Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2020/02435

 

 

   2020              8                  03                                                                  184/ШШ2020/02435                                                            

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х банк” ХХК /Д аймаг 0 сум 0 дугаар баг, Д салбар, РД 000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамжны 0 тоотод түр оршин суух, эрэгтэй, Б овогт Ү-гийн Б /РД ЖИ00000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17 695 012 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран /РД УГ00000000/, хариуцагч Ү.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.                        

 

                          ТОДОРХОЙЛОХ нь:

                                               

Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ү.Б нь Д аймгийн Цагдаагийн газарт 1 багийн хэсгийн ахлагч, цагдаа-зохицуулагчаар ажиллаж байхдаа ХААН банкны Д салбарын Далайшанд тооцооны төвөөс 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1611 тоот барьцаат зээлийн гэрээгээр 9 300 000 төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, уг зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, 6 490 366 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад дахин дээрх тооцооны төвөөс 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 13/303 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг нэмэгдүүлэн авч, нийт 9 490 366 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх хэсэгт заасны зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2 425 764 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2 156 654 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 882 төгрөг, нийт      4 583 300 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 2 079 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ төлөхөөс зайлсхийн, ор сураггүй алга болж өнөөдрийг хүрсэн тул банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 7 064 602 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9 066 888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 493 322 төгрөг, нийт 17 624 812 төгрөгийг эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжилж байна   гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ү.Б ХААН банкны Д салбарын Далайшанд тооцооны төвөөс зээл авснаас хойш банктай уулзалгүй алга болж, зээлийн эргэн төлөлт 2020 оны 02 дугаар сарын байдлаар 2079 хоногийн хэтрэлттэй байгаа. Зээлдэгч банктай очиж уулзаад ярилцсан бол банкны зүгээс зээлийн хугацааг сунгах боломжтой байсан. Гэтэл өөрөө алга болсон учир аргагүйн эрхэнд эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, Д аймгийн Цагдаагийн газраас хаягийг тодруулж ирүүлсний дагуу 2019 оны 9 дүгээр сард Ү.Бг Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2-182 тоотод суудаг болохыг тогтоосон учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших 6 сарын хугацаанд Ү.Бн ажил төрөлгүй, нялх нойтон хүүхэдтэй, амьдрал хэцүү байдлыг ойлгож, 2020 оны 02 сараас хойших хугацааны хүүг нэмж нэхэмжлээгүй. Гэтэл 2016 оны 6 сараас хойших хугацааны хүүг төлөхгүй гэж байгаа нь шударга бус байна.

Иргэний хуулийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2016 онд дууссан ч зээл төлөх үүргээ биелүүлээгүй нь өөрийнх нь үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зааснаар хугацаандаа зээлээ төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Иймд Ү.Бгаас зээлийн гэрээний үүрэгт болон эрэн сурвалжлах зардал нийт 17 695 012 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ү.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд тусгагдсан 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1611 тоот барьцаат зээлийн гэрээг Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу хөөн хэлэлцэх хугацааг тооцож хэрэгсэхгүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 13/303 тоот барьцаат зээлийн гэрээгээр олгосон 3 000 000 төгрөгийн үнийн дүнд зээлийн хүүгийн төлбөр болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ү.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк зээлийн эргэн төлөлт доголдолтой болсон үед зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир зээлийн хүүгийн 9 066 888 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь эрэн сурвалжлах шийдвэр гарах хүртэл би банктай холбоотой байсан төдийгүй намайг хаана ямар ажил эрхэлж байсныг ч мэдэж байсан. Намайг банктай утсаар яриад яах вэ гэхэд ямарч байсан боломжоороо төлөөд явж бай гэж хэлж байсан. Би 2014 оны 4 сард Тахарын албанд ажилд орж, Д аймгаас шилжсэн бөгөөд сураггүй алга болоогүй. Зээлийн доголдол 2013 оны 7 сард гарсан. Учир нь би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 01 сард 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Дараа нь 2016 оны 6 сараас 2019 оны 6 сар хүртэл би Япон улсад суралцаж байсан учир 2018 оны зээлийн төлөлтийн талаар мэдэхгүй байна, данснаас л суутгасан байх. Би Лицензийн төвөөс тодорхойлолт авахаар очоод намайг эрэн сурвалжилж байгааг мэдээд өөрөө холбогдоод одоо амьдарч байгаа хаягаа өгсөн. Энэ зээлийг төлнө гэдгийг би 100 хувь зөвшөөрч байна. Гэхдээ 2016 оны 6 сараас хойших хүүг Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу багасгаж өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Ү.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 624 812 төгрөгийг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, маргажээ.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Шүүх нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Ү.Бтай 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1611 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан, 9 300 000 төгрөгийн цалингийн зээлийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж,

