүхээс Я.Сийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байрны 2 тоот 384.23 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Я.Сийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсэгт хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт өгснийг буруутгах боломжгүй юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Я.Стэй холбогдох асуудлыг бие даасан шийдвэрлээгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурдагдсан Я.Сийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл эрх үүссэнтэй холбоотой, мөн “....” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өөрийн өмчлөлд бүртгүүлсэнтэй холбоотой дүгнэлтүүд нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд зайлшгүй дүгнэвэл зохих хууль зүйн дүгнэлт юм.

6.4. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Талууд барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хэлбэрээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан “Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48А дугаар байрны 2 тоот 384.23 мкв талбай бүхий орон сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Я.Сийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд түүний хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй юм. Учир нь иргэн Я.С нь 2007.11.03-ны өдөр “....” ХХК-тай 156 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байр 2 тоот 384.23 м.кв орон сууцыг нийт 130,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээний төлбөрийг гэрээний 3.1-д заасан графикт хугацаанд нь буюу 2009.12.10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байдаг. Иргэн Я.Сийн нэхэмжлэлтэй “....” ХХК-д холбогдох “Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48А дугаар байрны 2 тоот 384.23 мкв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “2009.12.10-ны өдөр нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон байрны төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн ба уг өдрөөс өмчлөх эрх үүссэн гэж үзнэ” гэж дүгнээд “Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр хотхон, 48А байр, 2 тоот 384.23 мкв талбай бүхий сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Сийг тогтоож” шийдвэрлэсэн байдаг.

6.5. Мөн Я.Сийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статестикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргад холбогдох “Хан-Уул дүүрэг 11-р хороо, 48А байрны 2 тоот 384.23 мкв орон сууц нь “....” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 2010.05.12-ны өдөр олгогдсон 000106169 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг байрны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг иргэн Я.С миний нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.20-ны өдрийн 375 дугаар шийдвэрээр “...Я.Сийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014162 дугаар бүхий Хан-Уул дүүргийн 11-р хороо, 48А байрны 2 тоот 384.23 м.кв орон сууцыг “....” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл болон 000106169 дүгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууцыг Я.Сийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгасугай” гэж шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасны дагуу Я.С нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.09-ний өдрийн 6746 дугаар шийдвэр, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.20-ны өдрийн 375 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48 А дугаар байрны 2 тоот 384.23 мкв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд “....” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар авч, өмчлөх эрхдээ бүртгүүлсэн, мөн Капитрон банк, “....” ХХК нар нь Я.Сийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан болохыг нэгэнтээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримт юм.

Иймд дээрх үндэслэлээр Капитрон банкны нэхэмжлэлийн шаардлагын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “....” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн тойруу гудамж, Хөх тэнгэр хотхоны 48А дугаар байрны 2 тоот 384.23 мкв талбай бүхий орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий болсон юм. Ийнхүү давж заалдах шатны шүүхээс Я.Сийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй бөгөөд уг шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Гуравдагч этгээд П.Г, Ч.М, Я.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

8.1. Нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч “.......” ХХК, Б.И, Ж.Б болон “....” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 1,622,673,645 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл болгож “.......” ХХК, “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008.11.14-ний өдрийн 08/150 тоот зээлийн гэрээ, 2009.12.14-ний өдрийн нэмэлт гэрээ, “.......” ХХК, “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008.11.14-ний өдрийн 8/15 тоот барьцааны гэрээ, уг гэрээнд өөрчлөлт оруулсан 2010.08.06-ны өдрийн нэмэлт гэрээ, 2010.09.02-ны өдрийн 8/150 тоот барьцааны гэрээ, “.......” ХХК-ийн Б.Итай байгуулсан 2008.11.14-ний өдрийн 08:117 тоот батлан даалтын гэрээг тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “.......” ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдох нэхэмжлэл болон Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсангийн гудамж, Хөх тэнгэр хотхон, 48А байрны 3 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

Хариуцагч “.......” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тус компани зээл авахаас 6 сарын өмнө, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, гэтэл нэхэмжлэгч нь ямар ч судалгаа хийхгүйгээр зээл олгож, тус компанийн хамаарал бүхий “....” ХХК болон бусад 6 компаниудын зээлийг төлүүлсэн нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1-д заасан банкнаас зээлдэгч болон холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалт, бусад хэлцлийн нийлбэр банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчсөн, иймээс зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй, үндсэн зээлийн үлдэгдэл 470,000 ам.доллар төлнө” гэж маргажээ.

