Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 343

 

 

 

С.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 275 дугаар магадлалтай, С.Сд холбогдох 1805021881131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Н овогт С.С нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Саас 5.168.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд нар гаргасан гомдолдоо: “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх заримыг нь зөвтгөсөн ч хэргийг эцэслэн шийдвэрлэх нотлох баримтыг үнэлээгүйгээ зөвтгөн тайлбарлаж чадаагүй.

Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь хэзээ учирсан болохыг тогтоогоогүй, шүүх эмнэлэгийн дүгнэлт гаргуулахаар шинжээч эмчид тавигдсан “Хэзээ үүссэн гэмтэл вэ” гэсэн асуултад хариулаагүй, Гэмтэл согог судлалын эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний үзлэгээр хохирогчийн нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл, МВС гэх хувийн эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний дүгнэлтээр “Баруун нүдний дотор ханын цөмөрсөн хугарал, шүүх эмнэлгийн дүгнэлт нь баруун нүдний дотор ханын цөмөрсөн хугарал” гэх.

Шүүгдэгчийн зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад хохирогчийн нүүрний баруун хэсэгт цохиогүй тул шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсний дараа МВО гэх эмнэлгээс залруулга гаргаж Зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал болгож өөрчилсөн, шүүх эмнэлэг залруулгыг үндэслэн мөн зүүн нүдний дотор ханын цөмөрсөн хугарал болгож өөрчилсөн.

МВС эмнэлгийн эмч Ч.Бадамгэрэл зүүн нүдийг баруун болгож сольж бичиж ажлын хариуцлага алдсан гэх боловч үнэхээр ажльн хариуцлага алдсан гэх эмчээс дүгнэлтээ буруу гаргасан эсэхийг өөрөөс нь тодруулаагүй. Хохирогч Б.Бийн нүдний ухархай яс хэрэг болсон гэх цаг хугацаанд хугарсан эсэх нь нэг мөр эргэлзээгүй тогтоогоогүй, хугарсан бол хэзээ хугарсан, хуучин хугарал шинэ хугарал эсэх нь тодорхойгүй. Хохирогч Б.Б хагалгаанд орсон эсэх, хагалгаанд орсон бол ямар хагалгаанд орсон нь тодорхойгүй. МВО эмнэлгийн хагалгааны төлбөр 5.000.000 төгрөг гэх баримт нь давхар эмчлүүлэгчийн өвчтөний түүхээр нотлогдоогүй, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүд өвчтөний түүх үүсгэж ямар эмчилгээ хийсэн талаар тэмдэглэл хөтөлсөн байдаг.

Өөрөөр хэлбэл шүүхээс хохирогч тухайн цаг хугацаанд гэмтэл авсан, хохирогчийн хагалгаа хийлгэсэн эсэх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүгдэгч С.С цохиж тус гэмтлийг учруулсан байна, хохирогч хагалгаа хийлгэсэн нь үнэн зэрэг эргэлзээтэй нотлох баримтаар явцуу байдлаар дүгнэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь үнэлэлгүй, хэсэгчлэн түүвэрлэн авч буруу тайлбарлан хэргийн үйл баримтыг тогтоон эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй” байхад анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн 275 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх саналтай байна. Эхний шинжээчийн дүгнэлтэд баруун нүдний дотор ханын цөмөрсөн хугарал гэж алдаатай дүгнэснийг эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр зөвтгөсөн. Шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирол гаргуулсан нь үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан гомдлыг үндэслэн С.Сд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүх С.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.С нь 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт маргааны улмаас хохирогч Б.Бийг зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт” бүхий хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Б.Б, гэрч Д.Урантөгс, Д.Баасанжав нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1145 шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч Б.Баттөгсийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон, уг гэмтэл нь шүүгдэгч С.Сын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хөдөлбөргүй тогтоогдсон гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүх С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан “шүүхээс хохирогч тухайн цаг хугацаанд гэмтэл авсан, хохирогчийн хагалгаа хийлгэсэн эсэх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өнгөрсөн байх тул С.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 275 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                              ДАРГАЛАГЧ                                     Б.ЦОГТ

                                                              ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН