Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 02100

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02100

 

 

“Х.Б ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х.Б ХХК” ХХК-ийн хариуцагч Ү.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17 695 012 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү.Б нь Дорноговь аймгийн Цагдаагийн газарт 1 багийн хэсгийн ахлагч, цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа Х.Б ХХКны Дорноговь салбарын Далайшанд тооцооны төвөөс 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1611 тоот барьцаат зээлийн гэрээгээр 9 300 000 төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 6 490 366 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад дахин дээрх тооцооны төвөөс 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13/303 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг нэмэгдүүлэн авч, нийт 9 490 366 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2 425 764 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 156 654 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 882 төгрөг, нийт 4 583 300 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2079 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ төлөхөөс зайлсхийн, ор сураггүй алга болж өнөөдрийг хүрсэн тул банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 7 064 602 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 066 888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгиин төлбөрт 1 493 322 төгрөг, нийт 17 624 812 төгрөгийг эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ү.Б Х.Б ХХКны Дорноговь салбарын Далайшанд тооцооны төвөөс зээл авснаас хойш банктай уулзалгүй алга болж, зээлийн эргэн төлөлт 2020 оны 02 дугаар сарын байдлаар 2079 хоногийн хэтрэлттэй байгаа. Зээлдэгч банктай очиж уулзаад ярилцсан бол банкны зүгээс зээлийн хугацааг сунгах боломжтой байсан. Гэтэл өөрөө алга болсон учир аргагүйн эрхэнд эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хаягийг тодруулж ирүүлсний дагуу 2019 оны 9 дүгээр сард Ү.Бг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Аптайн 2-182 тоотод суудаг болохыг тогтоосон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи 6 сарын хугацаанд Ү.Бн ажил төрөлгүй, нялх нойтон хүүхэдтэй, амьдрал хэцүү байдлыг ойлгож, 2020 оны 02 сараас хойших хугацааны хүүг нэмж нэхэмжлээгүй. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 онд дууссан ч зээл төлөх үүргээ биелүүлээгүй нь өөрийнх нь үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зааснаар хугацаандаа зээлээ төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Иймд Ү.Бгаас зээлийн гэрээний үүрэгт болон эрэн сурвалжпах зардал нийт 17 695 012 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк зээлийн эргэн төлөлт доголдолтой болсон үед зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир зээлийн хүүгийн 9 066 888 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь эрэн сурвалжлах шийдвэр гарах хүртэл би банктай холбоотой байсан төдийгүй намайг хаана ямар ажил эрхэлж байсныг ч мэдэж байсан. Би 2014 оны 4 сард Тахарын албанд ажилд орж, Дорноговь аймгаас шилжсэн бөгөөд сураггүй алга болоогүй. Зээлийн доголдол 2013 оны 7 сард гарсан. Учир нь би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 01 сард 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Дараа нь 2016 оны 6 сараас 2019 оны 6 сар хүртэл би Япон улсад суралцаж байсан учир 2018 оны зээлийн төлөлтийн талаар мэдэхгүй байна, данснаас л суутгасан байх. Би Лицензийн төвөөс тодорхойлолт авахаар очоод намайг эрэн сурвалжилж байгааг мэдээд өөрөө холбогдоод одоо амьдарч байгаа хаягаа өгсөн. Энэ зээлийг төлнө гэдгийг би 100 хувь зөвшөөрч байна. Гэхдээ 2016 оны 6 сараас хойшхи хүүг Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу багасгаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.Бгаас зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17 695 012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б ХХК” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.Б ХХК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 351 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Ү.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 246 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.Б ХХК” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ү.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нэхэмжпэгчид давуу байдал бий болгож, хариуцагчид хохиролтой байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, Х.Б ХХКны гаргасан анхны нэхэмжлэлд дурдсан үндэслэл, шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэх естой байтал 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэлгүйгээр нэхэмжпэгчид давуу байдал бий болгож нэхэмжпэлийн шаардлагыг тодруулах тухай шүүгчийн захирамж гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4-р зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх, 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг тус тус зөрчиж, нэхэмжпэгчид давуу байдал бий болгосон. Иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримт тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой байтал нэг талд давуу тал бий болгож, өөрийн санаачлагаар нотлох баримт цуглуулах, шаардлагыг өөрчлөх боломжийг хэргийн оролцогчид олгох эрхгүй юм. Энэхүү хууль зөрчсөн үйлдлийн улмаас хариуцагчийн шүүх хуралдаанаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гаргасан тайлбар нөлөөгүй болж, нэхэмжлэгчид давуу байдал бий болж, улмаар шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Иймд дээрх үндэслэлээр зээлийн хүүгийн төлбөрөөс 5 000 000 төгрөийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр хасаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х.Б ХХК ХХК нь хариуцагч Ү.Булгансайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17 695 012 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Х.Б ХХК” ХХК болон Ү.Б нарын хооронд 2012 оны 7 сарын 20-ны өдөр 1611 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 9 300 000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, 2013 оны 9 сарын 12-ны өдөр 13/303 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан өмнөх 1611 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6 490 365.85 төгрөг дээр 3 000 000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 9 490 365.85 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч үндсэн зээлээс 2 425 764 төгрөг, хүүгийн төлбөрт 2 156 654 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 882 төгрөг, нийт 4 583 300 төгрөгийг тус тус төлсөн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн зөв тогтоосон. /хх-ийн 1-2, 11-15 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох ба түүнчлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Зээлийн гэрээний 2.1.5-д зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх”-өөр харилцан тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх үндсэн зээл, зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17 624 812 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон бөгөөд хариуцагч зээлийн төлбөрийн тооцооллын талаар маргаагүй.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн бүрэн төлөөгүй, нэхэмжлэгч төлбөрөө төлөхийг хариуцагчид удаа дараа сануулж, шаардаж байсан ч үр дүнд хүрээгүй, зээлийн гэрээний 2.4.1-д заасныг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Х.Б ХХК” ХХК нь Дорноговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 23-ны өдөр 74 дугаар шийдвэрээр хариуцагч Ү.Бныг эрэн сурвалжлуулсан, мөн хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 7 сарын 20-нд 79 734 төгрөг, 2018 оны 1 сарын 25-ны өдөр 403 000 төгрөгийг тус тус төлж байсан болох нь хэргийн 15 дугаар тал авагдсан зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар нотлогдсон.

Иймээс хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/02435 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 980 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                     Б.НАРМАНДАХ