Хариуцагч “....” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Капитрон банк нь Жайка төслийн нэрийн доор “.......” ХХК-д зээл олгосон боловч уг зээлийг “....” ХХК, “.......” ХХК-ийн хамаарал бүхий компаниудын өмнө нь авсан зээлийн хүү, зээлийн үлдэгдэл төлбөрийн дийлэнхийг төлүүлсэн нь зээлийг зориулалтын дагуу ашиглахгүй гэдгийг мэдсээр байж хууль зөрчиж олгосон гэж маргасан.

8.2. Хариуцагч “.......” ХХК нь нэхэмжлэгч “.......” ХХК-д холбогдуулан 2008.11.14-ний өдрийн 08/150 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хуульд заасан хэлцэл болгон хамаардаггүй, зөвхөн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн хэлцэл, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаардаг. Сөрөг нэхэмжлэлд дурдаж байгаа Банкны тухай хуулийн зохицуулалт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хэм хэмжээ болохгүй” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч “....” ХХК болон гуравдагч этгээд П.Г, Ч.М, Я.С нар сөрөг нэхэмжлэлийг дэмжиж тайлбар өгчээ.

8.3. Гуравдагч этгээд П.Г бие даасан шаардлагадаа: “....” ХХК барьцааны гэрээ байгуулахдаа эрх ашиг сонирхол зөрчигдөнө гэдгийг мэдсээр байж түүнд мэдэгдэлгүйгээр 2010.09.02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, худалдаж авсан ...48А байрны 4 тоот орон сууцыг барьцаанд тавьсан. Иймд “....” ХХК болон “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээний 3.1 дэх хэсэг буюу Хавсралт хэсгийн 4 дэх заалт дахь орон сууцыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай тус тус бие даасан шаардлага гаргаж байна. “би 2008.05.22-ны өдөр “....” ХХК-тай ...4 тоот орон сууц, гараашийн хамт 290,000 ам.долларт авахаар тохирч гэрээ байгуулж, 2011.11.07-ны өдөр төлбөр төлсөн боловч өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсан учраас шүүхэд хандсан, энэ маргааныг талууд эвлэрснээр шүүгчийн захирамж гарсан. Банк нь Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэг, зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчсөн, барьцаалж байгаа эд хөрөнгийг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй, иймээс 4 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэсэн.

Гуравдагч этгээд Ч.М нэхэмжлэлийн талаар болон бие даасан шаардлагадаа: “...Я.С “....” ХХК-тай 2007.11.03-ны өдөр, Ч.М нь 2008.02.04-ний өдөр тус тус орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. “....” ХХК болон Капитрон банк нар 2010.09.02-ны өдөр 08/150 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 48А байрны 1, 2 тоот орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэх ёстой, гэтэл “....” ХХК нь 2 орон сууцны өмчлөгчийн талаарх мэдээллийг “.......” ХХК-д өгөөгүй, банк зээлийн барьцаанд авахдаа Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн барьцааны хөрөнгөтэй биечлэн очиж танилцах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй учраас 48А байрны 1, 2 тоот орон сууцны өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. Биднийг өмчлөгчөөр тус тус тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул 56.5 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үндэслэлтэй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл гэдэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарч байгаа. Дээрх 2 үндэслэлээр барьцааны эрхийг чөлөөлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “.......” ХХК бие даасан шаардлагад хариу тайлбар гаргахдаа “үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэлийг Иргэний хуулийн 109, 110-р зүйлд заасан, тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх төлбөр төлөгдсөнөөр бус бүртгэлийн газарт бүртгүүлснээр үүснэ, бие даасан шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-р тайлбарлаж байгаа боловч ямар хуулийн дагуу эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах байснаа тайлбарлаагүй байна.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд тавигдах шаардлагыг Иргэний хуулийн 165.1-д заасан, энэ зохицуулалтын дагуу гэрээ байгуулагдсан. Эдгээр хүмүүс барьцааны эрхээр хязгаарлагдсан орон сууцыг өмчлөлдөө авсан байсан, иймээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ажил гүйцэтгэгч буюу “....” ХХК-д холбогдуулан доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 352.2-т заасан шаардлага гаргахаас бус нэхэмжлэгчид холбогдуулж шаардлага гаргах эрхгүй. Барьцааны гэрээ байгуулахдаа холбогдох судалгаа, газар дээр нь биечлэн очиж үзсэн талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Хариуцагч “.......” ХХК болон, ....” ХХК бие даасан шаардлагыг дэмжсэн агуулгатай тайлбар гаргасан.