мөн 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ү.Бн хүсэлтээр 13/303 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан, өмнөх 1611 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 6 490 365.85 төгрөг дээр 3 000 000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 9 490 365.85 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан 1611, 13/303 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь, зээлийн шийдвэрийн хураангуй,  цалингийн орлоготой иргэдийн зээлийн өргөдлийн маягт, ХААН банкинд гаргасан ажил олгогчийн тодорхойлолт, хариуцагч Ү.Бн ХААН банкинд гаргасан зээл хүссэн өргөдөл зэргээр болон зохигчийн тайлбараар тогтоогджээ.

/хх-ийн 11-13, 14, 15, 36-37, 38-48 дугаар тал/

 

Зохигчийн хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1611 дугаартай, 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 13/303 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”-нүүд байгуулагдсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Ү.Бд 9 300 000 төгрөг болон 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар болон уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Ү.Б нь талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 13/303 дугаартай барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5, 2.3.1, 2.3.2 дах хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэгтэй байх бөгөөд гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх”, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй” талаарх заалтуудтай нийцсэн байна.

 

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт гэсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд зохигч мөн энэ талаар маргаагүй болно.

/хх-ийн 13, 15 дугаар тал/

 

Харин хариуцагч Ү.Б нь “би банктай холбоотой байсан төдийгүй намайг хаана ямар ажил эрхэлж байсныг ч банк мэдэж байсан, 2014 оны 4 сард Тахарын албанд ажилд орж, Д аймгаас шилжсэн бөгөөд сураггүй алга болоогүй, Банк зээлийн эргэн төлөлт доголдолтой болсон үед зээлийн гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, зээлийн хүүг зээлдэгчид илт хохиролтой тогтоосон учир багасгах үндэслэлтэй” гэж маргаж байх боловч түүний татгалзал нь “Би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 01 сард 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн. Дараа нь 2016 оны 6 сараас 2019 оны 6 сар хүртэл би Япон улсад суралцаж байсан ...би Лицензийн төвөөс тодорхойлолт авахаар очоод намайг эрэн сурвалжилж байгааг мэдээд өөрөө холбогдоод одоо амьдарч байгаа хаягаа өгсөн” гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь болон шүүхийн 74 дугаартай шийдвэр, Д аймгийн Цагдаагийн газрын 38-1/1406, 33-1/2232 дугаартай албан бичгүүдээр няцаагдаж байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн хариуцагч Ү.Бг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 74 дугаартай шийдвэрээр хангаж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасан байх бөгөөд тус газрын 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 38-1/1406 дугаартай албан бичгээр “хариуцагч Ү.Бг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Буянт-Ухаа нисэх буудлаар хилийн чанадад гарсан”, мөн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 33-1/2232 дугаартай албан бичгээр түүнийг “Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайн 2 дугаар гудамжны 182 тоотод оршин суудаг болохыг олж тогтоосон” гэжээ.     

 

Хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд нотлоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний “Зээлийн төлбөрийг төлөх чадваргүй, боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, “зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгөөч, зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтой тогтоогдсон” гэх татгалзлын үндэслэл нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ү.Бгаас 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл 6 490 365.85 төгрөг дээр нэмж 3 000 000 төгрөгийн зээл олгосон 2013 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр байгуулагдсан 13/303 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 7 064 602 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9 066 888 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 493 322 төгрөг, нийт 17 624 812 төгрөгийг, эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн хамт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч Ү.Бгаас зээлийн  гэрээний үүрэгт болон хохиролд нийт 17 695 012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгосугай.

 

  1.               .Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 074 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 351 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч Ү.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 246 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