8.4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Я.С оролцож, барьцааны зүйл болох ...2 тоотын өмчлөгч тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

9. Анхан шатны шүүх хариуцагч “.......” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,622,673,645 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “.......” ХХК-д олгохоор шийдвэрлэж, харин үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах болон батлан даалтын гэрээний дагуу хариуцагч Б.Иаас зээлийн мөнгийг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч “.......” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, “....” ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авсныг тогтоолгох Ч.Мын бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцааны зүйл болох ...1 болон 4 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх П.Г, Ч.М нарын бие даасан шаардлагыг хангаж, хариуцагч Ж.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Ит холбогдох нэхэмжлэлээ нэхэмжлэгч татан авсныг баталж, эдгээр үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

10. Нэхэмжлэгч “.......” ХХК болон хариуцагч “.......” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бүхэлдээ, мөн нэхэмжлэгч “.......” ХХК болон “....” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээний холбогдох хэсгийн хүчин төгөлдөр байдал, үүнтэй холбоотой нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй эсэх, гуравдагч этгээдүүд орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг тус тус шаардах эрхтэй эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болж зохигч, гуравдагч этгээд энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

11. Зохигчийн хооронд зээлийн гэрээ нь 2008.11.14-ний өдөр байгуулагдсан ба хариуцагч “.......” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд дурдаж буй уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн үндэслэлийн талаар шүүх дүгнэхэд тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт үйлчлэх бөгөөд 1996 оны Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлд банкны эрхлэх үйл ажиллагааг, 7 дугаар зүйлд банкинд хориглох үйл ажиллагааг, 16 дугаар зүйлд банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтын талаар тус тус хуульчилжээ.

Банкны тухай хуульд заасан хориглох үйл ажиллагаатай холбоотой зохигчийн хооронд маргаан үүсээгүй байна.

11.1. Харин 1996 оны Банкны тухай хуулийг мөн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байх ба хууль анх батлагдахад хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Банкнаас нэг зээлдэгч болон түүнд холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны нийлбэр дүн нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрч болохгүй” гэж зааж, хуулийн “хуулийн нэр томъёо” гэсэн 3 дугаар зүйлийн 2-1-д “холбогдох этгээд” гэдэгт тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн даргаас эхлээд ажилтан, тэдгээртэй төрөл садангийн холбоотой этгээдийг хамааруулан тодорхойлжээ. 1996 оны Банкны тухай хуульд 1999 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түүнд” гэсэн хамаатуулсан үгийг хассан байна. Ингэснээр уг зүйлийн банкнаас “нэг зээлдэгч болон холбогдох этгээд” гэсэн нь “болон“ гэсэн холбоос үгээр холбогдож зэрэгцсэн, өөрөөр хэлбэл, банкнаас нэг зээлдэгчид олгох, эсхүл банкны хамаарал бүхий этгээдэд олгох зээлийн нийлбэр нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй гэж ойлгогдохоор болжээ. Гэхдээ хуулийн 16 дугаар зүйлийн 3-т өөрөөр буюу “тухайн банкны гишүүн, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, бусад ажилтан болон тэдгээрт холбогдох этгээдэд олгох зээл, төлбөрийн баталгааны дээд хэмжээ банкны өөрийн хөрөнгийн 5 хувиас, тэдгээрийн нийлбэр дүн нь өөрийн хөрөнгийн 20 хувиас тус тус хэтэрч болохгүй...” гэж зааснаас үзвэл эдгээр (16 дугаар зүйлийн 1 ба 3) зохицуулалт нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байна. 2010 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталснаар хуулийн 17 дугаар зүйлд банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг, 3 дугаар зүйлд “холбогдох этгээд” гэдгийг хууль тогтоогч боловсронгуй болгож, тодорхой байдлаар тусгаж өөрчилсөн байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” хэм хэмжээ нь аливаа хэлцлийн агуулга нь тодорхой хуулийн хориглолтыг зөрчсөн нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд 1996 оны Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь банкны үйл ажиллагааг зохистой хэмжээнд байлгахад чиглэснээс бус аливаа гэрээ хэлцэлд чиглэгдээгүй гэж үзэхээр байна. Иймээс хариуцагч “.......” ХХК болон түүнтэй хамаарал бүхий этгээдэд олгосон зээл нь банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрсэн эсэх нь зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх боломжгүй, өөрөөр хэлбэл, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 3 дахь болон 3 дугаар зүйлийн 2-1-ийн зохицуулалтын агуулгаас шалтгаалж зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлыг дүгнэх үндэслэлгүй, энэ талаар 2 шатны шүүх зөв дүгнэжээ.

11.2. Нөгөөтэйгүүр, “.......” ХХК-ийн 2009 оны санхүүгийн тайланд тусгагдсан банкны өөрийн хөрөнгийн хэмжээ 9,815,288,000 төгрөг байсныг хариуцагч “.......” ХХК, түүнтэй хамаарал бүхий компаниудын 2007-2009 онуудад авсан зээлийн нийт хэмжээ болох 9,975,988,910 төгрөгтэй харьцуулж банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтэрснээс гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

1996 оны Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4-т зааснаар арилжааны банкны үйл ажиллагаанд Монгол банк хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд “.......” ХХК-ийг Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг зөрчсөн талаар аливаа дүгнэлт гаргаж, хуульд заасан арга хэмжээ авсан гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

11.3. “.......” ХХК 2008 онд мөрдөж байсан зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, “...зээл олгохдоо нэгээс доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, төлбөрийн чадвартай эсэхийг харгалзан үзэх, санхүүгийн тайлан, тэнцэл, орлого үр дүнгийн тайлан нь улирал бүр татварын албаар хянагдсан байх, зээлийг төлөх өөрийн өмч, барьцаатай байх шаардлагуудыг хангаагүй байхад хариуцагчид зээл олгосон, ...зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн”-д хамаарахгүйг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.

Эдгээр нөхцөл нь зээлийн гэрээг байгуулахгүй байх, эсхүл гэрээнээс татгалзах, цуцлах гэрээний талуудын эрх, үүрэгт хамааралтай болохоос гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

11.4. Үүнээс гадна зээлийн гэрээ талуудын хооронд 2008 онд байгуулагдсан байх бөгөөд хариуцагч “.......” ХХК нь уг хугацаанаас хойш зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэлийг 2018.06.18-ны өдөр гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заажээ. Уг хугацааг шаардах эрх зөрчигдсөн, эсхүл эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхлэн тоолох бөгөөд гэрээ байгуулснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.

12. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч “.......” ХХК нь зээлийн гэрээний биелэлтийг хариуцагч “.......” ХХК-аас шаардах эрхтэй.

“.......” ХХК болон “”....... ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008.11.14-ний өдрийн зээлийн гэрээгээр тус банк хариуцагчид 600,000 ам.долларыг жилийн 7.71 хүүтэй (6 сар тутам хувьсах), 120 сарын хугацаатай Жайкагийн төслийн зориулалтын зээлийг олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоож, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцсон, энэ гэрээнд 2009.12.14-ний өдрийн гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Нэхэмжлэгч “.......” ХХК зээлийн мөнгийг “.......” ХХК-ийн дансанд шилжүүлсэн ба хариуцагч үндсэн зээлд 112,000 ам.доллар, зээлийн хүүнд 141,980 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 189.63 ам.доллар төлж, бусад төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, иймээс шүүхэд хандсан өдрөөр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэгт үндсэн зээл 470,000 ам.доллар, зээлийн хүү 173,694 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 20,819 ам.доллар, нийт 664,513 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцож нийт 1,622,673,645 төгрөг шаардсаныг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгэр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.

13. “.......” ХХК болон “.......” ХХК-ийн хооронд 2008.11.14-ны өдөр 08/150 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Иийн ...3 тоот орон сууц болон тус компанийн тоног төхөөрөмж, бусад дагалдах хэсгийг барьцаалсан боловч уг барьцааны орон сууцтай холбоотой маргааныг өмнө нь шүүх шийдвэрлэж орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна.

14. “.......” ХХК болон “....” ХХК-ийн хооронд 2010.08.06-ны өдөр байгуулагдсан 08/150 тоот барьцааны гэрээгээр “....” ХХК-ийн өмчлөлийн 90 хувийн гүйцэтгэлтэй бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48А байрны 1, 2, 4 тоот орон сууцыг тус тус барьцаалсан, уг гэрээнд 2010.09.02-ны өдөр 9/15 тоот гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Анхан шатны шүүх дээрх 9/15 тоот барьцааны нэмэлт гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэн гуравдагч этгээд П.Г, Ч.М нарын бие даасан шаардлагыг хангаж, ...1, 4 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхдөө нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлэх үүргээ хангалттай биелүүлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулж энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв болжээ.

Гуравдагч этгээд нар бие даасан шаардлагын үндэслэлээ “...барьцааны зүйлийг газар дээр очиж, шалгаж үзэх үүргээ банк биелүүлээгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалсан...” гэж тодорхойлсон байна.

Гуравдагч этгээд нар “....” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу дээрх орон сууцыг эзэмшилдээ авсан, 1 тоот орон сууцыг Ч.М өмчлөх эрхтэй болохыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.06-ны өдрийн 181/ШШ2017/00645 дугаар захирамжаар, 4 тоот орон сууцыг П.Г өмчлөх эрхтэйг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.07-ны өдрийн 1640 дүгээр захирамжаар, 2 тоот орон сууцыг Я.С өмчлөх эрхтэйг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.09-ний өдрийн 6746 дугаар шийдвэрээр тус тус тогтоож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл тус тус хүчин төгөлдөр бус болдог байна.

Хэргийн баримтаас үзвэл, “....” ХХК нь “.......” ХХК-тай 2010.09.02-ны өдөр 8/15 тоот барьцааны гэрээ байгуулах үед барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “....” ХХК (2010.05.12-ны өдөр) улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус заасан.

Гуравдагч этгээд нар тухайлбал, Ч.М 2010.03.02-ны өдөр, П.Г 2009 оны 12 дугаар сард, Я.С 2009.12.10-ны өдөр тус тус төлбөрөө бүрэн төлж орон сууц, автозогсоолын эзэмшигч болсон гэх боловч тэдгээр нь урьдчилан бүртгэл хийлгэхгүй, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул нэхэмжлэгч “.......” ХХК-ийн хувьд барьцааны гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцсон, өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд “....” ХХК өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үндэслэн барьцааны эрхийг олж авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

Тодруулбал, өмчлөх эрх олж аваагүй байсан этгээдээс зөвшөөрөл авах үндэслэл байгаагүй тул барьцааны гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.

Мөн барьцааны зүйлийг газар дээр нь очин үзээгүй явдал хэлцлийг “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2 удаагийн барьцааны гэрээгээр хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ, давж заалдах шатны шүүх энэ талаар хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Иймээс гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн магадлалыг эс зөвшөөрч, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

15. “.......” ХХК болон Б.И нарын хооронд 2008.11.14-ний өдрийн 08/117 дугаартай Зээлийн батлан даалтын гэрээний тохиролцоо, агуулгаас үзэхэд талуудын хооронд хамтын хариуцлага бус нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг түүнээс шаардах эрх үүсэх нөхцөл үүсээгүй талаар анхан шатны шүүх дүгнэж, Б.Иаас зээлийн гэрээний үүргийг хамтран шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлээ татан авах талаар хүсэлт гаргасныг тус шүүх шийдвэрлэснийг дурдав.

16. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2124 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээд П.Г /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сумъяа/-ийн 2020.11.13-ны өдөр төлсөн 1,191,213 төгрөг, гуравдагч этгээд Ч.М /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг/-ын 2020.11.17-ны өдөр төлсөн 1,264,650 төгрөг, гуравдагч этгээд Я.С /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг/-ийн 2020.11.17-ны өдөр төлсөн 1,195,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД